Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 56

 

ОАНДХ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

“М ” ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00059 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ОАНДХ- нэхэмжлэлтэй

Хариуцагч: “М ” ХХК-д холбогдох,

“Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги 108.323.816.52 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуягийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хулан, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ОАНДХ- дарга Б.Анар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М  ХХК нь мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 2017 оны 03 дугаар сараас 2019 оны 08 дугаар сарыг дуусталх хугацааны ногдуулалт 72.215.877,68 төгрөг түүнд ногдох алданги 36.107.938,84 төгрөг, бүгд 108.323.816,52 төгрөгийг М  ХХК-иас гаргуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуяг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч ОАНДХ нь М  ХХК-д холбогдуулан 2017 оны 03 сараас 2019 оны 08 сар дуустал 72.215.877,68 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, 36.107.938,84 төгрөгийн алданги, нийт 108.323.816,52 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотлох баримттай танилцаад үзэхэд М  ХХК нь 2017 оны нийгмийн даатгалын тайлан болон шимтгэл ноогдуулалтаар 2017 оны 03 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл 23.416.210 төгрөгийн, 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл 24.404.754.36 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 08 дугаар сарыг дуустал 16.465.758.36 төгрөгийн шимтгэл төлөхөөр байна. Үүнээс 2019 оны 08 дугаар сар дуустал 9.041.107 төгрөг төлсөн байна. Иймд нийт 55.242.435,72 төгрөг төлөх тооцоо гарч байна. Тиймээс нийт 72.215.877,68 төгрөг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нотлох баримтаар ирүүлсэн тайлангуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д зааснаар хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан байгаа ч нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулалтын баримтуудад хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдаагүй байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна. М  ХХК нь үйл ажиллагаагаа тогтвортой явуулаагүй, санхүүгийн хүндрэлтэй байдлыг харгалзан үзэж алдангийг хасч тооцож өгнө үү гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00059 дугаар шийдвэрээр:

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан хариуцагч М  ХХК-иас 95.437.810 /ерэн таван сая дөрвөн зуун гучин долоон мянга найман зуун арав/ төгрөгийг гаргуулан ОАНДХт олгож, нэхэмжлэлээс 12.886.006 /арван хоёр сая найман зуун наян зургаан мянга зургаан/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 635.139 /зургаан зуун гучин таван мянга нэг зуун гучин ес/ төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуяг шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт ... хариуцагч “М ” ХХК хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул нийгмийн даатгалын шимтгэлд 2017 оны 03 сараас 12 сар хүртэл 23.416.210 төгрөг, 2018 оны 01 сараас 12 сар хүртэл 24.401.754 төгрөг 2019 оны 01 сараас 08 сарыг дуусталх хугацаанд 15.807.243 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй болох нь ... зэрэг баримтуудаар нотлогдож байна. Мөн ... хуульд дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулахаар заасан байх тул хариуцагч байгууллагыг алданги төлөхөөс чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй юм. Иймд М  ХХК-иас төлөгдөөгүй Нийгмийн даатгалын шимтгэлд 63.625.207 төгрөг, алдангид 31.812.603 төгрөг, нийт 95.437.810 төгрөгийг гаргуулж ОАНДХт олгохоор шийдвэрлэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М  ХХК-ийн төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд 63.625.207 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа боловч алдангид 31.812.603 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа юм. Учир нь нийгмийн даатгалын тухай хуулийн 20-р зүйлийн 20.1.2-т дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ноогдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжпэгч талын алдангийг 50 хувиар төлүүлэх шаардлагыг тоо, тооцооллын ямар нэгэн баримтыг үндэслэлгүйгээр, хэт ерөнхийлөн нийгмийн даатгалын шимтгэлд төлөх үндсэн өрийн 50 хувиар алдангийг тооцсон нь хариуцагч талын хууль ёсны эрх ашгийг хохироож, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч тус аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь харицагч “М ” ХХК-д холбогдуулан даатгалын шимтгэл, алданги нийт 108.323.816.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч “... манай компани 55.242.435.72 төгрөг төлөх тооцоо гарч байна. Нийт 72.215.877.68 төгрөг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Компани үйл ажиллагаагаа тогтвортой явуулаагүй, санхүүгийн хүндрэлтэй байгаа байдлыг харгалзан үзэж алдангийг хасч тооцож өгнө үү? ...” гэх тайлбар гаргаж мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч компани нь 2017 оны 03 дугаар сараас эхлэн 2019 оны 08 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 63.625.207 төгрөг, алданги 31.812.603 төгрөг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдсон ба анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас 12.886.006 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагч М  ХХК нь ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тул нэхэмжлэгч байгууллага шимтгэл төлөгчид хуулиар тогтоосон хариуцлага ногдуулж алдангийн хэмжээг 36.107.938.84 төгрөгөөр тооцсон ба шүүх алдангийн хэмжээг 50 хувиар тооцож шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2.-т заасантай нийцжээ.  

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн оролцогчийн хуульд заасан эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итггэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуягийн гаргасан “... алданги 31.812.603 төгрөгийг төлөх үндэслэлгүй бодит биш, хуульд заасан хэмжээнээс хэт өндөр 50 хувиар тооцсоныг зөвшөөрөхгүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуягийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00059 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуягийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуягийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 317.100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                     Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ