Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2024/0427

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: В******* ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Маргааны төрөл:

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь хариуцагчийн 2017 оны 8 сарын 23-ны өдрийн А/236 дугаар тушаалаар Богдхан Уулын Дархан Цаазат газрын Арцатын аманд 10001,2 м.кв газрыг ашиглах эрхтэй болсон ба 2022 оны 12 сарын 16-нд газар ашиглах эрхийг хариуцагч нь 5 жилээр сунгасан байсан. Харин маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тул тус актын улмаас эрх, ашиг сонирхол нь шууд хөндөгдөж байгаа юм. Иймд нэхэмжлэл гаргах эрх бүхий гэж үзэж байна.

1.2 Шүүхэд шууд хандах боломжтой талаар.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.4-т "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана." гэж заасан. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулиудад "Яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн." гэж заасан. Яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлэх бөгөөд сайдын дээд шатны буюу түүний гаргасан тушаал, шийдвэрийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий албан тушаалтан, захиргааны байгууллага байхгүй гэж үзэж байна. Иймд сайдын гаргасан маргаан бүхий актыг хянан шийдвэрлүүлэхээр шууд шүүхэд 1.3 Хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд хандаж байгаа талаар хандаж байгаа болно. Маргаан бүхий акт нь 2023 оны 9 сарын 25-ны огноотой. Харин "В******* Г******* П*******" ХХК-д 2023 оны 11-р сарын 1-ний өдөр мэдэгдэж, хүлээлгэн өгсөн. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны бичиг хэргийн бүртгэлийн дэвтрийг шүүх нотлох баримт бүрдүүлэх явцдаа авч, энэхүү огноог шалгах боломжтой.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.4-т заасан 30 хоногийн дотор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байгаа болно.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, агуулга

Маргаан бүхий актын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5 болон 40.1.6 дахь хэсгүүд болжээ. Өөрөөр хэлбэл 2 үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй

Гэвч дээрх 2 үндэслэл бодит байдалд огт бүрдээгүй.

2.1 Газрын төлбөр төлөөгүй шалтгаанаар газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл бүрдээгүй тухайд

Нэхэмжлэгч компани нь 2019 оны 11 сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай "Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ"-г 2022 оны 8 сарын 23-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулж байсан. Тус гэрээнд газрын төлбөрийг 1 жилийн 14,707,100 төгрөгөөр тогтоосон. Нэхэмжлэгч компанийн зүгээс хууль, гэрээнд заасан төлбөрийн үүргээ бүрэн биелүүлж, газрын төлбөрөө бүрэн төлсөн. Үүнийг 2022 оны 2 сарын 7-нд Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албатай үйлдсэн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, 2022 оны 8-р сарын 2-нд "Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа"-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн 828 дугаартай саналаар тус тус нотолно. 2022 оны 2 сарын 7-нд үйлдэгдсэн актаар 2021 оны 12 сарын 31 хүртэлх хугацааны төлбөрийн үлдэгдэлгүй болохыг баталгаажуулсан байдаг бол 828 дугаартай саналд 2022 оны 8-р сарын байдлаар газрын төлбөрийн үлдэгдэлгүйг тодорхойлжээ. Үүгээр 2019 оны 11 сарын 11-ний өдөр байгуулагдсан гэрээний хүчинтэй хугацааны туршид газрын төлбөрийн ямар ч өр төлбөргүй байсан нь тодорхой харагдана. Энд дурдсан 828 дугаартай саналын хувьд нэхэмжлэгч компанийн газар ашиглах хугацаа дуусаж, улмаар хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу холбогдох материалуудыг бүрдүүлэн, газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг судлан шийдвэрлэх явцад гарсан болно. Энэхүү санал болон бусад нөхцөл байдал, холбогдох материалуудыг судалсны үндсэн дээр хариуцагчийн зүгээс 2022 оны 12 сарын 16-нд захирамж гарч, 2023 оны 4 сарын 13-ны өдөр газар ашиглах эрхийг сунгасан бүртгэлийг газар ашиглах гэрчилгээний хавсралтад албан ёсоор бүртгэж өгсөн. Хэдийгээр газар ашиглах гэрээ төрийн байгууллагуудын үйл ажиллагаанаас шалтгаалан хийгдээгүй байсан ч нэхэмжлэгчийн зүгээс газрын төлбөрийг гэрээний хугацаа дууссан ч үргэлжлүүлэн төлсөөр байсан. Иймд газрын төлбөртэй холбоотойгоор газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл огт үүсээгүй юм. 2.2 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2-оос дээш жил ашиглаагүй гэсэн дүгнэлт буруу тухайд: Өмнө дурдсанаар нэхэмжлэгч нь хариуцагчийн 2017 оны 8 сарын 23-ны өдрийн А/236 дугаар тушаалаар газар ашиглах эрхтэй болж, 2019 оны 11 сарын 11-ны өдөр эрх бүхий субъектүүдтэй газар ашиглах гэрээ байгуулсан. Гэрээнд газрыг "Аялал жуулчлал" зориулалтаар ашиглахыг тогтоосон. Үүнээс хойш нэхэмжлэгч компани "Д 1.0" төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Энэ төслийн гол зорилго нь Монгол орны үзэсгэлэнт байгалийн нэг болох Богдхан уулын дархан цаазат газрын бүсэд өндөр хурдны интернет, мэдээллийн технологийн бүхий л нөөцийг бүрдүүлсэн аялах, амрах орчныг бий болгож, түүнд дотоодын болон гадны иргэд жилийн 4 улиралд амрангаа ажиллах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн. Энэхүү төслийн гол бүтээн байгуулалт буюу барилга байгууламжуудыг газар ашиглах эрхтэй болмогц шууд бариад явах боломжгүй, судалгаа шинжилгээ, зураг төсөл, зөвшөөрлүүд, дэд бүтцийн шийдэл болон төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гээд шат дараатай, нэг нь нөгөөгөөсөө хамаарах, цаг хугацааны хувьд дараалах олон ажлууд бий. Нэхэмжлэгч манай компани эдгээр ажлуудыг ээлж дарааллаар нь бүгдийг хийсээр өнөөдрийг хүрээд байгаа. Үүнд маш их хэмжээний зардал, хөрөнгө оруулалт ч гарсан. Тухайлбал: "Э" ХХК-тай гэрээ байгуулж "Төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө /2020-2024 он/"-г боловсруулсан ба Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч баталгаажуулсан.

2020 оны р 7 сарын 20-нд "Б" ХХК-тай "Зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ" байгуулж, "Д 1.0" төслийн иж бүрэн ажлын зураг төсөл зохиолгох ажлыг гүйцэтгүүлсэн.

Гэрээ 2020 оны 9 сарын 30-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас батлагдсан. 2021 оны 6 сарын 29-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газраас Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан. 2021 оны 9 сарын 20-ны өдөр "Б" ХХК-тай Инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. 2021 оны 10 сарын 19-нд "Э" ХХК-тай "Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан боловсруулах гэрээ" байгуулан ажилласан. 2022 оны 2 сарын 7-нд "" ХХК-тай "Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны тайлан боловсруулах гэрээ" байгуулан ажилласан ба холбогдох дүгнэлт гарч, эрх бүхий агентлаг баталгаажуулсан. 2022 оны 5 сарын 19-ны өдөр "Газар ашиглах гэрээ дүгнэх хуудас"-ыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай баталгаажуулан үйлдсэн.

2022 оны 10 сарын 13-ны өдөр "А*******" ХХК-тай 100 ширхэг мод тариулах гэрээ байгуулан ажилласан. "УБЦТС" ТӨХК-аас нийлүүлж буй цахилгаан эрчим хүчний магистрал төв шугамаас огтлол хийж авах ажлыг гүйцэтгүүлэхээр "Х*******" ХХК-тай "Дулаан болон цахилгаан эрчим хүчний шугамд холбох гэрээ" байгуулан ажил гүйцэтгүүлсэн. Бусад Төслийн ажилтай холбоотой олон баримтууд байгаа бөгөөд шүүх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тухай бүрийг нотлох баримтаар гарган өгөх, гаргуулах ажиллагааг гүйцэтгэх болно/. Эдгээр ажлууд нь бүхэлдээ аялал жуулчлалын төслийн үйл ажиллагаа бөгөөд тухайн цаг хугацаанд Ковид-19 цар тахал дэлхий дахинд, Монгол Улсад дэгдэж, удаан хугацааны хөл хорио, онцгой байдлын дэглэм тогтож байв. Манай компанийн газар ашиглах эрх 2022 оны 8-р сард дуусаж байсан учир уг эрхээ сунгуулах үйл ажиллагаа явуулахад Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа энэхүү газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа талаар хангалттай судалж, тогтоосон гэж ойлгодог. Энэ дагуу 2022 оны 8-р сарын 2-нд "Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа"-аас газар ашиглах зориулалт зөрчигдөөгүй байгааг дүгнэж, ашиглах эрхийг сунгаж өгөх саналыг өгч байв. Энэхүү саналыг яамны зүгээс мөн судалж, хугацааг сунгасан захирамжийг 2022 оны 12 сарын 16-нд гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл 2022 оны 12 сарын 16-ны байдлаар газар ашиглах үйл явц зөрчилгүй гаж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа ч, яам ч тогтоосон. 2022 оны 12 сарын 16-аас маргаан бүхий акт гарсан өдрийн хооронд байгаа нь Газрын тухай хуулийн онд 10 сарын л хугацаа өнгөрөөд 40-р зүйлийн 40.1.6-д *... 2 жил ашиглаагүй" гэсэн нөхцөлийг хангах боломжгүй нь тодорхой юм. Иймд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2-оос дээш жил ашиглаагүй гэсэн дүгнэлт нь огт үндэслэлгүй байна. Захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим зөрчсөн тухайд : 3.1 Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан дархан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зүгээс нэхэмжлэгч компанийн газар ашиглалтын нөхцөл байдал, төслийн үйл явцыг мэдэж байсан буюу энэ талаар хангалттай баримтууд эдгээр төрийн Байгууллагад бий. Эрх бүхий этгээдийн олгосон эрхийг авсан нэхэмжлэгч нь эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх зардал, мөнгө гаргасан, гаргасаар байгаа учир захиргааны байгууллага тус этгээдийн "хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим"-ыг баримтлах ёстой. Ѳөрөөр хэлбэл "газар ашиглалтын ямар ч зөрчилгүй байна" гэж дүгнэчхээд түүнээс 10 сарын дараа гэнэт "2 жил газраа ашиглаагүй байжээ" гэж дүгнэж, улмаар газар ашиглах эрхийг нь хүчингүй болгох учиргүй.

3.2 Маргаан бухий акт нь "бодит нөхцөлд тохирсон байх" зарчмыг зөрчсөн. Дээр дурдсанаар газар ашиглах эрх цуцалсан үндэслэлүүд нь бодит нөхцөл байдалд үүсээгүй байсан.

3.3 Маргаан бүхий акт буюу нэхэмжлэгчийн хувьд маш их хохирол дагуулах, эрх ашиг сонирхлыг нь шууд хөндөх акт гаргахдаа захиргааны зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д заасан "... тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" зарчмыг заавал баримтлах ёстой байсан. Хариуцагчийн зүгээс сонсох ажиллагаа явуулаагүй. Ийм төрлийн акт гаргах талаар судалж байгаагаа урьдчилан мэдэгдэж, актын чиглэгдэж байгаа этгээд буюу нэхэмжлэгчээс байр суурь, тайлбарыг нь сонссон бол энэхүү маргаан бүхий акт гарахгүй байх боломжтой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-р зүйлд заасан үйл ажиллагаа хийгдээгүй нь дангаараа маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болж болно.

4. Шүүхээс гаргуулахыг хүсэж буй шийдвэр

Дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа захиргааны үйл ажиллагааны тусгай журмууд, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн, үндэслэлгүй буюу хууль бус байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.1-т заасны дагуу Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 сарын 25-ны дугаартай "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани нь Байгаль орчны аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/236 тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд 1001.2 м.кв газрыг ашиглах эрхтэй болсон. Гэтэл газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрийг төлөөгүй гэсэн хоёр үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Манай зүгээс энэхүү тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь нэхэмжлэгчийн хувьд газар ашиглаж эхэлснээс хойш газрын төлбөрөө хугацаанд нь төлж байсан нь он оны газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Анх тус газарт аялал жуулчлалын зориулалтаар Д 1.0 гэх төслийг хэрэгжүүлэхээр газар ашиглах эрхээ авсан. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд барилга байгууламж барих шаардлагатай. Барилга байгууламжийг барихын тулд ажлаа эхлэхээс өмнө төрийн байгууллагуудаас хэд хэдэн зөвшөөрөл авах шаардлагатай болсон. Тусгай зөвшөөрлүүдийг авахын тулд нэлээдгүй баримт бичгүүдийг бүрдүүлдэг. Тэдгээр баримт бичгүүд болон төслийг эхлүүлэхэд шаардлагатай ажлуудыг хийхийн тулд мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулан тооцоо, судалгаа хийлгэх зэрэг олон урьдчилсан бэлтгэл ажлуудыг хийх байсан. Мөн Монгол Улсад болон дэлхий даяар коронавирусын тархалт үүссэнтэй холбоотойгоор зарим нэг бэрхшээлүүд үүсэн нөхцөл байдлууд байгаа. Төрийн байгууллагуудын зүгээс тодорхой бичиг баримтуудыг гаргаж өгөхөд удаашруулсан тохиолдол ч бий. Хэдийгээр дээрх нөхцөл байдлууд байгаа боловч төлөвлөсөн ажлуудыг хийж тодорхой зардлууд гаргаж байсан. Захиргааны байгууллагын шаардсанаар тухайн цаг хугацаанд мод тарих мөн газраа тойруулан хашаа барих ажлуудыг хийж байсан. Өөрөөр хэлбэл газраа зориулалтын дагуу ашиглахын тулд тодорхой ажлуудыг өнөөдрийг хүртэл тогтмол хэрэгжүүлсээр ирсэн. Газраа зориулалтын дагуу ашиглах гэдгийг зөвхөн шон босгож, хашаа татах, суурь цутгах зэрэг нүдэнд харагдахуйц байдлаар ямар нэгэн юм хийснийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөд зориулалтаар ашиглаж байсан учраас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хянаж үзээд нэхэмжлэгчийн газар нь бусдын газартай давхцалгүй,газар ашиглалтын зөрчилгүй, газрын төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрх, гэрчилгээний хугацааг сунгах саналыг Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд уламжилж байсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яам саналыг нь дэмжиж 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөх газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай 2023 оны 04 сарын 13-ны өдрөөр газар ашиглах эрхийг сунгасан бүртгэлийг газар ашиглах гэрчилгээний хавсралтад албан ёсоор бүртгэж өгсөн. Хэдийгээр төрийн байгууллагуудын үйл ажиллагаанаас хамаарч газар ашиглах гэрээ хийгдээгүй байгаа ч нэхэмжлэгчийн хувьд газрын төлбөрөө үргэлжлүүлэн төлсөн. Иймд газрын төлбөрөө төлөөгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оноос эхлэн уг төслийг хэрэгжүүлэх менежерээр ажиллаж байгаа. Уг төслийг бид санаачлан хэрэгжүүлэх гол зорилго нь Д гэх дэлхий нийтээр тархан байршдаг ажлын байр бий болсон аялал жуулчлалын салбараа дэмжиж, технологийн салбарт суурилан ажилладаг инженерүүдийн мэдээлэл,туршлага солилцохоор гадаад улсаас инженерүүдийг аялал жуулчлалын зориулалтаар ирүүлэхээр энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн. 2017 оны 08 дугаар сард гэрчилгээ авч 2019 оны 11 дүгээр сард гэрээ байгуулснаар уг газраа ашиглаж эхэлсэн. Ийнхүү бид нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдсан олон ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, тухайн үнэлгээг хийлгэхэд шаардлагатай нөлөөллийн үнэлгээ, төлөв байдлын үнэлгээ зэрэг шат дараатай ажлуудыг хийж ирсэн. Мөн 2021 онд Хот байгуулалт, хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан. Барилга барих зөвшөөрөл авах ажил үргэлжилж байх хугацаанд буюу 2021 оны 08 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Авлигатай тэмцэх газар, Хот байгуулалт, хөгжлийн газар зэрэг төрийн байгууллагууд хамтарсан сонсох ажиллагаа хийхэд манай компанийг дуудаж оролцуулсан. Тус ажиллагааны хүрээнд төрийн байгууллагууд дээрх төслийн мэдээллийн зөрүү үүссэн байна гэж нарийвчилсан үнэлгээнд тодотгол хийлгэхийг зөвлөсөн. Тухайн үед ковид-19 цар тахлын үед төрийн байгууллагын үйлчилгээ авах бусад байгууллагын санхүүгийн бэрхшээл зэрэг шалтгаанаас үүдэн төслийн ажил бага зэргийн удаашралтай байсан. Хэдий ийм нөхцөл байдал үүсэн ч бид гэрээгээр хүлээсэн үүрэг болох газрын төлбөр төлөх, бусад менежментийн төлөвлөгөөг цаг тухайд нь биелүүлж байсан. 2022 оны 08 дугаар сард газар ашиглах хугацаа дууссантай холбоотойгоор газрын хугацаа сунгах хүсэлтүүдийг өгсөн. 2020 оны 10 дугаар сард тухайн газарт нарийвчилсан үнэлгээ хийсэнтэй холбоотойгоор газартаа хашаа барьж төслөө эхлүүлэх зөвшөөрлийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас олгосон. Үүний дараа бид төрийн байгууллагаас барилга барьж эхлэх зөвшөөрөл болон бусад ажлуудыг хийж байсан. Сонсох ажиллагаагаар нарийвчилсан үнэлгээнд дахин тодотгол хийх шаардлагын дагуу манай барилга барих ажил түр зогссон. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас дэмжих бичиг хийж өгөх, яамнаас бусад бичиг баримтууд бүрдүүлж хүсэлтээ өгөх, эсвэл хамгаалалтын захиргаанаас дэмжих бичиг дахиж шаардах асуудлууд яригдсан.2022 оны 05 дугаар сард цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас хашааны нэг хэсэг нурсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байцаагчтай холбогдоход танайх дахин нарийвчилсан үнэлгээний тодотгол хийх гэж байгаа учраас нарийвчилсан үнэлгээний тодотголоо хийлгэсний дараа дахин хашаагаа барь, нурсан хашаагаа буулга гэсэн хүсэлт өгсний дагуу бид 2022 оны 05 дугаар сард барьсан байсан хашааг буулгасан. Бид хугацаа сунгуулах хүсэлт өгснөөс хойш яам өөр газар руу нүүх, албан тушаалтнуудын шилжилт хөдөлгөөнүүд байсан учраас хариуцаж байгаа хүн нь олдохгүй эргэж холбогдож асуухад нэлээн хүндрэлтэй, удаашралтай байсан. 2023 оны 1 дүгээр улиралд тушаал, шийдвэр гарсан эсэх талаар би утсаар лавлаж тодруулж, 02 дугаар сараас хойш шаардлага тавихад хариуцагчийн зүгээс дарга томилолттой байгаа, эсхүл хариуцсан ажилтан нь өвчтэй байгаа гэсэн шалтгааны улмаас хойшилж явсаар 04 дүгээр сарын 25-ны өдөр гэрчилгээг хүлээж авсан. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: В******* э******* г******* п******* ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" тушаалыг хүчингүй болгох" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн гарсан. Мөн тус тушаал нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн нэхэмжлэгчид олгосон 10001 м.кв газрын газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2. "хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх." гэж заасан. Үүний дагуу хариуцагч захиргааны байгууллагаас өөрийн албан ёсны цахим хуудаст сонсох ажиллагааны мэдэгдлийн байршуулсан боловч тогтоосон хугацаанд нэхэмжлэгч хариу тайлбар болон холбогдох баримтаа ирүүлээгүй. Мөн 2022-2023 оны газрын төлбөрийн нэхэмжлэл үүссэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөрөө хугацаанд төлөөгүй, мөн газраа зориулалтын дагуу ашиглаагүй байдаг. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул "В******* э******* г******* п*******" ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, мөн Газрын тухай хуулийн 41 зүйлийн 41.5, 41.6 дахь заалтуудыг тус тус үндэслэж гарсан. Мөн тус тушаал нь Монгол Улсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн нэхэмжлэгчид олгосон 10001 м.кв газар ашиглах эрхийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал сонсох ажиллагаатай холбоотой маргадаг боловч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т "хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх" гэж заасны дагуу хариуцагч байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсгох боломжоо ашиглан өөрсдийн албан ёсны цахим хуудаст байрлуулсан байдаг. Гэвч үүнтэй холбоотой хариу тайлбарыг нэхэмжлэгч талаас ямар нэгэн байдлаар ирүүлээгүй. Газрын төлбөрийн тухайд холбогдох захиргааны байгууллагаас ирүүлсэн баримт буюу хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2023 оны төлбөрөө төлөөгүй болох нь тогтоогддог. Тооцоо нийлсэн актаас үзэхэд нэхэмжлэгч 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 10,801,080 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд маргаан бүхий тушаалын үндэслэлд заасан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлийн тухайд нэхэмжлэгч талаас сая хэлсэн тайлбартаа газар дээр бид ямар нэгэн үйл ажиллагаа эхлээгүй, үйл ажиллагаа явуулахын тулд урьдчилсан бичиг баримттай холбоотой ажлуудаа хийх нь өөрөө зориулалтын дагуу ашигласан гэж тогтоогдож байна гэж тайлбарлаж байна. Гэтэл Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Дээд шүүхийн тогтоолоос харахад газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь газар эзэмших гэрчилгээ олгосноос хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй гэж. Энэ нь дотроо барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт байхыг ойлгоно. Мөн нэхэмжлэгч тал тайлбартаа гэрээ байгуулаагүй гэж дурдаж байгаа нь энэ маргаантай хамааралгүй. 2020 оноос хойш зохих байгууллагад гэрээ байгуулах талаар хүсэлтээ ирүүлсэн бол тухайн асуудлыг шийдвэрлээх боломжтой байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг газрын төлбөрийг заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй болон газраа зориулалтын дагуу хоёроос дээш жил ашиглаагүй гэсэн 2 үндэслэлээр хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч нь анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/236 дугаар тушаалаар маргаан бүхий газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгосон байна.

Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/578 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг 2027 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан байна.

Гэтэл нэг жил хүрэхгүй хугацааны дараа сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

Учир нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №2019/388 тоот Газар ашиглах тухай гурван талт гэрээ-г дүгнэж, цаашид нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг 5 жилээр сунгах боломжтой гэж үзэж дээрх сайдын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/578 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг сунгасан атлаа сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.

Тодруулбал, дээрх тушаалууд гарсан цаг, хугацаанаас үзэхэд, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сунгасан атлаа нэг жил хүрэхгүй хугацааны дараа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл, нөхцөл бий болоогүй байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан нь хуульд нийцэхгүй байна.

Газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/236 дугаар тушаал, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №2019/388 тоот Газар ашиглах тухай гурван талт гэрээ-нээс үзэхэд, нэхэмжлэгчид газар ашиглах эрхийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл олгосон байх ба харин нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сунгахдаа өмнөх газар ашиглах эрхийн хугацаа дууссанаас хойш 3 сар гаруй хугацааны дараа сайдын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/578 дугаар тушаалаар хугацааг сунгасан байна.

Дээрх цаг хугацаатай холбоотой үйл баримтаас үзэхэд, газар ашиглах эрхгүй байсан 3 сар гаруй хугацааны газрын төлбөрийг төлөх ёсгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байна.

Хэрэгт цугларсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн актууд, газрын төлбөр төлсөн баримтууд, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн газрын төлбөр төлсөн жагсаалт /хүснэгт/ гэх мэт баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай дүгээр тушаал гарах үед 1,876,227 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байсан болох нь тогтоогдож байна. Үүнийг тайлбарлавал:

2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №01122-2017/00457 тоот Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас үзэхэд, нэхэмжлэгч нь 2022 оныг дуустал газрын төлбөрийн үлдэгдэлгүй байна.

Харин 2023 оны 01 дүгээр сараас маргаан бүхий захиргааны акт болох сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр тушаал гарах хүртэл хугацааны төлбөрт нэхэмжлэгч нь 5.099.688+3.600.360= нийт 8.700.048 төгрөг төлсөн байх ба 2023 оны эхний 3 улирлын төлбөр нийт 10.576.275 төгрөгийг төлөх ёстойгоос 8.700.048 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч нь 1.876.227 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгч нь 1.876.227 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна.

Гэтэл захиргааны байгууллагын зүгээс 10.801.080 төгрөгийн үлдэгдэлтэй, 14.401.440 төгрөгийн үлдэгдэлтэй зэрэг зөрүүтэй газрын төлбөрийн тооцоо нийлсэн актуудыг гаргаж өгч байх ба үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь тодорхой хэдэн төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг хариуцагч нарийвчилж шалгаж тогтоогоогүй, нөхцөл байдлыг нарийвчлан тогтоож холбогдох баримтуудыг цуглуулах үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, маргаан бүхий захиргааны актыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэж гаргасан нь үндэслэлгүй төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг ашиглахын тулд тодорхой үйл ажиллагаа явуулж, хөрөнгө зардал гаргасан болох нь:

-2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Х******* ХХК болон В******* ХХК нарын хооронд байгуулагдсан Дулаан болон цахилгаан эрчим хүчний шугамд холбох гэрээ,

-Д 1.0 төсөл,

-Байгаль орчны 5 жилийн менежментийн төлөвлөгөө /2020-2024 он/,[1]

-Архитектур төлөвлөлийн даалгавар[2]

-Инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ[3]

-Зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ[4]

-Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны тайлан боловсруулах гэрээ[5]

- Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан боловсруулах гэрээ[6]

- 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ[7]

- Байгаль орчны ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас[8]

Дээрх үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийг маргаан бүхий газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэж үзэх боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24 дүгээр зүйлийн 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас, мөн дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд хариуцагч нь бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, шалгасны үндсэн дээр бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

 

Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

 

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д заасныг тус тус баримтлан тус баримтлан нэхэмжлэгч В******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/491 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч В******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ