| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/03267/И |
| Дугаар | 102/шш2024/04486 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 102/шш2024/04486
| 2024 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2024/04486 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, Ерөнхий шүүгч Н.Хангал, шүүгч Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 19б-ын 2 тоотод оршин суух, *******ийн******* /РД:ЧР85092818/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, 20 дугаар байр, 132 тоотод оршин суух,*******ийн******* /РД:ФМ79102270/,
Хариуцагч: Булган аймаг, Булган сум 5А, 8 дугаар гудамж, 5 тоотод оршин суух,*******ын******* /РД:ГЮ77060318/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 4,866,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Галмандах
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг
Хариуцагч Д.Баярхүү
Иргэдийн төлөөлөгч Ч.Пүрэвсүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Галмандах нь хариуцагч Д.Баярхүү, Д.Санжаажамц нарт холбогдуулан 4,866,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Д.Санжаажамц нь 2024 оны 1 сарын 15-ны өдрийн 15 цагийн орчимд Д.Баярхүүгийн эзэмшлийн Тоёота приус 20 маркын улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Ганга 13-р чиглэл 147-с 1км зайд Улиастайн гүүрний шинэ уулзвар орчимд өөрийн эзэмшлийн “Тоёота акуа” маркийн дугаартай автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явсан Д.Галмандах миний тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан.
Д.Санжаажамжцын буруутай болох нь Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсээс шалгасан шалгалтаар топгоогдож Д.Санжаажамцад Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл хэсгээр арга хэмжээ тооцсон.
Д.Санжаажамцын жолооодож явсан Тоёота приус 20 маркын улсын дугаартай автомашин нь Д.Баярхүүгийн хувийн машин байсан бөгөөд Д.Санжаажамц нь Д.Баярхүүгийн өмнөөс хүргэлтийн ажлыг нь хийж байсан. Д.Баярхүү нь бараа худалдан борлуулдаг, Д.Санжаажамц хүргэлтийн ажлыг нь хийж цалинждаг байсан байна. Осол болсноос хойш*******гийн жолоочийн хариуцлагын даатгалаас хохирлын мөнгийг маань гаргуулахаар бичиг баримтыг нь бүрэн болгоод Монгол даатгалд өгчихсөн байхад******* араас нь очоод би даатгалаасаа гаргуулахгүй гэж хэлээд гаргуулаагүй.
Д.Санжаажамц нь Д.Баярхүүгийн автомашинаар*******гийн ажлыг хийж байсан учраас Д.Баярхүү, Д.Санжаажамц нарыг хамтран хариуцагчаар татаж байгаа юм.
Д.Галмандах миний хувьд ослоос болсон бүх зардлыг би өөрөөсөө дараах байдлаар гаргасан. Ослоос болж эвдэрсэн автомашинаа UB awto center оношлуулахад хойд тэвш гулзайсан, зүүн хойд амортизатор гулзайсан, зүүн хойд цап гулзайсан, зүүн хойд ABS утас тасарсан, тэнхлэг тохиргоо хийх. Эдгээр эд ангийг солих шаардлагатай гэсэн ба эвдрэл хохирлын үнэлгээ 4.510.000 төгрөг болсон.
Д.Баярхүү, Д.Санжаажамц нар нь миний машинд учирсан хохирлыг төлж барагдуулаагүй. Үүүнээс гадна би өөрийн машиныхаа техникийн эвдрэл хохирлыг үнэлүүлэхэд “Тэнцвэр Эстимэйт” ХХК-д 258.000 төгрөгийг, машинаа бланктай оношилгоонд оруулахад UB awto center оношилгооны газарт 55.000 төгрөг, ослын газраас эхнэр хүүхдээ хүргэж өгөхөд таксины зардал 30.000 төгрөг, мөн зөрчлийн хэргийн материалыг хуулбарлахад 13,000 төгрөгийг тус тус төлсөн.
Иймд Д.Галдмандах миний “Тоёота акуа” маркийн дугаартай автомашинд учирсан хохирол 4.510.000 төгрөг, автомашины үнэлүүлэхэд төлсөн 258.000 төгрөг, эвдэрсэн автомашиныг оношилгоонд оруулахад төлсөн 55.000 төгрөг, тухайн үед такси хөлсөлсний 30.000 төгрөг, каноны мөнгө 13,000 төгрөг, нийт 4,853,000 төгрөгийн хохирол надад учирсан тул Д.Баярхүүгээс гаргуулж өгнө үү. Хариуцагч Д.Санжаажамцад холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
2. Хариуцагч Д.Баярхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс Д.Санжаажамцыг хүргэлтийн жолоочоор авч ажиллуулсан. Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, улиастайн гүүрний хажууд осол хийж надад болон бусдад их хэмжээний хохирол учруулсан юм. Осол болсон өдөр цагдаа хэмжилт хийж дууссаны дараа мөргүүлсэн гэх тоёота акуа маркийн машиныг ачилтын машин дуудаж Сансрын Хост плазагийн урд байрлах оншилгоонд хүргүүлж зардлыг гаргасан юм. Гэтэл тэр өдрөөс хойш Д.Санжаажамц нь хүний хохирол барагдуулж байна. Нөгөө хүнтэйгээ уулзах гээд явж байна гэх мэт элдэв шалтгаан тоочоод ирэхгүй байсан. Бид эхний хэд хоног харсан. Утсаар ярьж асуухаар хүний машин засуулах гээд явж байна. Нөгөө хүнтэй уулзах гээд явж байна. Эсхүл маргааш очно, нөгөөдөр очно гээд худлаа яриад ирэхээ больсон. Гэтэл хүний ч хохирол барагдуулаагүй, уулзаагүй зөвхөн цагдаагийн торгуулиа төлөөд алга болсон байсан. Энэ хооронд би хүргэлтийн ажлаа хийж чадахгүй, мөн машинаа өөрөө 1,600,000 төгрөгөөр засуулсан. Иймд бусдад учруулсан хохиролыг Д.Санжаажамцаар зуун хувь төлүүлж, хариуцлагагүй байдлынх нь төлөө хуульд заасан арга хэмжээг авч өгнө үү. Би Д.Санжаажамцаар хүргэлтийн ажил хийлгэхээр ажиллуулсан болохоос хүний машин мөргүүлэхээр болон өөрийн машиныг эвдлүүлэхээр явуулаагүй болно. Энэ бол осол хийх шалтгаан биш. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч Ч.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Д.Баярхүү нь Д.Санжаажамцтай холбогдож ямар нэг байдлаар нэхэмжлэгч Д.Галмандахыг хохиролгүй болгох ёстой гэжээ.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, бэлэн мөнгөний орлогын баримт, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал хуулбар, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн текникийн үнэлгээний тайлан, оношилгооны хуудас, төлбөр төлсөн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Зам тээврий ослын тодорхойлолт, фото зураг зэрэг баримтыг гаргасан. Шүүхээс зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Д.Галмандахын нэхэмжлэлээс 4,803,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 63,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Д.Санжаажамц нь хариуцагч Д.Баярхүүгийн тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа нэхэмжлэгч Д.Галмандахын эд хөрөнгөд хохирол учруулсан тул хариуцагч Д.Санжаажамцад холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, тээврийн хэрэгслийн өмчлөгч Д.Баярхүүгээс гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч Д.Баярхүү нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Хариуцагч Д.Санжаажамц нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруутай. Хариуцагч Д.Баярхүү нь бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруугүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хариуцагч Д.Санжаажамц нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Ганга 13-р чиглэл 147-с 1км зайд Улиастайн гүүрний шинэ уулзвар орчимд Д.Баярхүүгийн эзэмшлийн Toyota prius 20 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, нэхэмжлэгч Д.Галмандахын Toyota aqua маркийн дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь Баянзүрх дүүргийн Замын Цагдаагийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0765422 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна.
4.2. Нэхэмжлэгч Д.Галмандах нь улсын дугаартай Toyota aqua маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч байх бөгөөд дээрх зөрчлийн улмаас түүний улсын дугаартай Toyota aqua маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд их гэрэл, хойд буфер тогтоогч зүүн тал, зүүн хойд шаврын хаалт, хойд буфер, багажны хаалга, зүүн хойд хонго, зүүн дээд багана, зүүн хойд гэрлийн жааз, кузов зүүн доод булан, зүүн хойд крыло, зүүн хойд хаалганы ховил, зүүн хойд крилоны арк, урд буфер, багажны панель, багажны салон, хойд тэвш, зүүн хойд амартизатор, зүүн хойд цап, зүүн хойд АВС утас залгуур эвдэрч, 4,510,000 төгрөгийн хохирол учирсан, нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн үнэлгээ хийлгэхэд 258,000 төгрөг, оношлогоо хийлгэхэд 55,000 төгрөгийн зардал тус тус гаргасан болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20952 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байна.
5. Талууд хариуцагч Д.Санжаажамцын бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруугийн талаар маргаагүй.
6. Хариуцагч Д.Санжаажамцын гэм буруутай үйлдэл, нэхэмжлэгч Д.Галмандахын эд хөрөнгөд хохирол учирсан байдал нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэв.
7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.
8. Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, талуудын тайлбараас үзэхэд Toyota prius 20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Д.Баярхүү бүртгэлтэй байх бөгөөд тэрээр өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлын дагуу хэлцлийн үндсэн дээр тээврийн хэрэгслийг хариуцагч Д.Санжаажамцад шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
9. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж зааснаар хариуцагч Д.Санжаажамц тээврийн хэрэгслийн эзэмшигч биш, харин эзэмшигч нь хариуцагч Д.Баярхүү байна.
10. Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. Иймд тээврийн хэрэгсэл ашиглагч Д.Санжаажамцыг Toyota prius 20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.Баярхүү томилсон буюу шилжүүлэн өгсөн байх тул нэхэмжлэгч Д.Галмандахад учирсан гэм хорын хохирлыг хариуцагч Д.Баярхүү хариуцан арилгах үүрэгтэй байна.
11. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тул хариуцагч Д.Баярхүүгээс эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 4,803,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Галмандахад олгож, нэхэмжлэлээс үлдэх 63,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
12. Нэхэмжлэгч Д.Галмандах нь такси үйлчилгээний төлбөр 30,000 төгрөг, бичиг баримт хувилах үйлчилгээний төлбөр 13,000 төгрөг тус тус нэхэмжилсэн нь хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд тооцох үндэслэлгүй гэж үзлээ.
13. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан “хариуцагч Д.Баярхүү хариуцагч Д.Санжаажамцтай холбогдож нэхэмжлэгч Д.Галмандахыг хохиролгүй болгох ёстой” гэсэн дүгнэлтийг дээрх үндэслэлтэй нийцэж байна гэж гэж үзлээ.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Галмандах нь хариуцагч Д.Санжаажамцад холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 4,866,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзах эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсан нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хариуцагч Д.Санжаажамцад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
15. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тэр хэмжээгээр хариуцагч, нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Д.Баярхүүгээс 4,803,000 /дөрвөн сая найман зуун гурван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Галмандахад олгож, нэхэмжлэлээс үлдэх 63,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Д.Санжаажамцад холбогдох 4,866,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Д.Галмандахын татгалзлыг баталж, хариуцагч Д.Санжаажамцад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,806 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баярхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 91,798 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Галмандахад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.ХАНГАЛ
Х.ЭНХЗАЯА