Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 580

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би иргэн Н.Ц*******ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Шаравдоржид холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ц******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Н.Ц*******ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх нь иргэн Н.Ц*******ийн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/128 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ц******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх...” гэж заасан эрхийн хүрээнд иргэн Н.Ц*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбараа ирүүлсэн байх бөгөөд энэ нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч солигдож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Ц******* томилогдсон болох нь нийтэд илэрхий үйл баримт байх тул түүний хүсэлтийн дагуу зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй бөгөөд уг захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Н.Ц*******ийн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/128 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ц******* бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Ц*******ид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА