| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2210000000954 |
| Дугаар | 2022/ДШМ/1200 |
| Огноо | 2022-12-20 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Н.Нямдорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2022/ДШМ/1200
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Нямдорж,
шүүгдэгч Г.И, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 2022/ШЦТ/725 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.И, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.И-д холбогдох 2210 00000 0954 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Г.И Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн шинжээч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: **********/;
Шүүгдэгч Г.И нь хуурч бодит байдлыг нуух замаар хохирогч Б.С-ыг төөрөгдөлд оруулж, “БНХАУ-аас үнийн уян хатан нөхцөлтэй квадрат төмөр нийлүүлэх боломжтой” мэтээр итгүүлэн 2022 оны 6 дугаар сарын 6-наас 27-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 136.259.000 төгрөгийг Хаан банкны өөрийн эзэмшлийн данс руу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч хохирогч Б.С-д 136.259.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.И-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.И-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт хавсаргаж ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И-аас 100.979.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.С-д олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.И давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие өөрийн хийсэн буруу үйлдэл, болчимгүй зангаасаа болж Б.С-д учруулсан онц их хэмжээний буюу 136.259.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан билээ. Би өөрийн хэнэггүй, ажилд туршлагагүй, хайнга болчимгүй гэнэн зангаасаа болж бусдыг бие, сэтгэл санаагаар хохироосондоо үнэхээр их харамсаж, гэмшиж байна. Би 2017 онд БНХАУ-д суралцаж бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд 2018 оноос эхлээд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Дальянь хотод Эдийн засгийн их сургуульд суралцаж байгаа бөгөөд тус сургуульд магистрийн зэрэг хамгаалахад 1 жилийн хугацаа дутуу байгаа билээ. Их сургуулиа төгсөөд улсдаа мэргэжлээрээ ажиллах хүсэл мөрөөдөлтэй ид хийж бүтээх насан дээрээ ийм хэрэгт орооцолдож, гэр бүлээ зовоож байгаадаа үнэхээр гутарч байна. Би анх удаа гэмт хэрэгт холбогдсон тул залуу нас ирээдүйг минь бодож, надад оногдуулсан хорих ялыг өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.И-ийн өмгөөлөгч С.Тэгшжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 2022/ШЦТ/725 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
1. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.И-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн байдалтай огтоос маргаагүй гэдгийг илэрхийлэх нь зүйтэй.
2. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлээ тодорхойлохдоо шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээсэн боловч гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас эрх нь хүний хууль ёсны эрх сэргээгүй буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг арилаагүй зэргийг харгалзан тухайн зүйлчлэлд заасан хүнд төрлийн ялыг сонгон хэрэглэсэн байна. Үүнтэй холбоотойгоор миний үйлчлүүлэгчийн ар гэрээс санаачлага гаргаж, хохирогч болон түүний өмгөөлөгчтэй богино хугацаанд уулзаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулах байдлаар хохирогчтой ойлголцож, гэмт хэргийн улмаас бий болсон хохирол, хор уршигийг арилгаад байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруудаа шүүгдэгч дүгнэлт хийж буй байдал, учирсан хохирол, хор уршигийг арилгасан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй зэргийг харгалзан, шударга ёсны зарчимд нийцүүлэн оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх байдлаар өөрчилж торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэл бий болоод байна.
3. Миний үйлчлүүлэгч Г.И нь залуу насандаа бизнес хийх байдлаар амьдралаа авч явах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөх явцдаа бусдын эрхийг зөрчсөн харамсал дүүрэн хэрэг үйлдсэн ч өөрийн гэм буруу үйлдэлдээ чинь сэтгэлээсээ гэмшиж, гэмт хэргийн улмаас бий болсон хохирол, хор уршгаа арилгасан, түүний хувийн байдал зэргээс харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн, торгох ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид хуулиар олгосон онцгой бүрэн эрх тул хэргийн нөхцөл байдалд тал бүрээс нь дүгнэлт хийх байдлаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Б.С-ын өмгөөлөгч Б.Чинбатаас дээрх давж заалдах гомдлуудад бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... Анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч Г.И болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн шүүх хурал завсарлаж шүүхээр гэм буруутайд тооцсоны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирол төлөх 5 хоногийн завсарлага авах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хэрэгсэхгүй болгож, хэргийг эцэслэн шийдвэрлэж, ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх анхаарч үзэх зайлшгүй шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.И нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа төлөхөө шийтгэх тогтоол гарахаас өмнө илэрхийлж, хохирол нөхөн төлөх завсарлага хүссэн боловч түүний хуулиар олгогдсон эрхийг нь хууль бусаар хааж, эрх зүйн байдлыг дордуулж ял шийтгэл оногдуулсныг анхаарч үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Г.И болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг дэмжиж байна. ...” гэжээ.
Прокурор Н.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шатанд Г.И нь хохирлын зарим хэсгийг төлөөд үлдэгдэл хохирол төлбөртэй нөхцөл байдалтай байсан. Давж заалдах шатны шүүхийн шатанд хохирол төлсөн байна. Хорих ялыг торгуулийн ялаар солих үндэслэл байхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт эрүүгийн хариуцлагыг бусад хүмүүст халдааж болохгүй талаар хуульчилсан. Өмгөөлөгчийн хэлж байгаагаар Г.И-ийн учруулсан хохирол болон торгох ялыг ар гэрийн зүгээс төлнө гэсэн байдлаар тайлбарлаж байна. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн хүн хуульд заасан хариуцлагаа өөрөө хүлээх ёстой зарчим алдагдахад хүрээд байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Г.И нь хуурч бодит байдлыг нуух замаар хохирогч Б.С-ыг төөрөгдөлд оруулж, “БНХАУ-аас үнийн уян хатан нөхцөлтэй квадрат төмөр нийлүүлэх боломжтой” мэтээр итгүүлэн 2022 оны 6 дугаар сарын 6-наас 27-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 136.259.000 төгрөгийг Хаан банкны өөрийн эзэмшлийн данс руу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч хохирогч Б.С-д 136.259.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.С-ын “... Би “Н п” ХХК-ийн захирлаар 2016 оноос хойш ажиллаж байна. ... Г.И нь 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр манай оффист ирсэн. Тэгээд надад 100 боодол төмрөөс 54 боодол төмрийг 321.000.000 төгрөгөөр нийлүүлэх саналыг тавьсан. Тэгээд төлбөрийг уян хатан нөхцөлөөр гэх урьдчилгаа 80.000.000 төгрөгийг төлснөөр төмрийг 100 хувь Монголд оруулж ирсний дараа үлдэгдэл мөнгө болох 200.000.000 гаран сая төгрөгийг хуваан төлөх нөхцөлтэй гэрээ хийж, манай компаниас урьдчилгаа 20.259.000 төгрөг авахаар болсон. Би Голомт банкны өөрийн эзэмшлийн данснаас Г.И-ийн данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш 6 дугаар сарын 22-ны өдөр “төмөр Монголд ирчихлээ, одоо гаалийн тээврийн зардлаа төлөхөд мөнгө дутаад байна” гээд 6.000.000 төгрөг, мөн сарын 23-ны өдөр 10.000.000 төгрөг, 24-ний өдөр 20.000.000 төгрөг, 27-ны өдөр 20.000.000 төгрөг гэх мэтээр 7 удаагийн гүйлгээгээр нийт 136.259.000 төгрөгийг хуурч авсан. ... Тэгээд аргаа бараад “чи үнэн хэлж байгаа бол вагоны зураг явуул” гэсэн боловч юу ч ирээгүй, дараа нь 7 дугаар сарын 9-ний өдөр 14 боодол буюу 35.280.000 төгрөгийн үнэ бүхий төмөр манай хашаанд ирсэн, “үлдэгдэл төмрийг би араас нь явуулна” гээд ирээгүй. ... Гэтэл 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “С т” ХХК-иас “танай компани 14 боодол 35.280.000 төгрөгийн төмөр авсан хэзээ мөнгөө өгөх бэ” гэж асуусан, би “манайх тийм төмөр аваагүй” гэдгийг хэлж, Г.И манай компанийн нэрийг барьж залилсан талаар мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. ...” /1 хх 68, 70-71/,
гэрч Ч.Б-ийн “... 2022 оны 1 дүгээр сараас өөрөө барилгын бараа материал оруулж ирж байгаа талаар хэлж барааг нь хүртэл би харсан бөгөөд сүүлдээ арматур төмөр оруулж ирж байгаа талаар хэлсэн юм. ... Г.И болон Б.С захирлыг хооронд нь уулзуулж ярилцаад гэрээ хийсэн боловч гэрээнд заасан хугацаанд төмөр ирээгүй. Энэ хоёр хүний хооронд ямар яриа хэлэлцээр болсныг сайн мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар Б.С нь төмөр авахаар урьдчилгаа 80.000.000 төгрөгийг Г.И-д өгсөн бөгөөд Г.И нь БНХАУ-аас нэмэлт квадрат төмөр авах захиалга хийнэ гэж хэлээд авсан. Гэрээнд зааснаар ямар ч төмөр нийлүүлээгүй. ...” /1 хх 80-81/,
гэрч Ц.Б-ын “... Би С-ыг танихгүй, Г.И нь 2022 оны 7 дугаар сарын эхээр манай төмөр зардаг газар ирээд “арматур төмөр авъя” гэж хэлээд урьдчилгаа 10.000.000 төгрөгийг компанийн данс руу шилжүүлэн “төмрөө ачаад өгчих, үлдэгдэл мөнгийг одоо шилжүүлнэ” гэж хэлэхээр нь итгээгүй. ... Хөдөө яваад ирэхэд манай ажилтнаас “Н п” ХХК-д квадрат төмөр нийлүүлнэ гэж хэлээд 44.000.000 төгрөгийн бараа авч урьдчилгаа төлбөр төлөөд үлдэгдэл 24.755.000 төгрөгийг банк хооронд шилжүүлсэн гэж худлаа хэлээд авсан байсан тул цагдаад гомдол гаргасан. ...” /1 хх 86/ гэсэн мэдүүлгүүд,
Бараа худалдах, худалдан авах гэрээ, квадрат төмөр нийлүүлэх гэрээ /1 хх 10-15/, уг гэрээний дагуу Б.С-аас Г.И-ийн данс руу гүйлгээ хийсэн баримт /1 хх 38-45/, хохирогч Б.С, Г.И нарын цахим хэрэгслээр харилцаж байсан зурвасууд /1 хх 46-49/, Г.И-ийн Хаан банкны дансны хуулбарууд /1 хх 52-63/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.И-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.И-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, зарим хохирол нөхөн төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Г.И-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан нөхцөл байдал, хохирогч Б.С-аас “... гомдол саналгүй...” гэсэн хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.И нь 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 49 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /49х15.000=735.000/ эдлэх ялаас нь хасаж /10.000.000-735.000=9.265.000/, түүний эдлэх ялыг 9.265.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Г.И нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Г.И, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 2022/ШЦТ/725 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... шүүгдэгч Г. И-г 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “... шүүгдэгч Г.И-г 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.И-ийн нийт цагдан хоригдсон 49 хоногийн нэг хоногийн хорих ялыг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /49х15.000=735.000/, эдлэх ялаас нь хасаж /10.000.000-735.000=9.265.000/, түүний эдлэх ялыг 9.265.000 /есөн сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.” гэсэн,
- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Г.И-д шүүхээс оногдуулсан 9.265.000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн,
- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.И нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн,
- “Шүүгдэгч Г.И нь хохирогч Б.С-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын үлдэгдэл болох 100.979.000 төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
4. Шүүгдэгч Г.И-г нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ М.АЛДАР