Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 119

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, 

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тт холбогдох эрүүгийн 1730001540092 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн харьяат, 1973 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Д.Т. 

 

 Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Д.Т нь 2017.10.22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг Боловсрол хорооллын 4-10 тоотод бусадтай маргалдан тогоотой цай өшиглөн асгаж, зуухны дэргэд сууж байсан Б.Нын биеийг түлснээс эрүүл мэндэд нь “цээж, ар нуруу, гуяны хэсгийн 2,3 дугаар зэргийн түлэгдэлт ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

 - Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би эхлээд хамаатныхаа хүүхдийн үсний найранд орсон. Дараа нь хадам дүүгийн хуриманд орсон. Би тэнд согтуу ирсэн. Үүнээс хойш сайн санахгүй байна. Би одоо архинаас гарна. Б.Н эгчид эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг өгсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна... гэв. 

 

- Хохирогч Б.Нын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай дүү Банзрагч нь Баруун-Урт сумын 1-р баг Боловсрол хорооллын 4-10 тоотод хуримаа хийсэн юм. Найр болж байхад 14.00 цагийн үед манай дүү Нын нөхөр Т айлын хүүхдийн үсний найрнаас согтуу ирээд намайг цай чанаад сууж байхад тухайн үед гаднаас орж ирсэн манай дүү Гыг “ та нар дологгүй, үсний найранд орж ирсэн чинь хүмүүст 2000 төгрөг өгчихгүй”  гээд агсам тавиад байсан. Тэгтэл манай дүү Г “ та тухайн үед нь хэлэхгүй яасан юм бэ. Хэлсэн бол өгөх байсан шүү дээ “ гэж хэлтэл тогоотой цай өшиглөөд талыг нь асгахаар тэнд байсан хүмүүс Тыг боль гээд дараад байж байтал, дахиж босч ирээд тогоотой цайг дахин өшиглөж миний араас цай нь цацагдаж нуруу, баруун гар талын цээж, баруун хөл түлэгдсэн. Тэгээд би эмнэлэг дуудаж гэмтлийн тасагт 9 хоног хэвтэж эмчлүүлсэн. Миний зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь Т нь манай дүүгийн нөхөр болохоор гомдоод ч яахав дээ. Би эмнэлэгт хэвтсэн болон эм, тариа, түлэнхийн тос зэргийг аваад нийт 1.000.000 төгрөгийн зардал гарсан. Т энэ мөнгийг өгчихвөл нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хх-13/ 

 

  - Шүүгдэгч Д.Тын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Архи ууснаас болж ийм асуудал боллоо. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Б.Н эгчид эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг өгсөн. Бид хоёр хоорондоо ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон гэх мэдүүлэг/хх-23/

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 395 тоот дүгнэлтэд: 1. Б.Нын биед цээж, ар нуруу, гуяны хэсгийн 2,3 дугаар зэргийн түлэгдэлт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэндийн энгийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт/хх- 16/

 

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-1 /

 

- Д.Тын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/ 

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багийн Засаг даргын 2017.10.31-ний өдрийн 1/829 тоот тодорхойлолт /хх-24 / 

 

- Хохирогч Б.Н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-31 / 

 

- Шүүгдэгч Д.Тын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт 2017.11.06-нд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-32 / 

 

- Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай Сүхбаатар аймгийн прокурорын газрын 2017.11.09-ний өдрийн 5/33 дугаартай тогтоол /хх-36/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

  Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд  хангагдсан буюу шүүгдэгч Д.Тын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокуророос сонсгосон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.

 

  Шүүгдэгч Д.Т 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг бусадтай хэрүүл маргаан үүсгэн, улмаар иргэн Б.Нын чанаж байсан тогоотой цайг өшиглөн түүний биеийг түлж эрүүл мэндэд нь “цээж, ар нуруу, гуяны хэсгийн 2, 3 дугаар зэргийн түлэгдэлт “ бүхийн хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгч Д.Тын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Н, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 395 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Д.Тын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.

 

          Хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Д.Т нь согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хадам талын хүмүүстэй маргаан үүсгэн, чанаж байсан тогоотой цайг өшиглөн Б.Нын биеийг түлсэн нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь шүүгдэгч Д.Тын “Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Архи ууснаас болж ийм асуудал боллоо. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Б.Н эгчид эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг өгсөн. Бид хоёр хоорондоо ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон “ гэх,  хохирогч Б.Нын “ 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай дүү Банзрагч нь Баруун-Урт сумын 1-р баг Боловсрол хорооллын 4-10 тоотод хуримаа хийсэн. Найр болж байхад 14.00 цагийн үед манай дүү Нын нөхөр Т айлын хүүхдийн үсний найрнаас согтуу ирээд намайг цай чанаад сууж байхад манай дүү Гыг “ та нар дологгүй, үсний найранд орж ирсэн чинь хүмүүст 2000 төгрөг өгчихгүй” гээд агсам тавиад байсан. Тэгээд тогоотой цай өшиглөөд талыг нь асгахаар тэнд байсан хүмүүс Тыг боль гээд дараад байж байтал, дахиж босч ирээд тогоотой цайг дахин өшиглөж миний араас цай нь цацагдаж нуруу, баруун гар талын цээж, баруун хөл түлэгдсэн “ гэх мэдүүлгүүдээр нотлогдоно.

 

Шүүгдэгч Д.Т дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын хуулиар хамгаалагдсан эрх чөлөө, эрүүл мэндэд хууль бусаар халдаж болохгүй, мөн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу тогоотой халуун цайг өшиглөснөөр бусдыг түлэх, эрүүл мэндэд нь хохирол, хор уршиг учруулж болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа түүнийг зориуд хүсч хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан байна. 

 

Хэргийн байдлыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

Д.Т гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн эмчилгээний болон бусад зардалд 1.000.000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Гэмт хэргийн улмаас Б.Над учирсан хохирол нөхөн төлөгдсөн болох нь түүний тус аймгийн Прокурорын газарт гаргасан “ Баруун-Урт сумын 9-р багийн 2213 тоотод суух Баатар овогтой Б.Н намайг 2017.10.22-ны өдөр манай хүргэн Д.Т нь тогоотой цай өшиглөж миний биед хөнгөн гэмтэл учруулсан эмчилгээний зардал хохиролдоо 1.000.000 төгрөг авсан ба надад гаргах гомдол санал хүсэлт байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтээр нотлогдоно.

 

Шүүгдэгч Д.Тын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь түүний хадам эгч зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Д.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Б.Н нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.

   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Д.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар ялтан Д.Тт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 4. Ялтан Д.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Б.Н нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болно.

 

 6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН