Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/1087

 

                                                                 О.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Т.Шинэбаяр, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д-ын өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо,

шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Б.Тэгшжаргал,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Ганбаатар, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/1169 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Б.Тэгшжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч О.Т-т холбогдох 2208 00000 0131  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

О.Т, Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ****************/;

Шүүгдэгч О.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 1 дүгээр сарын 13-ны үүрийн 05 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийн урд талд тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байхдаа таксины мөнгө өгөхгүй, найзуудын хамт зугтаах үед жолооч Д.Б барьж аваад, таксины хөлсөө төлүүлэхээр маргалдаж, түүнтэй ноцолдох үед хар өнгийн эвхэгддэг хутгаар /тонгорог/ зүүн гарын бугалга хэсэгт нь 1 удаа, зүрхэн тус газар нь 1 удаа тус тус хутгалсны улмаас эрүүл мэндэд нь цээжний зүүн урд хэсгийн эгмийн дунд шугамаар 4, 5 дугаар хавирганы түвшин дэх цээжний хөндий нэвтэрч үнхэлцэг, зүрхний зүүн ховдлыг нэвт хатган гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн бугалганы гадна урд дээд хэсгийн хатгагдсан шарх гэмтлүүд учруулан хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч О.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Боржигин овогт О.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.Т-рийн цагдан хоригдсон нийт 250 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар түлхүүр 5 ширхэг, түлхүүрийн оосор, марль, цаасан уут, цэнхэр өнгийн маск, эвхэгддэг хутга тус бүр 1 ширхэгийг устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дараах эд зүйлсийг эзэмшигч нарт нь буцаан олгож, цэнхэр өнгийн “Айфоне” загварын гар утас, куртик, хар өнгийн түлхүүр, малгайтай цамц, бэлтгэлийн өмд, хар өнгийн хос пүүзэн гутал, хар өнгийн куртик тус бүр 1 ширхэг, чип 2 ширхэг зэргийг О.Т-т, хар ногоон өнгийн малгайтай куртик, хүрэн улаан өнгийн малгайтай цамц, жинсэн өмд, үдээсгүй хос пүүз тус бүр 1 ширхэгийг О.Т-д, хар өнгийн куртик, саарал өнгийн малгайтай цамц, хар өнгийн даавуун өмд, цагаан өнгийн улаан оруулгатай хос пүүз, “Самсунг” загварын гар утас зэргийг Э.Э-т, шар үстэй хар өнгийн куртик, хар өнгийн малгайтай цамц, хар малгай, хар өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн хар оруулгатай хос пүүз зэргийг О.О-д, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 2 ширхэг үс, хэргийн газраас илрүүлсэн гарын мөр 4 ширхэг, О.Т-ийн гарын арчдас 2 ширхэг, хумс 10 ширхэг, Э.Э-ын гарын арчдас 2 ширхэг, хумс 10 ширхэг, О.Т-ий гарын арчдас 2 ширхэг, хумс 9 ширхэг, О.О-ийн гарын арчдас 2 ширхэг, хумс 10 ширхэг, хэргийн газраас бэхжүүлсэн хөвөнд шингээсэн цусны дээж 6 ширхэг, амь хохирогч Д.Б-ны гарын хумс 10 ширхэг, дүрс бичлэгүүд бүхий 4 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д-т 35.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар өв залгамжлагч насанд хүрээгүй хүүхдэд гэм хор учруулсны төлбөрийн нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэм буруугаа үнэн шударгаар хүлээн гэмшиж, хохирогчийн ар гэрээс нэхэмжилсэн хохирол гомдлыг төлж барагдуулан, тэднээс чин сэтгэлээсээ уучлал, өршөөл эрэн өөрийн хийсэн алдаа эндэгдлээ харамсан гэмшиж байгаа болно. Иймд та бүхэн миний хүсэлт, гомдлыг хүлээн авч, миний хувийн байдал, зан төлөв, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол гомдлыг төлж барагдуулсан, ид хийж бүтээх амьдралын төлөө чин шударгаар зүтгэх хүсэл, мөрөөдөл, залуу насыг минь харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг  Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Т-ийн өмгөөлөгч Б.Тэгшжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/1169 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Т-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дүгнэсэн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн байдалтай огт маргаагүй гэдгийг илэрхийлэх нь зүйтэй.

2. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлдээ “... хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж буйгаа илэрхийлсэн, хохирол, хор уршигийн төлбөрийг төлж барагдуулсан боловч үл ялих зүйлээр шалтаглаж хүнийг алсан, уг гэмт хэргийн хохирол болох хүний амь насыг мөнгөөр нөхөн тооцох боломжгүй зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялын доод хэмжээнээс бага ял оногдуулах үндэслэлгүй. ...” гэж дүгнэсэн нь логикийн хувьд зөрчилдөөнтэй агуулга харагдаж байна. Өөрөөр хэлбэл, хохирол, хор уршигийн төлбөрийг төлж барагдуулсан боловч амь насыг мөнгөөр үнэлэх боломжгүй гэж үзсэн нь хууль зүйн хувьд ойлголтын зөрүүг бий болгож байна. Эрүүгийн эрх зүйн суурь онолд мэдээж хүний амь нас нөхөгдөх, сэргээгдэх боломжгүй хор уршигийг бий болгодогтой хэн ч үл маргадаг. Харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээсэн, учруулсан бодит хохирлоо төлсөн тохиолдолд хэрэглэхээр хуульчилсан заалт юм. Иймд анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруудаа шүүгдэгч дүгнэлт хийж байгааг, учирсан хохирол төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй зэргийг харгалзан, шударга ёсны зарчимд нийцүүлэн оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой байжээ.

3. Миний үйлчлүүлэгч О.Т нь залуу насандаа харамсал дүүрэн хэрэг үйлдсэн ч өөрийн гэм буруу, үйлдэлдээ чинь сэтгэлээсээ гэмшсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх байдлаар шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний аль алиныг сонгон хэрэглэх нь шүүхэд хуулиар олгосон онцгой бүрэн эрх юм. Иймд хэргийн нөхцөл байдалд тал бүрээс нь дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Т-ийн өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчихгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн. Гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдлыг судалж үзвэл тухайн үед О.Т унтаж байсан ба цуг явж байсан найзууд нь “... гарч зугтаарай...” гэж орилоод, түрүүлж гарсан. Энэ үед О.Т сэрсэн ба хохирогч таксины мөнгөө авах зорилгоор О.Т-тэй ноцолдох агшинд гэмтэл учруулсан. Хэдийгээр уг хэрэг хүнийг санаатай алах гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа боловч О.Т-ийн хувьд юу болоод байгааг сайн мэдээгүй, эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх заалт нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хязгаарлах үндэслэл байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар О.Т-т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д-ын өмгөөлөгч Х.Цэцэгхорол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д нь анхан шатны шүүх хуралдаан болон өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй байгаа хэд хэдэн шалтгаантай. ... Амь хохирогчийн эх “миний хүүг 4 залуу алсан” гэж бодож байсан боловч 1 залуу буюу О.Т байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д нь хэргийн материалтай танилцаад өөрийнхөө хүүхдийг буруутгаж эхэлсэн. Учир нь, “... миний хүү зөвхөн 10.000 төгрөгийн төлөө амь насаа алдсан байна. Яагаад 4 согтуу хүнээс амь насаа авраад зугтаж болоогүй юм бол...” гэж надаас асуусан. Оршуулгатай холбоотой зардалд 35.000.000 төгрөг авсан. Тухайн үед унаж явсан автомашин нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан. Энэ төлбөрийг шүүгдэгчийн ар гэрээс төлсөн. 10.000 төгрөгөөс үүдэн нэг хүн амь насаа алдаж, нэг хүн нь тодорхой хэмжээний хорих ял авч байна. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д оролцоогүй шалтгаан нь “...хэчнээн их мөнгө байсан ч, тухайн хүн хэдэн жилийн ял авсан ч миний хүү босож ирэхгүй. Би заавал гомдолтой, шүүгдэгчийг хэдэн жил хориод өг, цаазлаад өгөөч, амийг амиар гэж би хэлж чадахгүй...” гэсэн. Уг хүсэлтийг нь би дамжуулж байна. ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн О.Т-т оногдуулсан ялыг хөнгөрүүлэхэд хохирогчийн зүгээс татгалзах зүйлгүй. ...” гэв.

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхээс шүүгдэгч О.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 8 жилийн хорих ялыг оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэхээр заасан. Шүүгдэгч О.Т нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг тодорхой хэмжээнд барагдуулсан. Гэвч хүний амь насыг нөхөж болохгүй учир хохирол төлөгдсөн гэж үзэхгүй. Шүүгдэгч гэм буруугийн талаараа маргаагүй, мөн хохирогчийн нэхэмжилж байгаа үнийн дүнгээс их буюу 35.000.000 төгрөг төлсөн нь заавал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах  гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч О.Т-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч О.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 1 дүгээр сарын 13-ны үүрийн 05 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийн урд талд тээврийн хэрэгслээр үйлсчлүүлж байхдаа таксины төлбөр төлөхгүйгээр зугтаах үед жолооч Д.Б барьж аваад, таксины төлбөр төлүүлэхээр маргалдаж, түүнтэй ноцолдох үед хар өнгийн эвхэгддэг хутгаар /тонгорог/ зүүн гарын бугалга хэсэгт нь 1 удаа, зүрхэн тус газар нь 1 удаа тус тус хутгалсны улмаас эрүүл мэндэд нь цээжний зүүн урд хэсгийн эгмийн дунд шугамаар 4, 5 дугаар хавирганы түвшин дэх цээжний хөндий нэвтэрч үнхэлцэг, зүрхний зүүн ховдлыг нэвт хатган гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн бугалганы гадна урд дээд хэсгийн хатгагдсан шарх гэмтлүүд учруулан алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д-ын “... 2022 оны 1 дүгээр сарын 13-ны шөнө гэртээ амарч байтал 05 цаг 52 минутад хүү Д.Б нь өөрийнхөө утаснаас миний дугаар луу залгаад “ааваа намайг хүн хутгалчихлаа” гэж хэлэхээр нь би хүү Д.Б-ыг “чи хаана байгаа юм бэ” гэж асуусан чинь хүү Д.Б “би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо 42 дугаар сургуулийн үүдэнд байна” гэж хэлэхээр нь би эхнэр Л.Н-ийн хамт шууд гэрээсээ гараад сургуулийн урд талд очиход 103 түргэн тусламжийн машин хойд талын автобусны буудалд баруун тийш харсан байдалтай, харин миний хүү Д.Б-ны унаж байсан машин ертөнцийн зүгээр баруун тийш харсан байдалтай асаалттай байсан. Тэгэхээр нь очсон чинь хүү Д.Б “ааваа миний машины түлхүүрийг 4 залуу булаагаад 42 дугаар сургуулийн хашааны зүг явсан” гэж хэлээд машиныхаа жолооны хүрдний ард өөрийнхөө гараар зүрхнийхээ хэсэгт дараад сууж байсан. Тэгээд 103-ын эмч хүү Д.Б-ыг үзээд “яаралтай Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явна” гэхээр нь би хүүгээ ээжийнх нь хамт явуулсан юм. Тэгээд хүүгийнхээ зааж өгснөөр машины түлхүүр аваад явсан гэх хүмүүсийн зүгт явсан чинь автобусны буудлаас зүүн хойд 50 метр зайд хүүгийн маань машины түлхүүрийн төмөр шар оосор байсныг цагдаа нарт хэлсэн. ...” /1 хх 111-112/,  

гэрч О.О-ийн “...Тэгээд 42 дугаар сургуулийн хашааны урд шороон зам дээр такси зогссон чинь миний хоёр талд сууж байсан Т, Э хоёрыг нударсан чинь Т машин хаалга онгойлгоод буугаад гүйхээр нь би машинаас буугаад миний араас Э буусан. Таксины урд талын суудал дээр О.Т үлдсэн. Тэгээд би Т, Э хоёртой 42 дугаар сургуулийн хашаанд бага сургуулийн буланд уулзаад О.Т-ийг 8-10 минут хүлээсэн. ... жалга гардаг гүүр лүү алхаад явж байтал О.Т гүйгээд ирж байсан. ...О.Т сая гараа хутгаар зүсчихлээ гэж хэлсэн. ...” /1 хх 117-118/,  

гэрч Э.Э-ын “...О, Т хоёр машинаас гараад зугтаасан, тэгэхээр нь би машинаас гарч гүйгээд 42 дугаар сургуулийн том хаалганы хажууд О.Т-ийг хүлээгээд зогсож байхад О.Т “гараа зүсчихлээ” гээд хүрээд ирсэн. ...” /1 хх 119-121/,

гэрч Т-ний “... Машин зогсохоор нь би түрүүлж буугаад миний араас О дагаж буугаад бид хоёр 42 дугаар сургууль тал руу гүйсэн. Тэгээд гүйж байгаад амьсгаа авах гээд түр зогсоод эргээд харсан чинь ардаас Э гүйж байсан, түүний араас О.Т гүйж байсан. О.Т хоёр гараа нийлүүлээд барьчихсан. Гар нь цус болчихсон байхаар нь “гараа яачихсан юм бэ” гэж асуухад “гараа аваад хаячихлаа, би гэр лүүгээ явлаа” гэж хэлээд алхаад яваад өгсөн. ...” /1 хх 125-127/,

гэрч М.О-ийн “... 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн өглөө үүрээр 05 цагийн үед намайг босоод толгой өвдөөд эм уух гээд байж байхад манай хүү О.Т гаднаас орж ирээд намайг чимээгүй дуудаад “ээж ээ, хүн намайг хутгалах гээд байхаар нь би хутгыг нь булаацалдаж байгаад өөрийнхөө гарыг зүсчихлээ” гэсээр зүүн гарынхаа эрхий хурууны салааны хэсэгт нэлээн том зүсэгдээд ангайчихсан орж ирсэн. Тэгээд би хүүгээ аваад шууд гэмтлийн эмнэлэгт очиж, гарт нь 4 оёдол тавиулж, боолт хийлгэсэн. ...” /1 хх 130-132/,

гэрч Э.Б-ний “... 2022 оны 1 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 05 цагийн үед гэр лүүгээ харих гээд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 42 дугаар дунд сургуулийн урд талын автобусны буудал дээр эгч М-ын хамт машин дотор сууж байхад ард нэг машин ирж зогсоод араас сигналдаад хажууд ирээд зогсоход би цонхоо онгойлгоод “яасан бэ” гээд асуухад “сая нэг ахыг 4 залуу хутгалаад зугтаачихлаа, түргэн дуудаад өг” гэхээр нь би өөрийн дугаараас цагдаа, түргэн дуудсан. ...” /1 хх 150-151/,

гэрч Н.Д-ийн “...хар өнгийн жижиг суудлын машин дотор 40 орчим насны махлагдуу эрэгтэй “саяхан хар хорин захын орчмоос такси барьсан 4 хүн намайг хутгалчхаад 42 дугаар сургуулийн зүг гүйгээд явчихлаа” гээд жолооны хүрдний арын суудал дээрээ хойшоо налсан амьсгал нь түргэссэн, бараг ярьж чадахгүй шахуу болчихсон байсан. ...” /1 хх 156-157 гэсэн мэдүүлгүүд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Талийгаач Д.Б-ны цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний зүүн урд хэсгийн эгмийн дунд шугамаар 4, 5-р хавирганы түвшин дэх цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхний зүүн ховдлыг нэвт хатган гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн бугалганы гадна урд дээд хэсгийн хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр амьд ахуйд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүдээс цээжний зүүн урд хэсгийн эгмийн дунд шугамаар 4, 5-р хавирганы түвшин дэх цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхний зүүн ховдлыг нэвт хатган гэмтээсэн хатгагдсан шарх нь гэмтлийн хүнд зэрэгт, зүүн бугалганы гадна урд дээд хэсгийн хатгагдсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаач Д.Б нь цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхний зүүн ховдлыг нэвт хатган гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл нь эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж багатай гэмтэл бөгөөд талийгаач уг гэмтлийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Задлан шинжилгээгээр эсэргүүцэн тэмцэлдсэн гэхээр ул мөр тогтоогдоогүй. Талийгаач нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 07 цаг 50 минутад нас баржээ...” /2 хх 74-79/ гэсэн 341 дугаартай шинжээчийн дүгнэлт,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 6-10, 24-29, 30-35/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 11-15/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 16-23/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 36-39/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 43-44/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 58-65/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 95-99/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Б.Тэгшжаргал нараас “...оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

Хэдийгээр, шүүгдэгч О.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оршуулгын зардалтай холбоотой баримтгүйгээр 35.000.000 төгрөгийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “гомдол, саналгүй” гэсэн боловч шүүгдэгчийн О.Т-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй байна.

Үүнээс гадна, анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Б.Тэгшжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч О.Т нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 54 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/1169 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Б.Тэгшжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш 54 /тавин дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР  

ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР