Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2024/0435

 

 

 

 

 

 

      2024           05          21                                     128/ШШ2024/0435

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга 

Маргааны төрөл: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 он 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн Б.Бд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Болдхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хурцбаяр, нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 он 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн Б.Бд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах.” гэжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Энэхүү газар нь анх Оросын Холбооны Улсын СОТ-2 гэдэг байгууллагын мэдэлд байсан бөгөөд Оросууд нутаг буцсаны дараа эзэнгүй хоосон газар болж үлдсэн байсан. Тухайн үед тэр хавийн газарт Нийслэлийн байгаль орчны газраас дүгнэлт гарсны үндсэн дээр нэр бүхий иргэдэд олгож байсан. Миний бие тус дүгнэлтийг гаргуулсны үндсэн дээр тухайн үеийн хууль, журмын хүрээнд хүсэлтээ гаргаж газар эзэмших эрхийг олж авсан байдаг. Зуслангийн зориулалттай газрыг 2004 оноос гэрчилгээжүүлэх ажил эхэлсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07-р сарын 09-ний өдрийн ******* дугаар захирамж гарч, гэрчилгээ авч гэрээ байгуулсан. Үүнээс хойш газрыг гэрээнд заасны дагуу ашиглаж, зохих төлбөрийг тухай бүрд төлж ирсэн бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, ******* дугаартай гэрчилгээ гарч, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2, 49 дүгээр зүйлийн 49.3.5 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн миний газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй болжээ. 1. Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2, 49 дүгээр зүйлийн 49.3.5 дахь хэсгийг тус тус нэгэн зэрэг хэрэглэсэн байна. Энэ нь надад газар эзэмших эрх олгосон өөрийнхөө шийдвэрийг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт, эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт, эрх зүйн зөрчилгүй захиргааны актын аль нь гэж үзсэн нь тодорхойгүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар дээрх захиргааны актын төрлөөс хамаарч хөөн хэлэлцэх хугацаа тоолдог тул эрх зүйн ач холбогдолтой юм. Иймд тус захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байна. 2. Миний бие тус газрыг гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын зориулалтаар шийдвэр гаргуулан эзэмшиж ашиглаж байсан. Мөн манай эргэн тойрон дахь иргэд болон хуулийн этгээдийн барьсан хотхон зэрэг нь ийм зориулалттай гэж ойлгож байна. Гэтэл Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй болж ээ. Дээрх зохицуулалт нь иргэн, хуулийн этгээд ойн тухай хуульд заасны дагуу ой модтой харьцах үйл ажиллагааг ойлгодог. Гэтэл бидний зүгээс ой модтой зүй бусаар харьцсан, ямар нэгэн сөрөг нөлөөлөл бүхий аж ахуйн үйл ажиллагааг явуулаагүй билээ. Харин ч өнгөрсөн 22 жилийн турш тус газрыг хашаалж, хамгаалж, арчлан тордож олон бус сөөг, модыг ургуулсныг газар дээр нь очиж үзсэн Захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлэх ёстой байсан. /Анх газар эзэмших үе болон одоо үеийн фото зураг байгаа болно./ Иймд манай гэр до бүл дээрх газрыг эзэмшихдээ Ойн тухай хуулийн суурь зарчим, үзэл санаанд нийцүүлсэн ашиглаж байсан гэж үзэж байна. Мөн анх уг газрыг эзэмших хүсэлтийг гаргахад Нийслэлийн байгаль орчны газрын 2001 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар дүгнэлт гаргуулж байсан бөгөөд, уг дүгнэлтээр “газар олголт хийх боломжтой" гэж дүгнэсэн байдаг. 3. Газар эзэмших эрхийг дуусгавар болгох, цуцлах харилцаа нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлд зааснаар зохицуулагдах харилцаа гэж ойлгож байгаа. Гэтэл тус захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн байна. Уг зохицуулалт нь захиргааны байгууллагад эрх олгосон зохицуулалт байх бөгөөд захиргааны байгууллагын шийдвэр, эс үйлдэхүй нь хууль зөрчсөн байхыг, эсхүл газар эзэмшигч, ашиглагчийн эрхийг зөрчсөн байхыг шаардаж ээ. Гэвч Засаг даргын захирамж нь ямар хуулийг, хэрхэн яаж зөрчсөн талаар огт дурдаагүй, бидэнд мэдэгдээгүй болно. Мөн анх надад газар олгосон шийдвэр болон сунгасан шийдвэр нь миний эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй болно. Харин гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа бол энэ талаарх үндэслэлээ шийдвэртээ дурдах ёстой. Ямар иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг надад олгосон газар эзэмших эрх зөрчсөн талаар огт мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэснээс үзэхэд нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн байх магадлалтай байна. Хэрэв ийм нөхцөл байдал, үндэслэлээр манай газар эзэмших эрхийг цуцалж байгаа тохиолдолд Газрын тухай хуульд заасан тусгай процесс ажиллагаа явагдах учиртай. Өөрөөр хэлбэл мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байх шаардлагатай бөгөөд энэ талаар бидэнд мэдэгдсэн зүйл байдаггүй. Анх уг газрыг эзэмших хүсэлтийг гаргахад Нийслэлийн байгаль орчны газрын 2001 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар дүгнэлт гаргуулж байсан бөгөөд, уг дүгнэлтээр "газар олголт хийх боломжтой" гэж дүгнэсэн байдаг. Бид тухайн үед холбогдох хууль тогтоомжийн хүрээн газар авч, урт удаан хугацаанд тухайн газартай харьцаж, төлөв байдлыг сайжруулан, хөрөнгө оруулалт хийж, амьдарч ирсэн. Иймд төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрт итгэж өдийг хүрсэн миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуульд заасан итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ талаар миний бие нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан хэдий миний гомдолд хууль заасны дагуу хариу өгч, шийдвэрлэхгүй байгаа тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хөөн хэлэлцэх хугацаанд багтааж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн надад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хууль дээдлэх зарчимд үндэслээд ойлгомжтой, тодорхой байх ёстой. Захиргааны байгууллага иргэний эрхийг зөрчсөн шийдвэр гаргаж болохгүй. Иймд захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн, ойлгомжтой, тодорхой байх, зорилгодоо нийцсэн байх шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 48, 49 дүгээр зүйлийг цугт нь хэрэглээний хувьд хэрэглэж байгаа нь буруу байна. Энэ талаар мөн өмнөх шүүхийн шийдвэрт тусгасан байгаа тул та бүхэн цааш цаашдаа засаж залруулаад явах байх гэж найдаж байна. Ойн тухай хуулиар ойг ашиглахгүй, газар олгохгүй гэж хориглоогүй. Ойн сан бүхий газар гэдгийг 3 дугаар зүйлийн 3.1.2-т тодорхойлсон. Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа хамгаалалтын бүсийн ой, ойн холбогдох заалтыг үндэслэсэн. Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа ашиглалтын бүсийн ой юу, хамгаалалтын бүсийн ой юу гэдгийг өөрөө тодорхойлох үүрэгтэй. Шийдвэр гаргаж байгаа захиргааны байгууллага энэ талаар нягтлах, нотлох шалгах, үүрэгтэй. Мөн мэдээллийн санд нь өөрийнх нь харьяа нэгж, агентлаг, байгууллагууд байгаа. Үүнийг тогтоогоогүй хэр нь шийдвэр гаргасанд бид гомдолтой байна. Нэхэмжлэгчийн тухайд худгийн цооног гаргасан асуудал байхгүй. Харин түүний аав Б*******ийн газар дээр барилга барьж байсан компани зөвшөөрлөө аваагүй байхдаа өрөм тавьсан үйлдэл байгаа. Уг үйлдэлдээ хариуцлагаа хүлээсэн. Үүнтэй бид маргаагүй. Аав хүү хоёрын зэргэлдээ хөрш газар эзэмших эрхийг цугт нь цуцалж байгаа нь ойлгомжгүй байна. Тус газруудын субъектүүд нь өөр, нэгж талбарын дугаар нь өөр юм. Тийм учраас захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоох чиг үүргээ тус тусад нь хэрэгжүүлэх ёстой байтал нэг хашаан дотор байгаа гэдэг агуулгаар тусдаа хоёр газар эзэмших эрхийг цуцалж байгаад нэхэмжлэгч тал гомдолтой байгаа.” гэжээ.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Б.Бгийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Эрх зүйн маргаан шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэн Б.Солонго миний бие төлөөлөн оролцож байна. Тус нэхэмжлэлийн шаардлагад дурдсан "Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" агуулга бүхий шаардлага гаргажээ. Иргэн Б.Б нь зуслангийн зориулалт бүхий нэгж талбарын ******* дугаартай 700 м.мв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газрыг холбогдох хууль тогтоомж зөрчсөн тул МУЗЗНДНТУТХ-ийн 66.1, Захиргааны ерөнхий хуулийн 48.1, 48.2.2, 49.3.5, Ойн тухай хуулийн 8.6, Газрын тухай хуулийн 61.1 дэх хэсгийг баримлан "Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай" захиргааны актыг баталж, хууль зөрчөөгүй болно. Иймд "нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Шүүх хуралдаан эхлэхэд шүүгч нэхэмжлэгчээс ойн сан бүхий газартай давхцалтай гэдэгтэй маргаж байгаа эсэхийг тодруулахад маргаагүй гэдэг. Нэхэмжлэгчийн газар нь ойн сан бүхий газартай давхцалтай гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Бусад хүмүүсийн эрх ашиг сонирхлыг хөндсөн эсэх асуудлын хувьд бусад иргэдийн газар эзэмших эрхийн цуцалсан. Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж нь хууль зүйн үндэслэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 он 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн Б.Бд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 он 05 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” дугаар захирамжаар “ойн сан, усан сангийн хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгчид ойн сан бүхий газарт газар эзэмшүүлсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн үзлэгийн тэмдэглэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* тоот албан бичгээр ирүүлсэн агаар, сансрын лавлагаа зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба ойн сан бүхий газарт газар эзэмшүүлсэнтэй хэргийн оролцогчид маргаагүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “...манай эргэн тойрон дахь иргэд болон хуулийн этгээдийн барьсан хотхон зэрэг нь ийм зориулалттай гэж ойлгож байна...”, “Нийслэл хотод маш олон иргэн, хуулийн этгээдэд ойн сан бүхий газарт газар эзэмшүүлсэн атлаа нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь тэгш эрхийн зарчимд нийцэхгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Учир нь нийслэлийн нутаг дэвсгэрт ойн зах, ой дотор буюу ойн сан бүхий газар олон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” гэж заасан тэгш байдлын зарчимд нийцэхгүй байна.

Мөн бодит байдалд ойн сан бүхий газар олон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн атлаа нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг ойн сан бүхий газарт газар эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэж заасан бодит нөхцөлд тохирсон байх зарчимд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгчид анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмших эрхийг олгосон байна.

Дээрх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар захирамжаас үзэхэд, нэхэмжлэгчид анх 2004 онд маргаан бүхий газрыг эзэмшүүлэх боломжтой гэж үзсэний үндсэн дээр эзэмшүүлсэн атлаа 20 шахам жилийн дараа газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй байна.

          Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” дугаар захирамжийн Б*******ийн Бд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ