| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2017/0143/э |
| Дугаар | 148 |
| Огноо | 2017-11-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Эрдэмбилэг |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 148
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж, шүүгч Д.Сугар, Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Иргэдийн төлөөлөгч Д.Цолмон,
Улсын яллагчаар орлогч прокурор Н.Эрдэмбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Хохирогч Г.Ж, Х.Б,
Шүүгдэгч Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Хт холбогдох 1730000430036 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн харьяат, 1969 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Ж.Х
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ж.Х нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Х.Быг эхнэртэйгээ хардан хутгалж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн түүний эрүүл мэндэд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт, баруун мөрний болон бугалганы хэсгийн зөөлөн эдийн хатгагдсан шарх бүхий хүнд хохирол учруулсан,
мөн өдөр согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Жыг ямар ч шалтаг шалтгаангүйгээр хутгалж, эрүүл мэндэд зүүн дал орчмын болон баруун суга орчмын зөөлөн эдийн хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ж.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр баз Эынд хүмүүс архи ууж байхаар нь орж архи уусан. Үдийн хойно эхнэрийн дүү Ж ойрхон хөдөө яваад ирье гэхээр нь хөдөө айлд архи уусан. Намайг дэлгүүр ороод тамхи аваад гарахад Э, Ж хоёр Бынх руу явж байсан. Би араас нь Бынд орж архи уучихаад гараад гэр рүүгээ явсан. Э, Ж хоёр араас ирж байх шиг байсан. Гэтэл ирээгүй алга болсон. Бынх руу очиход Бынд хүн байхгүй, машин нь байхгүй байсан. Би гэртээ байж байхад гадаа машин ирж байгаа сонсогдохоор нь гарах гэтэл түмпэнтэй маханд бүдэрсэн. Түмпэнтэй махнаас хутгыг аваад гарсан. Б, Ж нарыг хутгаар хатгасан. Бтай өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Эхнэртэйгээ хардсан байх. Өөр санахгүй байна. Хохирлыг төлсөн. Би гэмшиж байна...гэв.
- Хохирогч Г.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний даланд гэмтэл учирсан. Би эмнэлэгт хэвтсэн. 50000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн.
50000 төгрөгийг Х ах төлсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, би гомдолгүй...гэв.
- Хохирогч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэрээсээ гараад явж байхад Ж эгч, Э эгч хоёр алхаж байсан. Гадаа бороотой байсан болохоор гэр рүү нь буулгаж өгье гэсэн. Хойд талын хашааны гадаа жаахан зогсож байгаад Э эгчийг буулгаж өгөх гээд очиход Х ах гадаа зогсож байсан. Хын эхнэр, бид хоёрын дунд ямар ч холбоо байхгүй. Би аймгийн нэгдсэн эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Х ах эмчилгээний зардал гэж 500.000 төгрөг өгсөн. Аймгийн эмнэлэгт хэвтсэний төлбөрт 300.000 гаруй төгрөг, мөн замын зардалд 170.000 төгрөг төлсөн. Би 1 сар ажилгүй байсан гэж байгууллагаас 750.000 төгрөгийн тодорхойлолт авч өгсөн. Би Энхбат ахмадад баримт өгье гэхэд жижүүрт өгчих гэсэн. Би О гэдэг цагдаад өгсөн. Гэтэл хэрэгт миний өгсөн баримт байхгүй байна. Өнөө өглөө ирээд хэрэгтэй танилцахад байхгүй байсан. Миний гаргаж өгсөн баримт хэрэгт хавсаргаагүй байгаа болохоор нэхэмжлэхгүй гэв.
- Хохирогч Х.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр үдийн хойно 16 цагийн орчимд манай гэр рүү Э, Ж нар архи уусан байдалтай жаахан халамцуу “гадаа бороо ороод байхаар нь танай руу ороод ирлээ” гээд орж ирсэн. Төд удалгүй Х ах араас нь орж ирээд Жаас 10.000 төгрөг авч 0.75 литрийн “Ерөөл” архи авч ирж манайд уусан. Дараа нь дахин нэг шил 0.5 литрийн “Ерөөл” архи авч ирж бид нар хувааж уучихаад байж байтал Э ах “тог тасарчихлаа, янзлаад өг” гэхээр нь гэрлийг нь асааж өгчихөөд иртэл гэр эзэнгүй бүгд гараад явсан байсан. Би гэрээ цэвэрлэж, түгжчихээд машинтайгаа хашааныхаа арын эгнээгээр явж байтал Ж, Э эгч 2 бороонд явж байхад нь “наашаа суучих” гэж суулгаад хашаануудын хойно зогсож нилээн юм ярьж сууж байгаад 21 цагийн орчимд тэр хоёрыг гэрт буулгах гээд хашааных нь үүдэнд очиход Х ах зогсож байхаар нь “Х ахаа яасан” гээд цонхоо нээтэл баруун гартаа хутга барьчихсан миний цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалсан. Би “Х ахаа та яаж байгаа юм бэ” гээд цонхоо хаах зуур “чамайг алнаа” гээд баруун мөр, баруун гарын бугалга руу нэг нэг удаа хутгалсан. Хтай тухайн өдөр муудсан асуудал, урьдны өс хонзон, хувийн таарамжгүй харьцаа байгаагүй...гэх мэдүүлэг /хх-14-16/,
- Хохирогч Г.Жы мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүргэн ах Х, эгч Э нарын хамт хөдөө байдаг Чулуунбаатарын гэх айлд очиж нэг шил 0.75 литрийн Ерөөл архи уучихаад үдийн хойно сумын төвд ирсэн. Х ахыг дэлгүүр рүү тамхинд орсон хойгуур Э эгч, бид 2 гэр рүүгээ явж байтал бороо их ороод байхаар нь замаараа Бын гэрлүү орсон. Удалгүй араас Х ах орж ирээд Бынд хоёр шил “Ерөөл” архи уусан. Тэр үед Бынд Баярцогт, Бааска /бүтэн нэр мэдэхгүй/ нар орж ирсэн. Тухайн үед Э ах Бынд ирээд “тог тасарчихлаа засаад өг” гээд Быг аваад явсан. Бид нар хэсэг сууж байгаад Бынхаас гарч Х ах түрүүлээд мотоциклио түрээд гэр рүүгээ харьсан. Э эгч, бид хоёр араас нь гэр рүүгээ харьж явтал манай эгнээний зүүн үзүүрт Б машинтайгаа таараад “наашаа суучих” гэхээр нь машинд суухад ойрхон гарах уу гээд сумын ард гарч зогсоод нилээн удаан юм ярьж сууж байгаад 21 цагийн орчимд Х ахын гадаа машинтай очиж зогсоход Х ах Быг машинд сууж байхад нь “чамайг ална шүү” гээд машины цонхоор гараа оруулаад цохиод байх шиг байсан. Тэр үед нь би машинаас бууж “Х ахаа та яагаад байгаа юм бэ” гээд салгах гэтэл гарт нь хутга байсныг хараад зугтах гэтэл араас нуруун тус газар нэг удаа, баруун гарын суганы ар хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд би гэр рүүгээ орж манай нөхөр Э түргэн тусламж дуудсан. Эмнэлэгт очсон хойноо Быг бас хутгалсан байсныг мэдсэн. Нурууны хэсэгт хоёр далны хооронд, мөн баруун суганы ар хэсэгт хутгалуулсан шарх гэмтэл үүссэн. Одоо биеийн байдал хэвийн шарх эдгэж байгаа. Миний зүгээс гаргах гомдол санал байхгүй. Шүүх хуралд би суухгүй... гэх мэдүүлэг /хх-20-21/,
- Гэрч Т.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай эхнэр Ж үд өнгөрөөгөөд гэрээсээ гарсан. Гэтэл орой 20 цаг өнгөрөөгөөд 21 цагийн үед манай эхнэр Ж гаднаас ёолж, уйлсаар “ Х ахад хутгалуулчихлаа ” гээд орж ирсэн. Би гэртээ ганцаараа байсан болохоор сандарч босоод эмнэлэг рүү түргэн тусламж дуудахаар явсан. Жыг орж ирэхээс бараг нэг цагийн өмнө Х манайхаар нилээн согтуу ороод гарсан. Тухайн үед надтай ч үг дугараагүй. Дараахан нь манай эхнэр Ж “Х ахад хутгалуулчихлаа” гэж орж ирсэн... гэх мэдүүлэг /хх-29/,
- Гэрч Г.Эы мөрдөн байцаалтанд өгсөн: Манай гудамжны үзүүрт Б машинтайгаа араас ирээд Ж бид хоёрыг суучих гэхээр нь би “...суухгүй, Х ах чинь согтуу байгаа би харьлаа” гэхэд Ж “би ганцаараа явахгүй, ханиндаа явья” гэхээр нь машинд суугаад бид гурав ердөө сумын төвийн хойд талд зогсож юм ярьж байгаад Б манай гэрийн үүдэнд ирээд зогстол Х машины хажууд зогсож байснаа машины цонхоор Быг цохиод байх шиг байсан. Дараа нь Жыг араас нуруу руу нь цохиод байсан чинь гарт нь хутга байсан юм билээ. Тэгээд би Хыг загнаж байгаад хутгыг нь булааж аваад гэртээ оруулж амраасан. Б тэр даруй машинтайгаа хөдлөөд явсан. Харин Быг хутгалсан гэдгийг мэдээгүй. Гараараа цохиод байх шиг л харагдсан. Намайг араас нь гэрлүүгээ явж байгаад ирэхгүй болохоор тэр уурандаа Ж, Б нарыг хутгалсан байх” гэх мэдүүлэг, /хх-32/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 290 дугаартай “1.Г.Жы биед зүүн дал орчмын болон баруун суга орчмын зөөлөн эдийн хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь хурц иртэй зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна, цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт, /хх-36/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 291 дугаартай “ 1.Х.Бын биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт, баруун мөрний болон бугалганы хэсгийн зөөлөн эдийн хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоож журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 3.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-45/
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх- 2/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. 2017.08.06 /хх-3/
-Эд мөрийн баримтыг хураан авах тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг / хх- 4-6/
- Х.Б, Г.Ж нарын бусдад хутгалуулсан гэх хэргийн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд./ хх-7-10/
- Шүүгдэгч Ж.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-65/
- Сүхбаатар аймгийн Наран сумын 1-р багийн Засаг даргын 2017.08.23-ны өдрийн 8/89, 8/90 дугаартай тодорхойлолтууд /хх- 67-68/
- Шүүгдэгч Ж.Хын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 66/
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-69-70/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Х нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн Дэнжийн 4 дүгээр гудамжинд Тоёота королла маркийн 47-48 УНА улсын дугаартай машинд сууж байсан Х.Бын цээж хэсэгт хутгалж “ цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт, баруун мөрний болон бугалганы хэсгийн зөөлөн эдийн хатгагдсан шарх бүхий “ хүнд хохирол, мөн уг машинаас буусан Г.Жы араас нь хутгалж ” зүүн дал орчмын болон баруун суга орчмын зөөлөн эдийн хатгагдсан шарх бүхий ” хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгч Ж.Хын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Х.Б, Г.Ж, гэрч Т.Э, Г.Э нарын мэдүүлгүүд, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, гэрэл зургийн үзүүлэлт, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 290, 291 дугаартай дүгнэлтүүд, Г.Жы Өвчний түүх, Х.Бын Өвчний түүх зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Ж.Хын хохирогч Х.Быг хутгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 буюу зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, хохирогч Г.Жыг хутгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг тус тус агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Тухайлбал, Ж.Х нь хутга хэрэглэж хохирогч Х.Бын эрүүл мэндэд хохирол учруулсан бөгөөд хутга нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай, хүйтэн зэвсэг болохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт тодорхойлжээ.
Хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тодруулбал, шүүгдэгч Ж.Х нь согтуурсан үедээ хохирогч Х.Б, Г.Ж нарыг өөрийг нь орхиж эхнэр Г.Этай нь хамт явж архи уулаа гэх, мөн эхнэрээ Х.Бтай хардсан шалтгааны улмаас гэрээс авч гарсан хутгаараа Х.Б, Г.Ж нарыг хутгалж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь Ж.Хын “ Би араас нь Бынд орж архи уучихаад гараад гэр рүүгээ явсан. Э, Ж хоёр араас ирж байх шиг байсан. Гэтэл ирээгүй алга болсон. Бынх руу очиход Бынд хүн байхгүй, машин нь байхгүй байсан. Би гэртээ байж байхад гадаа машин ирж байгаа сонсогдохоор нь гарах гэтэл түмпэнтэй маханд бүдэрсэн. Түмпэнтэй махнаас хутгыг аваад гарсан. Б, Ж нарыг хутгаар хатгасан. Эхнэртэйгээ хардсан байх. Өөр санахгүй байна “ гэх,
хохирогч Х.Бын “ Ж, Э эгч 2 бороонд явж байхад нь “наашаа суучих” гэж суулгаад хашаануудын хойно зогсож нилээн юм ярьж сууж байгаад 21 цагийн орчимд тэр хоёрыг гэрт буулгах гээд хашааных нь үүдэнд очиход Х ах зогсож байхаар нь “Х ахаа яасан” гээд цонхоо нээтэл баруун гартаа хутга барьчихсан миний цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалсан. Би “Х ахаа та яаж байгаа юм бэ” гээд цонхоо хаах зуур “чамайг алнаа” гээд баруун мөр, баруун гарын бугалгаруу нэг нэг удаа хутгалсан “ гэх,
хохирогч Г.Жы “ Э эгч, Б бид гурав сумын ард гарч зогсоод нилээн удаан юм ярьж сууж байгаад 21 цагийн орчимд Х ахын гадаа машинтай очиж зогсоход Х ах Быг машинд сууж байхад нь “чамайг ална шүү” гээд машины цонхоор гараа оруулаад цохиод байх шиг байсан. Тэр үед нь би машинаас бууж “Х ахаа та яагаад байгаа юм бэ” гээд салгах гэтэл гарт нь хутга байсныг хараад зугтах гэтэл араас нуруун тус газар нэг удаа, баруун гарын суганы ар хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд би гэрлүүгээ орж манай нөхөр Э түргэн тусламж дуудсан “ гэх,
гэрч Г.Эы “Б, Ж бид гурав сумын төвийн хойд талд зогсож юм ярьж байгаад Б манай гэрийн үүдэнд ирээд зогстол Х машины хажууд зогсож байснаа машины цонхоор Быг цохиод байх шиг байсан. Дараа нь Жыг араас нуруу руу нь цохиод байсан чинь гарт нь хутга байсан юм билээ. Намайг араас нь гэрлүүгээ явж байгаад ирэхгүй болохоор тэр уурандаа Ж, Б нарыг хутгалсан байх ” гэх мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдоно.
Ж.Х нь гэмт хэргийг хувийн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тус үйлджээ. Тэрээр бусдын хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй буюу өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа согтуурсаны улмаас хутга хэрэглэн Х.Бын эрүүл мэндэд хүнд, Г.Ж эрүүл мэндэд хөнгөн хохирол зориуд учруулжээ.
Хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Ж.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг дэх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Ж.Хыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Ж.Хын гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал үгүй байна.
Шүүгдэгч Ж.Хын үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирол буюу эмчилгээний болон бусдад зардалыг нөхөн төлсөн, түүний үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учирсан боловч эдгэрсэн, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хорих ял оногдуулахаар тус тус тогтоолоо.
Түүний хохирогч Х.Бд учруулсан хохирлыг нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлсэн болно.
Шүүгдэгч Ж.Х нь хохирогч Х.Быг эхнэртэйгээ хардсан, хувийн сэдэлтээр гэмт хэргийг үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан боловч эдгэрсэн, хохирогч Х.Б гомдолгүй гэсэн зэргийн харгалзан шүүгдэгчид оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлнэ.
Шүүгдэгч Ж.Х энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Х.Б, Г.Ж нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдая.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй, 9 см ажлын хэсгийн урттай, 10 см бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгана.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан ялтан Ж.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногт дүйцүүлэн 30 хоног буюу 1 сараар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 4 сарын хорих хүнд ялд нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хугацааг 3 жил 5 сараар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Хт оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар ялтан Ж.Хт шүүхийн шатанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Ялтан Ж.Х энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Х.Б, Г.Ж нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 9 см ажлын хэсгийн урттай, хар өнгийн 10 см урт иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах коммист даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН
ШҮҮГЧИД Д.СУГАР
Х.САНЖИДМАА