Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2017/01045

 

                                                           “Тавантолгой” ХК-ийн нэхэмжлэлтэй                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03390 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1166 дугаар магадлалтай,

           “Тавантолгой” ХК-ийн нэхэмжлэлтэй,

           “ЭСДЭ” ХХК-д холбогдох           

    Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 164.614.674 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Нүүрс худалдах, худалдан авах тухай 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 56, 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 56/12 дугаар гэрээнүүдийн 2.1, 2.3, 2.5, 4.2 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцож, үр дагаварт “Тавантолгой” ХК-иас нийт 424.413.752 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн       

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, хариуцагчийн өмгөөлөгч БОнолтуяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэгийн тайлбарт: “Тавантолгой” ХК нь “ЭСДЭ” ХХК-тай 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 56 тоот “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, худалдагч “Тавантолгой” ХК нь 50 000 тонн нүүрс өөрийн уурхайгаас нийлүүлэх, худалдан авагч “ЭСДЭ” ХХК нь тус гэрээний 4-т заасан төлбөрийн нөхцөлөөр тооцоо хийхээр тохирсон. Худалдан авагч “ЭСДЭ” ХХК-ийн хүсэлтээр гэрээний хугацааг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан. 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 56/12 тоот “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Худалдан авагч “ЭСДЭ” ХХК-д 2011 оноос 2012 оны 4 сар хүртэлх хугацаанд 30 679,45 тонн нүүрс нийлүүлсэн бөгөөд хариуцагч худалдан авсан нүүрсний үнээс 163 114 674 төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Гэрээний 4.6-д заасны дагуу 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд алданги тооцсон. Иймд Нүүрс худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болох 163 114 674 төгрөг, алданги 1 500 000 төгрөг, нийт 164 614 674 төгрөгийг “ЭСДЭ” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.

          Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Хариуцагч тал “Тавантолгой” ХК-тай 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нүүрс худалдах, худалдан авах тухай 56 тоот гэрээ байгуулсан. Энэ талаар маргаан байхгүй. Энэ гэрээнд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулан хугацааг нь сунгаж байсан, мөн 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нүүрс худалдах, худалдан авах тухай 56/12 тоот гэрээг хүртэл байгуулсан. Гэрээний дагуу 2011, 2012 онуудад нүүрс худалдан авалт хийж төлбөр тооцоог шилжүүлж байсан, өөрөөр хэлбэл ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй болно. Харин нэхэмжлэгч талын нийлүүлсэн чанарын шаардлагад нийцээгүй гэх 2342,45 тонн нүүрс Өмнөговь аймгийн Хан богд сумын Цагаан хад дахь “Пүшинмон” ХХК-ийн гаалийн хяналтын бүсийн талбайд хадгалагдаж байгаа. Энэ талаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож шийдвэрлэх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж анх тайлбар гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...нэхэмжлэлд маргаан байхгүй, төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд сөрөг нэхэмжлэлтэй харилцан тооцуулах хүсэлтэй” гэжээ.

           Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: “Манай байгууллага “Тавантолгой” ХК-иас тухайн нүүрсийг дотоодын зах зээлд худалдаж авсан, нүүрсийг экспортод гаргаагүй, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн биш. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан буюу татвараас чөлөөлөх үндэслэлд хамаарч байна. “Тавантолгой” ХК нь манай компаниас нэмэгдсэн өртгийн албан татвар болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг үндэслэлгүйгээр суутгаж авсан байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.16-д “Тавантолгой” ХК нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн. Хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн мөртлөө “ЭСДЭ” ХХК-д нүүрс худалдахдаа нэмэгдсэн өртгийн албан татвар нэмж авсан байгаа. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Нүүрс худалдах, худалдан авах” тухай 56 тоот гэрээ, 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 56/12 дугаар гэрээнүүд тус тус зөрчсөн байна. “ЭСДЭ” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигч компани биш байхад “Тавантолгой” ХК-иас дээрх гэрээний 2.3, 2.4, 4.2 дэх заалтуудад Засгийн газрын 2014 оны 88 дугаар тогтоол, түүний 2 дугаар хавсралт болох Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлалыг тусгасан. Дээрхи тогтоол, хавсралт нь манай компанид хамааралгүй юм. Иймд 2010 оны 12 сарын 10-ны өдрийн 56, 2012 оны 01 сарын 06-ны өдрийн 56/12 дугаартай гэрээнүүдийн 2.3, 2.5, 4.2 дахь заалтууд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д дэх заалтыг, мөн дээрх гэрээнүүдийн 2.1 дэх заалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.16-д заасныг зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4 болон мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг үндэслэн дээрх гэрээнүүдийн 2.1, 2.3, 2.5, 4.2 дахь заалтуудыг хүчингүйд тооцуулах, гэрээний тодорхой заалтуудыг хүчингүй болгуулсны үр дагавар буюу  хууль бусаар “Тавантолгой“ ХХК-иас “ЭСДЭ” ХХК-иар төлүүлсэн НӨАТ 146 829 443 төгрөг,  АМНАТөлбөр 277 584 309 төгрөг, нийт 424 413 752 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.4-т заасныг үндэслэн нэхэмжилж байна” гэжээ.

            Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: “Талуудын байгуулсан гэрээ нь хуульд заасны дагуу хүчин төгөлдөр хэлцэл юм. “Тавантолгой” ХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэг хүлээсэн бөгөөд үүргийнхээ дагуу худалдан авагч компаниудаасаа нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасны дагуу авч улсад тушаадаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 2011-2012 онд нэмэгдсэн өртгийн албан татварт 109 516 983 төгрөгийг улсад тушаан тайлагнасан. “ЭСДЭ” ХХК нь анх гэрээ хийхдээ нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцож буйг тодорхой мэдэж, төлж байсан. Талуудын хооронд байгуулагдсан “Нүүрс худалдах, худалдан авах” тухай 56 тоот гэрээний 2.1-д …гэрээний дагуу нийлүүлэх нэг тонн нүүрсний үнэнд НӨАТ ороогүй болно... хэмээн заасан нь нэг тонн нүүрсний үнэ дээр НӨАТ нэмэгдэж худалдан авагч тал худалдагч талд төлбөрийг хийхээр харилцан тохиролцсон. “Тавантолгой” ХК нь НӨАТ-ын тухай хуулийн 5.1-д заасны дагуу 2016656 дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр Үндэсний татварын албанд бүртгүүлсэн байх бөгөөд “ЭСДЭ” ХХК-ийн илүү төлсөн гээд байгаа НӨАТ нь “Тавантолгой” ХК-ийн тайлан тооцоонд тусгагдаж улсын төсөвт төвлөрсөн. Энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд талууд гэрээний гол нөхцөл болох үнийг харилцан тохиролцож тогтоосон нь Иргэний хууль болон НӨАТ-ын тухай хуулийг зөрчөөгүй. Талуудын сайн дурын хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэдэгтэй хэн аль нь маргаагүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.16 дах хэсэгт заасны дагуу “ЭСДЭ” ХХК нь “Тавантолгой” ХХК-иас нүүрс худалдан авахдаа НӨАТ-аас чөлөөлөгдөх ёстой гэсэн хариуцагчийн тайлбар нь аль нэг иргэн хуулийн этгээдийн импортолсон буюу экспортолсон бараа, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах Татварын байгууллагын эрх мэдлийн хүрээний асуудал болохоос “Тавантолгой” ХК-ийн борлуулж буй нүүрсний үнийг тогтооход хамааралтай, үнэд нөлөөлөх асуудал огт биш. Мөн “Тавантолгой” ХХК нь “ЭСДЭ” ХХК-ийг НӨАТ төлөгч мөн эсэх болон “ЭСДЭ” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтөд хасалт буцаалт хийх эсэхэд хяналт тавих субьект биш юм. Гэрээ байгуулагдсанаас хойш нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэж байна. “Тавантолгой” ХК нь татвар төлөгч компани ба борлуулалтаасаа татвар төлөх үүргийг хуулийн дагуу хүлээдэг. Талууд анх гэрээ хийхдээ үндсэн төлбөр дээр нэмэгдсэн өртгийн албан татвар болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмж төлөхийг тодорхой мэдэж байсан. Энэ тухайд гэрээний чөлөөт байдлын дагуу л талууд тохиролцсон. Нэхэмжлэгч хуулийн дагуу хүлээсэн татвар төлөх үүргээ биелүүлсэн болохоос бусдаас үндэслэлгүй мөнгө аваагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03390 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар “ЭСДЭ” ХХК-иас 164 614 674 төгрөгийг гаргуулж “Тавантолгой” ХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар “ЭСДЭ” ХХК-ийн “Таван толгой” ХК-д холбогдуулан Нүүрс худалдах, худалдан авах тухай 2010 оны 12 сарын 10-ны өдрийн 56, 2012 оны 01 сарын 06-ны өдрийн 56/12 дугаар гэрээнүүдийн 2.1, 2.3, 2.5, 4.2 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцож, үр дагаварт “Таван толгой” ХК-иас нийт 424 413 752 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “Тавантолгой” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 981 023 төгрөгийг, “ЭСДЭ” ХХК-иас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 437 972 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, ЭСДЭ ХХК-иас 981 023 төгрөгийг гаргуулж “Тавантолгой” ХК-д олгож шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1166 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03390 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдоржийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “ЭСДЭ” ХХК нь “Таван толгой” ХК-тай 2010 оны 12 сарын 10-ны өдөр 56 тоот, 2012 оны 01 сарын 06-ны өдөр 56/12 тоот нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч “Тавантолгой” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь дээрх гэрээнүүд бөгөөд шүүх уг гэрээний талаар дүгнэлт хийхдээ гэрээний гол нөхцөл болох гэрээний үнэ, үнэ төлөх нөхцөл, журмын талаар бодитой, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч “Тавантолгой” ХК, хариуцагч “ЭСДЭ” ХХК-иуд 2010 оны 12 сарын 10-ны өдрийн 56 тоот нүүрс худалдах, худалдан авах гэрээний 2.1-д “...нийлүүлэх нүүрсийг нэг тонныг 25 ам.доллар буюу тухайн өдрийн долларын ханшийг төгрөгт шилжүүлж худалдах бөгөөд үүнд нүүрсний үнэ, нүүрсийг уурхайгаас олборлох, ачих зардлууд багтана.Энэ үнэнд Нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй” гэж, мөн 2012 оны 01 сарын 06-ны өдрийн 56/12 тоот гэрээний 2.1-д “...гэрээний дагуу нийлүүлэх нүүрсийг нэг тонныг 37.4 ам.доллар буюу тухайн өдрийн долларын ханшийг төгрөгт шилжүүлж худалдах бөгөөд үүнд нүүрсний үнэ, нүүрсийг уурхайгаас олборлох, ачих зардлууд багтана. Үүнд: ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татвар тус тус багтсан” гэж талууд харилцан тохиролцсон боловч 2011 онд худалдсан нүүрсэнд 87.940.702 төгрөг, 2012 онд худалдсан нүүрсэнд 58.888.741 төгрөг буюу нийт 146.829.443 төгрөгний нэмэгдсэн өртгийн татвараас “ЭСДЭ” ХХК чөлөөлөгдөөгүй. Нэхэмжлэгч “Тавантолгой” ХК Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.16-д нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр заагдсан уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулахдаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.4.3 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. “ЭСДЭ” ХХК 2011, 2012 онд худалдан авсан нүүрсэнд төлсөн НӨАТ болох 146.917.383 төгрөгөнд “Тавантолгой” ХК-иас НӨАТ-ын худалдан авалтын падаан авсан боловч харьяа дүүргийн татварын хэлтсээс НӨАТ-ын хасалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.4.3 дах заалтыг үндэслэн хийгээгүй болно. Дээрх нүүрс худалдах, худалдан авах гэрээнээс үүдсэн татварт төлөгдөх мөнгөн хөрөнгө, татварын чөлөөлөлт, суутгалтай холбоотой асуудлууд байхад шүүхээс татварын байгууллагын асуудал гэж шийдвэрлээгүйд гомдолтой байгаа. Нэхэмжлэгч “Тавантолгой” ХК-ийн нүүрс худалдах, худалдан авах гэрээний татвартай холбоотой харилцааг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.16 дах заалтаар зохицуулж, хамгаалсан байхад шүүх дээрх хуулийн заалтыг огт хэрэглээгүй, буруу тайлбарлаж дүгнэлт хийсэн учраас шүүхийн шийдвэр бодитой бус, үндэслэлгүй. Нэхэмжлэгч “Тавантолгой” ХК Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж зохицуулсан төдийгүй нэхэмжлэгч нүүрс худалдах, худалдан авах гэрээний 2.5-д заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцоо хийх үүрэг хүлээсэн байна. Ийнхүү нэхэмжлэгч өөрийн борлуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх хуулийн зохицуулалттай байхад шүүх уг асуудлыг шийдвэрлээгүйд гомдолтой байна. “ЭСДЭ” ХХК-ийн 2011 оны 03 дугаар сараас 2011 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд худалдан авсан 25.030.000 тн нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт “Тавантолгой” ХК-иас суутган авсан 277.584.309.61 төгрөгийг “ЭСДЭ” ХХК-д буцаан олгох хууль зүйн үндэслэлтэй. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.16-д зааснаар 146.829.443 төгрөгийг “Тавантолгой” ХК-иас гаргуулж “ЭСДЭ” ХХК-д олгуулах гэсэн өөрчлөлтийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 1166 дугаар магадлалд оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.         

           Нэхэмжлэгч “Тавантолгой” ХК нь хариуцагч “ЭСДЭ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 164 614 674 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч,  хариуцагч “Таван толгой” ХК-д холбогдуулан Нүүрс худалдах, худалдан авах тухай 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 56, 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 56/12 дугаар гэрээнүүдийн 2.1, 2.3, 2.5, 4.2 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг  тогтоолгож, үндэслэлгүй төлсөн 424 413 752 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

          Зохигчдын хооронд 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 56 тоот Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдаж, худалдагч “Тавантолгой” ХК нь 50 000 тн нүүрс нийлүүлэх, худалдан авагч “ЭСДЭ” ХХК нь төлбөрийг төлөхөөр тохиролцсон байна.

           Нэхэмжлэгч “Тавантолгой” ХК нь дээрх 56 тоот гэрээний 2.1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нүүрсний үнээс төлөгдөөгүй үлдсэн 163 114 674 төгрөгийг, мөн гэрээний 4.6-д зааснаар алданги 1 500 000 төгрөг нийт 164 614 674 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй ба хариуцагч “ЭСДЭ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч маргаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт нийцсэн байна.

           Хариуцагч “ЭСДЭ” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “...”Тавантолгой” ХК-тай байгуулсан Нүүрс худалдах, худалдан авах тухай 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 56, 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 56/12 дугаар гэрээнүүдийн 2.1, 2.3, 2.5, 4.2 дахь заалтууд буюу гэрээний үнэ тохиролцсон заалтууд нь Нэмэгдсөн өртгийн албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн НӨАТ болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг /цаашид АМНАТ гэх/ буцаан гаргуулна” гэж үндэслэжээ.

          Нүүрс худалдах, худалдан авах тухай 2010 оны 56 тоот гэрээний 2.1-д “Гэрээний дагуу нийлүүлэх нүүрсийг нэг тонн 25 ам.доллар буюу ... үүнд нүүрсний үнэ, нүүрсийг уурхайгаас олборлох ачих зардлууд багтана. Энэ үнэнд НӨАТ ороогүй болно” гэж, 2.3-т “... АМНАТ-ийг худалдан авагч тал хариуцна” гэж, 2.5-д “Худалдагч тал нь ... АМНАТ-ийн тооцоог сар бүр хийнэ” гэж, 4.2-т Гэрээний 2.3, 2.5-д заасны дагуу АМНАТ-ийн худалдан авагчид ноогдох төлбөрийг тооцно” гэж тус тус тохиролцсон. Түүнчлэн 2012 оны 56/12 тоот гэрээний 2.1-д “Гэрээний дагуу нийлүүлэх нүүрсийг нэг тонн 37.4 ... үүнд нүүрсний үнэ, нүүрсийг уурхайгаас олборлох ачих зардлууд АМНАТ, НӨАТ тус тус багтсан болно” гэсэн байна.  

          “ЭСДЭ” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан АМНАТ төлөх үүрэг бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш боловч гэрээний дээрх заалтууд нь төрд төлөх татвар, хураамжийг хэн төлөх тухай асуудлыг бус харин гэрээний зүйл болох нүүрсний нийт үнийг тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч нь гэрээний дагуу нүүрсийг хүлээн авч, төлбөрийг  дээрх тохиролцооны дагуу 2011 оны 3 дугаар сараас 2012 оны 04 дүгээр сар хүртэл төлж байсан /хх-ийн 8-10, 63-70/ бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад заасан төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа мэдэгдэж байжээ. /хх-ийн 15/

Дээр дурдсан 2 удаагийн худалдах, худалдан авах гэрээний үнэд нүүрсний үнэ, нүүрсийг олборлох, ачих зардлаас гадна АМНАТ, НӨАТ тус тус багтахаар харилцан тохиролцсон байх тул энэ нөхцлийг “гэрээний үнэ буюу худалдан авагчийн гүйцэтгэх үүргийн хэмжээ” гэж тодорхойлох нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэх бөгөөд талуудын тохиролцоо нь хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

           Иймээс зохигчид худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл болох үнийг тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж анхан шатны шүүх дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэх бөгөөд         АМНАТ, НӨАТ-ийг гэрээний үнэд оруулан тооцсоныг хууль зөрчсөн, хуулиар хориглосон хэлцэл биш тул шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

        НӨАТ нь гэрээний талуудын бие биендээ харилцан тавих шаардлагын зүйл биш байхаас гадна Баянгол дүүргийн Татварын хэлтэс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар албан татварын хасалт хийхгүй байгаа явдал нэхэмжлэгч “Тавантолгой” ХХК-д хамааралгүй, тухайн Татварын хэлтэст холбогдох асуудал гэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбогдуулан зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхдээ маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул давж заалдах шатны шүүх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлүүдийн аль нэгт хамаарахгүй байх тул гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03390 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1166 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагч “ЭСДЭ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 893.000 /найман зуун ерэн гурван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                                    ШҮҮГЧ                                                   Д.ЦОЛМОН