| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2017/0121/Э |
| Дугаар | 111 |
| Огноо | 2017-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Энхмэнд,
арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Отгонбаяр,
шүүгдэгч Г.Ганаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Шангас овогт Гомбын Ганаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707001370043 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Увс аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Сантехникийн инженерийн анги-5 дугаар курст суралцдаг, ам бүл 2, эхийн хамт Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Өндөртолгой 6-6 тоотод оршин суух, регистрийн ОЮ90101916 дугаартай, Шангас овогт Гомбын Ганаа нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2017 оны 07 дугаар сарын 21-ний орой 19 цагийн орчимд Багахангай дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны 1 дүгээр орцны подволд байрлах биллиардны газар бага насны хүүхэд буюу 9 настай Г.Бат-Эрдэнийг шарик авсан байна гэх шалтгаанаар нуруу руу нь гар утасны цэнэглэгчийн утсаар ороолгон зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Г.Ганаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Ганаа нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны 1 дүгээр орцны подволд үйл ажиллагаа явуулдаг биллиардны газар бага насны Г.Бат-Эрдэнийг шарик авлаа гэх шалтгаанаар гар утасны цэнэглэгчний утсаар ороолгож эрүүл мэндэд нь зүүн бугалга, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ганаа мэдүүлэг өгөхгүй гэв.
Мөрдөн байцаалтад Г.Ганаагийн яллагдагчаар өгсөн: “Бат-Эрдэнэд шарик хаана нуусан юм бэ гэж хэлсэн чинь би мэдэхгүй гэж хэлсэн тэгэхээр нь би уурандаа барьж байсан цагаан өнгийн гар утасны цэнэглэгчийн утсаар 2-3 удаа ороолгож цохисон. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 38 дугаар тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Отгонбаярын өгсөн: “Би 2017 оны 07 дугаар сарын 24-ний өглөө ажлаасаа гэртээ ирэхэд манай хүүхдийн нурууг ороолгосон байсан. Би яасан талаар асуухад “3 дугаар байрны подволд байдаг ах миний нурууг ороолгосон” гэж хэлсэн. Би шүүгдэгчтэй очиход “хулгайч хүүхдийг ингэж хүмүүжүүлдэг юм” гэж хэлээд хэл амаар доромжилсон. Би “за тэгвэл энэ асуудлыг шүүхээр шийдүүлнэ” гэж хэлээд явсан. Тэгээд цагдаад өргөдөл өгсөн. Шүүгдэгч манайд ирээгүй, уучлалт гуйгаагүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад арван найман насанд хүрээгүй хохирогч Г.Бат-Эрдэнийн өгсөн: “2017 оны 07-р сарын 21-ний өдөр 19-н цагийн үед ...би 3-р байрны подволд байх биллиард тоглуулдаг газар орсон чинь нэг ах намайг шарик авсан уу үнэнгээ хэл гээд намайг гар утасны цэнэглэгчний утсаар 3 удаа ороолгож цохисон” гэх мэдүүлэг, /хх-ийн 40 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад арван найман насанд хүрээгүй гэрч Ж.Доржсамбуугийн өгсөн: “соёлын ордны урд Бат-Эрдэнэ ганцаараа явж байхаар нь Ганаа ах дуудаж байна гэж хэлсэн, тэгсэн Бат-Эрдэнэ очихгүй гээд байсан тэгэхээр нь Ганаа ах дуудаж байна гэж хэлээд би араас нь түлхээд Анар скитийг нь аваад хүчээр дагуулж биллиарданд ороод Ганаа ах Бат-Эрдэнийг чи бөмбөг хулгайлсан гээд цагаан өнгийн цэнэглэгчний утсаар ороолгож эхэлсэн 2-3 удаа ороолгож цохисон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 32 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 353 дугаар:
“1.Бат-Эрдэнэ-н биед зүүн бугалга, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, /хх-ийн 15 дугаар тал/
арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-18/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон түүний үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн сэжигтнийг эрүүгийн хэрэг үүсгэх яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан даруй, нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлнэ гэж заасан ба мөрдөн шалгах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр ойлгох хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг шуурхай бүрэн гүйцэд бодиттойгоор явуулах зорилгоор Улсын Ерөнхий прокурорын А/96 дугаар тушаалаар баталсан мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан зааврын Наймдугаар бүлэг буюу 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд тусгайлан заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар, 8.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан танилцуулсан даруй шийдвэрлэнэ гэж тус тус заажээ. Гэтэл шүүгдэгч Г.Ганаад холбогдох эрүүгийн 1707001370043 дугаартай хэргийг мөрдөгч, хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавьсан прокурор нар дээрх хууль тогтоомжийн зүйл заалтуудыг зөрчин 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн атлаа мөн оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн Ганааг байцааж, хохирогч, яллагдагчид хэргийн материал танилцуулах гэсэн үндэслэлээр 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 1 сар сунгах, 09 дүгээр сарын 24-ний өдрийн прокурорын 75 дугаар даалгаварт заасан ажиллагааг хийх 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 1 сар, 10 дугаар сарын 24-ний өдөр ямар нэгэн үндэслэл заалгүй 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 1 сар сунгах зэргээр эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тусгай журмын нэмэлт ажиллагаа хийх 14 хоног, даруй гэсэн хугацааг зөрчин хэрэг бүртгэлтийн ерөнхий хугацаанд хамааруулж хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны утгыг алдагдуулж байгааг дурдах нь зүйтэй байна.
Даруй гэдэг үгийг Монгол хэлний их тайлбар толь бичигт удалгүй, сааталгүй, тэр дороо гэж, Монгол Улсын Дээд шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор нэн даруй гэдгийг 24 цагийн дотор гэж ойлгоно гэж тайлбарласан байсан болно.
Шүүгдэгч Г.Ганаад холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шангас овогт Гомбын Ганааг бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Ганааг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Ганаад мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ганаад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Г.Ганаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Г.Ганаад оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Ганаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ