| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2017/0078/э |
| Дугаар | 77 |
| Огноо | 2017-09-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 77
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,
Хохирогч Б.Ц,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Гт холбогдох эрүүгийн 1730000190009 тоот хавтаст хэргийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар аймгийн Питровис шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, М.Г.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч М.Г нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Петровис шатахуун түгээх станц дээр 2017 оны 07 дугаар сарын 10-ны орой 21.00 цагийн орчимд иргэн Б.Цийг зодож доод эрүүний үүдэн 31,41 дүгээр шүдний хугарал, буйлны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 07 сарын 10-ны өдөр манай ажлынхан зоогийн газар орж пиво уусан. Тэгээд ажил дээр ирээд ажлынхаа хүний машиныг түрж асаасан. Тэгтэл нэг жижиг машинтай хүн ирээд машинаасаа буугаад бие засах газар байна уу? гэж асуухаар нь баруун тийш яваад шээчих гэж хэлсэн. Гэтэл манай ажлын талбай дээр шээсэн. Наанаа шээж болохгүй гэж хэлэхэд өөдөөс чанга дуугараад ирсэн. Өөдөөс том том дуугараад байсан. Тэгээд би нэг цохисон. Хохирогчид эмчилгээний зардалд 100.000 төгрөг өгсөн. Анх 1.000.000 төгрөг өгье, миний таньдаг эмч дээр очоод эмчлүүлчих гэж хэлсэн. Бас Сүхбаатар сум явах үед нь би 4.000.000 төгрөг бөөгнүүлэе гэж хэлсэн боловч мөнгө олдоогүй. Одоо надаас 5.000.000 төгрөг нэхэж байгаа. Би цалингийн зээлтэй. Баримтаа гаргаад өгвөл төлнө. Би гэмшиж байна... гэв.
.
- Хохирогч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 07 сарын 10 өглөө хотоос аймаг руу гараад үдээс хойш 17 цагийн үед ирээд базындаа ирээд хоол идээд, 0.75 литрийн архи хувааж уучихаад Сүхбаатар сум руу гарах гээд 21 цагийн үед Петровис шатахуун түгээх газраас бензин авах гэж байгаад машинаасаа буугаад бие засах газар байна уу гэхэд, байхгүй, цаашаа яваад бие засчих гэж хэлсэн. Тэгээд би цаашаа яваад цемент доошоо эгц болохоор нь би цаашаа буулгүй, тэндээ бие зассан. Гэтэл араас хүмүүс бахираад байсан. Би машиндаа буцаж ирэхэд үгийн зөрүүгүй намайг цохиж миний шүдийг гэмтээсэн. Маргааш нь Гийг дуудаж миний дансанд 4.000.000 төгрөг хийчих, би чиний таньдаг эгч дээр очоод эмчлүүлэе гэсэн. Эсвэл хамтын сан нээгээд эмчилгээгээ хийлгэчихээд хамтын сангаас мөнгөө авчихая гэж хэлсэн. Би Сүхбаатар суманд 10 хоноод буцаж ирээд Г руу залгахад утсаа авахгүй байсан. Цагдаа дээр очиход хуулийн дагуу явсан нь дээр, эмчилгээний зардлаа баталгаажуулж ир гэсэн. Би шинжилгээ өгөөд эмнэлгийн даргаар нь тодорхойлолт хийлгэж авсан. Шүд хийхэд нэг шүд нь 2.500.000 төгрөг байдаг. Араа шүд бол 2.000.000 төгрөгөөр хийдэг юм байна лээ. Г үүнийг судалсан байх. Гийн эгч нь хамгийн доод тал нь 2.000.000 төгрөг байдаг гэж надад хэлсэн. Би цалингийн зээлтэй, байрны зээлтэй. Эхнэр маань зээлтэй. Нийт 740.000 төгрөг зээлэнд төлдөг. Би мөнгө гаргаж шүдээ хийлгэж чадаагүй. Аав ээж маань тэтгэврийн хүмүүс байдаг. Шүдээ үзүүлж хийлгэх талаар тодорхойлолт хийлгэж авсан. Би эмчилгээний зардал болох 5.000.000 төгрөг нэхэмжилж байна... гэв.
- Хохирогч Б.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 10 цагийн үед эхнэр А, 8 настай хүү Тын хамт Приус-11 маркын 12-86 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эхнэр жолоодоод Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумруу хадамлах гээд гарсан юм. Орой 17 цаг өнгөрөөгөөд Сүхбаатар аймагт Г базындаа ирсэн. Тэндээ хоол унд идэж уучихаад би баз Гдаа нэг шил 0.75 литрийн Экс нэртэй архи гаргаж хоёулаа хувааж уусан юм. Тэндээсээ 21 цагийн орчим Сүхбаатар сум руу гарах гээд Гандангийн урд талын Петровисоос бензин авахаар очсон юм. Тэнд очоод эхнэр машиндаа бензин хийлгэх хооронд би шээхээр буусан. Петровисийн үүдэнд 4, 5 залуу байхаар нь бие засах газар хаана байдаг юм бэ гэхэд байхгүй гэж хэлсэн. Тэр дундаас нэг залуу нь цаашаа яваад бие засчихгүй юу гэхээр нь цааш явтал цемэнтэн талбайн эрмэг нь доошоо эгц байсан болохоор нь эрмэг дээр нь зогсож байгаад шээсэн юм. Тэгтэл наана чинь шээдэггүй юм гэж тэдгээр залуучууд хэлж байсан. Би согтуу байсан болохоор юу гэнээ хөө гээд чанга дуугараад машинруугаа очтол цагаан фудволкатай бүдүүн бор залуу шууд миний шүд рүү гараараа цохисон юм. Намайг цохисон М.Г гэдэг хүнд гомдолтой байна. Энэ хүн миний шүдийг хугалчихаад нэг ч төгрөг өгөөгүй учир энэ хүнээс эмчилгээний төлбөрөө нэхэмжилнэ. Имплант хиймэл шүд хийлгэхэд 5 сая төгрөг шаардлагатай байгаа. Одоогоор би энэ хиймэл шүдийг хийлгэх мөнгөгүй байгаа болчихоод хийлгэж чадахгүй байна” гэх мэдүүлэг/хх-08, 10-12/,
- Гэрч Э.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би машиндаа шатахуунаа хийлгэж байтал манай нөхөр машинаасаа гараад колонкийн тэнд байсан 4, 5 залуучуудаас бие засах газар хаана байдаг юм бэ гэж асуутал тэнд байсан залуусаас нэг нь байхгүй гэж хэлсэн юм. Тэнд байсан залуучуудаас нэг нь цаашаагаа яваад шээчихгүй юм гэж хэлтэл манай нөхөр Ц цементэн талбайных нь эрмэг дээр зогсож шээсэн. Тэгтэл нэг махлаг бор залуу чи наанаа шээдэг нь яаж байгаа юм бэ, наана чинь шээдэггүй ш дээ гэж чанга дуугарсан юм. Гэтэл манай нөхөр согтуу байсан болохоороо чи юу гэнээ гээд чанга дуугарсан. Тэр махлаг бор залуу юу гэнээ чи хүрээд ир гэсэн. Манай нөхөр очтол үгийн зөрүүгүй гараараа нэг удаа цохитол манай нөхөр Ц араараа савж ойчсон юм. Тэгээд манай нөхөр Ц амаа дарж босож ирээд шүд хугалчихлаа ш дээ гээд явган сууж байсан. Тэр залуу шууд манай нөхрийг цохичихоод колонкынхоо зүүн талаар гараад урагшаа явган явахаар нь би араас нь очоод чи хүн цохичихоод яагаад юу ч болоогүй юм шиг явж байгаа юм. Эндээ учраа олчихоод яв гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” ... гэх мэдүүлэг /хх-11-15/,
- Гэрч С.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг приус машин ирж бензин авах үед дотроос нэг нилээд согтуу байдалтай залуу бууж ирээд станцын баруун талд очоод талбайн захад шээхэд нь М.Г станцын баруун талд байсан болохоороо түүнийг талбай дээр шээлээ гэж хэлж байх шиг байсан. Тэгээд л тэр залуу М.Гийн өөдөөс хэрэлдээд чи муу гээд байх шиг байсан. Тэгтэл М.Г түүнийг 1 удаа цохих шиг болсон. Тэгэхэд нөгөө залуу амаа бариад байсан. Тэр хоёр хоорондоо зодолдож, ноцолдсон асуудал байхгүй”... гэх мэдүүлэг /хх-16/,
- Гэрч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг приус машинтай хүн бензин авах үедээ машинаасаа буугаад 00 хаана байдаг вэ гэхээр нь бид нар энд 00 байдаггүй юм гэж хэлсэн юм. Тэгсэн чинь тэр залуу гэнэт л шатахуун түгээхийн талбайн баруун захад очоод шээсэн. Тэгээд тэр залуу буцаад машинруугаа явж байх үед нь Г ах наана чинь шээж болохгүй газар чи шээлээ гээд тэр хүнтэй маргалдаж байснаа 1 удаа алгадах шиг болоод бид нарлуу Г ах хүрээд ирсэн. Тэр хүн алгадуулчихаад цементэн талбай дээр ойчоод өгсөн. Тэгтэл тэр цохиулсан хүний эхнэр нь машиндаа бензин авч байгаад ирээд Г ахтай уулзаад цагдаа дуудсан. ...Тэр цохиулсан хүн нь шүд гээд хацраа бариад байсан. Яг ямар гэмтэл учирсан болохыг мэдэхгүй” ...гэх мэдүүлэг /хх-17/,
- Гэрч У.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017.07.10-ны өдөр намайг ажил дээрээ байхад манай ажлын М.Г, Б.Г, Э, Б, О, Г нар Уртцагааны караокед сууж байгаад ирлээ гээд ирцгээсэн юм. Тэд нар шатахуун түгээх станцын зүүн талаар сууж байтал нэг приус маркийн машин ирж бензин авахад би баримтыг нь өгөх гээд дотогшоо орсон хойгуур уг машин дотор согтуу байдалтай согтуу колонкын баруун талд очоод шээхэд нь манай ажлын Г түүнийг талбай дээр шээлээ гээд загнаж байх шиг байсан. Тэгээд гарч ирэхэд тэр залуу газар ойчсон юм байлгүй босч байгаа харагдсан. Тэгэхэд эхнэр нь гэх хүн Гтой уулзаад цагдаа дуудаад байсан... гэх мэдүүлэг /хх-18/,
- Гэрч Г.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017.08.10-ны орой 18 цагийн үед манай ажлын М.Г, Б.Г, Э, Б Г бид нар Уртцагааны караокед орж дуу дуулахдаа 0.75 литрийн Ерөөл нэртэй архи авч уусан юм. Бид нар шатахуун түгээх станцын зүүн талд сууж байтал нэг приус маркийн машин ирж бензин авах үед дотроос нь нэг зүс үл таних нилээн согтуу байдалтай залуу бууж ирээд станцын баруун талд очоод бие зассан юм. Тэгэхэд Гт түүнд наанаа шээж болохгүй гэж шаардлага тавихад тэр залуу маргалдаад байсан. Тэгэхэд Г тэр залууг нэг л удаа алгадах шиг болсон. Тэгэх тэр залуу яая шүд гээд алт нэг хацраа бариад байсан... гэх мэдүүлэг /хх-19/,
- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07-р сарын 14-ний өдрийн 255 дугаартай дүгнэлт: “1. Б.Цийн биед доод эрүүний үүдэн 31, 41 дүгээр шүдний хугарал, буйлны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна”... гэжээ /хх-24/
- Хохирогч Б.Цийн 31,41 дүгээр шүдний зураг /хх-45/
- АШУИС-ийн нүүр ам судлалын сургуулийн 2017.08.10-ны өдрийн 17/72 дугаартай тодорхойлолт /хх-44/
- Хохирлын баримтууд /хх-47/
- Сүхбаатар аймаг Нефть хангамжийн салбарын даргын 2017.08.10-ны өдрийн 112 дугаартай тодорхойлолт /хх-36/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багийн засаг даргын 2017.08.11-ний өдрийн 7/332 дугаартай тодорхойлолт /хх-37/
- М.Гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/
- М.Гийн Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-38/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч М.Г нь 2017 оны 08 сарын 10-ны орой 21.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах НИК ХХК-ны Сүхбаатар нефть хангамжийн салбарын шатахуун түгээх станцын талбай дээр иргэн Б.Цийн нүүрэнд цохиж “ доод эрүүний үүдэн 31,41 дүгээр шүдний хугарал, буйлны цус хуралт “ бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Ц, гэрч Э.А, С.Э, Б.Г, У.Н, Г.О нарын мэдүүлгүүд, 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 5050 дугаартай Яаралтай тусламжийн хуудас, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 255 дугаартай шинжээчийн дүгнэлт, Б.Цийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, шүдний гэрэл зураг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тухайн хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл нь хохирогч Б.Ц, шүүгдэгч М.Гийн ажиллах шатахуун түгээх станцын талбайн орчимд бие зассан асуудалтай холбоотойгоор үүссэн болох нь түүний “ Манай ажлын талбай дээр бие засахаар нь цаашаа яваад бие засчих гэсэн чинь юу гээд байгаа юм гээд хараалын үг хэлээд байсан. Тэгэхээр нь чи юу гээд байгаа юм, бид нар ажиллаж, цэвэрлэдэг газар гэж хэлсэн чинь пизда гээд хараалын үг хэлээд хүрээд ирэхээр нь юу гээд байгаа юм гээд алгадчихсан чинь унаад өгсөн” гэх, гэрч Г.Огийн “ Бид нар станцын зүүн талд сууж байтал Приус машин ирж бензин авах үед дотроос нь согтуу байдалтай залуу бууж ирээд станцын баруун талд очоод бие зассан. Г түүнтэй ойрхон байсан болохоор наанаа шээж болохгүй гэж шаардлага тавихад тэр залуу маргалдаад байсан. Тэгэхэд Г тэр залууг нэг л удаа алгадах шиг болсон. Тэр залуу яаая шүд гээд аль нэг хацраа бариад байсан” гэх, гэрч Г.Нгийн ” согтуу байдалтай залуу колонкын баруун талд очоод шээхэд нь манай ажлын Г түүнийг талбай дээр шээлээ гээд загнаж байх шиг байсан. Тэгээд гарч ирэхэд тэр залуу газар ойчсон юм байлгүй босч байгаа харагдсан” гэх, гэрч С.Эгийн “ нэг Приус машин ирж бензин авах үед дотроос нэг нилээд согтуу байдалтай залуу бууж ирээд станцын баруун талд очоод талбайн захад шээхэд нь М.Г станцын баруун талд байсан болохоороо түүнийг талбай дээр шээлээ гэж хэлж байх шиг байсан. Тэгээд л тэр залуу М.Гийн өөдөөс хэрэлдээд чи муу гээд байх шиг байсан. Тэгтэл М.Г түүнийг 1 удаа цохих шиг болсон, нөгөө залуу амаа бариад байсан. Тэр хоёр хоорондоо зодолдож, ноцолдсон асуудал байхгүй” гэх, гэрч Б.Гийн “нэг приус машинтай хүн бензин авах үедээ машинаасаа буугаад 00 хаана байдаг вэ гэхээр нь бид нар энд 00 байдаггүй юм гэж хэлсэн юм. Тэгсэн чинь тэр залуу гэнэт л шатахуун түгээхийн талбайн баруун захад очоод шээсэн. Тэгээд тэр залуу буцаад машинруугаа явж байх үед нь Г ах наана чинь шээж болохгүй газар чи шээлээ гээд тэр хүнтэй маргалдаж байснаа 1 удаа алгадах шиг болоод бид нарлуу Г ах хүрээд ирсэн. Тэр хүн алгадуулчихаад цементэн талбай дээр ойчоод өгсөн ” гэх мэдүүлгүүдээр тогтоогдоно.
М.Гийг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй мэдсээр атлаа, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, түүнийг хүсч ялимгүй зүйлээр шалтаглан хохирогч Б.Цийн нүүрэнд цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч М.Гт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч М.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч М.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч М.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
М.Гийн үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөх боловч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлөөгүй байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзвэл нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзнэ.
Шүүгдэгч М.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэрээр хохирогчийн эмчилгээний зардалд 100.000 төгрөг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Хохирогч Б.Цийн АШУҮИХ-ийн Нүүр ам судлалын сургуулийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 17/72 албан тоотыг үндэслэн эмчилгээ хийлгэх төлбөрт нэхэмжилж буй 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.
Учир нь түүний эрүүл мэндэд 31, 41-р шүд хугарсан гэмтэл тогтоогдсон ба дээрх албан бичигт шүднүүдийн тус бүрийн үнэлгээ, мэс ажилбарын үнэлгээ, эмчилгээний үнэ тодорхойгүй заагдаагүй хийгээд мөн эрүүл мэндийн хууль тогтоомжийн дагуу АШУҮИС-ийн захирлын баталсан гэх үнэ, тарифын баримт хэрэгт байхгүйгээс нэхэмжлэлийн тодорхой тооцоог гаргах буюу нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар шууд шийдвэрлэх боломжгүй байна.
Хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримт, эсвэл хохиролтой холбоотой нотлох баримтыг тодорхой бүрдүүлэн тухайн нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах нь зүйтэй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гийг 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дугээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Г шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Б.Цийн 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Ялтан М.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан М.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН