Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 135

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, 

Улсын яллагчаар аймгийн Ерөнхий прокурорын орлогч Н.Эрдэмбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Ш.Ч нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Чад холбогдох эрүүгийн 1730001330086 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн харьяат, 1977 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг “Цагаан овоо” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Ш.Ч. 

 

 Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Ш.Ч нь 2017 оны 09 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа “ Монгол дайван ” ХХК-ны 380 вольтын 60 метр гэрлийн утас хулгайлж бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

- Шүүгдэгч Ш.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би халамцуу Бынхаас гараад гэр рүүгээ явж байгаад уурын зуухны гэрлийн утсыг авч гэртээ оруулж тавьсан. Утас газар сул унасан байсан. Хохирогч О.Ст утсыг буцаагаад өгчихсөн, хохирлыг бүрэн барагдуулсан. Дахиж хулгай хийхгүй... гэв.  

 

  - Яллагдагч Ш.Чын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 09 сарын 20-ны орой 22 цагийн үед найз Бынхаас гарч гэр рүүгээ алхаж байгаад гэрээсээ хойш байх сумын нэгдсэн халаалтын уурын зуух руу бетон шонгоос татсан гэрлийн утас ил байхыг харсан. Тэгээд би гэр рүүгээ явж бахь аваад дундуур нь тасдаж хувааж аваад эвхээд гэртээ оруулж тавьсан. Намайг очиход гэрлийн утасны шийт онгорхой, утсыг нь тасдаад газар унагасан байдалтай байсан. Ямар ч байсан би газар булсан байсан хэсгийг гаргаж, дундуур нь тасдаад гэр рүүгээ аваад явсан гэх мэдүүлэг /хх-21/, 

 

- Хохирогч О.Сын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 20-ны орой 23 цагийн орчимд би барьж байгаа уурын зуухны эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг үзэх гэж очсон юм. Намайг очиход тэр бетон шонд байх гэрлийн шийтний хайрцаг онгорхой байхаар нь очиход манай 380 вольтын 60 метр утасыг авсан байсан. Би утасны тогийг 2-3 хоногийн өмнө цахилгаанчин дуудаж салгуулсан байсан. Нэг метр нь зах зээлийн үнээрээ 5000 төгрөгөөр бодож 60 метр утасаа 300.000 төгрөгөөр үнэлнэ. Утсаа олоод авбал гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-09-10/, 

 

  - Гэрч М.Бын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 09 сарын 21-ний өглөө 08 цагийн үед С гэх хүн над руу залгаад хүрээд ирээч гэхээр нь Уурын зуух барьж байсан газар нь очиход өндөр хүчдэлээс авсан утас байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би шийтэн дээр нь очиж үзэхэд цоож нь эвдэрсэн, гурван утсыг нь дарааллаад бахиар тастсан байсан. Хоёр хоногийн өмнө С ойрд ажилгүй болчихлоо салгаад өгөөч гэхээр нь би буулгаж өгсөн байсан болохоор уг утас цахилгаангүй байсан юм. Би анх холболтыг хийж байхад 60-70 метр орчим утас байсан... гэх мэдүүлэг /хх-14/,

 

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-1 /

- Ш.Чын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/ 

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2-р багийн Засаг даргын 2017.11.09-ний өдрийн 2/292 тоот тодорхойлолт /хх-22 / 

- “Монгол дайван” ХХК-ны 60 метр утасны үнэлгээ /хх-24/

- Шүүгдэгч Ш.Чын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-25/

- Хохирогч О.Сын Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт гаргасан  хохирол төлсөн, гомдол тухай хүсэлт / хх-26 / 

- Шүүгдэгч Ш.Чын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт 2017.11.13-нд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-27 /

- Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаархи прокурорын 2017.11.14-ний өдрийн 42 дугаартай санал /хх-36/

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-31-32/

- “Монгол дайван” ХХК-ны 2017.10.28-ны өдрийн 227 дугаартай итгэмжлэлийн хуулбар /хх-34/

- Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай Сүхбаатар аймгийн прокурорын газрын 2017.11.14-ний өдрийн 5/39 дугаартай тогтоол /хх-36/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд  хангагдсан буюу Ш.Ч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нь түүний Прокурорын газарт гаргасан хүсэлтээр тогтоогдох тул  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

  Шүүгдэгч Ш.Ч нь 2017.09.20-оос 21-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа “Монгол дайван” ХХК-ны 380 вольтын 60 метр гэрлийн утасыг хулгайлж бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүгдэгч Ш.Чын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч О.С, гэрч М.Б нарын мэдүүлэг, “Монгол дайван” ХХК-ны 60 метр утасны үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тодруулбал, шүүгдэгч Ш.Ч нь ашиг олох зорилгоор Эрдэнэцагаан сумын төвд үйл ажиллагаа явуулах “ Монгол дайван ” ХХК-ны хашаанд сул байсан 380 вольтын цахилгааны 60 метр утсыг хулгайлсан болох нь түүний “ 2017 оны 09 сарын 20-ны орой 22 цагийн үед найз Бынхаас гарч гэр рүүгээ алхаж байгаад гэрээсээ хойш байх сумын нэгдсэн халаалтын уурын зуух руу бетон шонгоос татсан гэрлийн утас ил байхыг харсан. Тэгээд би гэр рүүгээ явж бахь аваад дундуур нь тасдаж хувааж аваад эвхээд гэртээ оруулж тавьсан ” гэх, 

  хохирогч О.Сын ” 2017 оны 09 дүгээр сарын 20-ны орой 23 цагийн орчимд би барьж байгаа уурын зуухны эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг үзэх гэж очиход бетон шонд байх гэрлийн шийтний хайрцаг онгорхой байхаар нь очиход манай 380 вольтын 60 метр утасыг авсан байсан. Би утасны тогийг 2-3 хоногийн өмнө цахилгаанчин дуудаж салгуулсан байсан. Нэг метрийг нь зах зээлийн үнээр 5000 төгрөгөөр бодож 60 метр утсаа 300.000 төгрөгөөр үнэлнэ ” гэх, 

  гэрч М.Бын “Тэгээд би шийтэн дээр нь очиж үзэхэд цоож нь эвдэрсэн, гурван утсыг нь дарааллаад бахиар тасдсан байсан. Хоёр хоногийн өмнө С ойрд ажилгүй болчихлоо салгаад өгөөч гэхээр нь би буулгаж өгсөн байсан, уг утас цахилгаангүй байсан. Би анх холболтыг хийж байхад 60-70 метр орчим утас байсан” гэх мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдоно.

 

  Ш.Чыг гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгийг нууцаар авч буй үйлдлээ хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, гэрлийн утсыг хулгайлан бусдад зориуд хохирол учруулсан байна.

 

Хэргийн байдлыг нотлох дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй ба прокуророос ирүүлсэн шүүгдэгч Ш.Чад холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Ш.Чыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Ш.Ч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг  төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Ш.Ч үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад бага хэмжээний хохирол учирсан боловч нөхөн төлөгдсөн, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа  зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ. 

    Шүүгдэгч Ш.Ч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, тэрээр энэ тогтолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.С нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаараа ” Ш.Ч нь авсан хэргээ хүлээж бидний хохирлыг барагдуулсан учир ямар нэгэн санал гомдол байхгүй “ гэсний дурдая.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Ш.Чыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Чыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 3. Шүүгдэгч Ш.Чад шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

 4. Шүүгдэгч Ш.Ч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтолоор бусдад төлөх төлбөргүй буюу 300.000 төгрөгийн үнэтэй гэрлийн утас буцаан олгогдсон, хохирогч О.С нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН