Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 114/ШШ2024/0017

 

                                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
           Нэхэмжлэгч: Ц овогтой Тийн Т /РД:/,
          Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 
        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар оролцов. 
                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:
        1.    Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан анх шүүхэд “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаа “...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлэн маргасан.  
            2.    Хэргийн үйл баримтын тухайд: 
       2.1.    Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжаар хорооллын хэсэгчилсэн төлөвлөлт шинэчлэн хийгдэж батлагдсантай холбогдуулан Б.Оийн газар эзэмших эрхийн байршлыг өөрчилж, Дархан-Уул аймгийн  байрны ард болгон нийтийн орон сууцны зориулалтаар 1000 м.кв газрыг 2 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, улмаар уг газрыг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Т.Ттой “газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг байгуулсныг үндэслэн хариуцагч 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дугаар захирамжаар дээрх газрыг Т.Тын нэр дээр шилжүүлж, 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. 
      2.2.    Улмаар Дархан-Уул аймгийн Засаг дарга 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжаар Т.Т нь дээрх газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон бөгөөд үүнийг нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар албан бичгийн хавралтаар 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гардан авч танилцаад эс зөвшөөрч 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

          3.    Нэхэмжлэгч Т.Т, түүний өмгөөлөгч П.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Т миний бие нь тус аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газраас 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай албан бичиг, түүний хавсралтаар тус аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн аваад, доорх үндэслэлээр нэхэмжлэлийг гаргаж байна.
 
         3.1.    Дархан-Уул аймгийн иргэн ТЗ тоот регистрийн дугаартай, Т.Т миний бие Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай захирамжаар нэгж талбарын ******* дугаар бүхий 1000.0 м.кв талбайтай, Дархан-Уул аймаг, Дархан сум,  тоот хаягт байрлах, газрыг 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлсэн байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон бусад хуульд орсон өөрчлөлттэй холбогдуулан дээрх эзэмших эрхийн газрын гэрээ, гэрчилгээг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шинэчилсэн. Миний бие 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Гео-Од” ХХК-аар нийтийн орон сууцны зориулалттай эзэмшил газрын байр зүйн зураг гаргуулж, нэгж талбарын хил гаалийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээн авч ажлын хөлс 300 000 төгрөгийг төлсөн байдаг. Мөн миний бие 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн газартаа барилгын инженер-хайгуулын “*******” ХХК-аар орон сууцны барилгад зориулсан газрын инженер, геологийн судалгаа хийлгэж, ажлын зураг зохиоход зориулж дүгнэлтийг гаргуулсан. Мөн 2020 оны 06-09 дүгээр саруудад Газрын байршлын зургийг холбогдох газруудаар зөвшөөрсөн цохолтуудыг хийлгэсэн. Гэвч Монгол Улсад Коронавирусын халдвар гарсан нь гэнэтийн давагдашгүй хүчний үйлчлэл бөгөөд Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаан үргэлжлэх талаар тусгасан байдаг. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, газрын төлбөрийг цаг тухайд нь төлж байгаа билээ. /хэдийгээр жил бүр газрын төлбөр өсч байгаа хэдий ч миний бие төлбөрийг төлсөөр ирсэн/ Би өөрийн эзэмшил газар дээрээ урд өмнө нь 3-4 компанитай тохирч уулзсан боловч Дэлхий нийтээр цар тахлын /Ковид-19/ нөхцөл байдал үүсч, улмаар хүндэрснээс шалтгаалан 2 барилгын компани нь дампуурсан байдаг. Одоо ч гэсэн барилгын салбар хүнд байдалтай байна. Учир нь барилгын материалын үнэ хурдацтай хэд дахин өсч байна. Ачаа, бараа ирэхгүй удаж байна. Харин УБ хот болон Сэлэнгэ аймагт одоо хотхон барьж байгаа тоот регистрийн дугаартай, “” ХХК-тай тохиролцоод хамтран ажиллахаар 2023 оны 06 дугаар сараас эхлэн холбогдон, хамтран барилга барих ажлыг 2024 оны 04 дүгээр сард эхлүүлэн ажиллахаар харилцан тохиролцоод байна. Энэхүү компани нь миний эзэмшил газар дээр 1 орцтой, 12 давхар байшин барих боломжтой байна гэж газар дээр нь үзэж, танилцаад зургийн компаниараа эскиз зургийг гаргуулахаар болсон. Ер нь уг барилгын компани нь “... таны газар нь эзэмших эрхийн гэрчилгээгээр 5-8 давхар нийтийн орон сууц байхаар байна. Бид 12 давхар болгох хүсэлттэй байсан. Иймд та холбогдох газрын хүмүүстэй нь уулзаад зөвшөөрлийг хөөцөлд” гэсэн юм. Энэ зориулалтыг нь А даалгавраар өөрчлөх боломжтой гэж надад ойлгуулсан. Үүний дагуу танай газрын ерөнхий архитекторч ажилтай С.Дтай 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уулзахад “... та гэрчилгээгээ цахимжуулсны дараа А даалгаврынхаа хүсэлтээ цахимаар оруулах шаардлагатай ...” гэсэн зөвлөгөөг өгсөн. Үүний дагуу газар эзэмших гэрчилгээгээ цахимжуулахаар ГХБХБГазарт шилжүүлсэн билээ.
       3.2.    Үүнээс өмнө 2023 оны 04 сараас 10 сар хүртэлх хугацаанд газрын алба нь нэг хэсэг даргагүй, ерөнхий архитекторч томилогдоогүй гэх шалтгаанаар уулзалт болгоныг минь хойшлуулсаар ирсэн.  Аймгийн ерөнхий архитекторчоос “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг гаргуулахыг зөвлөсний дагуу Архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргуулах гэхэд эзэмших эрхтэй газрын гэрчилгээг заавал цахимжуулах шаардлагатай гэдгийг Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газраас шаардсан. Үүний дагуу газрын гэрээ, гэрчилгээгээ 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр цахимжуулахаар тус газарт шилжүүлэхэд харин эсрэгээр нь Газар эзэмших гэрээг цуцалж, эрхийн гэрчилгээг хураан авсан захирамжийг 55 хоногийн дараа надад гаргуулан өгч байна. 
        3.3.    Эскиз зургаа батлуулсны дараа барилгын ажлын техникийн нөхцөлүүдийг гаргуулан авах төлөвлөгөөтэй байсан. Учир нь Эрчим хүчний сайдын тушаалаар Техникийн нөхцөлийг гаргуулах тодорхой хугацаа буюу улирлын чанартай гаргадаг тул хавар болтол гаргах боломжгүй гэсэн. Үүний дагуу техникийн нөхцөлүүдийг гарснаар барилгын ажлын зургийг хяналтын газраар хянуулах ажил 2024 оны 1 дүгээр улиралд багтаан хийх байсан. Гэтэл дээрх байдлаар миний эзэмшлийн газрын гэрчилгээг цахимжуулах нэрийдлээр хураан авч, улмаар хүчингүй болгож байгаад нь миний бие гомдолтой байна.
         3.4.    Сонсох ажиллагааг явуулсан гэх боловч бодитоор сонсох ажиллагааг бол хийгээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс өгсөн баримт болоод хүсэлтүүдийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй. 
         3.5.    Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.41-д заасан барилгын I-р үе шатны ажил явагдаж байсан” гэжээ. 
         4.    Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дүгээр захирамжраар нэгж талбарын ******* дугаар бүхий газрыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг 1 хороолол, ОИЦ сургуулийн ард талд байршилтай 1600 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар Б.Од олгож байжээ. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжаар дээрх газарт хорооллын хэсэгчилсэн төлөвлөлт шинэчлэн хийгдэж баталсантай холбогдуулан газар эзэмших эрхийн байршлыг Дархан сум 10-р баг 11 хороолол ОИЦ сургуулийн А байрны ард болгон өөрчилж нийтийн орон сууцны зориулалтаар иргэн Б.Од нэгж талбарын ******* дугаартай 1000 м.кв газрыг 2 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар захирамжаар нэгж талбарын ******* дугаартай нийтийн орон сууцны зориулалттай 1000 м.кв газрыг иргэн Т.Тод шилжүүлсэн байна. Засаг даргын 2015 оны захирамж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 08 дугаар тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр тогтоолыг үндэслэсэн байна. Гэтэл байршил сольж олгосон газар нь инженерийн дэд бүтэц буюу үерийн ус зайлуулах сувгийн байгууламжтай давхцуулж олгосон болох нь хэрэгт авагдсан нийтийн орон сууцны зориулалттай газрын байршлын зураг, газрын албанаас ирүүлсэн агаар сансрын зургаас тодорхой харагдаж байна. 
        4.1.    Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.33-д “инженерийн дэд бүтэц” гэж авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын доор, дээр байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийг” гэж тодорхойлсноос харахад үерийн суваг, далан нь инженерийн дэд бүтцэд хамаарч байна. Инженерийн дэд бүтэцтэй давхцуулан газар олгох эрх хэмжээг засаг даргад олгосон хуулийн заалт байхгүй тул энэхүү газрын байршил сольж газар олгосон 2015 оны дугаар Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захирамжид хамаарч байна. 
        4.2.    Мөн 2015 оны дугаар Засаг даргын захирамжаар нийтийн орон сууц барих зориулалтаар 1000 м.кв газар олгосон боловч үерээс хамгаалах сувгийн инженерийн дэд бүтэц давхцсаны улмаас бодит байдал дээр талбайн хэмжээ багасч, ашигтай талбайн хэмжээ 700 м.кв орчим байгаа нь “Газар эзэмших гэрээ”-ний 4.1.6-д “...барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна” гэх нөхцлийн дагуу нийтийн орон сууц барих боломжгүй, зөвхөн амины орон сууц барих боломжтой жижиг талбай байгаа тул 2015 оны дугаар Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан илт хууль бус захирамжид хамаарч байна. 
        4.3.    Дээрх байдлаар илт хууль бус захиргааны акт болох нь 2015 оны дугаар Засаг даргын захирамжаар анхнаасаа нийтийн орон сууцны барилга барих зориулалтаар ашиглах боломжгүй газарт байршлыг өөрчилсөн байх тул Т.Тыг зориулалтын дагуу газраа ашиглаагүй буюу нийтийн орон сууц бариагүй гэх үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлгүй байжээ. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэлээр Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн авч, хангаж өгнө үү” гэжээ. 
        5.    Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д газрын алба нь Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгоно. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны ******* дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар эрх бүхий байгууллага гэрээний үүргийн биелэлтийг жил бүр дүгнэнэ. Мөн газар эзэмшүүлэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д “газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж байгаа эсэхийг хянах”, 5.3-д “газрыг гэрээний нөхцөлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.6-д заасан нөхцөл бий болсон тухайлбал: е.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр “гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дарааллан ашиглаагүй” зэрэг тохиолдолд гэрээг хүчингүй болгож, мөн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардах” 5.4-д “Газар эзэмшүүлэх гэрээг жил бүр дүгнэх” гэж тус тус заасан. 
            5.1.     Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь газар эзэмшигч, ашиглагчийн гэрчилгээг шинэчлэх, цахимжуулах, хугацаа сунгах, эрх шилжүүлэх, өмчлөгчийн эрх шилжүүлэх гэх мэт хүсэлтүүдийг шийдвэрлэхдээ газар ашиглалтын гэрээг дүгнэж, газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, газрын төлбөрөө хугацаанд нь төлж байгаа эсэх, өөрийн эзэмшил газраа бусдын эзэмшил болон нийтийн эзэмшил газарт оруулж зөвшөөрөлгүй сунгасан эсэхийг нягталж шийдвэрлэдэг. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Т.Т нь газрын гэрээ, гэрчилгээг цахимжуулах хүсэлтийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирүүлсэн. Т.Т нь аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар захирамжаар Дархан сумын 9-р баг 11 хороолол Барилгачдын өргөн чөлөө 3-310 тоотод байрлах 1000 м.кв талбайтай нийтийн орон сууцны зориулалттай тус газрыг Б.Оээс эрх шилжүүлэн авсан. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гэрээ дүгнэх акт үйлдэхэд Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй, газрын төлөв байдлын чанарын улсын хянан баталгаанд хамардаагүй, эх загвар зураг хийлгэж батлуулаагүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй байсан.  Иймд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 661 дүгээр албан бичгээр 2017 онд газрын эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасны дагуу аймгийн Засаг даргаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал авахаар сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. 
           5.2.    Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 онны 06 дугаар сарын 05-ны өдрийн 41/14 дүгээр албан шаардлагад 45061022521 нэгж талбарын дугаартай Т.Тын эзэмшлийн газарт зориулалтын дагуу хоёроос дээш жил ашиглаагүй зөрчлийг арилгуулах үүрэг даалгавар ирсний дагуу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хийсэн. Т.Тоос 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Гео од” ХХК-аар 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байр зүйн дэвсгэр зураг, эргэлтийн цэг хүлээн авч ажлын хөлсөнд 300 000 төгрөг өгсөн, “*******” ХХК-аар орон сууцны барилгад зориулсан газрын инженер геологийн судалгаа хийлгэсэн, 2020 онд эскиз зургийг гаргуулан зохих байгууллагаар батлуулахаар төлөвлөөд байна гэх тайлбарыг ирүүлсэн. Т.Тын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр сонсох ажиллагааны хариу тайлбарт ирүүлсэн газар ашиглалтай холбоотой нотлох баримтууд нь 2019 онд хийсэн сонсох ажиллагааны хариу тайлбарын нотлох баримтуудтай ижил бөгөөд газар ашиглалттай холбоотой нэмж хийсэн ажил байхгүй байсан. Өөрийн эзэмшлийн дээрх газраа ашигласан гэх тайлбар, нотлох баримтууд хангалтгүй байсан тул аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. 
         5.3.    Аймгийн ерөнхий архитектороор ажиллаж байсан Х.О******* нь 2023 оны 01 дүгээр сард өндөр насны тэтгэвэртээ гарсан бөгөөд аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01-Б/24 дүгээр захирамжаар аймгийн ерөнхий архитекторын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Д томилогдсон тул архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс гаргах боломжтой болсон. Мөн аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01-Б/19 дүгээр захирамжаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Н*******ийг томилсон нь 2023 оны 06 дугаар сараас архитектур төлөвлөлтийн даалгавар хүсэх болон өөр бусад хүсэлтүүдийг тус газраас шийдвэрлүүлэх боломжтой нөхцөл байдал бүрдсэн байна. Гэтэл Т.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ямар нэгэн хүсэлт өгч, шийдвэрлүүлээгүй байсан тул аймгийн Засаг даргын 2023 оны дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. 
       5.4.    Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаартай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор хот байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан байдаг. Үндсэн далангийн бетонон доторлогоог хамгийн сүүлд 2012 онд засвар шинэчлэлт хийгдснээр одоо маргаан бүхий газраар дайрсан далан ашиглагдахгүй болсон тул Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар олголтыг зохион байгуулсан. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар тус газар нь нийтийн орон сууц баригдахаар төлөвлөгдсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжаар олгогдсон газар нь инженерийн шугам сүлжээтэй эсэх талаарх зөвшилцлийн зургийг 2015 оны 10 дугаар сард инженерийн хангагч байгууллагуудаар зөвшилцүүлж, газрын үсэг зуруулсан байдаг. Тус нотлох баримт дээр хангагч байгууллагууд нь ямар нэгэн инженерийн шугам сүлжээ байхгүй талаар баталж, гарын үсэг зурсан байна. Иймд хуучин доторлогоо байхгүй, хуучны нэмэлт даланг тооцохгүйгээр Т.Тын эзэмшил газар нь төлөвлөгөөний дагуу барилгажих бүрэн боломжтой бөгөөд инженерийн шугам сүлжээний хангагч байгууллагууд нь шугам сүлжээний давхцал байхгүй гэдгийг баталсан байна. Мөн маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр тухайн газарт барилга барих боломжтой, дахин мэргэжлийн шинжээч томилуулах шаардлагагүй болох нь тогтоогдсон. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны дугаар захирамж нь хууль зөрчөөгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус акт гэж үзэх үндэслэлгүй байна. 
          Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 
                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:
          1.    Т.Тын Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
       2.     Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд: 
          2.1.    Дархан-Уул аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дүгээр захирамжаар Б.Од тус аймгийн 9 дүгээр баг 11-р хороолол ОИЦ сургуулийн ард талд байрлах 1600 м.кв газрыг амины орон сууц /өөрийн хөрөнгөөр дэд бүтэц барих/-ны зориулалтаар 2 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, улмаар 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжаар хорооллын хэсэгчилсэн төлөвлөлт шинэчлэн хийгдэж батлагдсантай холбогдуулан газар эзэмших эрхийн байршлыг Дархан сумын 10 дугаар баг 11 дүгээр хороололд ОИЦ сургуулийн А байрны ард болгон өөрчилж, нийтийн орон сууцны зориулалтаар иргэн Б.Од 1000 м.кв газрыг 2 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. 

          2.2.    Б.Оийн хувьд дээрх газрын байршлыг өөрчилсөн шийдвэртэй маргаагүй, уг газрын эзэмших эрхээ нэхэмжлэгч Т.Ттой 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ байгуулан шилжүүлж, эрх бүхий байгууллагад хүсэлт гаргасны дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар захирамжаар Т.Тод маргаж буй газрыг 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000662234 дүгээр гэрчилгээг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр олгожээ.  

      2.3.    Улмаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт орсонтой холбоотойгоор иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж, ******* дугаартай гэрчилгээг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр олгож, мөн өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан бөгөөд энэхүү үйл баримттай хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй. 
     2.4.    Нэхэмжлэгч Т.Т “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн үндэслэлээ “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.1.7-д заасанд хамаарч байгаа” гэж тайлбарласан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны актыг илт хууль бус болох тохиолдлуудыг хуульчилсны дотор захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх үндэслэлүүд хамаарч байна. 
       2.5.    Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх ойлголт нь тухайлбал, Газрын тухай хуульд эзэмшил газрын байршлыг өөрчлөх ойлголт байхгүй байхад хариуцагч эзэмшил газрын байршлыг өөрчилсөн тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн эрхэд халдсан, илэрхий хууль бус бөгөөд гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй, уг захиргааны актаар бий болгосон эрх, үүргийг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэггүй, мөн захиргаа түүнийг хэрэгжүүлэх ёсгүй үр дагавар үүсгэх ноцтой алдаатай тохиолдлыг ойлгоно. 
        Гэтэл Газрын тухай хуулийн Тавдугаар бүлэгт заасан газар эзэмшүүлэх зохицуулалтын хүрээнд, газар эзэмшигч нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байршилд, хуульд заасан журмын дагуу хүсэлтээ бүрдүүлэн гаргасан нөхцөлд, тухайн шатны Засаг даргын шийдвэрээр газрын байршлыг өөрчлөн эзэмшүүлэх боломжтой. Энэ харилцаа нь эзэмшиж буй газрын эрхийг дуусгавар болгож, өөр байршилд заасан хэмжээ, зориулалтаар шинээр газар эзэмших олгох агуулгатай юм. 
Хэдийгээр хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.О газрын байршил, зориулалтыг өөрчлөх хүсэлтийг эрх бүхий албан тушаалтанд гаргасан болох нь тогтоогдоогүй ч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Дархан сумын 11 дүгээр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг тодотгон худалдаа бизнесийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай бүхий 960 айлын нийтийн орон сууцны цогцолбор хороолол болгохоор баталж, маргаж буй 2015 оны дугаар захирамжаар Б.Оийн амины орон сууцны зориулалттай 1600 м.кв газрын байршлыг өөрчилж, 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалттай 1000 м.кв газар болгосон, үүнтэй Б.О маргаагүй тул уг захирамжийг “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй. 
         2.6.    Түүнчлэн нэхэмжлэгчээс “...ус зайлуулах далан маргаж буй газарт байгаагаас болж газраа ашиглаж чадаагүй, инженерийн шугам сүлжээ бүхий газарт анхнаасаа газар олгох ёсгүй байсан буюу бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус захиргааны акт” гэх үндэслэлээр маргасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж хэнд хандсан нь тодорхойгүй, хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа нь ойлгомжгүй, үүний улмаас тухайн захиргааны актыг хэн, хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй болж, уг актыг бодит байдалд биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдлыг ойлгох ба ийм акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл, үр дагаваргүй, илт хууль бусад тооцогдоно.  
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны дугаар захирамж нь “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх илт хууль бус захиргааны актын дээрх шинжийг хангаагүй төдийгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн уг үндэслэл нь актыг хүчингүй болгуулахаар маргах үндэслэлд хамаарахаас бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус захиргааны актын үндэслэлд хамаарахгүй.
       2.7.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, захиргааны үйл ажиллагаа хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх учиртай. 
      Нэхэмжлэгч шүүх хуралдаанд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо “хариуцагчийн гаргасан 2015 оны дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгосноор Б.Оийн 2011 онд эзэмшсэн газрыг эзэмших эрхтэй болно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх маргаж буй 2015 оны дугаар захирамжийг үндэслэн 2017 онд газар эзэмших эрхийг шилжүүлэн авснаар үүссэн, тодруулбал өөрийн маргаж буй газрын эзэмших эрхтэй холбоотой асуудлаар маргахаас өмнөх 2011 онд Б.Од эзэмшүүлсэн газрын эзэмших эрхтэй маргах эрхгүй төдийгүй Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоосноор түүний зөрчигдсөн гэх эрх сэргэхээргүй байна. 
      3.    “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн тухайд: 
         3.1.    Дархан-Уул аймгийн Засаг дарга 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжаар Т.Т нь Дархан сумын  тоотод байрлалтай, 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалттай 1000 м.кв газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. 
      3.2.     Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ус зайлуулах даланг давхцуулан газар олгосноос шалтгаалж газраа ашиглаж чадаагүй, ковидын нөхцөл байдалтай байсан, холбогдох албан тушаалтнууд байгаагүйгээс болж өргөдөл, хүсэлтээ өгч шийдвэрлүүлж чадаагүй” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...эрх бүхий албан тушаалтнууд ажиллаж байсан, ковидын нөхцөл байдал байсан ч газраа зориулалтын дагуу ашиглах боломжтой байсан, ашиглагдахаа байсан, холбогдох байгууллагуудаас барилга барих зөвшөөрлийг өгсөн ус зайлуулах данг холдуулан барилгаа барих бүрэн боломжтой байсан” гэж тус тус тайлбарлан маргасан. 
        3.3.    Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус зааснаар аймгийн Засаг дарга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд “2 жил дараалан ашиглаагүй” гэх хугацааг Т.Т 2017 онд газар эзэмших эрхтэй болсон ч сүүлд гэрчилгээг шинэчилж, гэрээ байгуулсан өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс тоолох нь зүйтэй юм. 
         3.4.    Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газар нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан байна. 
         3.5.    Хавтаст хэрэгт Дархан-Уул аймаг дахь төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 41/14 дүгээр албан шаардлага, Т.Тын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан хүсэлт, түүнд хавсарган өгсөн нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн акт, “Гео од” ХХК-ийн кассын орлогын ордер, эмнэлгийн хуудас зэрэг тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа гэж өгсөн баримтууд тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгууалтын газраас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 661 дүгээр албан бичгээр хийсэн сонсох ажиллагааны мэдэгдлийн дагуу өгсөн баримтууд агуулгаараа адилхан, шүүхээс маргаан бүхий газар дээр үзлэг хийхэд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй хоосон газар байсан, өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагаас газрын гэрчилгээ шинэчилж, гэрээг байгуулснаас хойш маргаан бүхий акт гаргах хүртэл хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй байх бөгөөд нэхэмжлэгч үүнтэй маргаагүй, шүүх хуралдаанд “...ковидын нөхцөл байдал байсан учраас нэмж үйл ажиллагаа явуулаагүй” гэх тайлбарыг гаргасан. 
           3.6.     Нэхэмжлэгчээс “...хэд хэдэн аж ахуй нэгжтэй хамтран ажиллахаар гэрээ байгуулсан боловч ковид-19 цар тахлын улмаас эдгээр аж ахуйн нэгж дампуурсан, барилгын салбарын үйл ажиллагаа хүнд байна” гэж тайлбарлаж байгаа боловч, түүнийгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, маргаж буй газар дээр Т.Т 5-8 давхар нийтийн орон сууц барих болохоос заавал өөр бусад аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах ёстой гэж гэрээнд заагаагүй, цар тахлын нөхцөл байдал хэдийгээр байсан ч “...газраа 2 жил дараалан” гэх хугацаа тасалдаж тоологдохоос шинээр тоолох үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн тухайд анх газар эзэмших эрх олж авснаас хойш ч, цар тахлын нөхцөл байдал арилснаас хойш ч газраа зориулалтын дагуу ашиглах боломжтой байжээ. 
         3.7.     Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Х.О*******ыг ажлаас чөлөөлж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01-Б/19 дүгээр тушаалаар Г.Н*******ийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01-Б/24 дүгээр тушаалаар С.Дыг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өлөөс эхлэн аймгийн Ерөнхий архитекторыг сонгон шалгаруулж томилох хүртэл хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсон шийдвэрүүд, өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэр, ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэр зэргээс үзвэл нэхэмжлэгчийн “архитектур төлөвлөлтийн даалгавар авах гэхээр эрх бүхий байгууллагын албан хаагч нар ажлаас чөлөөлөгдсөн, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авахгүй байснаас үйл ажиллагаа явуулж чадаагүй” гэх тайлбар үгүйсгэгдэж байна. 
        3.8.     Маргаан бүхий газрын зүүн хойд талын үзүүрт хуучин ашиглаж байсан шороон овоолго бүхий үерийн далан, тухайн газрын баруун хойд талд бетон доторлогоотой үерийн далан байгаа болох нь шүүхээс хийсэн үзлэг, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 175 дугаар албан бичгийн хавсралт агаарын зураг, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар албан бичиг, түүний хавсралт зургуудаар тус тус тогтоогдсон болно. 
Маргаан бүхий газарт байх овоолготой шороог үерийн далан гэдэгтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй. Харин түүнийг дайруулан барилга барих боломжтой байсан эсэх дээр маргасан бөгөөд хавтаст хэргийн 92, 166 дугаар хуудсанд авагдсан газрын байршлын зурагт эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл олгох боломж гэж гарын үсэг зурсан, Т.Тыг үерийн далан дээр барилга барьсан зөрчил гаргасан гэж маргаагүй, нэхэмжлэгч хэрэг хянан шидвэрлэх ажиллагааны явцад далан байгааг мэдлээ гэдэг үндэслэл гаргаж, өөрийн газар эзэмших эрхийг үгүйсгэсэн тайлбарыг гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. 
Иймд дээрх үндэслэлүүдээр Т.Тын Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. 
         4.    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 401 дүгээр тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн, Б.Оийн хувьд газрын байршил шилжүүлсэн хариуцагчийн 2015 оны дугаар захирамжтай маргаагүй, түүнийг хүлээн зөвшөөрч Т.Тод уг газрын эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтийг холбогдох байгууллагад гаргасан, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны дугаар захирамж гарснаар түүний газар эзэмших эрх дуусгавар болсон тул уг маргааны улмаас Б.Оийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэн гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй болохыг дурдах нь зүйтэй. 
       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 
       1.    Газрын тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.1.7-д заасныг тус тус баримтлан Т.Тын  Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 
     2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 
    
 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ө.МӨНХ-ЭРДЭНЭ