| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2203001490222 |
| Дугаар | 2022/ДШМ/1134 |
| Огноо | 2022-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2022/ДШМ/1134
Д.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Чинзориг,
яллагдагч Д.Б-ын өмгөөлөгч Ө.Батбаяр,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/1448 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Чинзоригийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаар эсэргүүцлээр Д.Б-д холбогдох 2203001490222 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Д.Б, ... аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, инженер мэргэжилтэй, дотоод аудит хяналт шалгалтын албаны дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: **************/;
Яллагдагч Д.Б нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .................. тоот өрөөнд тус нийгэмлэгийн хууль зүйн албаны дэд дарга Д.М-г түлхэн унагаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хуралдаанд гаргасан прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан санал, хүсэлт тайлбар зэрэгтэй холбогдуулан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчим хангагдаагүй байна. Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлтэй гэж үзэв. Үүнд:
Яллагдагч Д.Б нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийн талаар тодорхой нөхцөл байдлууд байсан учир гэмт хэрэг үйлдэх сэдэл, санаа зорилго гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар нотолбол зохих байдлыг нотолсны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн яллагдагч болон түүний өмгөөлөгч нь зөвхөн яллах талын нотлох баримт цугларсан, цагаатгах талын нотлох баримтууд байхгүй гэх тайлбарыг гаргаж байх тул хэргийн талаар мэдэх буюу тухайн цаг хугацаанд байсан О, Т гэх хүмүүсээс мэдүүлэг авч хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход ач холбогдолтой мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж шүүхээс дүгнэлээ. Тус шийдвэрт дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг шалгах, үнэлэх явцад үүссэн, мөн оролцогч нараас гаргасан санал, хүсэлтийн хүрээнд шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг тухай бүр нэг мөр шийдвэрлэхийг тус тус анхаарах нь зүйтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар яллагдагч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Чинзориг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамж үндэслэлгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүхийн аливаа шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой. Гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор өөрийн эрх, үүргийн хүрээнд нотолж, яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд үүнийг тогтоох, эсхүл үгүйсгэх эрх, үүрэг шүүхийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудал юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ямар хүнийг гэрч байхыг заасан. Шүүгчийн захирамжид хэргийн талаар мэдэх буюу тухайн цаг хугацаанд байсан О, Т гэх хүмүүсээс мэдүүлэг авахыг даалгасан. Гэтэл хэрэг болох үед яллагдагч, хохирогч нараас өөр хүн тухайн хэрэг гарсан өрөөнд байгаагүй болох нь тэдний мэдүүлгээр тогтоогддог. Хэрэгт асуугдвал зохих гэрч нарыг асуусан бөгөөд шүүгчийн захирамжид заагдсан хүмүүс нь хэргийн газарт байгаагүй тул асуух шаардлагагүй гэж үзэж байна. Мөн захирамжид “шийдвэрт дурдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг шалгах, үнэлэх явцад үүссэн мөн оролцогч нараас гаргасан санал, хүсэлтийн хүрээнд шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг тухай бүр нэг мөр шийдвэрлэхийг тус тус анхаарах нь зүйтэй” гэж дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Аливаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг мөрдөгч, прокурор биелүүлэх үүрэгтэй. Гэтэл шүүгчийн захирамжид “...оролцогч нараас гаргасан санал, хүсэлтийн хүрээнд шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг тухай бүр нэг мөр шийдвэрлэ. ...” гэж зааж байгаа нь хэргийн оролцогчоос гаргасан санал, хүсэлтийн дагуу заавал ажиллагаа хийхийг даалгасан гэж ойлгогдож байна. Гэтэл яллагдагчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжгүй эсхүл тухайн хэрэгтэй хамааралгүй ажиллагааг хийлгэхийг хүссэн тохиолдолд хүсэлтийн дагуу ямар нэгэн ажиллагааг хийх шаардлага үүсэж, дээрх ажиллагааг хийгээгүй тохиолдолд шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийгдээгүй гэж үзэх нөхцөл байдал бий болж байна. Хэргийн бодит байдлыг тогтоохын тул хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлах шаардлагатай. Хэрэгт авагдсан баримтыг судлаагүй, талуудын мэтгэлцээн явагдаагүй байхад прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг хангагдаагүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан үзнэ гэж ойлгодог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоож өгсөн. Гэтэл шүүхээс санаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэрэгт хэргийн бодит байдлыг тогтоох, гэм буруугийн хэлбэрийг тогтоох, хэрэг гарах үед байгаагүй гэрч нарыг асуулгах, шийдвэртээ тусгаагүй хэргийн оролцогч нарын хүсэлтийг шийдвэрлэ гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн 1448 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Яллагдагч Д.Б-ын өмгөөлөгч Ө.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн хэрэг үйлдэгдэх үед О, Т нар өрөөнд байгаагүй гэж прокурор тайлбарлаж байна. Гэтэл Э, Б нар ч тухайн үйл явдал болоход өрөөнд байгаагүй атал энэ хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч ялласан. Прокурор хэт нэг талыг барьж, зөвхөн яллах нотлох баримтуудыг цуглуулсан гэж үзэж байна. Прокурор цагаатгах талын нотлох баримтуудыг ч шалгах ёстой. Бидний зүгээс хэрэгт хамааралтай хүсэлтүүд гаргасан. Гэтэл прокурор нэг ч хүсэлтийг хүлээж аваагүй. Мөн миний үйлчлүүлэгч Д.Б-ын эрх зүйн байдлыг дордуулж, түүнийг согтуугаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл Д.Б-ыг согтуу байсан гэх нэг ч нотлох баримт хэрэгт байдаггүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар яллагдагч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.
Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан нотолбол зохих байдлыг нотлох, тухайн үед байсан гэх О, Т нарыг гэрчээр асуух зэрэг ажиллагааг хийх шаардлагагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан талуудын мэтгэлцээнд үндэслэн шүүх хуралдаанаар яллагдагч Д.Б-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзнэ.
Гэвч, Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгджээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Чинзоригийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/1448 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Чинзоригийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ М.АЛДАР