Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2024/0420

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Ө.Болорчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж******* *******т ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Маргааны төрөл:

  1. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Ж******* *******" ХХК нь 2007 оны 9 сарын 24-ний өдөр байгуулагдсан. 2010 оны 6 сарын 24-ний өдрөөс аймгийн ******* сумын нутаг дэвсгэр ******* нэртэй газарт орших 62.12 гектор талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч улсын бүртгэлийн тоот гэрчилгээтэй тусгай зөвшөөрлийг 2040 оны 6 сарын 24-нийг дуустал олгосон. Манай компани энэ хугацаанд ямар нэгэн хууль зөрчсөн үйл ажиллагаа хийж байгаагүй ба зөрчил дутагдал ч гаргаж байгаагүй ба компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж ирсэн. Бид дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ хүнд хэцүү үед өөрийн боломжийн хэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Компани 2019,2020,2021 онуудад шат дараатайгаар үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж хатаагч зуух, шатаадаг зуух зэргийг шинэчлэн 4.2 тэрбум төгрөгийн шинэчлэлийн ажил хийсэн. 2021 оны 10 сарын 7-ны өдөр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 9 сарын 6-ны өдрийн 338 дугаартай шийдвэртэй манай ******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүлээн авсан. Энэ үед надад Корона вирусийн халдвар дахин илэрч маш хүнд байдалтайгаар эмнэлэгт хэвтсэн. Биеийн байдал арай дээрдэнгүүт Ашигт малтмал газрын тосны газарт хүсэлт гаргасан боловч татгалзсан хариу авлаа. Миний 10 гаруй жилийн хөдөлмөрийг цаана нь олон хүний амьдралыг ингэж нурааж байгаад маш их гомдолтой байна. Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 12 сарын 13-ны өдрийн 8/5521 тоот албан бичигт ...тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай 8/3078 тоот мэдэгдлийг 2021 оны 7 сарын 20-ны өдөр танай компанийн албан ёсны хаягаар хүргүүлсэн гэжээ. Манайд ийм мэдэгдэл ирээгүй. Хэрэв мэдэгдэл ирсэн бол бид шаардлагатай зохих арга хэмжээг даруй авах байсан. Компанийн ерөнхий захирал Б миний бие нь Ковидын халдвар 2 удаа авч маш хүнд байдалд 2021 оны 5 сараар хойш байж байна. Одоо ч биеийн байдал хэвийн биш ядрах сульдах, мартах, айдас түгшүүр төрөх зэрэг эмгэгүүд илэрсээр байна Ийм учраас өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүрсэн. Иймээс Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 338 дугаартай шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: "Ж******* *******" ХХК нь 2007 оны 09 сарын 24-ний өдөр байгуулагдсан. аймгийн ******* сумын сумын бор нуруу нэртэй газарт ашигт малтмал ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийг 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 2040 он хүртэл хугацаагаар авсан. Хэрэглээний улаан тоосгыг үйлдвэрлэдэг. Нэхэмжлэгч компани хэвийн үйл ажиллагаа явуулж байх үед буюу Коронавирусын цар тахлын үед 2021 оны 10 дугаар сард тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр ирсэн байдаг. Тэр үед компанийн захирал н.Б 06 дугаар сард ковидоор өвдөөд 10 дугаар сард цуцалсан шийдвэр ирэхэд 2 дахь удаагаа өвдсөн байсан. Цуцалсан шийдвэр гарсан талаар мэдээд торуулахад цуцалсан шийдвэр гарах болсон талаар танай компанид 07 дугаар сард мэдэгдэл хүргүүлсэн гэдэг боловч мэдэгдэл огт ирээгүй байсан. Тусгай зөвшөөрлийн төлбөрт 600,000 гаруй мянга төгрөг төлдөг байсан. Хэрэв 07 дугаар сард мэдэгдэл ирсэн бол нэхэмжлэгч төлбөрийн төлөх боломжтой байсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч 12 дугаар сарын эхээр эмнэлгээс гарсныхаа дараа урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Ашигт малтмал, газрын тосны газарт хандахад татгалзсан хариу ирүүлсэн тул шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

Эхний шүүх хуралдааны үеэр бид гардаж авсан, аваагүй гэж маргаж байсан. Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн аймаг, нийслэлийн Засаг дарга цуцлах эрхтэй байдаг. Дээрх хуулийн заалтыг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан. Тусгай зөвшөөрөл цуцлах эрх нь аймаг, нийслэлийн Засаг дарга эсхүл Ашигт малтмал, газрын тосны газрын даргын хэнд байгаа талаар тодруулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа тусгай зөвшөөрөл цуцлах эрх нь аймаг, нийслэлийн Засаг даргад байгаа боловч тусгай журамд заасны дагуу манай байгууллага цуцалсан шийдвэр гаргасан гэдэг. Иймд манай зүгээс Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалын 2 дахь заалт биелэгдээгүй гэж үзэж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлээ дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Ж******* *******т" ХХК-иас Нийслэл дэх захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд гаргасан "Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаартай шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох, цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. аймгийн ******* сумын нутаг Бор нуруу нэртэй газарт байрших 62.12 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МѴ-15604 дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 716 дугаар шийдвэрээр "Ж*******ын Р*******" ХХК -нд олгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө", 32 дугаар зүйлийн 32.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө, 34 дүгээр зүйлийн 34.6-д "Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна", 34 дүгээр зүйлийн 34.7-д "Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж заажээ. Гэтэл "Ж*******ын Р*******" ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө төлөөгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр цуцалсан нь үндэслэлтэй байна. Цуцлах үндэслэл бүрдсэн тухай" мэдэгдлийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/3078 тоот албан бичгээр, "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ******* тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн байна. Дээрх мэдэгдлүүдийг нэхэмжлэгчийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн систем /СМСЅ/-д бүртгүүлсэн албан ёсны хаяг болох " аймаг Ж******* сум Жаргалан баг 37 ШХ-198" гэсэн хаягаар хүргүүлсэн байна. Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйлд заалтыг тайлбарлах тухай тогтоолд "Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан "мэдэгдэнэ" гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно" гэж заасан бөгөөд холбогдох албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д "Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно" гэж заажээ. "Ж*******ын Р*******" ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаар шийдвэртэй холбоотой гомдлоо 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 21/121 тоот албан бичгээр Газрын даргад гаргасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана", Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана" гэж заасны дагуу хугацаанд нь гаргаагүй, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8-дах хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Мөн Ашигт малтмалын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлж чадаагүй бол төлбөрийг хойшлуулах тусгай, тухайлсан зохицуулалтыг хуульчилж өгөөгүй. Иймд "Ж*******ын Р*******" ХХК-ийн "Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаартай шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох, цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэг маргааныг үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс цуцалсан шийдвэрийг төрийн захиргааны байгууллага шийдвэрлэх үү эсхүл Засаг даргын бүрэн эрхийн асуудал уу гэдгийг тодруулахаар хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Харин нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй, мэдэгдлийг хүлээж авах боломжтой байсан талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч сая тайлбартаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуульд аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан гэж дурдаж байна. Орон нутагт шинээр түгээмэл тархацтай ашигт малтмал олгосон тусгай зөвшөөрлүүд нь орон нутагтаа харьяалагдаж байгаа. Тус хууль 2014 онд батлагдахаас өмнө олгосон тусгай зөвшөөрлүүд Ашигт малтмал, газрын тосны газарт харьяалагдаж байгаа. Хуулийг дагаж мөрдөх журам гараагүй. Тусгай зөвшөөрлийг олгосон этгээд тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн Ж******* *******т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 338 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй үндэслэлээр Ж******* *******т ХХК-ийн ******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 онд батлагдсанаар Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн хэрэгжүүлдэг байсан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах чиг үүрэг Аймаг, Нийслэлийн Засаг даргад шилжсэн байна.

Тодруулбал Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 11.2.5-д харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох;, 35.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл доор дурдсан тохиолдолд дуусгавар болно:, 35.1.3-д аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан. 37.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална: гэж тус тус заасан байна.

Иймд дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг гаргах үед тус газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй, ийм чиг үүрэг, эрх хэмжээ хариуцагчид байхгүй байсан байна.

Дээрхээс үзэхэд хариуцагчийн хуулиар олгогдоогүй эрх хэмжээ, чиг үүргийг хэрэгжүүлсэн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан; гэж заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж томьёолсон хэдий ч шүүх дээрх 338 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн ба энэ нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудал болохгүй юм.[1]

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тус компанийн захирал нь тухайн үед Корона вирусийн халдвар авч маш хүнд байдалтайгаар эмнэлэгт хэвтсэний улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж чадаагүй, тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн мэдэгдлүүдийг манайд ирүүлээгүй, буруу хаягаар хүргүүлсэн гэсэн үндэслэлүүдээр маргаж байх хэдий ч эдгээр үндэслэлүүд нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах хэмжээний үндэслэл болж чадахгүй байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэсэн үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн болно.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд:

Иргэдийн төлөөлөгч Б.******* нь Нэхэмжлэгч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Үүргээ биелүүлж чадахгүй бол цаашид ашигт малтмал олборлохтой холбоотой бусад үүргээ яаж амжилттай биелүүлж байгаа нь эргэлзээтэй санагдаж байна. Нэхэмжлэх талын үйл ажиллагааны улмаас 40 гаруй айл өрхийн асуудал яригдаж байна гэж байгаа хэдий ч анхан шатны үүргээ биелүүлж чадахгүй байгаа нөхцөл байдал харагдаж байгаа тул одоо хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд итгэл төрөхгүй байна гэж хувийн зүгээсээ дүгнэж байна гэсэн дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан байна.

Дээрх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх анхан шатны үндсэн үүргээ биелүүлээгүй байна гэсэн агуулгаар дүгнэсэн байгаа нь үндэслэлтэй боловч хариуцагч нь нэгэнт өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан болох нь тодорхой тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгчийг уг дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж******* *******т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 338 дугаар шийдвэрийн Ж******* *******т ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ж******* *******т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ