Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/05042

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 04 өдөр

            Дугаар 102/ШШ2024/05042

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг*дугаар хороо * дугаар байр *Сууц Өмчлөгчдийн холбоо

Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо * дугаар байр * тоотод оршин суух, * онд төрсөн* настай, *

            Дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний зардал 266,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  *,  хариуцагч*, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                            

 

          Нэхэмжлэгч * Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч*д холбогдуулан дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний зардал 266,700 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

            1. Нэхэмжлэгч * Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жавзандулам шүүх хуралдаанд тайлбарлахдаа: * Сууц өмчлөгчдийн холбоо нь 2013 онд байгуулагдаж үйл ажиллагаа эрхлэх дүүргийн Засаг даргаас олгосон гэрчилгээг үндэслэн хорооны 50, 15/1, 68 дугаар байр гэрчилгээнд бүртгэгдсэн. 2024 оны  05 дугаар сарын 09-ний өдөр шинээр гэрчилгээ авсан. Оршин суугч* нь СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байнгын нэхүүлээстэй явж ирсэн. Манай СӨХ нь 1-6 сарын хугацаанд зардлаа төлөөгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Энэ айл удаа дараа төлдөггүй. Лифтний засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийсэн үйлчлэгчийн мөнгийг төлөөчээ гэж нэхэж ирсэн. Орон сууцны гадаад тохижилтийг дүүрэг хариуцна. СӨХ нь дундын өмчлөлийн буюу гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, засвар үйлчилгээг хариуцна. Худлаа ярьж бас болохгүй. Үүргээ биелүүл гэдэг шаардлагыг СӨХ тавьсан. Хариуцагч*гаас 2024 оны 04 дүгээр сараас 10 дугаар саруудын төлбөр 266,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

       2. Хариуцагч* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие* нь 50 дугаар байрны 16 тоотод амьдардаг. Тус байрыг хариуцан ажилладаг * СӨХ-ны нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй. Учир нь СӨХ миний амьдарч буй орчинд хангалтгүй ажиллаж, машины зогсоол, хүүхэд тоглох тоглоомын талбай байхгүй. Асуудлын гол нь төлбөр төлөх биш, угаасаа төлөх зарчимтай. Гэхдээ СӨХ нь хангалтгүй үйл ажиллагаа явуулдаг. 9 орцыг ганцхан үйлчлэгч улаан гараараа цэвэрлэдэг. СӨХ-ны даргад орчноо цэвэрлээч гэж хэлдэг. Би өөрөө айлуудаар явж гарын үсэг зуруулж хурал зарлаад дүүрэгт өгөхөд хорооны Засаг даргын дэмжигчийн бичиг авчир гэсэн. Тэр үед Засаг дарга өөрчлөгдөөд эрх зүйн хувьд бичиг баримт өгөхгүй, та нар шүүхд гэсэн тайлбар өгсөн гэв. 

     4. Нэхэмжлэгчээс Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, * СӨХ-ны удирдах зөвлөлийн даргын тушаал, нэхэмжлэх  гэх баримтуудыг  шүүхэд гаргаж өгсөн байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

   

     1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.        

     2. Нэхэмжлэгч “лифтний засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийсэн үйлчлэгчийн мөнгийг төлөөчээ гэж нэхдэг.*гаас 2024 оны 04-10 дугаар саруудын төлбөр 266,700 төгрөгийг нэхэмжилнэ” гэж шаардах эрхээ тодорхойлсон.

     3. Хариуцагч “9 орцыг нэг үйлчлэгч цэвэрлэдэг,  СӨХ орчноо цэвэрлэдэггүй, машины зогсоолгүй, хүүхэд тоглох талбайгүй, төлбөрийг төлөхгүй” гэж үгүйсгэсэн байна.

     4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт, талуудын гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. 

      4.1. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 147 дугаар  зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар шаардах эрхтэй.

     4.1.2. Нэхэмжлэгч * сууц өмчлөгчдийн холбоо нь 2013 оноос үйл ажиллагаа явуулж, Баянгол дүүргийн 50, 15/1, 68 дугаар байруудыг хариуцан ажиллаж, Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгогдсон болох нь зохигчийн тайлбар, дугаар *гэрчилгээгээр тогтоогдож байна.

      4.1.3. Хариуцагч* нь орон сууц машины зогсоолгүй, хүүхэд тоглох талбайгүй гэсэн үндэслэлээр өөрт оногдох зардлыг төлөхгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй.

Хариуцагч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад өөрт оногдох хэсгээр саналын эрхтэй оролцох эрхтэйгээс гадна мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох хуульд заасан үүргийн дагуу 2024 оны 04 дүгээр сараас 10 дугаар сарын төлөгдөөгүй дундын өмчлөлийн засвар үйлчилгээний хөлсийг хариуцан төлөх үүрэгтэй, хариуцагчийн дээрх тайлбар нь хуулиар тогтоосон үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. 

Иймд хариуцагч*гаас дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний зардалд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2024 оны 04 дүгээр сараас 10 дугаар сарын хугацааны төлбөр  266,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч * сууц Өмчлөгчдийн холбоонд олгох нь зүйтэй.

5. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар  зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч*гаас 266,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *  сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.651 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*гаас 8.651 төгрөг гаргуулж нэхэмжлэгч * сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.КУЛЬДАНА