Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/1154

 

                                                       М.Б-д холбогдох

                                                эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ц.Оч, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Отгонжаргал,

хохирогч, иргэний нэхэмжлэгч “Н.с.г” ХХК-ийн өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ, 

хохирогч, иргэний нэхэмжлэгч “А.п” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/682 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан, хохирогч, иргэний нэхэмжлэгч “А п” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Я.М, түүний өмгөөлөгч Т.Багахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус үндэслэн М.Б-д холбогдох эрүүгийн 1806 09850 0367 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

М.Б, .... аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух бүртгэлтэй, /РД: ***********/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 614 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн;

Шүүгдэгч М.Б нь:

            1. 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр “Н.с.г” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “Тоёота приус-30” загварын автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, иргэн А.Г-д 13.500.000 төгрөгөөр худалдахаар тохирч, урьдчилгаа 8.500.000 төгрөг, зээлийн эргэн төлөлт гэж 3 удаагийн гүйлгээгээр 1.248.000 төгрөг, нийт 9.748.000 төгрөгийн хохирол, “Н.с.г” ХХК-д 198.116 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Далайхүү төвийн гадна “А л" ХХК-д барьцаанд тавьсан “Тоёота приус-30” загварын автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн М.Б-т 16.100.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаа 8.100.000 төгрөгийг авч, зээлийн эргэн төлөлтийн 6.000.000 төгрөгийг төлүүлж, 14.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

            3. 2018 оны 6 дугаар сараас хойш иргэн М.Т-тэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Тоёота кроун-204” загварын автомашиныг 23.000.000 төгрөгөөр худалдан авна гэж хуурч, худалдах худалдан авах гэрээ байгуулан, өмчлөх эрхийг нь “А с” ББСБ-н нэр дээр шилжүүлэн барьцаанд тавьж, 10.500.000 төгрөгийг хүлээн авсан боловч иргэн М.Т-т “зээлийн мөнгө бүтсэнгүй” гэж худал хэлж тээврийн хэрэгслийг гэрчилгээнийх нь хамт буцаан өгч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, М.Т-т 20.000.000 төгрөг, “А с” ББСБ-д 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            4. Н.Б-тэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Т” ББСБ-д 8.700.000 төгрөгийн барьцаанд тавьсан “Тоёота приус-20” загварын автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, иргэн Б.Э-д 12.500.000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцон 7.270.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

5. 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Н.с.г” ХХК-иас иргэн Э-ийн нэр дээр зээлийн гэрээ байгуулж, 11.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан “Тоёота приус-30” загварын автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн Ж.Т-д зарж борлуулан улмаар Ж.Т нь цааш дамжуулан Т.О-д зарж борлуулж, түүнд 12.000.000 төгрөг, “Н.с.г” ХХК-д 11.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            6. А.У-той хамтран 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ““Н.с.г” ХХК-иас иргэн Ч.З-ын нэр дээр зээлийн гэрээ байгуулж, 2.050.000 төгрөгийн эргэн төлөлт хийгээд 11.650.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, Ж.Б-т зарж борлуулж 13.250.000 төгрөг, “Н.с.г” ХХК-д 11.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

            7. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Б У М” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж, 8.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан “Тоёота приус-20” загварын автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, иргэн Ө.Э-т 11.500.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон, 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

             8. 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “Ж Э Б к” ББСБ-д барьцаанд тавьсан “Тоёота приус-20” загварын автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн Б.М-т 12.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч, 1.962.388 төгрөгийн хохирол учруулсан,

            9. 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “Ю Б Д Г” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийг барьцаалан 10.600.000 төгрөгийг зээлж аваад эргэн төлөлт хийхгүйгээр бусдыг залилж “Ю Б д” ХХК-д 10.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Н.с.г” ХХК-д барьцаанд тавьсан “Тоёота приус-30” загварын автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн Т.Н-т худалдаж 12.000.000 төгрөг, “Н.с.г” ХХК-д 316.542 төгрөгийн хохирол учруулсан,

11. Н.Б-тэй хамтран 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Н.с.г” ХХК-иас иргэн Д.Ц-ын нэр дээр зээлийн гэрээ байгуулж, 10.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, Г.С-д зарж борлуулж түүнд 13.500.000 төгрөг, “Н.с.г” ХХК-д 9.333.548 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

Хуурамч баримт бичиг үйлдсэн, ашигласан хэргийн талаар:

            12. М.Б нь Н.Б-тэй бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр “Н.с.г” ХХК-иас тусгай зөвшөөрөл, эрх олгосон мэтээр 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 18/1058 дугаартай албан бичгийг хуурамчаар үйлдсэн,

13. Үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Н.с.г” ХХК-иас тусгай зөвшөөрөл, эрх олгосон, эрх олгосон мэтээр 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 18/1066 дугаартай албан бичгийг хуурамчаар үйлдэж “Н.с.г” ХХК-ийн эзэмшилд байсан “Тоёота приус-30” загварын 2 шмрхэг автомашиныг бусдад зарж борлуулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1  дэх заалт, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар М.Б-ыг /бүлэглэн/ залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан эрх олгосон мэтээр баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан М.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 170 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хяналтын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаартай, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаартай, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, ** ** улсын дугаартай “Тоёота приус-30” загварын автомашиныг иргэний нэхэмжлэгч Г.С-д, ** *** УНА улсын дугаартай “Тоёота приус-30” загварын автомашиныг иргэний нэхэмжлэгч Ж.Б-т, ** ** УБЭ улсын дугаартай “Тоёота кроун-204” загварын автомашиныг хохирогч М.Т-т, ** ** УББ улсын дугаартай “Тоёота приус-30” загварын автомашиныг иргэний нэхэмжлэгч Т.О нарт тус тус олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-аас нийт 98.178.594 төгрөг гаргуулж, хохирогч А.Г-д 9.748.000 төгрөг, М.Б-т 14.100.000 төгрөг, Б.Э-д 7.270.000 төгрөг, Ө.Э-т 4.000.000 төгрөг, Б.М-т 1.962.388 төгрөг, Т.Н-т 7.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Н.с.г” ХХК-д 32.998.206 төгрөг, иргэний нэхэмжлэгч “А п” ХХК-д 10.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Ю б Д Г “ ХХК-д 10.600.000 төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. ...

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр заасныг зөрчсөн. ... Анхан шатны шүүх энэ байдлыг шийтгэх тогтоолдоо уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжийг аль үйлдэлд хэрхэн хангаж байгааг, тухайлбал, ББСБ-ын үйл ажиллагаа, тэднээс эрх олгосон автомашин худалдааны үйл ажиллагаа зэрэг иргэний шинжтэй үйлдлүүд нь дээрх зүйл заалтын аль хэсэгтэй хэрхэн ямар байдал нотлох баримтаар холбогдож тогтоогдож байгаад нэг бүрчлэн дүгнэлт хийлгүйгээр бүхэлд нь гэмт хэрэгт тооцон, ял халдаасныг зөвшөөрөхгүй. Эргэлзээтэй нөхцөл байдлыг харгалзаж үзвэл хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна.

М.Б-ын маргаантай тооцооны асуудлууд:

2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ** ** УНД улсын дугаартай “Тоёота приус-20” загварын машиныг Б зар тавьсны дагуу хохирогч болох Г нь эхнэртэйгээ ирж Б-ийн машиныг үзэж байх үед би хамт байсан. Тэрээр 2 машиныг голсон. Гэтэл миний унаж явсан машиныг Б “чи наадхаа үзүүлчих, мөнгө хэрэгтэй байна” гээд миний ** ** УНД улсын дугаартай машиныг хохирогч Г-д Б үзүүлж Г авахаар болсон. ... Урьдчилгаа 8.500.000 төгрөгийг бэр дүү П-ын данс руу шилжүүлж авсан. Тэгээд 30 минутын дотор дүүгийн данснаас Б өөрийн данс руу 2.700.000 төгрөг шилжүүлж авсан. Тус ** ** УНД улсын дугаартай машиныг би зарах сонирхолгүй байсан. Б-ийн гуйлтаар зарсан. Тухайн үед хохирогч Г нь цаг орой болсон тул машин аваад явсан. Тэгээд 1 сарын дараа хоорондоо ярилцаж тохиролцож гэрээ хийсэн. Нийт 3 сарын төлөлт болох 1.248.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн, мөнгө нэмж 2.450.000 төгрөгийг сар бүр ББСБ-н дансанд шилжүүлсэн. Улмаар дараа сарын төлөлт хугацаа хэтэрч 10 хоног өнгөрсний дараа автомашиныг хохирогч Г-ын гэрийн үүднээс ачиж авч явж байгаад зарсан байсныг шалгаагүй, өөрсдөө 7 хоног хүлээгээд зарсан гэж худал мэдүүлдэг. Тухайн үед Г бид хоёр ярилцаж байгаад тал талаасаа мөнгө нийлүүлж, машиныг буцаагаад авъя гэтэл банк бус “залилагчдаасаа мөнгөө ав” гэсэн. Мөрдөн байцаалтын явцад машиныг хэнд, хэзээ, хэдэн төгрөгөөр зарсныг шалгаж тогтоогоогүй. “Н.с.г” ХХК нь тухайн машиныг зарж борлуулж тодорхойгүй зөрүү гарсан гэж мэдүүлэгтээ дурдсан боловч нотлох баримтгүйгээр надад 198.116 төгрөгийн хохирол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тус ББСБ-аас зөрүү 2.000.000 төгрөг авах үндэслэлтэй гэж үзэж байна.

2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ** ** УБГ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын машиныг найз Б намайг гуйгаад “Т” гэх банк бус руу ороод зээлийн гэрээ хийгээд аваад өгчих гээд оруулсан. Зээлийн гэрээ 2 жилийн хугацаатай хийж, машинаа найз Б-д өгсөн. Маргааш нь би Баянхонгор аймаг руу ажлаар явсан. Гэтэл Б миний нэр дээр авсан машиныг өөрийн Фэйсбүүк хаягаар “хувь лизингээр зарна” гэж зар тавиад 9 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Э гэх хүнээс урьдчилгаа 6.000.000 төгрөг өөрийн дансаар шилжүүлэн авсан байсан. Би хөдөөнөөс ирээд өөрийн нэр дээр зээл гарсан байсан тул санаа зовон нөгөө машины талаар асуухад “би цааш нь найдвартай хүнд өгсөн” гэсэн. Би “сарын төлөлтийг нь хэн хийх вэ” гэж асуутал “Э сарын 500.000 төгрөг хийгээд явна гэж тохирсон, чи өөрөө уулзаад сарын төлөлтийг өөрийн дансаар төлөөд яв” гэж хэлээд надад дугаарыг нь өгсөн. ... 2 сарын дараа төлөлтийг хийж чадахгүй явсаар машинаа хураалгасан, тухайн үед банк бус дээр цуг очиж машин авч өгөөд “хүү, алданги төлөлтийг нь би өөрөө хийгээд бүтэхгүй юм байна, чи өөрөө хийгээд машинаа шилжүүлж ав” гээд өөрийнх нь зээлийн гэрээг шилжүүлж өгөөд “чамаас 1.800.000 төгрөг авсан юм байна, үүнийг буцаагаад өгье” гээд 1.050.000 төгрөгийг цувуулж Э-ийн дансанд хийсэн, уг дансны хуулгаа хэрэг баримтжуулж өгсөн. Одоо үлдэгдэл 700.000 төгрөг байгаа. Хэрэгт холбогдсон байхад Э цагдаад өргөдөл өгсөн байсан. Тухайн үед мэдүүлэгтээ “2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сансарын колонк дээрээс М.Б гэх хүнээс авсан. Б гэдэг хүнийг танихгүй” гэж худал мэдүүлэг өгсөн. Би тухайн үед 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд тээврийн хэрэгсэл жолоодож яваад торгуулаад торгуулсан баримтыг хэрэгт өгсөн боловч шүүх авч хэлэлцээгүй. Э-аас би 6.000.000 төгрөг огт аваагүй, 7.270.000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй. Э-г өөрийн биеэр хуралд суулгах санал гаргасан боловч нэг ч удаа ирээгүй.

2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Н.с.г” ХХК-иас ** ** УББ улсын дугаартай “Тоёота приус-30” загварын машиныг найз Э-ийн нэр дээр зээлийн гэрээ байгуулж авсан. Уг машиныг би унаж байгаад Т-тай тохиролцож машинаар сольсон. 12 сард нэр шилжүүлнэ гээд аваад явсан уг машиныг Т нь Баянхонгор аймагт очоод О гэх хүнд зарсан байсан. Үүнийг би мэдээгүй О гэх хүнийг би танихгүй тухайн машинд эргэн төлөлт 1.000.000 төгрөг хийсэн, анх зээлийн гэрээг “Н.с.г” ХХК-н Солонго гэх хүнтэй хамтарч ажилдаг гэсэн аман гэрээ хийж тохиролцож зөвшөөрсөн тул Э-рийн иргэний үнэмлэхийг би авч очиж Э-тэй С утсаар ярьж зээлийн гэрээ байгуулсан. 3-4 хоногийн дараа зээлийн гэрээ дээр гарын үсэг зурсан тухайн үед машинаа авахад Э байгаагүй. Э-өөс энэ хэрэг дээр гэрчээр мэдүүлэг аваагүй. ... Э нь “Н.с.г” ХХК-н эдийн засагч С-той хамтарч ажиллахыг мэдэж байсан гэрч. Одоо С нь надтай хамтарч ажиллаагүй гэж худал мэдүүлэг өгсөн. Энэ үйлдэл нь найз нөхөд хоорондоо үнэн бодит байдлыг мэдэж байсан Т-ыг залилсан зүйл байхгүй. “Н.с.г” ББСБ зээлийн гэрээ хүчин төгөлдөр эргэн төлөлт хийж явж байсан хэрэг үүсэхэд “Н.с.г” ББСБ залилан гэж энэ хэргийн материалд оруулж ирсэн О гэх хүнийг би танихгүй.

2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ** ** УНА улсын дугаартай “Тоёота приус-30” загварын машиныг найз З-ын нэр дээр зээлийн гэрээ байгуулсан боловч уг гэрээг З нь өөрийн биеэр ирж шилжүүлээгүй. Би С-той ярьж тохиролцсоны үндсэн дээр иргэний үнэмлэх барьж зээлийн гэрээ хийж авсан. Уг үйлдэл дээр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэнээ хэлсэн. Үүнд “Н.с.г” ББСБ дээр өөрийн биеэр очоогүй М.Б миний паспортыг авч яваад гэрээ хийсэн. Би өөрөө очих завгүй тул сүүлд гэрээн дээр нь гарын үсэг зурсан гэж үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн, үүнийг нягтлаагүй. Уг машиныг найз Б өгсөн, гэвч сарын 2.500.000 төгрөгийн төлөлт хийгээд миний регистрийн дугаарыг асуугаад байхаар нь би очтол “миний нэр дээр шилжүүлнэ үү” гэсэн албан тоот хийгээд ирсэн. Уг зүйлийг “ямар учиртай юм бэ” гэж асуутал “ямар нэг асуудал байхгүй” гэсэн. Энэ үгэнд нь итгээд АТҮТ дээр очиход миний нэр дээр шилжиж гарч ирсэн. Тэгээд Б машинаа аваад явсан 2 хоногийн дараа техникийн зах дээр байна, миний нэр дээр байгаа хүнд зарж байгаа учир буцаагаад шилжүүлж нотариатаар итгэмжлэх хийлгэж авч байсан машины мөнгө өөрсдийнхөө дансаар авч байсан. Уг мөнгөнөөс тухайн үед огт аваагүй зүгээр л найздаа тус болж байна гэж бодож байсан. Энэ үйлдэлд би огт хамаагүй. Тухайн бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэдгийг би мэдээгүй. Б, У хоёрт тусалсан төдий гэж бодож явсан. Гэтэл хуурамч бичиг баримт үйлдсэн гэж байгаад гомдолтой байна. Тухайн хуурамч бичиг баримт  “Н.с.г” ХХК-ийн захирлыг дуурайж зурсан гарын үсэг, бичгийн хэлбэрийг шүүхийн шинжилгээний байгууллага миний бичгийн хэлбэртэй харьцуулан дүгнэлт гаргаагүй зөвхөн хуурамч гэдгээр нь шууд намайг хийсэн гэж гүтгэж байгаад гомдолтой байна.

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр миний төрсөн ахын хүү Ц нь эхнэртэйгээ ** ** УНР улсын дугаартай “Тоёота приус-20” загварын машиныг гуйж унаж авч яваад эхнэрийн ах болох Г-ийн гэрт очоод тухайн үед ч Г машин авах талаар бодож байсан тул унаж явсан машиныг сонирхож асуутал “манай ахынх, зарж магадгүй гэж ярьж байсан шүү” гэж Г-т хэлсэн байсан. Г над дээр ирээд машинаа өгөхдөө “зарах уу” гэж асуулгасан. Тэгэхээр нь “зээлтэй машин нэг бол зээлийг нь төлөөд ав, нэг бол шууд бүгдийг нь төлөөд ав” гэтэл “байгаа мөнгө нь 5 сая төгрөг, сар болгон зээлийг нь төлөөд явж чадна” гэж гуйгаад байхаар нь худ ураг хүмүүс байна гэж итгээд хоорондоо тохиролцон гэрээ байгуулж үлдэгдэл зээл дээр нь өгсөн. Үүнээс хойш сар болгон 500.000 төгрөг миний данс руу шилжүүлдэг байсан. 2 сарын төлөлт хийж амжаагүй явж байтал 2018 оны 8 дугаар сарын эхээр банк бус машиныг хураан авсан байсан. ... “Чамаас би урьдчилгаа 5.000.000 төгрөг, эргэн төлөлт 4.500.000 төгрөг авсан юм байна, үүнээс юу ч суутгахгүйгээр мөнгө төлье, 14 хоногийн дотор өгнө” гэж тохиролцоод 8 дугаар сарын дундуур 7.500.000 төгрөг өгөөд үлдэгдэл 2.000.000 төгрөгийг сар гарангийн  дотор цувуулж төлнө гэж тохирсон. 7.500.000 төгрөг Г-ийн данс руу шилжүүлсэн. Тухайн үед миний 2 дүү хамт явж байсан Гантөмөр нь шууд банк бус дээр очиж хураалгасан машинаа 500.000 төгрөг нэмж төлөөд өөрөө очиж унаад явсан байсан. Би тухайн үед үүнийг мэдээгүй, жил гарангийн дараа унаж явж байгаад өөрсдөө хураалгасан байсан. Тэгээд “мөнгөө бүрэн гүйцэт М.Б-д өгсөн байтал М.Б цааш нь төлөлт хийхгүй байсаар машинаа хураалгалаа” гэж 2019 оны 6 дугаар сард цагдаад өргөдөл гаргасан байсан. Энэ талаар тухайн үед байцаагчид үнэн зөвөөр мэдүүлсэн боловч мэдүүлэгт дурдсан гэрчүүдээс мэдүүлэг аваагүй. Одоо Г-т нотлох баримтаар 2.000.000 төгрөгийн хохирол байгаа. Гэтэл шүүх 4.000.000 төгрөгийн хохиролтой гэсэнд гомдолтой байна. 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр “ Ж Э Б” ББСБ-аас ** ** УБЯ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын машиныг “Н.с.г” ББСБ-ын эдийн засагч С-ын нэр дээр зээлийн гэрээ байгуулж авахуулсан. Уг машиныг М-т зарахаар тохиролцож зараад үлдэгдэл 1.200.000 төгрөгийг нотариатаар баталгаажуулж гэрээ хийгээд салсан. Гэтэл энэ мөнгийг залилсан гэж өргөдөл өгсөн байсан, хүү тооцож 1.962.388 төгрөгийн үлдэгдэл байгаа.

 2018 оны 5 дугаар сарын 14-нд “Н.с.г” ББСБ-ын нэр дээр барьцаанд ** ** УБР улсын дугаартай “Тоёота приус-30” загварын машиныг дүү У-ын нэр дээр зээлийн гэрээ байгуулж авсан. Тухайн үед Н гэх хүнд өөрийнх нь нэр дээр авч өгсөн боловч “хөдөөний хаягтай хүнд зээл гаргахгүй” гээд Н нь “чи ямар нэгэн хүн олоод гаргаад өгчих” гэж гуйсан. Би дүү У-ын нэр дээр зээлийн гэрээ гаргуулсан. Н нь бүгдийг нь мэдэж байсан. Хэрэг үүсээд С Н дээр очиж “М.Б манайхыг залиллаа энэ машиныг хурааж авна” гээд очсон байсан. Гэтэл Н нь “сарын төлөлтийг цаг хугацаанд хийж байгаа зүйлийг хураалгахгүй” гэж уурласан. Гэтэл хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан байцаагчаар яриулж “та машинаа өгөөд явуулчих, хэрэг үүсэн шалгаж байгаа, та сарын дотор машинаа авч болно” гэж хэлсэн байсан. Би “та үлдэгдэл мөнгөө бэлдээд хүрээд ир, би бас зөрүү мөнгө бэлдээд байж байя” гэсэн “сарын дотор очно” гээд тохиролцсон. Тэгээд Н 10 хоногийн дотор мөнгөө бэлдээд ирсэн. Миний зүгээс зөрүү мөнгө 5.000.000 төгрөг өгөх байсан. Н-ын 5.000.000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Бид хоёр мөнгөө нийлүүлээд “Н.с.г” ХХК дээр очиж зээлээ хаалгаад машинаа авах гэтэл захирал С утсаа авахгүй зугтаад байсан. 5 хоногийн дараа банк бус дээр очиж уулзаад авах гэтэл “машиныг чинь зарсан М.Б-аас үлдэгдэл мөнгөө олж ав” гээд Н-ыг загнаад явуулсан. Тэгээд бид хоёр дүүргийн байцаагч дээр очоод хэлтэл байцаагч нь уурлаад “Н.с.г” ХХК-ийн захирал руу залгаад “хэрэг үүссэн байгаа үед энэ машиныг зарах ёсгүй” гэж хэлсэн. Дараа нь байцаагч чамаас болсон асуудал чи үлдэгдэл мөнгийг төл гэсэн. Байцаагчийн дэргэд 7.000.000 төгрөг төлөхөөр тохиролцоод салсан. Уг машиныг “Н.с.г” ХХК зараагүй Н-т буцааж олгосон бол надад хохирол гомдол гаргахгүй байсан. Уг машиныг хэнд хэдэн төгрөгөөр зарж, зөрүү хэд гарсныг цагдаа шалгаж тогтоогоогүй. Зөвхөн эдийн засагч Солонгын аман мэдүүлгээр явж байдаг. Тухайн үед С “зараад зөрүү мөнгө гарсан, тэрийг М.Б-ын хохирол гомдлоос хасуулна” гэж мэдүүлсэн атал 2021 оны 8 дугаар сард хэрэг буцахад, 2022 оны 6 дугаар сард шүүхэд ирэхэд тухайн машин дээр хохирол 316.542 төгрөг гарч ирсэн. Энэ огт үндэслэлгүй юм ямар үндэслэлээр гаргасныг тогтоох шаардлагатай байна.

2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ** ** УБС улсын дугаартай “Тоёота приус-30” загварын машиныг Б өөрийн найз Ц-ыг “Н.с.г” ББСБ руу явуулж зээлийн гэрээ байгуулж авсан байдаг. Ц гэж хүнийг би огт танихгүй, уг машиныг миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн албан бичиг хийлгэж над дээр Б ирээд цуг Авто тээврийн үндэсний төв орж машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан байдаг. Б дараа нь авч яваад 3 хоногийн дараа над руу залгаад “машинаа зарчих гээд байна” гэхээр нь очоод шилжүүлж өгөөд явсан. Уг хуурамч бичиг баримтыг би хийгээгүй Б тухайн гарын үсгийг хуурамчаар дуурайлгаж хийсэн байсныг шинжилгээний хүрээлэн бичгийн хэлбэрийг нягталж шалгаагүй. Тухайн үед Б-ийн гуйлтаар М.Б-ыг таньдаг гэж мэдүүлэг өгсөн байсан. Дахин Ц-оос мэдүүлэг аваагүй, хэт нэг талыг барьсан. Миний зүгээс гаргасан гэрчүүдийг огт авч хэлэлцээгүй.

2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “Ю Б д” ХХК-д ** ** УБУ улсын дугаартай “Тоёота приус-30” загварын машиныг 24 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж 10.600.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Уг зээлийг аваад 6 сарын дотор төлөлт хийж чадалгүй явж байгаад машиныг унагаасан. Зээлийн ажилтантай уулзаж үнэн учраа хэлтэл өөр хэн нэгэн дээр зээлийн гэрээ шилжүүлэх гэхээр нь “тэгье” гэж тохиролцсон. Маргааш нь “манайхыг залиллаа” гэж өргөдөл бичүүлэн цагдаад өгсөн байсан. Энэ үйлдлийг залилан гэж бодохгүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр дуусах байсан боловч тухайн үед дууссан зээлийн гэрээ гэж эргэн төлөлт хийсэнгүй гэж яллагдагчаар татуулсан уг үйлдлийг нягтлан шалгаагүйд гомдолтой байна. Гурван жил үргэлжилсэн үйлдлээр амьдралын эх үүсвэр болгосон хэмээн шүүх дүгнэж байгаа боловч яг үргэлжилсэн хугацаа нь 2018 оны 5 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд болсон асуудал юм. Иймд өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6, 39.7 дугаар зүйлүүдийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, Болд-Эрдэнэ, Урангоо нартай бүлэглэн үйлдсэн гэсэн яллах дүгнэлт, шүүхийн дүгнэлтэд тусгасан хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, тусгаарлан шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... ““Н.с.г” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй А.Г-ын автомашиныг анх Б зар тавьж зарсан. Энэ мөнгөнөөс Б 2.700.000 төгрөгийг авсан. А.Г-тай тохиролцож автомашиныг очиж авах “Н.с.г” ХХК залилсан гээд цагдаад өргөдөл өг гэж явуулсан. “Н.с.г” ХХК--ийн эдийн засагч С нь надад захиран зарцуулах эрхийг олгосон. Иргэний үнэмлэхийг нь авч очоод зээлүүдийг гаргадаг байсан. Тухайн хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй. Мөн байцаагчид баримт өгөхөөр “хэрэгт нэмэртэй юу” гэдэг байдлаар ханддаг. Прокурор А намайг дуудаж “Хэрэг зөндөө удлаа, чи дуугүй хэргээ даагаад явчих, тэгвэл 5 жилийн хорих ял өгье, олон юм яриад байвал 12 жил хүртэл хорих ял өгнө” гэж хэлсэн. ... “Тоёота приус-20” загварын ** ** УНР улсын дугаартай автомашины 11.500.000 төгрөг миний данс руу орж ирээгүй, бүрэн аваагүй байхад прокурор авсан мэтээр бичсэн. ** ** УНГ улсын дугаартай, “Тоёота приус-20” загварын автомашины хувьд Б.Э Баянхонгор аймагт явж байхад надаас авсан гээд нотлох баримтыг өгсөн. Энэ хүн Б-ийн дансаар өгсөн. 12.500.000 төгрөгийг төлөөд дууссан байхад М.Б мөнгийг хийхгүйгээр миний автомашиныг хураагаад авсан гэж мэдүүлсэн. ** ** УНГ улсын дугаартай автомашиныг А гэдэг ах нь унадаг, ... энэ хүнээс гэрчийн мэдүүлэг аваагүй. Б.Э нь байнга худал мэдүүлэг өгдөг. Надад бүрэн мөнгөө өгчихсөн гээд байгаа. Энэ хүний данснаас миний данс руу 1.800.000 төгрөг орсныг буцаагаад төлсөн. Одоо 700.000 төгрөгийн үлдэгдэлтэй. ... “Н.с.г” ХХК-ийн эдийн засагч С “намайг таньдаггүй, мэдэхгүй” гэж хэлдэг. “Тоёота приус-20” загварын, ** ** УБЯ улсын дугаартай автомашиныг өөр банк бус санхүүгийн байгууллагаас 7 дугаар сарын 20-ны өдөр авч өгсөн. С гэдэг хүн намайг танихгүй байж надад автомашин авч өгөх үү. Банк санхүүгийн байгууллагаас олон автомашин гаргаж хүмүүст өгчихөөд хэрэг үүсэхээр далимдуулаад бүгдийг нь хурааж аваад зарчихсан. Тэгээд нэг ч төгрөг өгдөггүй, байцаагч нь тогтоодоггүй. Прокурор, байцаагч нарт хэлэхээр авч хэлэлцдэггүй, хэт нэг талыг барьдаг“Н.с.г” ХХК-ийг шалгадаггүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт буюу М.Б-ын үйлдлүүдийг нэгтгэж байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг зүйлчлэлээр зүйчлэн ял оногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн. ... Н.Б, А.У гэх хоёр хүний үйлдлийг болон учруулсан хохирлыг шалгаж тогтоогоогүй атлаа Н.Б, А.У гэх хоёр хүний бие дааж үйлдсэн үйлдлүүдийг М.Б-ын үйлдлүүд дээр нэмснээр М.Б-ын эрх зүйн байдал эрс дордож байнга үйлдэж амьдралын эс үүсвэр болгож залилах гэмт хэргийг үйлдсэн гэдэг алдаатай зүйлчлэлээр зүйлчлэхэд хүргэсэн. Мөн Н.Б, А.У нарын төлбөл зохих төлбөрийг хасаж тооцоогүй. Хэн, хэн нь хэдийг хариуцаж төлөх ёстой вэ гэдгийг яллах дүгнэлтэд бичсэнээр тогтоох боломжтой байхад анхан шатны шүүх тогтоолгүйгээр бүх л хохирол, төлбөр, үйлдлүүдийг М.Б-ыг ганцаараа үйлдсэн мэтээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өмнөх 2 удаагийн урьдчилан хэлэлцүүлгээр орсон захирамжууд одоог хүртэл хүчинтэй. Гэтэл захирамжийн биелэлт хангагдаагүй байхад анхан шатны шүүх хэргийг хүлээж аваад дахин шүүх хуралдааныг явуулсан. ... Яллах дүгнэлтэд М.Б-ын А.У, Н.Б нартай бүлэглэсэн үйлдлийг зүйлчилсэн атлаа эдгээр хүмүүсийг байхгүйд шүүх хуралдаан явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасныг ноцтой зөрчсөн. Иймд бүлэглэсэн гэх үйлдлийг шалгаж тогтоогоогүй учраас хэрэгсэхгүй болгох боломжтой. ... Давж заалдах шатны шүүх нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжгүй болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталж гуравдагч этгээд буюу бусадтай холбогдсон үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “А п” ХХК-ийн төлөөлөгч Я.М тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шүүгдэгч М.Б-д холбогдох хэрэгт манай байгууллага иргэний нэхэмжлэгчээр оролцсон. Гэтэл анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүйгээр манай өмчлөлийн ** ** УБЭ улсын дугаартай “Тоёота Кроун” загварын автомашиныг хохирогч М.Т гэх хүнд олгож, гэм буруутай этгээд болох М.Б-аас учирсан 10.500.000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар болсон. Гэтэл хохирогч М.Т нь шүүгдэгч М.Б-д тухайн автомашиныг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж худалдан борлуулсан байдаг бөгөөд уг гэрээгээ М.Т, М.Б нар нь манай “А п” ХХК-ийн Сайн ломбардад үзүүлж, автомашиныг фидуцийн гэрээ байгуулж, зээл авах хүсэлтээ илэрхийлсэн. Ингээд худалдах, худалдан авагч талуудын өөрсдийнх нь хүсэл зоригийн дагуу автомашины эрхийн зөрчилтэй эсэх, маргаантай эсэхийг лавлан тодруулсны үндсэн дээр зээлийн гэрээ байгуулж, гэрээ байгуулсан этгээдэд зээлийн мөнгийг өгсөн. Тус эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар **-** УБЭ улсын дугаартай “Тоёота кроун” загварын автомашин нь “А п” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь Авто тээврийн үндэсний төвөөс гарган өгсөн нотлох баримтууд болон “А п” ХХК, М.Б нарын хооронд байгуулсан 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээ, Фидуцийн гэрээгээр нотлогддог. Мөн тус тээврийн хэрэгслийн өмчлөгчтэй хууль ёсны дагуу гэрээ байгуулсан болох нь М.Б, М.Т нарын хоорондоо байгуулсан “автомашин худалдах, худалдан авах гэрээ”-ээр нотлогддог. Өөрөөр хэлбэл хохирогч М.Т гэгч иргэн нь өөрийн эд хөрөнгөө М.Б-д худалдаж, төлбөрийг бүрэн хүлээж авсан тухайгаа нотариатаар гэрчлүүлэн, Авто тээврийн үндэсний төвд тээврийн хэрэгслийг сайн дураар шилжүүлэн өгсөн бөгөөд тэдний хооронд төлбөр тооцоо дууссан, эсхүл зарим хэсгийг авсан эсэхээс үл хамааран М.Б гэдэг хүн уг өдрөөс тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхтэй болсон хүн юм. Захиран зарцуулахыг нь ч хохирогч М.Т хүлээн зөвшөөрч байсан болох нь нотлогддог. Манай байгууллага нь М.Б, М.Т нарын хооронд өр төлбөр байгаа эсэхийг мэдэх ямар ч боломжгүй, харин нотариатаар гэрчлүүлсэн баримт, АТҮТ-ын албан бичиг зэргээр автомашиныг М.Т худалдан борлуулсан болохыг мэдсэн. Ингээд М.Бнь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө Үндсэн хуульд заасны дагуу захиран зарцуулж, “А п” ХХК-ийн С ломбардаас зээл авч, тээврийн хэрэгслийг фидуцийн гэрээний дагуу өмчлөлийг шилжүүлж өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл биш юм. Ингээд тус гэрээний хугацаа дуусаж, үүргийн гүйцэтгэлийг автомашинаар хангуулсан. Гэтэл өнөөдрийн байдлаар М.Т гэх иргэн тухайн автомашиныг хууль ёсны гэрээ хэлцлийн дагуу “А п” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн боловч “М.Б автомашины мөнгөө өгөөгүй байна” гээд манай өмчлөлийн эд хөрөнгийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Манай байгууллага албан ёсны гэрээ хэлцэл, баримтыг үндэслэж автомашины өмчлөгчтэй гэрээ байгуулж, зээл олгосон бөгөөд зээл авсан М.Б нь тэрхүү мөнгөө хэрхэн яаж зарцуулах нь манай байгууллагад хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл, М.Б, М.Т нарын хоорондын автомашин худалдах хэлцэл, тэрхүү автомашиныг цааш нь барьцаалж зээл авсан хэлцэл зэрэг нь гэмт хэргийн шинжтэй бус бөгөөд харин М.Б нь М.Т-т автомашиныг барьцаалаад зээл аваад өгнө гээд мөнгийг нь өгөөгүй нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжтэй юм. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу “А п” ХХК нь тус ** ** УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр үлдэх хуулийн зохицуулалттай. Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг анхаарч үзэлгүй, М.Б-д холбогдох хэргийн ижил нөхцөл байдалтай бусад иргэний нэхэмжлэгч нарыг шударга эзэмшигч гэж үзсэн атлаа манай байгууллагад тэгш бус хандаж байгаад гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолын 7, 8 дугаар зүйлд өөрчлөлт оруулж, “А п” ХХК-ийн өмчлөлийн ** ** УБЭ улсын дугаартай, Тоёота кроун загварын автомашиныг иргэний нэхэмжлэгч “А п” ХХК-д олгож өгнө үү. ...” гэжээ.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А п ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүхийн 682 тоот шийтгэх тогтоолоор “Тоёота кроун” загварын ** ** УБЭ улсын дугаартай автомашиныг хохирогч М.Т-т олгохоор шийдвэрлэж, хууль ёсны гэрээ хэлцлийн дагуу, шударгаар өмчлөх эрхийг шилжүүлэн авсан автомашиныг хохирогч гэх М.Т-т шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь илт хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, шүүгдэгч М.Б нь өөрөө “А п” ХХК-тай гэрээ байгуулснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд түүний шүүхийн хэлэлцүүлэгт “М.Т-ийн автомашиныг залилсан гэж бодохгүй байна” гэх байдлаар мэдүүлснээс үзвэл хохирогч М.Т болон шүүгдэгч М.Б нар нь харилцан тохиролцож тус “Тоёота кроун-204” автомашиныг М.Б-д шилжүүлэн өгсөн нь иргэд хооронд байгуулсан энгийн хэлцлийн хэлбэр болох нь тогтоогдож байна. Түүнчлэн, 2018 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан М.Т-ийн гомдлыг үзвэл дээрх М.Б, М.Т нар нь харилцан тохиролцож, уг автомашиныг “С ломбард” буюу “А п” ХХК-д анхнаасаа барьцаалахаар тохиролцсон бөгөөд М.Б нь машины зээлийг барьцаанд тавьж мөнгөө авсан гэдгээ М.Т-т хэлээгүй гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан болохыг харж болно. Эндээс үзвэл М.Т нь анхнаасаа тус автомашиныг зарж, борлуулах хүсэл зоригтой байсан бөгөөд тэр ч үүднээсээ шүүгдэгч М.Б-д машинаа өгч явуулсан. Иймд эдгээр иргэдийн хооронд хийсэн аливаа хэлцэл нь шууд гэмт хэргийн шинжтэй буюу залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл болохгүй юм. Нөгөө талаас нэгэнт М.Б-д тухайн эд хөрөнгийн захиран зарцуулах эрх бий болсон бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд “А П” ХХК-тай гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэлцлийн шинжийг хангаж байгаа буюу хүчин төгөлдөр хэлцэл юм. Харин шүүгдэгч М.Б-ын хувьд тухайн автомашиныг барьцаалан зээл хүлээн авсан боловч тухайн мөнгөнөөс тодорхой хэсгийг шилжүүлэх М.Т-ийн өмнө амаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хууль ёсны дагуу “А п” ХХК болон М.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус, хууль бус гэрээ гэж үзэх үндэслэл болохгүй болно.

2. Шүүхийн шийдвэрийн хохирлын талаарх дүгнэлт хэсэгт “Залилах гэмт хэргийн нэг онцлог нь бусдын эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч өмчлөгчийг төөрөгдүүлдэг. Шүүгдэгч М.Б-ын үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн болон нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг үйлдсэн үргэлжилсэн үйлдэл бүхий гэмт хэрэг бөгөөд энэ үйл явцад хохирогчидтой байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь залилах гэмт үйлдлээ хэрэгжүүлэхэд хийж буй дүр үзүүлсэн, биелэгдэх боломжгүй гэрээгээр халхавчилсан үйлдэл юм. Иймд гэрээний үүргийн биелэлтийг харилцан тооцож, хохирлын асуудлыг шийдэх боломжгүй” гэжээ. Гэтэл шүүхээс ямар үйлдэл, ямар гэрээг анхнаасаа биелэгдэх боломжгүй гэж тодорхойлоод байгаа нь тодорхойгүй байна. Учир нь, М.Б болон М.Т нарын хувьд хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан байдаг ба эд хөрөнгийн эзэмшлийг бүрэн шүүгдэгчид шилжүүлэн өгснөөр энэ гэрээ хүчин төгөлдөр болсон. Гэтэл шүүхээс хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцааг биелэгдэх боломжгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Тодруулбал, өнөөдөр М.Т нь М.Б-аас гэрээний үүргийг шаардах буюу автомашины үнийг шаардах ёстой боловч шүүхээс хүчин төгөлдөр гэрээг залилах гэмт хэргийн шинжтэй гэж дүгнээд байна. М.Т нь худалдах, худалдан авах гэрээний дагуу 23.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан бол ийм асуудал гарахгүй байсан буюу анхнаасаа М.Т автомашиныг зээлээр зарах хүсэл зоригтой байсан гэдгийг шүүх ямар үндэслэлээр няцааж байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс М.Б нь М.Т-ийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэж үзэж байгаа бол эд хөрөнгийг шилжүүлснээр нөгөө тал нь эд хөрөнгийн үнийг төлөх, гэрээний гол нөхцөлийг талууд харилцан тохиролцсоноор гэрээ хүчин төгөлдөр болох хууль зүйн фактад няцаалт өгөх нь зүйтэй. Дээрх М.Б болон М.Т нарын харилцааг бүхэлд нь дүгнэж үзвэл Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл буюу “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан “Худалдах-худалдан авах гэрээ”-г талууд байгуулжээ. Ингэхдээ М.Б нь М.Т-ийн эд хөрөнгө буюу Кроун загварын авто машиныг 23.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байна. Энэ тохирооны дагуу М.Т нь М.Б-д авто машиныг шилжүүлэн өгснөөр 196.1.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийг шилжүүлснээр буюу гэрээний гол нөхцөлийг талууд тохиролцсоноор гэрээг байгуулсанд тооцохоор байна. Ингээд гэрээний дагуу М.Б нь М.Т-т тохирсон эд хөрөнгийн үнийг төлөөгүй тул одоо М.Т нь худалдсан эд хөрөнгийн үнийг шаардах үндэслэлтэй байна. Гэтэл шүүхээс энэ тодорхой үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан бөгөөд гэрээний дагуу мөнгийг шилжүүлээгүй нь гэмт хэрэг гэж тооцож байна. Хэрэв шүүхийн дүгнэлтийн дагуу худалдах, худалдан авах гэрээ зөрчсөн буюу эд хөрөнгийн үнийг төлөөгүй тохиолдол бүр Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм бол өнөөдөр энэ төрлийн маргааныг Иргэний шүүхэд харьяалан шийдвэрлүүлэх шаардлагагүй болно. Цаашид гэрээний үүргээ зөрчсөн тохиолдол бүрийг гэмт хэрэгт тооцож ял оногдуулж байх нь зүйтэй бололтой. Иймэрхүү ойлгомжтой, тодорхой асуудалд хууль хэрэглээний ноцтой алдаа гаргаж, гэмт хэргийн жинхэнэ хохирогчийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж байгаа нь илт үндэслэлгүй юм. Иргэний эрх зүйн маргаан бүр, цаашлаад гэрээний үүргээ зөрчсөн үйлдэл бүр гэмт хэрэгт тооцогдоод байвал “иргэдийн эд хөрөнгийн маргааныг харьяалан шийдвэрлэх шүүх Монгол улсад байх хэрэг байх уу” гэдэг асуудал яригдана. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ М.Т нь анхнаасаа машиныг зээлээр худалдан борлуулах хүсэл зорилготой байсан гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй байсан. Нэгэнт талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан тул худалдан авагч М.Б нь эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө Үндсэн хуульд заасны дагуу захиран зарцуулж “А п” ХХК-ийн С ломбардаас зээл авч, тээврийн хэрэгслийг фидуцийн гэрээний дагуу өмчлөлийг шилжүүлж өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл биш юм. Ингээд тус гэрээний хугацаа дуусаж, үүргийн гүйцэтгэлийг автомашинаар хангуулсан болно.

3. Шүүхээс бусад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын талаар дүгнэхдээ “... “Н.с.г” ХХК-ийн барьцаанд байсан ** ** УБС улсын дугаартай “Тоёота приус-30” загварын автомашин /одоо **-** СЭҮ улсын дугаартай “Тоёота приус-30” загварын автомашин/ **-** УНА улсын дугаартай “Тоёота приус-30” загварын автомашин, **-** УББ улсын дугаартай “Тоёота приус-30” загварын автомашинуудыг иргэний нэхэмжлэгч Г.С, Ж.Б, Г.О нар гэмт хэрэг үйлдэж, хүч хэрэглэж аваагүй бөгөөд тус тусын худалдаж авсан автомашинуудыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдэж, улмаар бичиг баримт хуурамчаар үйлдэгдэн зарагдаж байгааг огт мэдээгүй шударга эзэмшигчид ...” гэж дүгнэжээ. Гэтэл яг ижил үндэслэл шалтгаанаар уг машины өмчлөх эрхийг олж авсан “А п” ХХК-ийг шударга эзэмшигч гэж үзээгүй бөгөөд “Тоёота кроун-204” загварын **-** УБЭ улсын дугаартай автомашиныг М.Т-т шилжүүлэн өгсөн нь илт үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогч нь хувь хүн байгаа тохиолдолд тэдгээр иргэдэд автомашиныг шилжүүлэн өгөх нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа хохирогч нь хуулийн этгээд байгаа үед түүнд автомашиныг шилжүүлэхгүй, шударга эзэмшигч гэж дүгнээгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл бий болгож байна. Мөн хэрэв “А п” ХХК-ийг бусад хохирогч, иргэний нэхэмжлэгчтэй адил “Шударга эзэмшигч” гэж дүгнэсэн тохиолдолд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу бусад иргэний нэхэмжлэгчидтэй адил автомашиныг шаардах эрх бүхий этгээд болно. Шүүхээс хэрэв М.Т болон шүүгдэгч М.Б нарын хоорондын байгуулсан автомашиныг худалдах худалдан авах гэрээг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримталж шийдвэрлэх ёстой боловч тус заалтыг анхан шатны шүүх хэрэглээгүй нь илт хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй. Иргэний нэхэмжлэгч “А п” ХХК-ийн хувьд тус автомашиныг М.Б хууль бус аргаар олж авсан болохыг мэдэх боломжтой нөхцөл байдал хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй. Харин ч М.Т гэх иргэнтэй урьд ирж автомашиныг үзүүлж, зээлийг судлуулж байсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд М.Т болон М.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр автомашиныг барьцаалж зээлийг олгосон. Иймд дээрх үндэслэлийн дагуу иргэд хоорондын бичгээр хийсэн гэрээний дагуу автомашиныг барьцаалан зээл олгосон нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна. Түүнчлэн нэгэнт хөдлөх хөрөнгө бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээ хийж, гэрээний нэг тал нь гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй нь тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүйн дээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс санаатайгаар зөрчиж байгаа нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох нь эргэлзээтэй юм. Хэрэв тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцож байгаа бол гэмт хэргийн улмаас эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж авсан гэдгийг мэдээгүй хэлцэл хийсэн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, шударга өмчлөгчид тооцох эрх зүйн зохицуулалт Иргэний хууль, Эрүүгийн хуульд бий. Иймд эдгээр үндэслэл журмыг харгалзаж үзэлгүй шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 682 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл, 39.7 дугаар зүйлд тус тус заасныг зөрчсөн байх тул иргэний нэхэмжлэгч “А п” ХХК-д **-** УБЭ улсын дугаартай автомашиныг үлдээж, тус хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Н.с.г” ХХК-ийн өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолоор битүүмжлэгдсэн автомашинуудтай холбоотой хэсэгт өөрчлөлт оруулах саналтай байна. Анхан шатны шүүх М.Б-ыг хуурамч бичиг баримт бүрдүүлж **-** СҮЭ улсын дугаартай “Тоёота приус-30” загварын автомашиныг Г.С-д, **-** УНА улсын дугаартай “Тоёота приус-30” загварын автомашиныг Ж.Б-т худалдсан гэж ял оногдуулсан атлаа Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар дээрх автомашинуудыг Г.С, Ж.Б нарт олгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн **-** УББ улсын дугаартай “Тоёота приус-30” загварын автомашин манай байгууллагын нэр дээр бүртгэлтэй байхад Т.О-ыг шударга эзэмшигч гэж үзэж түүнд олгосон нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2 дахь заалтуудыг зөрчсөн. ...” гэв.

 Прокурор М.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн дурдсан Б, У нарт холбогдох хэргийг хамтатган шийдвэрлэхгүйгээр тусад нь шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж гомдол гаргасан байна. Прокуророос М.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдсан, хууль зөрчөөгүй. Б, У нар энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх явцад буюу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас өмнө Монгол Улсын хилээр гарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Иймд Б, У нарын үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэргээс тусгаарлан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шилжүүлсэн. ... М.Б нь Б-тэй бүлэглэсэн 3 үйлдэлтэй. Шүүхээс хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ Б-тэй бүлэглэсэн 2 үйлдэлд хохирлыг хувь тэнцүүлэн төлүүлээгүй. Энэ асуудалд давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулах боломжтой. Анхан шатны шүүхээс Б-ийг байхгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. ... Залилах гэмт хэргийн “байнга” гэдэг шинжийг 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн гэх шалгуураар, нөгөө талаас гэмт хэрэг үйлдэж байгаа үйлдлийн арга, амьдарч байгаа амьдралын хэвшил гэж ойлгоно. М.Б-ын хувьд бусдын тээврийн хэрэгслийг авч залилж зарах, бусдад дамжуулан зарах нь түүний амьдралын хэв шинж бөгөөд 3-4 жилийн хугацаанд тогтмол ийм хэв шинжээр амьдарсан. Зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. ... Энэ хэрэгт “А п” ХХК тухайн үйлдлийн хувьд иргэний нэхэмжлэгч, М.Т нь хохирогчоор тогтоогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Тухайн үед М.Б нь М.Т-ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, гэрээгээр халхавчилж, хуурч энэ гэмт хэргийг үйлдсэн. М.Т нь тээврийн хэрэгслийн шударга эзэмшигч мөн, “А п” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй. ...” гэв.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Шүүгдэгч М.Б нь:

1. 2018 оны 9 дүгээр сарын 3-ны “Н.с.г” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “Тоёота приус-30” загварын, **-** УБД улсын дугаартай автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, иргэн А.Г-д 13.500.000 төгрөгөөр худалдахаар тохирч, урьдчилгаа 8.500.000 төгрөг, зээлийн эргэн төлөлт гэж 3 удаагийн гүйлгээгээр 1.248.000 төгрөг, нийт 9.748.000 төгрөгийн хохирол, “Н.с.г” ХХК-д 198.116 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “А л" ХХК-д барьцаанд тавьсан “Тоёота приус-30” загварын, **-** УБН улсын дугаартай автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн М.Б 16.100.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаа 8.100.000 төгрөгийг авч, зээлийн эргэн төлөлтийн 6.000.000 төгрөгийг төлүүлж, 14.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

            3. 2018 оны 6 дугаар сараас хойш иргэн М.Т-тэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Тоёота кроун-204” загварын автомашиныг 23.000.000 төгрөгөөр худалдан авна гэж хуурч, худалдах худалдан авах гэрээ байгуулан, өмчлөх эрхийг нь “А с” ББСБ-н нэр дээр шилжүүлэн барьцаанд тавьж, 10.500.000 төгрөгийг хүлээн авсан боловч иргэн М.Т-т “зээлийн мөнгө бүтсэнгүй” гэж худал хэлж, тээврийн хэрэгслийг гэрчилгээнийх нь хамт буцаан өгч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, М.Т-т 20.000.000 төгрөг, “А с” ББСБ-д 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            4. Н.Б-тэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Т” ББСБ-д 8.700.000 төгрөгийн барьцаанд тавьсан **-** УНГ улсын дугаартай, “Тоёота приус-20” загварын автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, иргэн Б.Э-д 12.500.000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцон 7.270.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

5. 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н.с.г” ХХК-иас иргэн Э-ийн нэр дээр зээлийн гэрээ байгуулж, 11.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан **-** УББ улсын дугаартай, “Тоёота приус-30” загварын автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн Ж.Т-д зарж борлуулан улмаар Ж.Т нь цааш дамжуулан Т.О-д зарж борлуулж, түүнд 12.000.000 төгрөг, “Н.с.г” ХХК-д 11.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            6. А.У-той хамтран 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “Н.с.г” ХХК-иас иргэн Ч.З-ын нэр дээр зээлийн гэрээ байгуулж, 2.050.000 төгрөгийн эргэн төлөлт хийгээд 11.650.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан **-** УНА улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, Ж.Б-т зарж борлуулж 13.250.000 төгрөг, “Н.с.г” ХХК-д 11.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

            7. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Б У М” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж, 8.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан **-**УНР улсын дугаартай, “Тоёота приус-20” загварын автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, иргэн Ө.Э-т 11.500.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон, 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

             8. 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “Ж Э Б к” ББСБ-д барьцаанд тавьсан “Тоёота приус-20” загварын, **-** УБЯ улсын дугаартай автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн Б.М-т 12.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч, 1.962.388 төгрөгийн хохирол учруулсан,

            9. 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ю Б Д” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас **-** УБУ улсын дугаартай, “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийг барьцаалан 10.600.000 төгрөгийг зээлж аваад эргэн төлөлт хийхгүйгээр бусдыг залилж “Ю Б д” ХХК-д 10.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Н.с.г” ХХК-д барьцаанд тавьсан “Тоёота приус-30” загварын **-** УБР улсын дугаартай автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн Т.Н-т худалдаж 12.000.000 төгрөг, “Н.с.г” ХХК-д 316.542 төгрөгийн хохирол учруулсан,

11. Н.Б-тэй хамтран 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Н.с.г” ХХК-иас иргэн Д.Ц-ын нэр дээр зээлийн гэрээ байгуулж, 10.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан **-** УБС улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, Г.С-д зарж борлуулж түүнд 13.500.000 төгрөг, “Н.с.г” ХХК-д 9.333.548 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг,

мөн хуурамч баримт бичиг үйлдсэн, ашигласан хэргийн талаар:

            1. М.Б нь Н.Б-тэй бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр “Н.с.г” ХХК-иас тусгай зөвшөөрөл, эрх олгосон мэтээр 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 18/1058 дугаартай албан бичгийг хуурамчаар үйлдсэн,

2. Үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр“Н.с.г” ХХК-иас тусгай зөвшөөрөл, эрх олгосон, эрх олгосон мэтээр 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 18/1066 дугаартай албан бичгийг хуурамчаар үйлдэж “Н.с.г” ХХК-ийн эзэмшилд байсан **-** УБС, **-** УНА улсын дугаартай, “Тоёота приус-30” загварын автомашинуудыг бусдад зарж борлуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Г.Г-ын “... М.Б-аас **-** УБД улсын дугаартай “Тоёота приус-30” загварын авто машиныг нь үзээд авахаар болоод, дансаар 8.500.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа нотариатаар орох уу гэсэн чинь “маргааш материалаа бүрдүүлээд дуудъя” гэж хэлсэн, маргааш нь залгатал утас нь холбогдохгүй алга болчихсон. 2018 оны 9 дүгээр сарын дундуур М.Б над руу гэрээ байгуулахаар залгаад “М т” авто машин түрээслэх гэрээ байгуулсан. ... Өөрөө банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг юм шиг ярьсан бөгөөд “3 машинаас 2 нь үлдлээ, эндээс сонгоод ав” гэж хэлсэн. ББСБ байгууллага ажиллуулдаг гэж бодсон. ... ” /1 хх 9, 81/,

хохирогч М.Б-ийн “... Уг тээврийн хэрэгсэл нь **-** УБН гэсэн улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд танилцахад өөрийгөө “Б гэдэг юм...” гэх зэргээр ярьж эхэлсэн. Уг залуу “хийх зүйлийн үнийг нь хасаад өгье, чи энэ машиныг 16.000.000 төгрөгт ав” гэж үнээ тохироод урьдчилгаа болох 8.100.000 төгрөгийг өөрийн Б гэсэн данс руу авсан. ... 2018 оны 7 дугаар сарын өдрөөс эхлэн Б гэсэн данс руу сар бүр 1.000.000 төгрөгийг 6 сарын хугацаанд нийт 6.000.000 төгрөгийг гэрээний дагуу хийсэн. 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “А л” ХХК-ийн холбогдох ажилтан гэж өөрийгөө танилцуулсан Б гэх хүн “уг тээврийн хэрэгслийг манай байгууллагаас лизингээр авснаас хойш 2 удаа иргэн төлөлтийг графикийн дагуу төлөөд, түүнээс хойш огт хийгээгүй тул хураагдах болсон” гээд холбогдох бичиг баримтыг үзүүлж, бид нараас тээврийн хэрэгслийг хураагаад аваад явсан. Би “А л” ХХК-ийн нэр дээр байгаа гэдгийг сүүлд надаас машин хурааж авах гээд хүн ирэхэд нь мэдсэн. ...” /1 хх 94-95/,

хохирогч М.Т-ийн “... Би 2018 оны 7 дугаар сард М.Б-д надад зарах 2009 оны “Тоёота кроун-204” загварын машин байгаа шүү гэж хэлэхэд М.Б “би тэгвэл авна шүү, гэхдээ ББСБ-аар” гэж ярьсан. 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр М.Б-д зарахаар болоод худалдах, худалдан авах гэрээ хийсэн. ... М.Б нь “Драгон” дээр байдаг “С ломбард”-ын нэр дээр гэрчилгээг авсан. Тэгээд Б гэрчилгээ болон машиныг аваад зээл гаргуулахаар ганцаараа явсан. Тэгээд орой нь манай гэрийн гадаа Б ирээд “мөнгө бүтсэнгүй, дараа 7 хоногоос болъё” гээд надад гэрчилгээ болон машиныг үлдээгээд явсан. ... Миний машиныг 10.500.000 төгрөгийн барьцаанд “С ломбард”-д тавьсан байна. Хүүг нь огт төлөөгүй байгаа. ...” /1 хх 189-191, 194/,

хохирогч Ө.Э-ийн “... Би 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр М.Б-тай холбогдож “Тоёота приус-20” загварын автомашин худалдаж авахаар болоод, М.Б-ын данс руу урьдчилгаа 5.000.000 төгрөг өгөөд үлдсэн 6.500.000 төгрөгийг сар бүр 500.000 төгрөг өгөхөөр тохиролцож нотариат орж гэрээ байгуулсан. Тэгээд би машинаа авсан бөгөөд одоо машины үнийг төлж дууссан. Миний худалдан авсан **-** УНР улсын дугаартай автомашин нь “Б у м” ББСБ-ын нэр дээр байсан. Үүнийг би “Б у м” ББСБ-иас машиныг хурааж авах үед мэдсэн. Тэгээд М.Б-д энэ талаар хэлж, түүнээс  7.500.000 төгрөг аваад дээр нь 500.000 төгрөг өөрсдөө нэмж нийт 8.000.000 төгрөг “Б У М” ББСБ-д өгч машинаа авсан бөгөөд М.Б үлдэгдэл 3.500.000 төгрөгийг хурдан төлж, машиныг миний нэр дээр шилжүүлж өгнө гэсэн. Үүний дараа 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Б У м” банк бус санхүүгийн байгууллагаас хөдөлгөөнд оролцож байх үед миний машиныг хураан авсан бөгөөд яагаад хураан авсан талаар асуухад үлдэгдэл мөнгөө төлөөгүй хүү нь өсөөд 9.000.000 төгрөг орчим төгрөг болсон гэсэн. ...” /4 хх 7-8/,

хохирогч Б.Э-ийн“...2017 оны 09 дүгээр сард фэйсбүүкээр машин зарна гэсэн зарын дагуу М.Б гэх хүнтэй танилцсан. Тэгээд “Тоёота приус-20 загварын автомашиныг худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа 6.500.000 төгрөг өгөхөөр болоод авто зах дээр Б-тай зээлийн гэрээ хийж, мөнгөө 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн. Уг машин нь “Т” нэртэй авто ломбардын нэр дээр байсан. Тэр ломбардаа надад тайлбарлахдаа найзуудаараа хамтран нийлж байгуулсан гээд үлдэгдэл мөнгийг нь би 1 жилийн хугацаатай сард 500.000 төгрөгөөр Б-ын өөрийнх нь данс руу сар болгон хийдэг байсан. Гэтэл 2017 оны 11 сард “Т” авто ломбарднаас машиныг маань хураагаад авчихсан, мөнгөө сар сардаа төлөөгүй гээд алданги тооцсон байсан. Ингээд би өөрийнх нь банк бус биш юм байна гэдгийг нь мэдээд ... шууд Т руу мөнгөө төлж эхэлсэн. Ингээд 2018 оны 12 сард би “Т” банк бусаас өөрийнхөө нэр дээр шилжүүлэхэд 8.000.000 төгрөг төлөхөөр болсон байсан. Гэтэл би Б-тай анх ярьсан 6.000.000 төгрөгөө төлөөд дуусгачихсан байсан. Одоо Б Т”-ны 8.000.000 төгрөгийн зээлийг төлөхгүй алга болчихоод байна. Би анх Б-аас 12.500.000 төгрөгөөр уг машиныг авахаар тохирсон байсан. Тэгээд урьдчилгаа 6.500.000 төгрөг өгөөд үлдэгдэл 6.000.000 төгрөгийг сар бүр 500.000 төгрөгөөр 1 жил төлөөд дууссан байтал М.Б цаашаа мөнгийг нь төлөхгүй байсаар машин нь одоо 8.000.000 төгрөгийн өртэй болчихоод байна. Би Б гэгчийг танихгүй **-** УБГ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто машиныг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сансарын колонк дээр Б-аас худалдаж авсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сард банк бусаас миний машиныг хураачихаар нь Б-ыг олж уулзаж Да хүрээ дээр очиж гэрээ хийсэн. Би 6.000.000 төгрөг өгье гэхэд Б бэлнээр авахгүй хүний данс руу шилжүүлээд авчихъя гэж хэлээд нэг хүний данс руу шилжүүлсэн. Б-ийг бол би таних ч үгүй. Тухайн үед Б-тай ярилцаж байгаад өөрийнх нь өгсөн данс руу шилжүүлж байсан, харин үлдэгдэл мөнгийг нь сар бүр дансаар шилжүүлж байсан бөгөөд янз бүрийн өөрийнх нь хэлсэн данс руу шилжүүлж байсан. Тэгэхээр надад учирсан бодит хохирол нь урьдчилгаа 6.000.000 төгрөг, лизингийн төлөлтийг данснаас харахад 1.270.000 төгрөг шилжүүлсэн ба нийт 7.270.000 төгрөгийн хохирол учирсан. ...” /2 хх 40-43, 7 хх 31-32/,

хохирогч Б.М-ийн “... Би зарын дугаар руу залгахад тухайн автомашиныг 12.000.000 төгрөгт зарах ба урьдчилгаа 8.000.000 төгрөг авна гээд эрэгтэй хүн хэлж байсан. ... Машины эзэн Б-тай дахин уулзаж 6.500.000 төгрөг Б-ын Хаан банкны дансанд хийсэн. Тэгээд машинаа аваад явсан. Үлдэгдэл мөнгөө увуулж цувуулж хийсэн. Ингээд машинаа унаад явж байтал 2018 оны 8 дугаар сарын сүүлээр над руу ажлын гадаа байхад “Ж Э Б к” ББСБ-аас таны унаж яваа машин нь манайд лизингтэй байгаа, лизингээ төлөөгүй 3-4 сар болж байгаа тул хураах шаардлагатай гээд ирээд аваад явсан. Ингээд машин зарсан Б-тай ярьж энэ тухай хэлэхэд үүнийгээ хүлээн зөвшөөрч байсан. Машиныхаа учрыг олж өгөхийг хэлэхэд удахгүй болгочихно санаа зоволтгүй гээд байсан. Ингээд удаан хүлээгээд болохгүй болохоор нь цагдаад хандсан. ...” /4 хх 89-90/,

            хохирогч Л.Н-ийн “... Би 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс хойш одоог хүртэл “Ю Б д Г” ХХК-д менежерээр ажиллаж байгаа бөгөөд тус компанийн захирлын олгосон итгэмжлэлийн дагуу хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. М.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр **-** УБУ улсын дугаартай “Тоёота приус-30 загварын автомашиныг барьцаалж фидиуцийн гэрээ байгуулж манай компаниас 10.600.000 төгрөгийн зээлийг авсан ба гэрээнд заасны дагуу 1 сарын 3.5 хувийн хүү буюу сард 660.000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. М.Б-ын хувьд зээл авсан өдрөөсөө хойш нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй тул түүний гар утас руу хугацаа хэтэрсэн талаар мессеж явуулсан. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М.Б-тай уулзаж машины талаар асуухад найз нартайгаа алтанд явж байгаад унагаачихсан, тэгээд задлаад зарсан гэж хэлсэн байсан. М.Б нь 10.600.000 төгрөгийн зээл авснаас хойш нэг ч төгрөгийн буцаан төлөлт хийгээгүй. ...” /5 хх 101/,

            хохирогч Т.Н-ын ...2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр М.Б гэдэг хүнтэй танилцаж Тоёота приус-20 загварын **-** УНЭ улсын дугаартай автомашиныг 13.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 8.000.000 төгрөгийг М.Б-ын  гэсэн данс руу хийж, үлдэгдэл 5.500.000 төгрөгийг түүнд сар бүр өгөхөөр тохиролцсон. Машинаа аваад 2 сар болоход 1.000.000 төгрөгийг төлсөн. 2018 оны 05 дугаар сарын эхээр хотод ирж Б-тай уулзахад надаас авсан мөнгөө цааш нь төлөөгүй надад зарсан машин нь хураагдах хэмжээнд хүрсэн байсан. Тэгтэл цагаан машиныг чинь зараад таны мөнгийг гаргаж өгнө энэ машиныг зарагдтал Тоёота приус-30 загварын **-** УБР улсын дугаартай автомашиныг өгөөд унаад явж бай сарын дотор таны цагаан машиныг чинь зараад энэ машиныг таны нэр дээр шилжүүлж өгнө гээд тохироод явуулсан. Эхний машиныг 5.500.000 төгрөгийн үлдэгдлээ намайг хүүгүй төлчих, сард 500.000 төгрөг төлөөд дуусгачих юм бол таны нэр дээр шилжүүлчихнэ гэхээр нь итгээд авсан. Сүүлийн өгч явуулдаг приус нь М.Б 3.000.000 төгрөгийн барьцаанд байгаа би сарын дотор цагаан машиныг чинь зараад мөнгийг нь хийгээд таны нэр дээр шилжүүлчихнэ гэж хэлсэн учир би бас л итгээд машиныг нь унаад явсан. ...” /2 хх 69-70/,

иргэний нэхэмжлэгч Х.С-ын “... 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр **-** УБД улсын дугаартай автомашиныг Ц.Э гэх хүн барьцаалж 11.900.000 төгрөгийн зээлийг барьцаа зээлийн гэрээ, фидуцийн гэрээгээр барьцаалж зээл олгож байсан. Манай байгууллага гаалийн бичигтэй машинд унаж явах нөхцөлөөр лизингийн зээл олгодог. Манайх Эрдэнэтуяа гэх хүнд зээл олгохдоо машины үндсэн үнэ болох 16.500.000 төгрөгийн урьдчилгаа 30 хувийг өөрөөр нь төлүүлж үлдсэн 11.900.000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаагаар олгосон. Ц.Э 2018 оны 10 дугаар сар, 11 дүгээр сард гэрээнд зааснаар зээлийн эргэн төлөлтөө төлж байсан. Түүнээс хойш зээлийн эргэн төлөлтөө төлөөгүй, бөглөсөн анкетын ажлын байр болон өөрийн оршин суух гэрийн хаяг, холбогдох хүмүүсийн утасны дугаарууд бүгд буруу байсан. Мөн барьцаат гэрээний 4.4-д заасны дагуу Э-ийн машиныг хураасан. ...” /1 хх 13-14/,

“...**-** УНА улсын дугаартай автомашиныг Ч.З 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 11.650.000 төгрөгийн зээл авч барьцаанд тавьсан байсан. Зг Б гуйж зээл авахуулаад машиныг нь М.Б нь хуурамч баримт бичиг үйлдэн өөрийнхөө нэр дээр шилжүүлэн дараа нь Б гэх хүний нэр дээр шилжүүлсэн байсан. Энэ машиныг барьцаанд тавьж зээл авснаас хойш 2.500.000 төлсөн. Одоо алданги нийлээд 17.997.000 төгрөг болсон. ...” /2 хх 178-179/,

иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн “... Манай “Т б а” ХХК-ийн охин компани болох “А п” ХХК-ийн авто ломбардны салбараас 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр М.Б нь иргэн М.Т-ээс худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан гаалийн мэдүүлэгтэй, сувдан цагаан өнгөтэй, Тоёота кроун” загварын машиныг фидуцийн гэрээгээр манай компани өмчлөлд шилжүүлэн 10.500.000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар зээл болон фидуцийн гэрээ байгуулж авсан. Зээл авсан өдрөөс хойш М.Б нь зээлээ огт төлөөгүй. Манай компаниас үндсэн зээл 10.500.000 төгрөг авсан ба хүү нь 3.299.840 төгрөг, алданги 6.863.320 төгрөг нийт 20.663.160 төгрөгийн төлбөртэй. ...” /1 хх 224/,

иргэний нэхэмжлэгч Т.О-ын “...Би 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ж.Т гэх хүнээс 12.000.000 төгрөг бэлэн өгөөд авч байсан. Ж.Т нь өөрөө 2018 оны 12 дугаар сард гэрчилгээ бүх бичиг баримтыг нь нэр дээрээ болгож өгнө гээд аман гэрээ хийгээд явсан. ... Тэгээд Тгэх хүн эхнэр хүүхэдтэйгээ хамт ирээд үзүүлсэн. Тэгээд надад нөгөө машин нь таалагдсан би тэр өдрөө худалдаж авсан би тэр дор нь 7.500.000 төгрөгийг өөрийн эхнэрийн данснаас шилжүүлж, 4.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. “Н.с.г” ХХК гэсэн нэр дээр байхаар нь би энэ ямар учиртай талаар асуухад зээл нь 12 сард дуусна тэгээд таны нэр дээр болгож өгнө ямар нэг асуудал байхгүй гэж хэлсэн, гарал үүслийнх нь талаар асуугаагүй. ...” /5 хх 209-210/,

иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн ...Би нөхөр Г.С-ийн хамт 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Да хүрээ техникийн захаас “Тоёота приус-30 загварын автомашиныг үзээд 13.500.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд Г.Б гэх хүнтэй тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар батлуулсан ба уг автомашины эзэмшигч нь М.Б гэсэн хүний нэр дээр байсан. Б-оос учрыг асуухад би М.Б гэсэн хүнээс худалдан авч итгэмжлэл хийлгэсэн байгаа гээд холбогдох бичиг баримтаа харуулж байсан. Иймд бичиг баримтыг нь хараад гэрээ байгуулж уг автомашиныг худалдан авсан. Тэгээд Сүхбаатар аймаг очоод **-** СҮЭ гэсэн улсын дугаар авч Г.С-ийн нэр дээр бүртгүүлсэн. ...” /3 хх 237-238 /,

иргэний нэхэмжлэгч Б.Н-ын “... М.Б нь манай дээр байсан **-** УНА, **-** УБС улсын дугаартай машинуудыг хуурамч бичиг баримт үйлдэж бусдад зарж, эзэмшигчийг шилжүүлсэн. Мөн манай байгууллагад барьцаанд байсан **-** УББ улсын дугаартай машиныг бусдад зарсан тул эдгээр машинуудыг зээлийн үлдэгдлийг нэхэмжилж байна. **-** УНА улсын дугаартай машиныг З гэдэг хүн 11.650.000 зээлээр худалдан авч, 1.050.000 төгрөгийн зээлийн төлөлт хийж, одоо зээлийн үлдэгдэл хүү алданги тооцож 17.523.178 төгрөгийг, **-** УБС улсын дугаартай автомашиныг Ц гэх хүн 10.500.000 төгрөгийн зээлээр худалдан авсан. ...” /7 хх 203-204/,

иргэний нэхэмжлэгч Ж.Бн ... **-** УНА улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашиныг үзээд зарна гэсэн Д.Б гэх залуутай уулзаж ярилцаж байгаад 13.250.000 төгрөгөөр худалдаж авахаар болж, түүнтэй хамт тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлсэн ба уг автомашины эзэмшигч нь М.Б гэсэн хүний нэр дээр байсан. Д.Б-аас учрыг нь асуухад би итгэмжлэл хийлгэсэн байгаа гээд холбогдох бичиг баримтаа харуулж байсан. Миний хувьд автомашины бичиг баримтыг нь шалгаад хууль ёсны дагуу худалдан авч төлбөрийг нь бүрэн төлж өөрийн өмчлөлд авсан. ...” /4 хх 176-177/,

гэрч Д.Б-ын ... Би **-** УНА улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашиныг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 12.200.000 төгрөгөөр худалдаж авсан ба автомашин зарсан хүний нэрийг санахгүй байна. Тухайн үед бүх бичиг баримт нь зөрчилгүй байсан тул худалдан авсан. Тэр залуу надад хэлэхдээ яаралтай мөнгөний хэрэг гарсан тул автомашинаа хямд зарах гэж байна, миний өөрийн автомашин байгаа юм гэж ярьж байсан. Би уг автомашиныг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Б гэх хүнд 13.250.000 төгрөгөөр худалдсан. Би Н.Б, А.У, М.Б гэх хүмүүсийг танихгүй. Харин М.Б гэх хүний зургийг харж байсан байна. Магадгүй энэ хүн надад уг машиныг худалдсан байж магадгүй. ...” /3 хх 220-221/,

гэрч Ц.Э-ийн “... **-** УБД улсын дугаартай “Тоёота приус-30” загварын автомашиныг нөхөр М.Б-ын хамт “Н.с.г” ББСБ-аас зээлээр авсан бөгөөд нийт 11.900.000 төгрөгийн зээлтэй миний нэр дээр гарсан. ...мөнгөний хэрэг гараад автомашиныг авснаас хойш удаагүй зарахаар болоод манай нөхөр зар тавьсан байх, ингээд Г гэх хүн манай машиныг ирж үзээд 13.500.000 төгрөгт авахаар болоод 8.500.000 төгрөгийг нь бэлнээр өгч үлдэгдэл 5.000.000 төгрөгийг нь сар бүр дансаар өгөхөөр гэрээ байгуулсан” /1 хх 12, 82/,

гэрч М.Д-ийн “...2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр **-** УБГ улсын дугаартай автомашиныг М.Б нь барьцаанд тавьж 8.000.000 төгрөгийн зээл авсан байна. Уг зээлээ 10 сарынхаа төлөлтийг хийхгүй байж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүрэн зээлээ төлөөд хаасан байна. М.Б нь дахиж уг машиныг барьцаанд тавьж дахиж 8.000.000 төгрөгийн зээл аваад төлөлт огт хийхгүй байж байгаад 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр М.Б нь зээлээ хаагаад зөрүүлээд уг машиныг Б.А гэх хүний нэр дээр барьцаалж зээлийн гэрээ хийж, 8.000.000 төгрөг зээлсэн. ...” /2 хх 46-47/,

гэрч Т.Б-ын “... М.Б нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр манай “А Л” ХХК-тай лизингээр автомашин худалдаж авах гэрээ байгуулан урьдчилгаа 20 хувь буюу 3.500.000 төгрөг дансанд шилжүүлээд Тоёота приус-30 загварын 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсад орж ирсэн дугаараа аваагүй, 17.500.000 төгрөгөөр зарж байсан машиныг авсан. Сүүлд манай байгууллага машинаа хайж байгаад Баянбүрдийн тойргийн зүүн талд байх “Б” гэх нэртэй дугуй засварын гадаа зогсож байхад нь очиж унаж явсан хүнтэй нь гар бичгээр гэрээ хийж байгаад 16.100.000 төгрөгөөр худалдаж авсан, одоо 14.100.000 төгрөгийг төлсөн буюу М.Б-ын дансанд шилжүүлэн авсны дараа өгнө гэж ярьж байсан. ...” /1 хх 98-99/,

гэрч Ч.З-ын ... М.Б нь манай найз бөгөөд 2018 оны 05 дугаар сард нэг удаа над дээр ирээд би Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэл худалдаж авах гэсэн юм. Тэгээд нөгөө газраас маань заавал гайгүй цалин орлоготой хүн батлан даагчаар орох шаардлагатай гэж байна гээд гуйгаад байхаар нь тус болох гээд батлан даагчаар орсон юм.” /1 хх 100-101/,

“... 2018 оны 06 дугаар сард манай найз М.Б надтай уулзаад би “Н.с.г” ББСБ-д өртэй болчихлоо чи нэр дээрээ машин аваад өгчихөөч тэгэх үү гэхээр нь би өөрөө цалингийн зээлтэй болохгүй шүү дээ гэсэн чинь би эдийн засагчтай нь ярьчихсан байгаа чи зүгээр гарын үсгээ зураад л болно гэж хэлсэн. Хөдөө явчихаад ирэхээр болъё гэсэн чинь иргэнийхээ үнэмлэхээ үлдээчих гээд гуйгаад байхаар нь иргэний үнэмлэхээ үлдээгээд хөдөө явчихаад ирсэн чинь М.Б надтай уулзаад ирээд гарынхаа үсгийг зурчих болчихсон гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр би Б-тай цуг ““Н.с.г” ХХК дээр очиж гарынхаа үсгийг зураад гарсан, 11.500.000 төгрөгийн зээл авч **-** УНА улсын дугаартай “Тоёота приус-30 загварын машин авсан. Машинаа М.Б өөрөө унаад явсан. Үүнээс хойш 10 дугаар сард байхаа М.Б над руу залгаад би “Н.с.г” ХХК бичиг баримтыг хуурамчаар хийлгээд нэр шилжүүлж байгаад баригдчихлаа гэж хэлсэн. Хуурамч баримт бичиг үйлдсэнийг нь мэдээгүй. ...” /2 хх 189/,

гэрч Ж.Т-ы “...М.Б-тай танилцахад өөрийгөө машин зардаг гэж байсан. Тэгээд би Ланд-100 байгаа “Тоёота приус-30 сонирхож байгаа гэсэн чинь М.Б надад нэг 30 байгаа банк бусын нэр дээр байгаа гэхээр нь би тэр машиныг нь үзэж хараад 16.000.000 төгрөгт бодож аваад өөрийнхөө Ланд-100 маркийн машиныг 17.500.000 төгрөгт бодож өгөөд зөрүүнд 1.500.000 төгрөг М.Б-аас авсан. М.Б-аас авсан приус-30 нь саарал өнгийн **-** УББ гэсэн дугаартай машин байсан. Уг машинаа аваад нутгийнхаа О гэх ахад 14.000.000 төгрөгт бодоод зарчихсан. Тэгээд байж байтал “Н.с.г” ХХК ББСБ-аас над руу залгаад хулгайд алдагдсан машин, машинаа авъя гэж ярьсан. Тэгээд М.Б-тай ярьсан чинь юу яриад байгаа юм наад машин чинь хамаагүй гэж байсан. ...” /2 хх 191/,

гэрч Б.Х-ийн “... Би “Б У м” ББСБ-д эдийн засагчаар анх ажилд ороход **-** УНР улсын дугаартай “Тоёота приус-20 загварын машины төлөлтийн хугацаа хэтрэлттэй зээлдэгч М.Б нь гэрийн хаягтаа амьдардаггүй утас нь холбогддоггүй, машин нь олддоггүй байсан юм. Тэгээд манай ажлын өр барагдуулагч ажил хийдэг хүмүүс 2018 оны 08 сард уг машиныг олоод ирсэн бөгөөд манай ажлаас хурааж авсан. Үүний дараа уг машиныг хэрэглэж байсан Г гэх хүн өөрийн эхнэр Ө.Э-тэй ирээд яагаад уг машиныг хурааж авсан талаар асуухад анх М.Б гэх хүнтэй 2017 оны 10 сарын 13-ны өдөр уг машиныг 8.500.000 төгрөгт барьцаалан зээл олгосон бөгөөд тухайн зээлдэгч нь хугацаандаа мөнгөө төлөөгүй, хугацаа хэтрээд утас нь холбогдохгүй байсан учир уг машиныг хурааж авсан талаараа хэлсэн. Манай байгууллага М.Б-ыг уг машиныг цааш нь өөр хүнд зарсан гэдгийг огт мэдээгүй. ...” /4 хх 11-12/,

гэрч Ц.М-ийн “... 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Х.С гэх хүн манай “Ж Э Б к” ББСБ-д “Тоёота приус-20 загварын **-** УБЯ улсын дугаартай автомашиныг зээлийн барьцаанд тавьж 9.300.000 төгрөгийг авсан. Тэгээд гэрээнд заасны дагуу сар бүрийн 10-нд зээлийн төлөлт болох 579.137 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байсан. ... уг машиныг шилэн дээр байсан дугаар руу залгахад М гэх эмэгтэй хүн ирсэн. Тэгээд уг машиныг хаанаас авсан бэ гэж асуухад М.Б гэх хүнээс худалдаж авсан гэж хэлсэн. ...” /4 хх 91-92/,

гэрч Г.Б-ийн “... Би **-** УБС улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашиныг 2018 оны 09 дүгээр сарын 10- ны өдөр 12.700.000 төгрөгөөр худалдаж авсан. М.Б гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байсан ба М.Б нь надад итгэмжлэл хийж өгсөн. Миний хувьд автомашины худалдаа эрхэлдэг бөгөөд мөн оны 09 дүгээр сарын 13-ны өдөр С гэх хүнд 13.500.000 төгрөгөөр худалдсан. ...” /4 хх 189-190/,

гэрч Д.Ц-“ын “...М.Б найз нь нэр дээр чинь зээл гаргуулаад машин аваад цааш нь өөр хүнд зарах гэсэн юм, банк бусын мэргэжилтэн нь мэдэж байгаа, буцаагаад хүнд зараад зээлийг чинь хаачихна, асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд би М.Б-аас асуухад зээлийг чинь хаачихсан гэж байсан. Хуурамч баримт бичиг үйлдсэн гэдгийг нь мэдээгүй. ...” /2 хх 201/,

гэрч Г.С-ийн “... Би 2018 онд “Тоёота приус-30 загварын **-** УБС улсын дугаартай автомашиныг Б гэдэг хүнээс 13.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдах, худалдан авах гэрээ хийж мөнгөө бэлнээр өгч авалцсан. Уг автомашин М.Б гэдэг хүний нэр дээр байсан М.Б нь Г.Б-д итгэмжлэл хийж өгсөн байсан учир уг автомашиныг худалдаж аваад машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авсан. .../12 хх 185-186/,

гэрч Г.Б-ийн “... Би **-** УБС улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашиныг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 12.700.000 төгрөгөөр худалдаж авсан. М.Бгэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байсан ба М.Б-нь надад итгэмжлэл хийж өгсөн. ...” /4 хх 189/,

гэрч Г.С-ийн ... 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Тоёота приус-30 загварын **-** УБС улсын дугаартай автомашиныг Б гэдэг хүнээс 13.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдах, худалдан авах гэрээ хийж мөнгөө бэлнээр өгч авалцсан. Уг автомашин М.Б гэдэг хүний нэр дээр байсан. М.Б нь Г.Б-д итгэмжлэл хийж өгсөн байсан учир уг автомашиныг худалдаж аваад машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авсан. .../12 хх 185-186/,

гэрч Ц.Л-ын “...М.Б-ыг алга болохгүй гэж итгээд зээл өөрийнхөө нэр дээр гаргуулж өгсөн. Би М.Б-ыг ... өөр хүнд хувь лизингээр зарна гэж байсан болохоос биш хуурамч баримт бичиг үйлдэнэ гэж яриагүй.  ...” /2 хх 198-199/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1067 дугаартай “...Авто тээврийн үндэсний төвд хадгалагдаж буй “Н.с.г”  ББСБ-ын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №18/1066 дугаартай, 2018 оны 9 сарын 7-ны өдрийн 18/1058 дугаартай албан бичгүүдийн доор байх тэмдгийн дардсуудыг ердийн өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн, хуурамч байна. ... албан бичгүүдийн доор “Захирал” гэсний ард зурсан шинжилж буй гарын үсгүүд нь Ц.С-ийн гэх гарын үсгийн загваруудтай бүтцээрээ тохирохгүй байна. ...” гэх дүгнэлт /2 хх 217-218/,

зээлийн гэрээ, хуулбарууд /1 хх 17-18, 232-233, 2 хх 56, 62-64, 4 хх 132-134/, фидуцийн гэрээ /1 хх 19-20/, Автомашин түрээслэх гэрээ /1 хх 29-30/, фидуцийн гэрээ /1 хх 234-235/,

 А л” ХХК болон иргэн М.Бнарын хооронд байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 18060524 дугаартай Автомашин түрээсийн гэрээ /1 хх 150-151/,

М.Б, М.Б нарын хооронд байгуулсан Тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах тухай гэрээ /1 хх 161/,

М.Б, М.Т нарын хооронд хийсэн худалдах, худалдан авах гэрээ /1 хх 208/,

М.Т-ийн нэр дээрх тээврийн хэрэгслийн гаалийн хилээр нэвтрэх барааны мэдүүлэг /1 хх 208/,

“С” барьцаалан зээлдүүлэх газрын тээврийн хэрэгслийг М.Б нь барьцаалан мөнгө хүлээн авсан тухай зээлийн тооцооны хуудас /1 хх 197/,

“А п” ХХК-ийн 2019 оны 5 сарын 14-ний өдрийн 19/1-029 дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг /1 хх 229/,

Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 31/, хохирогч Б.Э, Г.Н, М.Б нарын Хаан банкны /1 хх 154-160, 2 хх 57-60, 74/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба М.Б-хыг эрх олгосон мэтээр баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-ыг 2017 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд буюу 3 жилийн хугацаанд нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. 

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг “... байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжид уг хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгох, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, амьжиргааныхаа буюу эдийн засгийн эх үүсвэр болгосон тогтвортой үйлдэл хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсонгүй.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндэс суурь, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч М.Б-н үйлдэлд дээрх нөхцөл байдлууд үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл, М.Б-ын үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд түүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай тогтоож чадаагүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан  давж заалдах гомдлыг хүлээн авч прокуророос М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнд 5 /тав/ жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Б нь М.Т-ийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, түүний бичиг баримтыг ашиглан автомашиныг “А п” ХХК-д барьцаалан 10.500.000 төгрөгийн зээлийг авсан байх тул дээрх төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж, “А п” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.  

Мөн 3 удаагийн үйлдлээр “Н.с.г” ББСБ-д хохирол учруулсан нийт хохиролд 32.998.206 төгрөгийг шүүгдэгч М.Б-аас гаргуулахаар, автомашины эзэмшилтэй холбоотойгоор Г.С, Ж.Б, Т.О нарыг шударга эзэмшигчээр тогтоож, автомашинуудыг олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд харин “А п” ХХК, “Н.с.г” ББСБ нь энэ гэмт хэргийн улмаас байгууллагад хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд, дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоос “... зүйлчлэлийг хөнгөрүүлэх...” гэсэн хэсгийг хүлээн авч бусад хэсгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч “А п” ХХК-ийн төлөөлөгч Я.М, түүний өмгөөлөгч Т.Багахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудын хамт тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч М.Б-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 86 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/682 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- “Прокуророос М.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэсэн,

-  “Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Н.с.г” ББСБ болон “А п” ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай. 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар М. Б-ыг /бүлэглэн/ залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ...” гэснийг “Шүүгдэгч М.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдыг хуурч, их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ...” гэж,

- тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

- тогтоох хэсгийн 4 дэх заалтын “... 6 /зургаан/-н жилийн ...” гэснийг “... 5 /тав/ жилийн ...” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтарсан давж заалдах гомдлоос “... зүйлчлэлийг хөнгөрүүлэх...” гэсэн хэсгийг хүлээн авч бусад хэсгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч “А п” ХХК-ийн төлөөлөгч Я.М, түүний өмгөөлөгч Т.Багахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудын хамт тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 12ы өдрөөс хойш 86 /наян зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                           ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР