Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 45

 

А.Тын нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.А-д холбогдох

 иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/00123 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.Тын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.А-д холбогдох,

“Дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 50.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, гуравдагч этгээдийн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй” иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа, хариуцагч Д.А-, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Пүрэвдорж, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч А.Т авга эгч Д.А- бид Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны 02 тоот №000106978 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-210105338 дугаартай 44 м2 бүхий талбайтай 3 өрөө орон сууцыг хамтран өмчилдөг билээ. Би 2013 оноос хойш Улаанбаатар хотод амьдарч байгаа. Цаашид Улаанбаатар хотод амьдрах болсон тул дундын өмч болох 100.000.000 төгрөгийн бүхий Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны 02 тоот №000106978 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2101005338 дугаартай 44 м2 бүхий талбайтай 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Д.А-, Г.Пүрэвдорж нарт хэзээ ч зээлж байгаагүй. Хадам ээж Д.Замбага болон өөр бусдаас ямар ч мөнгө авч байгаагүй. Биднийг хэзээ эрэн сурвалжилж байгаагүй ба илтэд худал зүйл бичсэн байна. Харин нэхэмжлэгч А.Тын ээж Д.Гантөгс нь нөхөр Д.Амарсанаагаас гэрлэлтээ цуцлуулах гэж 2 удаа Орхон аймгийн шүүхэд хандсан ч хаяг тодорхойгүй гэж буцаад байсан. Үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгч байна. Д.А- нь дүүгээ хаана оршин сууж байгааг нууж байсан. Бид Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны 02 тоот №000106978 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2101005338 дугаартай 44 м2 бүхий талбайтай 3 өрөө орон сууцыг хууль ёсны дагуу худалдаж авсан. Бид 2010 оноос хойш Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 6 дугаар байр 14 тоот хаягт оршин сууж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөгс шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Амарсанаа овогтой Тамирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөгс би Д.А-гийн сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Пүрэвдорж нарын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би Д.А-, Г.Пүрэвдорж нарт хэзээ ч мөнгө зээлж байгаагүй. Би 2006 оноос хойш Д.Амарсанаагаас тусдаа амьдарсан. Хадам ээж Д.Замбага болон өөр бусдаас ямар ч мөнгө авч байгаагүй. Бид 2008 оноос хойш Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 6 байр 14 тоот хаягт оршин сууж байгааг Д.А-, Г.Пүрэвдорж нар мэдэж байсан. Мэдсээр байж худлаа эрэн сурвалжилах хүсэлт гаргасан. Харин нэхэмжлэгч А.Тын ээж Д.Гантөгс би нөхөр Д.Амарсанаагаас гэрлэлтээ цуцлуулах гэж 2 удаа Орхон аймгийн шүүхэд Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны 02 тоот хандсан ба хаяг тодорхойгүй гэж буцаад байсан. Д.Апимаа нь дүүгээ хаана оршин сууж байгааг нууж байсан. Бид Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны 02 тоот №000106978 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү- 2101005338 дугаартай 44 м,кв бүхий талбайтай 3 өрөө орон сууцыг хууль ёсны дагуу бэлэглэлийн гэрээгээр авсан. Харин Д.Апимаа нь хүү А.Тын төрсний гэрчилгээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны 02 тоот №000106978 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2101005338 дугаартай 44 м,кв бүхий талбайтай 3 өрөө орон сууцны гэрчилгээ зэргийг гэрээсээ хулгайд алдсан гэж сонинд хуурамч зар тавьж, мөн А.Тын асран хамгаалагч гэж Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл бичиж өгсөн байгааг нь лавлагаанаас мэдлээ. Эдгээр хүмүүс охин А.Хонгорзул, хүү А.Тыг 18 насанд хүрэх үед УБ хотоос нөүтбүүк өгье, утас өгье гэж удаа дараа дуудаж хуурч авчраад нотариат дээр дагуулж орсон байсан. Эртнээс муу арга залиар өмчлөх эрхийг нь шилжүүлж авах гэж башир арга хэрэглэж байсан. Иймд бид алга болсон гэж зарлуулсан төрсний гэрчилгээг иргэний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгч байна. А.Т болон Д.Гантөгс бид 2008 оноос хойш өнөөлдрийг хүртэл Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 6 байр 14 тоот хаягт оршин сууж байна. Учир нь Б.Гантөгс намайг 2015 оны намар байх Цагдаагийн ерөнхий газраас ярьж байна, та ирж уулзана уу гэхээр гайхаад очтол таныг Г.Пүрэвдорж гэж хүн эрэн сурвалжлуулсан байна гэхээр нь надад энэ хүмүүсээс зугтах шаардлага байхгүй гэдгээ бичиж өгөөд холбоо барих утаснуудаа болон гэрийн хаягаа тодорхой бичиж өгсөн. Дахиж намайг хэн ч дуудаагүй. Хэрэв энэ хүмүүс 2015 онд шүүхэд хандаад эрэн сурвалжлаад олсон юм бол шүүхэд хандах эрх нь байсан. 2005 оноос хойш эдгээр хүмүүст биднээс энэхүү байраа буцаан шаардан авах эрх нь байсан. Иймд Д.А-гийн гаргасан сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.А- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

А.Тын гаргасан нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2002 онд нөхөр Г.Пүрэвдорж бид 2 А.Тын эх Б.Гантөгс, эцэг Д.Амарсанаа нараас 7000 доллар зээлэхээр болсон юм. А.Тын эцэг нь миний дүү юм. Зээлийн барьцаа болгож өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалахаар Д.Амарсанаа, Б.Гантөгс нар гадаадад байсан тул тэдний 5 настай хүү А.Т, өөрийн аав н.Дашдорж нарын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Ингээд миний бие Япон улсад ажиллаж байх хугацаандаа 9.200.000 төгрөгийг Замбагаар дамжуулан Д.Амарсанаа, Б.Гантөгс нарт төлсөн. Ингээд орон сууцныхаа гэрчилгээг шилжүүлэн авах гэтэл Б.Гантөгс гадаадад байгаа тул нэр солих боломжгүй байсан. Ингээд тухайн үед орон сууцныхаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй байсан, Монголд ирсэн гэх сураг сонсогдсон боловч хаяг нь тодорхойгүй байсан тул 2015 онд А.Т, Д.Гантөгс нарыг эрэн сурвалжпуулсан, олдохгүй байсан. Харин гэтэл одоо А.Т нь өөрөө нэхэмжлэл гаргасан байна.  Иймд А.Тын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.А- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

2002 онд манай нөхөр Г.Пүрэвдорж бид 2 А.Тын эх Д.Гантөгс, эцэг Д.Амарсанаа нараас 7000 доллар зээлэхээр болсон юм. А.Тын эцэг нь миний дүү юм. Зээлийн барьцаа болгож өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалахаар тохиролцож, Д.Амарсанаа, н.Гантөгс нар гадаадад байсан тул тэдний 5 настай хүү А.Т, өөрийн аав Дашдорж нарын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Ингээд миний бие Япон улсад ажиллаж байх хугацаандаа 9,200,00 төгрөгийг өөрийн ээж н.Замбагаараа дамжуулан Д.Амарсанаа, Д.Гантөгс нарт төлсөн. Ингээд орон сууцныхаа гэрчилгээг шилжүүлэн авах гэтэл н.Гантөгс гадаадад байгаа тул нэр шилжих боломжгүй байсан. Ингээд тухайн үед орон сууцныхаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй байсан, Монголд ирсэн гэх сураг сонсогдсон боловч хаяг нь тодорхойгүй байсан тул 2015 онд А.Т, Д.Гантөгс нарыг эрэн сурвалжлуулсан, олдохгүй байсан. Бид гэр бүлээрээ одоог хүртэл энэхүү маргаан бүхий орон сууцандаа амьдарч байгаа, анх нөхөр Г.Пүрэвдорж болон миний бие хүүхдүүд болох П.Алтанзаяа, П.Амарзаяа бид нар 2001 онд хувьчлан авсан. Харин гэтэл одоо А.Т нь өөрөө нэхэмжлэл гаргасан байгаа тул 2002 оны 11 дүгээр сарын 11-нд байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр Согоот баг 6-р хороолол 20 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцыг Амарсанаагийн Тамирт бэлэглэсэн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Пүрэвдорж шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:

2002 онд манай эхнэр Д.А- бид 2 нэхэмжлэгч А.Тын эх Д.Гантөгс, Д.Амарсанаа нараас 7000 доллар зээлэхээр болсон юм. А.Тын эцэг нь хадам миний дүү юм. Зээлийн барьцаа болгож бид өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалахаар тохиролцож, Д.Амарсанаа, Д.Гантөгс нар гадаадад байсан тул тэдний 5 настай хүү А.Т, хадам аав Дашдорж нарын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр орон сууцаа шилжүүлсэн юм. Манай эхнэр Д.А- Япон улсад ажиллаж байх хугацаандаа зээлсэн мөнгө болох /тухайн үеийн ам.долларын ханшаар тооцож/ 9.200.000 төгрөгийг хадам ээж Д.Замбагаар дамжуулан Д.Амарсанаа, Д.Гантөгс нарт төлж, зээлсэн зээлээ барагдуулсан. Тэгээд орон сууцныхаа гэрчилгээг буцааж шилжүүлэн авах гэтэл Д.Гантөгс гадаадад байгаа, А.Т насанд хүрээгүй тул нэр шилжих боломжгүй байсан. Ингээд тухайн үед орон сууцныхаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй байсан, Монголд ирсэн гэх сураг сонсогдсон боловч хаяг нь тодорхойгүй байсан тул 2015 онд А.Т, Д.Гантөгс нарыг эрэн сурвалжлуулсан, олдохгүй байсан. Бид гэр бүлээрээ одоог хүртэл энэхүү маргаан бүхий орон сууцандаа амьдарч байгаа, анх миний бие энэ орон сууцыг эхнэр Д.А- болон хүүхдүүд болох П.Алтанзаяа, П.Амарзаяа нарын хамт 2001 онд хувьчлан авсан. Харин гэтэл одоо А.Т нь өөрөө нэхэмжлэл гаргасан байгаа тул 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр Согоот баг 6-р хороолол 20 дугаар ны 02 тоот 3 өрөө орон сууцыг Амарсанаагийн Тамирт бэлэглэсэн үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/00123 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Тын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2,56.1.5-д заасныг баримтлан 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ нь хийсэн цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Тын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөг, хариуцагч Д.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Пүрэвдоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Таас 70,200 төгрөг гаргуулан хариуцагч Д.А-д, 35,100 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Пүрэвдоржид, хариуцагч Д.А-гаас 35,100 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Пүрэвдоржид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үндэслэл болсон талуудын хооронд 2002 оны 11 дүгээр сарын 11-нд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээнд хамааралгүй нотлох баримтыг үнэлж Иргэний хуулийн шаардах эрхийг агуулгаас нь зөрүүтэй буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргажээ. Шүүх хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан бичгийн тайлбар, гэрч Д.Замбага, бие даасан шаардлага гаргасан Г.Пүрэвдорж нарын А.Т, түүний ээж Д.Гантөгс нарыг эрэн сурвалжлах тухай захирамж зэргийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Г.Пүрэвдорж, Д.А- нар нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцыг Г.Дашдорж, А.Т нарт өмчлөх эрхээ 2002 оны 11 дүгээр сарын 11-нд үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээгээр шилжүүлснийг үндэслэх хэсэгтээ дүгнээгүй. Гэтэл А.Т нь 2006 оноос хойш Улаанбаатарт хот Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо 6-14 тоот хаягт байнга оршин сууж байгаагаа багийн Засаг даргын тодорхойлолтоор гаргаж өгсөн. гэрч А.Хонгорзул нь шүүх хуралдаанд дээр гэрчийн мэдүүлэг өгөхдөө 2006 оноос хойш зун болгон 6-20-02 тоотод гэртээ ирж аав Д.Амарсанаатай хамт амарч байсан, эмээ Д.Замбагындаа очдог байхдаа Г.Пүрэвдорж, Д.А- нартай хамт байдаг байсан ба авга эгч Д.А- нь өөрийн дүү Д.Амарсанааг архи уулаа гэж хүү А.Т болон түүний эгч А.Хонгорзул нарыг хамт гэрээс хөөж гаргаж байсан. Аав Д.Амарсанаа нь Улаанбаатар хотод ирж хоёр охинтойгоо уулздаг. 2010 онд өвөө Г.Дашдоржийг нас барахад А.Т эгчийн хамт оршуулах ёслолд оролцож байсан. 2018 онд аав Д.Амарсанааг нас барахад А.Т, эгч А.Хонгорзул, хүргэн ах Б.Батбилэг, ээж Д.Гантөгс нарын хамт ирж ажил явдалд нь оролцож байхад Д.А-, Г.Пүрэвдорж нартай уулзаж байсан гэх мэдүүлэг, А.Тын ээж Б.Гантөгс нь Орхон аймгийн шүүхэд гэрлэлт цуцлуулахаар 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 6-20-02 тоот хаягаар нэхэмжлэл гаргаад хариуцагч хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр дахин 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гэрч Д.Замбага нь 2002 онд миний охин Д.А- нь хүү Д.Амарсанаа Б.Гантөгс нараас 7000 доллар зээлээд 2005 онд буцааж өгсөн гэж мэдүүлдэг. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1., 280.1.2.-т зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй. Үүнээс харахад хариуцагч Д.А-, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Пүрэвдорж нарт 2005 оноос насанд хүрээгүй А.Т болон түүний эцэг эх болох Д.Амарсанаа, Д.Гантөгс, аав Г.Дашдорж нараас шаардах эрх үүссэн. Өвлөх эрхийн гэрчилгээгээр Д.А- өвлөгчөөр тогтоогдсон. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 75 дугаар зүйлийн 75.2.2., 76 дугаар зүйлийн 76.1.-д заасныг харгалзан шаардах эрх хэдийнээс үүссэн дээр шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/00123 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А.Т нь хариуцагч Д.А-д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт оногдох хэсэг 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д.А- зөвшөөрөхгүй маргаж бэлэглэлийн гэрээг хүчин төгөдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч А.Т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6-р хороолол 20 дугаар байрны 02 тоот 44 м2 3 өрөө байрыг бэлэглэсэн 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээнд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч Д.А- нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж буй үндэслэлээ А.Тын аав Д.Амарсанаа ээж Д.Гантөгс нараас 7000 доллар зээлэхээр зээлийн барьцаанд өөрийн амьдран суудаг 3 өрөө байраа насанд хүрээгүй байсан хүү А.Т, аав Г.Дашдорж нарыг хамтран өмчлөгчөөр оролцуулан бэлэглэлийн гэрээ хийсэн гэсэн тайлбарт үндэслэн маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6-р хороолол 20 дугаар байрны 02 тоот 44 м2 3 өрөө орон сууцыг 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр А.Т Г.Дашдорж нарт шилжүүлсэн, тэр үед А.Т насанд хүрээгүй байсан хамтран өмчлөгчөөр Д.А-гийн аав Г.Дашдорж оролцсон, тухайн байрыг 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууц хувьчлах товчооны 41 дугаартай тогтоолоор Г.Пүрэвдоржид хувьчилж Д.А-, П.Амарзаяа П.Алтанзаяа нар дундаа хамтран өмчлөх эрхтэйгээр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101005338 дугаарт бүртгэгдсэн, Баян-Өндөр сум, Согоот баг 6-р хороолол 20 дугаар байрны 02 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч А.Т, хамтран өмчлөгч Г.Дашдорж нар болсон, Г.Дашдоржийн өвлөх эрхийн гэрчилгээний дагуу Д.А- тухайн байрыг өвлөн авч улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бүртгэгдсэн зэрэг үйл баримт нотлох баримтаар тогтоогджээ.  

Хариуцагч Д.А- бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Пүрэвдорж нар 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдах үед А.Тын аав Д.Амарсанаа, ээж Д.Гантөгс нар гадаадад байсан тул тэдний 6 настай хүү А.Т болон өөрийн аав Г.Дашдорж нарын нэр дээр орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэсэн үйл баримт зохигчдын тайлбараар нотлогдсон, харин 7000 доллар зээлсэн түүний барьцаа болгож бэлэглэлийн гэрээгээр орон сууцыг шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар нотлогдоогүй боловч хариуцагчийн мөнгө зээлсэн гэх хугацаа түүний Япон улс руу явсан хугацаа тохирч байх бөгөөд тухайн үед маргаж буй орон сууцыг Г.Пүрэвдоржийн ам бүлийн 4 гишүүн хамтран өмчилж байсан байх ба хамтран өмчлөгч П.Амарзаяа, П.Алтанзаяа нарыг бэлэглэлийн гэрээнд оролцуулаагүй орон сууцны өмчлөлөөс хассан эсэх нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүх бэлэглэлийн гэрээ байгуулах үед эрх зүйн чадамжгүй этгээд болох 6 настай А.Тын хууль ёсны төлөөлөгч эцэг Д.Амарсанаа эх Д.Гантөгс нар байсан байх бөгөөд тэдгээрийн зөвшөөрлийг авсан эсэх нь тогтоогдохгүй, бэлэглэлийн гэрээнд хууль ёсны төлөөлөгчийн гарын үсэг зурагдаагүй байхад нотариатч гэрээг баталж улсын бүртгэл хийгдсэн нь хууль зөрчсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5.-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж, нэхэмжлэгч А.Тыг шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр эрэн сурвалжилж байсан, А.Т 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 18 насанд хүрсэн Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д заасан эрх зүйн бүрэн чадамжтай болсноор шүүхэд энэ асуудлаар нэхэмжлэл гаргах, хариуцагч нарын хувьд ч шаардах эрх үүссэн тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэгч А.Тын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Иргэний хуульд нийцсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасан хэлцлүүд нь хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байх ба хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцаан өгөх боломжгүй бол үнийг төлөх үр дагаврыг бий болгодог.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/00123 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөгсийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                    С.УРАНЧИМЭГ