Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 50

 

    Х.Жгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Д ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00263 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х.Жгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д ХХК-д холбогдох,

Д ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцож, мөн өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ганзоригийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д ХХК-ийн 44%-ийн хувьцаа эзэмшигч, Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэцэцэг нь тус компанийн 12 хувийн хувьцаа эзэмшигч Х.Ж надад 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Д ХХК-ийн ээлжит бус хурал хуралдуулах тухай 02 тоот шийдвэр, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Д ХХК-ийн ээлжит бус хурлын зарыг өгсөн бөгөөд миний бие энэ ээлжит бус хурал гэгч нь Компанийн тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж байгаа тул уг хурал нь хууль бус болох талаар сануулж Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэр болон зарын талаар мэдэгдэл хүргүүлсэн билээ. Гэвч хууль бус зарласан уг хурлаа хууль зүйн үндэслэлгүйгээр хойшлуулж 2019 оны 12-р сарын 06-ны өдөр хуралдуулж шийдвэр гаргаснаа мөн надад ирүүлсэн ба энэхүү хурал, шийдвэр нь компанийн болоод хувьцаа эзэмшигчдийн цааш цаашдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилж, буруу жижиг тогтох үндэс болж байгаа тул энэ үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох зорилгоор миний бие ийнхүү шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Б.Эрдэнэцэцэг нь Д ХХК-ийн ээлжит бус хурал хуралдуулах тухай 02 тоот шийдвэрээ Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсгийг удирдлага болгон гаргасан байсан. Уг заалтаар бол төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөл байхгүй компанийн тухайд Гүйцэтгэх захирал хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах ёстой. Гэтэл дээрх хурлын зар болон шийдвэрт энэ талаархи баримт хавсаргаагүй байгаа нь тухайн ээлжит бус хурал болон түүнээс гарах шийдвэр Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн бүх заалтуудыг зөрчиж байгаа хууль бус болох бүрэн магадлалтай байсан юм. Ийм болохоор Д ХХК-ийн дүрэмд зааснаар манай компани Төлөөлөн удирдах зөвлөлтэй тул гүйцэтгэх захирал, 44 хувийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнцэцэгийн компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай бие даан гаргаж байгаа шийдвэр нь хууль бус тул миний бие энэхүү хууль бус зарлагдаж байгаа хуралд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдэж байсан ч хувьцаа эзэмшигч Д.Дамбапэлжээ энэ хууль бус үйл ажиллагааг хөхүйлэн дэмжиж хууль бус зарлагдсан хуралд оролцож 7 заалт бүхий тогтоолыг Б.Эрдэнэцэцэгтэй нийлж гаргасан нь компанийн хөрөнгө үрэгдэх, шаардлагагүй зүйлд зарцуулах, компанийн удирдлага хяналтгүй болох үүд хаалгыг нээсэн хэрэг боллоо. Иймд Д ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Ээлжит бус хурал-ыг хүчин төгөлдөр бусд тооцож, уг хурлаас гаргасан Д ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Ээлжит бус хурал-ын 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэжээ. Д ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай ээлжит бус хурлын тогтоол, түүнд дурдсан 7 заалт нь нэхэмжлэгч Х.Жд холбогдуулж, Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан ямар харилцааг үүсгэсэн, нэхэмжлэгч Х.Жгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямар байдлаар зөрчсөн эсэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь Д ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 10 гаран жил ажиллаж байсан хүн юм. Нэхэмжлэгч Х.Ж нь Д ХХК-д төлөөлөн удирдах зөвлөл байддаггүй, ажилладаггүй гэдгийг хэнээс ч сайн мэдэх хүн юм. Өөрийн удирдаж байсан компанийн үйл ажиллагааг үгүйсгэж, гүйцэтгэх захиралын албан тушаалаас буусны дараа ...компанийн хөрөнгө шаардлагагүй зүйлд зарцуулах, компанийн удирлага хяналтгүй болох үүд хаалгыг нээсэн хэрэг боллоо гэсэн нь өрөөсгөл ойлголт юм. Харин эсрэгээрээ нэхэмжлэгч нь Д ХХК-ийг 10 гаран жил удирдахдаа хувьцаа эзэмшигчдийн хурлыг нэг ч удаа хийгээгүй, компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хувьцаа эзэмшигчдэд танилцуулдаггүй, Д ХХК нь зөвхөн өөрийн нэг хүний өмч мэт үзэж, дураараа авирлаж байсныг хувьцаа эзэмшигчдийн зүгээс зогсоож, хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэцэцэгт ажлыг нь өгч байсан. Компанийн хувьцаа эзэмшигчдийн зүгээс Х.Жгийн нээсэн ... компанийн хөрөнгийг шаардлагагүй зүйлд зарцуулсан, компанийн удирдлага хяналтгүй болгосон үүд хаалгыг хаах, компанийн үйл ажиллагааг цэгцлэх, эмх замбараатай болгохоор ажиллаж байгаа энэ цаг үед Х.Ж нь шүүхэд хандсан нь өөрийн эрх зөрчигдсөн гэхээсээ илүүтэй, өөрийгөө хамгаалах компанийг унагах гэсэн санаатай үйлдэл гэж харагдаж байна. Одоо ч компанийн үйл ажиллагаа жигдрээгүй, татварын болон аудитын байгууллагын хяналт, шалгалт үргэлжлэн явагдаж байгаа болно. Иймд нэхэмжлэгч Х.Жгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00263 дугаар шийдвэрээр:

Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.-д заасныг баримтлан Д ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Ээлжит бус хурал-ыг хүчин төгөлдөр бусд тооцож, Д ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн Ээлжит бус хурлын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-аас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ганзориг шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Монгол улсын Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1.-д заасан “мэдээлэх үүрэг”-ийн дагуу нэхэмжлэгч Х.Жд хувьцаа эзэмшигчдин хурлыг хойшлуулсан талаарх мэдэгдлийг тухайн үед компанийн гүйцэтгэх захирал байсан Б.Эрдэнэцэцэг нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажил дээрээ биечлэн өгсөн байдаг. “Биечлэн өгсөн” гэдэг нь нэхэмжлэгч Х.Ж нь Д ХХК-д ажилладаг, одоо ч ажилласаар байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэг дор залгаа өрөөнд суудаг учир заавал шүүхийн шийдвэрт дурдсан “... баримтанд Х.Ж гарын үсэг зурж баталгаажуулах” шаардлагагүй, Компанийн тухай хуульд зөвхөн мэдээлэх үүрэгтэй л гэж үааснаар шүүхийн шийдвэрт дурдсан “... хурлын зарыг хувьцаа эзэмшигчид мэдээлэх, хэлбэр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу өдөр тутмын сонин, радио, телевизээр мэдээлэхээс гадна утас, факс, элекрон шуудан зэрэг ямар ч хэлбэртэй байж болно” гэсэн зохицуулалт байхгүй байна. Нэ дор ажилладаг хүмүүсийн ажил хэргийн хүрээнд тогтсон итгэлцэлийн үндсэн дээр л хурал хйошилсон гэдгийг хэлж, харилцан ярилцаж, дараагийн хурлын өдрийг гаргана гэдэг нь ойлгомжтой. Заавал чи баримтанд гарын үсэг зур гэж шаардах нь зохисгүйүйлдэл төдийгүй, хамтран ажиллаж байгаа хүмүүсийн харилцаанд ан цав үүсгэх эрсдэлтэй юм. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг ирүүлээгүй, талаар огт дурдаагүй нь түүний нэхэмжлэлээс маш тодорхой харагдаж байхад шүүх талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны буюу үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Х.Ж Д ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцож, мөн өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ганзориг “... нэхэмжлэгч Х.Жгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямар байдлаар зөрчсөн эсэх нь тодорхойгүй, өөрийгөө хамгаалах компанийг унагах гэсэн санаатай үйлдэл хийж байна ...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэцэцэг /гүйцэтгэх захирал/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хуралдуулахаар товлож, 11 дүгээр сарын 18-ны өдөр хувьцаа эзэмшигч Х.Ж, Д.Дамбапилжээ нарт мэдэгдэл хүргүүлсэн ба хувьцаа эзэмшигч Д.Дамбапилжээ хуралд оролцох боломжгүй байсан тул уг хуралдааныг 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан, энэ талаар хувьцаа эзэмшигч нарт мэдэгдсэн, нэхэмжлэгч Х.Ж нь 12 дугаар сарын 06-ны өдрийн Ээлжит бус хуралд оролцохгүй болохоо 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн байна.

Компаний тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.-д “... хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүрэг хүлээнэ” гэж заасан байна.

Шүүх  “... нэхэмжлэгч Х.Жд хурлын зар хүргэсэн, мэдээлсэн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагч Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ганзоригийн гаргасан “... анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү?...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00263 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ганзоригийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ганзоригийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                     Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ