Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 428

 

Г.А-ы нэхэмжлэлтэй,

Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын

хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь          

Шүүгчид:                       Л.Атарцэцэг

                                       Х.Батсүрэн

                                       П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:             Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 122/ШШ2018/0013 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2018/0468 дугаар магадлал,

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоон, тэтгэврийг нөхөн гаргуулахыг хариуцагчид даалгах тухай.

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Г.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө нар,

Хариуцагч П.А-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 122/ШШ2018/0013 дугаар шийдвэрээр: Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.А-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг хариуцагчид даалгаж, тэтгэврийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс нөхөн гаргуулахаар шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0468 дугаар магадлалаар Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 122/ШШ2018/0013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

         Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагч П.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1994 оны 6 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зорилт нь “Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ.

4. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмжийг олгохоор хуульчлагдсан болно.

5. Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасан хэдий ч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зохицуулалт байхгүй байна.

6. Иймд эрх зүйн зохицуулалт нь тэтгэвэр тогтоох нөхцөл журмыг хангаагүй байхад шүүхээс тэтгэвэр тогтоож, хөрөнгө гаргах шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Прокурорын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэжээ.

8. Нэхэмжлэгч Г.А нь 1988 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл прокуророор ажилласан, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 56 нас хүрсэн, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өөрөө хүсэлт гаргасныг үндэслэн Монгол Улсын ерөнхий прокурорын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/377 дугаар тушаалаар түүнийг 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож, прокурорын үүрэгт ажлаас чөлөөлсөн үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

9. Улсын Их хурал 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т “прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох”-оор, 68 дугаар зүйлийн 68.1.3-т “энэ хууль, бусад хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр прокурорыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр заажээ.

10. Эндээс үзэхэд, прокуророор 25 жилээс доошгүй жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн эрэгтэй прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, өндөр насны тэтгэвэрт гарч болох прокурорын насыг /нийгмийн баталгааг/ Прокурорын тухай хуулиар хууль тогтоогч ийнхүү нарийвчлан зохицуулсан байна.

11. Харин, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заажээ.

12. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр гаргасан өргөдлийг хариуцагч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс “...2 хууль уялдаагүй тул тэтгэвэр тогтоох эрх үүсэхгүй” гэж С.Амарсайханд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан, уг шийдвэрт гаргасан түүний гомдлыг Гомдлын шаардлагын зөвлөл нь хянан хэлэлцээд мөн дээрх үндэслэлээр хүлээж аваагүй нь тогтоогджээ.

13. Прокурорын тухай хуульд прокурорын өндөр насны тэтгэвэрт гарах насыг хуульчилсан байдал нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах даатгуулагчийн наснаас өөрөөр буюу хуулийн эдгээр зохицуулалт хоорондоо зөрчилдсөн, энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасныг шүүх хэрэг, маргааны шийдвэрлэхдээ хэрэгжүүлэх учиртай.

14. Энэ маргааны хувьд, өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэх “нас”-ыг Прокурорын тухай хуулиар илүү тусгайлан тогтоосон, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэж, илүү нарийвчлан зохицуулалт бүхий хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн даатгуулагч С.Амарсайханы тэтгэврийг тогтоохоос татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг нөхөн гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

15. Түүнчлэн, анхан болон давж заалдах шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 болон 6 дахь хэсгээр тус тус зохицуулагдсан “хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан даатгуулагчийн наснаас хамаарч, мөн тодорхой ажил мэргэжлээр ажилласан жилээс хамаарч” өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэх харилцааг энэ маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлан хэрэглэж, энэ тохиолдлын хувьд нэхэмжлэгч С.Амарсайхан нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд эрэгтэй даатгуулагчийн 55 насанд хүрсэн байх болзлыг хангасан учир “адилтгах” боломжтой талаар дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

16. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр тогтоолгон авах “нас” хүрээгүй гэдгээр С.Амарсайханд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзах үндэслэлгүй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрэгтэй даатгуулагчийн насыг 65 болон 60 гэж заасан нь “нас”-ны хувьд ерөнхий зохицуулалт бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 55 насанд хүрсэн эрэгтэй даатгуулагч хуульд заасан бусад болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байна. Нөгөө талаас, хууль хоорондоо зөрчилдсөн тохиолдолд иргэний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь эрх зүйт төрийн захиргааны эрх зүй дэх зарчим болохыг дурдах нь зүйтэй.

17. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга П.А-ын “...хууль буруу хэрэглэсэн” гэх агуулгатай хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 122/ШШ2018/0013 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА201/0468 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ