Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/1086

 

                                                               У.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Т.Шинэбаяр, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Төмөртулга,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/1184 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2208 01908 1299 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

У.Э, Сэлэнгэ аймагт төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн * тоотод оршин суух хаягтай, /РД: ***********/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 463 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;        

Шүүгдэгч У.Э нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр .... “М” хорооллын голын зам дээр иргэн А.Б-ны эзэмшлийн эд хөрөнгө болох **-** улсын дугаартай, “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийн баруун, зүүн урд 2 ширхэг толийг хугалж, автомашиныг цаасны хутгаар тойруулан зурж гэмтээсний улмаас 745.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: У.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч А.Б-ны оршин суугаа газар болох .... дүүргийн *** тоотод очихыг, мөн хохирогчийн ажлын байр болох “Н” ХХК-д очиж уулзахыг 1 жилийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийн хорих ялыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.Э тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЗТ/1184 дүгээр шийтгэх тогтоолоор зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Би А.Б-тай 1999 онд танилцаж, тэр үеэс хойш Б нь над руу байнга ярьж, гэр орноор минь ирж, хонон, надаас салахгүй өдийг хүрсэн. Тухайн үедээ эхнэргүй гэж надад ойлгуулж байсан. Түүнд итгэж өөрийнхөө амьдралыг золиослож хүнтэй сууж хань ижил, үр хүүхэдтэй бололгүй хамаг амьдралаа зориулсан. Тэрээр миний амьдралыг үрэн таран хийж байгаад гомдолтой байна. Намайг 2014 онд Б нь гэрийнхээ гадаа сааданд эхнэр Ц-ийн хажууд миний энгэрээс зуурч, хоолой боогоод, баруун гараа зангидаж байгаад толгой руу, шанаа руу хүчтэй цохиод, газар унахад элгэнд өвдөглөж байхад эхнэр нь салгаагүй. Б цагдаад “би хүн зодчихлоо” гээд дуудлага өгсөн. Цагдаагийн хүмүүс ирэхэд эхнэр нь Б-ыг явуулаагүй аваад үлдсэн. Би босож чадахгүй газар манарсан байдалтай байхад намайг орхиод явсан. Эхнэр Ц нь 2014 оны үеэр гэрийнхээ орцны үүдэнд миний элэг рүү гэнэт өшиглөж, намайг хэл амаар доромжилж, нүүрэнд гараараа цохисны улмаас хойшоо нүх рүү унаж, нуруу болон гараа урж гэмтээсэн. Би Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвд асрагчаар ажилладаг байсан боловч Б, түүний эхнэр Ц нарт зодуулсны улмаас тархиндаа тал цус харваж, зүрхний шигдээс болох дөхөж, 3 жил гэртээ ажил хийлгүй эмчилгээ хийлгэсэн. Түүнээс хойш ажил хийж чадаагүйн дээр эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирч байна.

А.Б нь миний биед удаа дараа гар хүрч зоддог, хамгийн сүүлд 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр манай гэрт агсам тавьж, 2 гарыг минь хойно бариад өшиглөж зодсон. Тухайн үед цагдаа дуудаж, А.Б нь 100.000 төгрөгөөр торгуулсан. Мөн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр А.Б-ыг архидан согтуурсан байхад нь гэрт нь хүргэж өгөхөөр явж байх үедээ “маргааш бурхан багшийн их дүйцсэн өдөр 20.000 төгрөг өгөөч” гэхэд А.Б нь хэл амаар доромжлон, салаавч гарган, “чаддаг юм бол ав л даа” гэж хэлэн танхайрсан. Энэ бүх үйлдлээс болоод гэрийнх нь ойр байсан машиныг нь гэмтээсэн. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ А.Б-ы буруутай үйлдэл ч гэсэн байхад ганц би шийтгүүлж байгаа нь миний хувьд гомдолтой байна.

Би эмэгтэйчүүдийн савны хоргүй хавдар оноштой, эх нялхсын эмнэлэгт 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хагалгаанд орохоор төлөвлөгдсөн. Цаашид гам барьж, эмчийн хяналтад байх шаардлагатай болсон. Иймд миний эрүүл мэндийн байдлыг харгалзан ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Т.Төмөртулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч У.Э-ын гаргасан гомдол нь хэрэгт авагдсан баримтуудад буюу энэ хэрэгт огт хамааралгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргадаггүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Э-т оногдуулсан ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэрэгт тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах  гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч У.Э-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч У.Эр нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр .......... дүгээр хороо, “М” хорооллын голын зам дээр иргэн А.Б-ны эзэмшлийн эд хөрөнгө болох **-** УНВ улсын дугаартай, “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийн баруун, зүүн урд 2 ширхэг толийг хугалж, автомашиныг цаасны хутгаар тойруулан зурж гэмтээсний улмаас 745.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч А.Б-ны “... Би ажлын газрын найз М-ын хамт 19 цагийн үед пабд орж 0.5 литрийн гурван шил пиво ууж байтал Э гэх эмэгтэй гаднаас орж ирээд хажуу ширээнд сууж байгаад манай найз М гараад явсны дараа бид хоёр пабаас хамт гараад **-** УБН улсын дугаартай автомашинд суугаад замдаа явж байхад Э надаас эм тарианы мөнгө нэхсэн. Тэгэхээр нь би “...миний цалин буугаагүй, надад мөнгө байхгүй” гэж хэлтэл уурлаад хоорондоо маргалдсан. Тэгээд манай байрны урд замд явж байгаад **-** УНВ улсын дугаартай миний машиныг харчихаад маргалдсан шалтгаанаас үүдэн цаасны хутгаар зураад 2 толь хугалсан. Тэгэхээр нь би “цагдаа дуудлаа шүү” гэсэн чинь яваад өгсөн. ... Уг **-** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай эхнэрийн нэр дээр байдаг юм. ... Э бид хоёр 2009 онд танилцсан, дотно харилцаатай хүмүүс. ...  Э өмнө нь хэрүүл маргаан гаргаж, бас л миний машиныг зурж сэвтүүлж 500.000 төгрөгийн хохирол учруулж байсан. ...” /хх 18-19/,

гэрч П.Ц-ийн “... Би 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр **-** УНВ улсын дугаартай машинаа оройн 20 цагийн үед байрны зогсоол дээр тавьчихаад гэртээ орсон. Тэгсэн нөхөр над руу утсаар яриад “машин зураад толь хугалчихлаа” гэхээр нь би “наад асуудлаа чи өөрөө зохицуул, наад заваан асуудалд чинь оролцохгүй” гэж хэлсэн. ... Өмнө нь энэ Э гэх эмэгтэй бас л зурж сэвтүүлж байсан. ...” /хх 27-28/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/, “Арвижих Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 36-37/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч У.Э-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч У.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Э-ыг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаандаа хохирогч А.Б-ны оршин суугаа газар болон ажлын байранд очиж уулзахыг хориглосон хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасан зорчих эрхийг хязгаарлах ял нь агуулгын хувьд тодорхой орон зайд зорчиход чиглэсэн хөдөлгөөнийг хориглосон байх бөгөөд хуулийн энэ зохицуулалтыг бусадтай уулзахыг хориглох байдлаар шууд хэрэглэх нь зохимжгүй юм.   

Иймд энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч У.Э-аас “... Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх У.Э-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож хэрэглэсэн нь хуульд нийцсэн байхаас  гадна оногдуулсан ялын хэмжээ нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ... учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасан боловч шүүгдэгч У.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч У.Э-ын буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Б-ны эзэмшлийн **-** УНВ улсын дугаартай, “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгсэлд гэмтээж, 745.000 төгрөгийн хохирол учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад  цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд “... А.Б-ны буруутай үйлдэл байхад ганц би шийтгүүлж байгаад гомдолтой. ...” гэсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.   

            Иймд шүүгдэгч У.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/1184 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... хохирогчийн ажлын байр болох .... ХХК-нд очиж уулзахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэснийг, “...хохирогчийн ажлын байр болох “..” ХХК-д очихыг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

 ШҮҮГЧ                                                            М.АЛДАР