| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2017/0088/э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2017-10-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 87
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч Х.М нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Мад холбогдох 2017170001750033 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, 1983 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 20 хоног баривчлах ялаар, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжаар 2 жилийн хорих ялыг хасаж, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжаар 01 сар 09 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Х.М.
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Х.М нь Сүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрээн” гэх газарт 2017 оны 06 дугаар сарын 13-ны шөнө иргэн Б.Быг зодож эрүүл мэндэд нь баруун доод эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Бтой машин зарах талаар ярилцаад 3 адуугаар авахаар тохирсон. Тэгээд хөдөө хамт явахад машин нь болохгүй байсан тул ” машин чинь болохгүй байна “ гэж хэлээд буцааж өгсөн. Гэтэл манай хажуу айлд “ М ах миний түлхүүр багажыг хулгайлсан байна “ гэж хэлсэн байсан. Бтой уулзах гээд айлд очиход эхнэр нь “ түлхүүр багаж нь манай гадаа байж л байна ш дээ. Хаясан барьснаа мэдэхгүй “ гэж хэлсэн. Тэгээд Угийнх рүү очиход гадаа хүмүүс зодолдоод байсан. Би согтуу хүнтэй яагаад маргалдаад байгаа юм бэ гэхэд У “ чамаас болж хэрүүл үүслээ “ гээд намайг боосон. Би хэрүүл хийх гээгүй, түлхүүр багажыг аваагүй гэдэгээ хэлэх гэж ирсэн гэж хэлсэн. Бод “ түлхүүр багаж авсан уу гэж асууна биз дээ, айлаар хулгай хийлээ гэж ярилаа, чамайг зодох гэж ирээгүй, үнэн учраа хэлэх гэж ирсэн” гэж хэлсэн.
Би 100000 төгрөгт бензин хийгээд 50000 төгрөгт сэлбэг авсан. Энэ мөнгөө өгчихнө биздээ гэж л хэлсэн. Би хүний малыг цалинтай хариулдаг, 550.000 төгрөгийн цалинтай. Би эрүү рүү нь өшиглөөгүй, хөл рүү нь өшиглөсөн. Өөрийн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугаа зөвшөөрч байна... гэв.
- Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр манай ураг төрлийн хамаатан болох М гэдэг ах надаас миний өөрийн эзэмшлийн Бонго Жи-2 маркийн машиныг 3 адуугаар сольж авъя гээд намайг Онгон сум руу дагуулж явахад би Онгон суманд очоод Эрээн гэдэг газарт нутагладаг хамаатны ах Угийнд очсон юм. Тэгтэл М ах 3 адуугаа өгч чадахгүй боллоо, болъё гээд миний машиныг 3 хонуулаад буцаагаад өгсөн. 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг хоёр танил хүнтэй таараад Шарбүрд багийн төв дээр 0.5, 0.75 литрийн Ерөөл архи хувааж уучихаад орой 18 цаг өнгөрөөгөөд ганцаараа У ахынд очиж амарсан. Гэтэл шөнө 23 цагийн орчим М ах намайг унтаж байхад сэрээгээд гэрээс дагуулан авч гараад надад хэлэхдээ “чи миний бөгсийг ухаж худлаа зүйл ярьж явсан байна, өр ширэндээ баригдаад машин авч чадахгүй байна гэж ярьж явсан байна ” гэж хэлээд намайг загнаад байсан. Би өөдөөс нь “ М ахаа та бид хоёрт муудах асуудал байхгүй, би бөгсийг чинь ухаж яриагүй” гэж хэлэхэд тэрээр шууд миний эрүүнд нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би М ахад дахиж зодуулахаасаа айгаад зугтаасан. Араас М ах миний нэрээр дуудаад бархираад үлдсэн. Тэр үед У ах ирээд М ахтай муудах гээд байхаар нь би очиж У ахыг салгаад аваад явсан. М ах Д ахын хамт тэндээс явцгаасан. Тэр үед би гэр рүү орж У ахад миний эрүү өвдөөд байна гэж хэлсэн чинь хугарчихаагүй биздээ гээд У ах цагдаа дуудсан. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгч ирээд эмнэлгийн түргэн дуудаж өгсөн юм. Миний хугарсан эрүү бороолж эдгэсэн болохоор одоо надад гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-16-17/
- Гэрч Г.Угийн мөрдөн байцаалтанд өгсөн: Б манайд машинаа зарах ажилтай ирээд 6 хонож байсан юм. 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Б Шар бүрд багийн төв рүү яваад 18 цаг өнгөрөөгөөд манайд халамцуу байдалтай ирж унтсан. Тэгтэл шөнө 23 цагийн үед М нь Д гэдэг залуутай хамт хоёулаа мотоцикльтой ирээд Быг сэрээж уулзах гэсэн боловч сэрэхгүй болохоор нь М, Д хоёр манай төрсөн дүү Бадамсэдийнх рүү явсны дараа Бадамсэдийн хүү Б түүнтэй зөрж ирээд Быг сэрээгээд “ та М ахыг юу гэж ярьсан юм бэ, манайд очоод таныг хүмүүст буруугаар ярьсан байна гээд ярьж байна” гэж хэлээд гэрийн гадаа уулзаж байтал М, Д хоёр эргэж ирээд М нь Бтой маргалдаад муудалцаж байснаа түүнийг өшиглөж харагдсан. Би Мыг болиулах гэж очсон чинь М нь намайг цохих гэж дайраад байсан. Тэгэхээр нь би Мад хандаж “яагаад чи Быг зодож байгаа юм бэ” гэхэд М нь хэлэхдээ “наад хүүхэд чинь надад 150.000 төгрөг өгөх ёстой, түүндээ тааруулаад зодож байна” гэж хэлсэн. Тэгээд М, Д хоёр яваад өгсөн. Тэр үед Б надад хэлэхдээ “ахаа миний эрүү шажигнаж дуугараад сул оргиод байна” гэж хэлэхээр нь харахад эрүү нь хавдчихсан байсан. Би Цагдаагийн газрын 102 дугаарт залгаж дуудлага өгөхөд сумын хэсгийн төлөөлөгч ирээд сумын хүн эмнэлэгт дуудлага өгсөн...гэх мэдүүлэг / хх-10-11 /
- Насанд хүрээгүй гэрч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 13-ны шөнө гэртээ унтаж байтал гаднаас М ах, Д ахын хамт мотоцикльтой ирчихээд М ах манай аав Бадамсэдтэй хэрэлдээд зодолдох гээд байхаар нь би хорьж болиулсан. Тэр үед М ах ярихдаа “ Б намайг түлхүүр багажны хулгайд гүтгэсэн” гэх мэтээр яриад байсан. Манай аав Б ахыг өмөөрөөд хэрэлдээд байх шиг байсан. Тэгэхээр нь би У ахынх руу очиж Б ахыг дуудаж авчирах гээд мотоцикльтойгоо явж очиход Б ах унтаж байхаар нь сэрээгээд “ М ах урд манайд аавтай маргалдаад байна. Та очиж учраа ол” гэхэд Б ах явахгүй гээд миний мотоциклийн ард суухгүй байж байтал М ах манайхаас хүрч ирээд Б ахтай маргалдаж зууралдаад байсан. Тэр үед У ах очиж М ахыг шөнө орой айлд ирээд хүүхэд унтаж амраахгүй амгалан тайван алдагдууллаа гэж хэлэхэд М ах У ахын өөдөөс хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэгж байгаад М, Д ах хоёр мотоцикльтойгоо яваад өгсөн юм... гэх мэдүүлэг /хх-12/
- Гэрч Д.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 13-ны шөнө Б.М нь намайг У ахынх руу явъя. Быг очиж цусыг нь хольчихоод ирье гээд миний мотоциклийг гуйхаар нь би мотоциклио өгөхгүй гэхэд хоёулаа цугтаа явъя гэсэн. Тэгээд би айл хэсчихээд ирье гээд Мад хүн зодож болохгүй шүү гэж хэлчихээд цуг явсан. У ахынд ирэхэд Б унтаж байсан. Быг сэрээх гэхэд сэрэхгүй байсан учир бид хоёр Бадамсэд ахынх руу явсан. Бадамсэд ахынд очоод М нь гэр рүү нь орсон. Тэднийд нэг их удалгүй М нь намайг явъя гээд дуудсан. М бид хоёрыг У ахынд ирэхэд Бадамсэд ахын хүү Б нь Быг сэрээчихсэн мотоцикль дээрээ суулгах гээд чангааж байх шиг харагдсан. Саргүй харанхуй шөнө байсан учир үзэгдэх орчин муу байсан. М очоод Бтой маргалдаад муудалцаад байсан. Би Мыг хүн зодож болохгүй шүү гэж хэлэхэд М нь “ 150.000 төгрөгөндөө тааруулж зодно” гэж хэлж байсан.Тэгэхэд У ах ирээд Мыг “чи дахиад хүн зодож болохгүй шүү дээ” гэж хэлж байсан. Б гэдэг залуу намайг хараад “ Д ахаа миний эрүү сонин болчихлоо ” гээд намайг мотоциклио асаагаад явъя гээд бид 2 баруун хойд талын хөндий рүү орсон. Араас М, Б хоёр ирсэн. Тэгээд би Мыг аваад гэр рүүгээ буцсан. Тухайн үед Х.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ тийм их айхтар согтуу биш байсан. Харин Б.Б нь бид хоёрыг очиход гэрийнхээ хойд орон дээр унтаж байсан. М сэрээх гээд татаад байхад сэрэхгүй байсан... гэх мэдүүлэг / хх-13/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 236 дугаартай дүгнэлтэнд: 1.Б.Бын биед баруун доод эрүү ясны хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэжээ. / хх- 31/
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5-р багийн Засаг даргын 2017 оны 08 сарын 30-ны өдрийн 256 тоот тодорхойлолт /хх-56/
- Х.Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-41/
- Яллагдагч Х.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40 /
- Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-44-46/
- Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.06-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-47-49/
- Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.13-ны өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-50-52/
- Суллагдсан хүмүүст олгох тодорхойлолт 2016.04.15 /хх-55/
- Эмчийн тодорхойлолт /хх-29-30/
- Гэрч С.Ариун-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг / хх-25/
- Гэрч Ё.Хадбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг / хх-26/... зэрэг болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Х.М нь 2017 оны 06 дугаар сарын 13-ны шөнө 23.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “ Эрээн ” гэх газарт иргэн Б.Быг зодож эрүүл мэндэд нь “ баруун доод эрүү ясны хугарал “ бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.Мын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Б, гэрч Г.У, Б.Б, Д.Д нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 236 дугаартай дүгнэлт, 2017.06.14-ний өдрийн Эмчийн тодорхойлолт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тодруулбал, шүүгдэгч Х.М согтуурсан үедээ, Б.Бтой хийсэн наймаа буцсан асуудалтай холбоотойгоор, үл ялих зүйлээр шалтаглан маргаан эхлүүлж, улмаар түүний эрүүн тус газар өшиглөж гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь хохирогч Б.Бын “ шөнө 23 цагийн орчим М ах намайг унтаж байхад сэрээгээд гэрээс дагуулан авч гараад “чи миний бөгсийг ухаж худлаа зүйл ярьж явсан байна, өр ширэндээ баригдаад машин авч чадахгүй байна гэж ярьж явсан байна ” гэж хэлээд намайг загнаад байсан. Би өөдөөс нь “ М ахаа та бид хоёрт муудах асуудал байхгүй, би бөгсийг чинь ухаж яриагүй” гэж хэлэхэд тэрээр шууд миний эрүүнд нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би М ахад дахиж зодуулахаасаа айгаад зугтаасан. Араас М ах миний нэрээр дуудаад бархираад үлдсэн. Тэр үед У ах ирээд М ахтай муудах гээд байхаар нь би очиж У ахыг салгаад аваад явсан. Би гэр рүү орж У ахад миний эрүү өвдөөд байна гэж хэлсэн чинь хугарчихаагүй биздээ гээд У ах цагдаа дуудсан “,
гэрч Д.Дгийн “ 2017 оны 06 дугаар сарын 13-ны шөнө Б.М нь намайг У ахынх руу явъя. Быг очиж цусыг нь хольчихоод ирье гээд миний мотоциклийг гуйхаар нь би мотоциклио өгөхгүй гэхэд хоёулаа цугтаа явъя гэсэн. Тэгээд би айл хэсчихээд ирье гээд Мад хүн зодож болохгүй шүү гэж хэлчихээд цуг явсан... М очоод Бтой маргалдаад муудалцаад байсан. Би Мыг хүн зодож болохгүй шүү гэж хэлэхэд М нь “ 150.000 төгрөгөндөө тааруулж зодно” гэж хэлж байсан. Тэгэхэд У ах ирээд Мыг “чи дахиад хүн зодож болохгүй шүү дээ” гэж хэлж байсан. Б гэдэг залуу намайг хараад “ Д ахаа миний эрүү сонин болчихлоо ” гээд намайг мотоциклио асаагаад явъя гээд бид 2 баруун хойд талын хөндий рүү орсон “ гэх,
гэрч Г.Угийн “ Шөнө 23 цагийн үед М нь Д гэдэг залуутай хамт хоёулаа мотоцикльтой ирээд Быг сэрээж уулзах гэсэн боловч сэрэхгүй болохоор нь М, Д хоёр манай төрсөн дүү Бадамсэдийнх рүү явсны дараа Бадамсэдийн хүү Б түүнтэй зөрж ирээд Быг сэрээгээд “ та М ахыг юу гэж ярьсан юм бэ, манайд очоод таныг хүмүүст буруугаар ярьсан байна гээд ярьж байна” гэж хэлээд гэрийн гадаа уулзаж байтал М, Д хоёр эргэж ирээд М нь Бтой маргалдаад муудалцаж байснаа түүнийг өшиглөж харагдсан. Би Мыг болиулах гэж очсон чинь М нь намайг цохих гэж дайраад байсан. Тэгэхээр нь би Мад хандаж “яагаад чи Быг зодож байгаа юм бэ” гэхэд М нь хэлэхдээ “наад хүүхэд чинь надад 150.000 төгрөг өгөх ёстой, түүндээ тааруулаад зодож байна” гэж хэлсэн. Тэр үед Б надад хэлэхдээ “ахаа миний эрүү шажигнаж дуугараад сул оргиод байна” гэж хэлэхээр нь харахад эрүү нь хавдчихсан байсан ” гэх,
насанд хүрээгүй гэрч Б.Бын “ 2017 оны 06 дугаар сарын 13-ны шөнө гэртээ унтаж байтал гаднаас М ах, Д ахын хамт мотоцикльтой ирчихээд М ах манай аав Бадамсэдтэй хэрэлдээд зодолдох гээд байхаар нь би хорьж болиулсан. Тэр үед М ах ярихдаа “ Б намайг түлхүүр багажны хулгайд гүтгэсэн” гэх мэтээр яриад байсан. М ах манайхаас хүрч ирээд Б ахтай маргалдаж зууралдаад байсан. Тэр үед У ах очиж М ахыг шөнө орой айлд ирээд хүүхэд унтаж амраахгүй амгалан тайван алдагдууллаа гэж хэлэхэд М ах У ахын өөдөөс хэл амаар доромжлоод дайраад байсан “ гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдоно.
Х.Мыг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийн эрүүнд санаатай өшиглөж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч Х.Мад холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “ Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэв.
Х.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, уг гэмт хэрэг тэдгээрийн хоорондын наймааны асуудал, буруу ойлголцлоос болсон, хохирогчид учирсан гэмтэл эдгэрсэн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзвэл түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.М хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтооно.
Х.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримт, бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй бөгөөд тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Х.Мын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Х.М оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ялтан Х.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримт, бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй бөгөөд тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Х.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН