Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 114/ШШ2024/0018

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                                                                                          Хэргийн индекс: 114/2024/0018/З
      Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаагаас тус аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Б.С*******д холбогдуулан гаргасан “2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай дүгнэлттэй зөрчлийн хэргийг хүлээн авч, хянаад
                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:
        Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаагаас шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа би, тус аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Б.С******* Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчиж хуулиар хүлээсэн сахин хангуулах үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийн бүртгэлийн МХГ-95 дугаартай мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж “*******” ХХК-д гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг хянав. Материалд авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт барилга, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “*******” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “ажил олгогч нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн өөрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу үйлдвэрлэл, ажил, үйлчилгээтэй холбоотой, зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт ажилтныг хамруулна”, 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна”, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан заалтуудыг биелүүлээгүй Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчилд нь шиийтгэл оногдуулсан бөгөөд холбогдогч зөрчлөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна. Эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээд болох холбогдогч “*******” ХХК-д холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай “хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийдвэрийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 10.15 торгох, 3,000,000 гэж бичсэн нь Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн ямар хэсэгт зааснаар хэдэн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан эсэх нь тодорхойгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй нь эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байна. 
         Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Б.Солонгын 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай “хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийдвэрийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу 3000 нэгж гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ. 
                                                                                                  ҮНДЭСЛЭХ  нь:
      Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаагаас Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Б.С*******д холбогдуулан “... 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа ... шийдвэрийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 10.15 торгох, 3,000,000 гэж бичсэн нь Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн ямар хэсэгт зааснаар хэдэн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан эсэх нь тодорхойгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж ирүүлжээ. 
           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Б.С******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...” гэж заасан эрхийнхээ дагуу Дархан-Уул аймгийн Прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
        Иймд хариуцагчаас Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаагийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
             Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно. 
          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                             ЗАХИРАМЖЛАХ  нь:
          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаагийн “... 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай дүгнэлтийг хариуцагч Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Б.С******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
    
                                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.НАРАНТУЯА