Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 0098

 

 

 

 

 

 

 

      П.Дд холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

                                             

           Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

    Прокурор                                                     Н.Д

    Шүүгдэгч                                                      П.Д

    Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Р.Б /цахим/

 Нарийн бичгийн дарга                            Г.О нарыг оролцуулан

 

 Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч П.Дгийн давж заалдах гомдлоор П.Дд холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   З овогт П-ын Д,

 

   П.Д нь согтуугаар 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр аймгийн   сумын  багийн       байрны хойд талд байрлах улаан тоосгон худагт хохирогч Д.Бийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж нүүр рүү нь өшиглөж, нуруу болон хөл рүү нь арматурын төмрөөр цохиж, биед нь олон тооны шарх гэмтэл үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан,

2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд нийт 4 удаагийн үйлдлээр, согтуугаар     аймгийн       сумын      багийн      байрны хойд талд байрлах улаан тоосгон худагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Пг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

  2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр         аймгийн          сумын          багийн гурван байрны хойд талд байрлах улаан тоосгон худагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ц.Пг өшиглөж, арматурын төмрөөр цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: П.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,

            Шүүгдэгч З овогт П-н Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж санаатай алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар шүүгдэгч П.Дг 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч П.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоног хорих ялаар тооцон 3 сар хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар оногдуулсан 20 жил хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дгийн цагдан хоригдсон 139 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Дгаас оршуулгын зардал 4.420.986 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 624.914 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч  П.Дгийн баруун гар, зүүн гар, зүүн хөлийн хэсгээс цус мэт зүйлээр бохирлогдсон маралд шингээж авсан цус, түүний өмсөж байсан дөрвөлжин хээтэй улаан эрээн өнгийн цамц, хар саарал өнгийн даавуун өмд, хар өнгийн даавуун нэг хос түрүүтэй гутал,

          амь хохирогчийн гарын хумснууд, зулай, дагз, баруун шанаа, зүүн шанаа хэсгийн үс, түүний өмсөж байсан цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан саарал өнгийн майк, ногоон эрээн даавуун өмд, бор өнгийн өмдний бүс, хэргийн газрын үзлэгээр хураан авсан 96 см урттай 1.8см диаметрийн хэмжээтэй арматурын төмөр, уг арматурын төмрөөс маралд шингээж авсан цус мэт зүйл, цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан саарал өнгийн футболк, хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан 1 дугаараар тэмдэглэсэн цус мэт зүйлээр бохирлогдсон, саарал өнгийн нэг ширхэг таавчиг, 4 дугаараар тэмдэглэсэн цус мэт зүйлээр бохирлогдсон хөнжлийн даавууны хэсэг, 3 дугаараар тэмдэглэсэн цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн цахилгааны утас, маралд шингээж авсан цус мэт зүйл, 2 дугаараар тэмдэглэсэн цус мэт зүйлээр бохирлогдсон дрожны хэсэг зэргийг шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Д давж заалдах гомдолдоо:

 

... Яллагдагч П.Д би 2022 оны 06 сарын 01-ний өдөр согтуугаар Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл ангид хамаарах гэмт хэрэг үйлдсэн. Мөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна. Хүний амь насыг хөнөөж, бусдад хөнгөн гэмтэл учруулсандаа харамсаж гэмшиж байна.

Би талийгаач Д.Б ахыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж санаатай амь насанд нь хүрээгүй, хэрэг гарах үед талийгаач Д.Б гэрч Ц.П, гэрч Б.Э бид дөрөв согтуу байсан. Талийгаач Д.Б ахтай хуурай ах дүүгийн харьцаатай ба урьд нь хоорондоо маргаж муудалцаж байгаагүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлаж харамсаж гэмшиж байна. Орхон аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн шинжээч эмчийн дүгнэлтээр яллагдагч надад олдмол шалтгаан архинд донтох өвчинтэй болох нь батлагдсан. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх миний хэргийг шийдвэрлэхдээ бусдын амь насыг санаатай хөнөөсөн, 2021 оны 08 дугаар сарын 07, 10-ны өдрүүдэд үйлдсэн хэрэгтээ шүүхээр орж хариуцлага хүлээсэн үйлдлүүд байгааг дахин давтан гэж ялласан нь миний эрх зүйн байдлыг улам дордуулсан. Дээрх байдлыг харгалзан үзээд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр надад оногдуулсан шийдвэрийг дахин нягталж хэлэлцэж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.Д  тайлбартаа: ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б тайлбартаа: ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг багасгаж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: ... Хэргийн зүйлчлэл зөв. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч П.Дгийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзлээ.

З” овогт П-н Дг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр      аймгийн         сумын            багийн гурван байрны хойд талд байрлах улаан тоосгон худагт хохирогч Д.Бийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж нүүр рүү нь өшиглөж, нуруу болон хөл рүү нь арматурын төмрөөр цохиж, биед нь олон тооны шарх гэмтэл үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан,

   мөн П.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр, 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрүүдэд нийт 4 удаагийн үйлдлээр           аймгийн          сумын         багийн гурван байрны хойд талд байрлах улаан тоосгон худагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Пг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр         аймгийн        сумын          багийн гурван байрны хойд талд байрлах улаан тоосгон худагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ц.Пг өшиглөж, арматурын төмрөөр цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Дгийн гэм буруутай эсэх асуудлыг хянан хэлэлцэж түүнийг “хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж санаатай алсан”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгч П.Д давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч П.Д нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр согтуурсан үедээ       аймгийн        сумын         багийн гурван байрны хойд талд байрлах улаан тоосгон худаг дотор Д.Бийг архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж нүүр рүү нь өшиглөх, нуруу болон хөл рүү нь арматурын төмрөөр цохих зэргээр зодож “... гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал, баруун болон зүүн талын олон хавирганы хугарал ... бүхий ” хүнд гэмтэл учруулж онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэргийг,

         мөн тухайн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ц.Пг өшиглөх, арматурын төмрөөр цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “... нүүр, зүүн болон баруун бугалга, баруун шилбэ, нуруунд зөөлөн эдэд нэг тооны цус хуралт, зулгаралт бүхий“ хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хүний бие болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь тухайн этгээд бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

 

Энэ гэмт хэргийг “онц харгис хэрцгий аргаар үйлдэх” гэдэг нь хүнийг алахын өмнө болон алах явцдаа амь хохирогчид олон тооны шарх үүсгэж өвтгөж шаналгасан, тарчлаан зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж хүсэж санаатайгаар үйлдсэн байхыг ойлгоно.

 

Үүнээс үзэхэд шүүгдэгч П.Д нь хохирогч Д.Бийн амь насыг санаатайгаар хохироох гэмт хэрэг үйлдэхдээ онц харгис хэрцгий арга хэрэглэсэн болох нь:

 

Гэрч Б.Э-н ... бид нар бууз хийж идэх гээд махан таташ аваад буцаад Д, П нарын амьдардаг гэр лүү нь алхаж 6 дугаар микрийн дундуур гараад явж байтал Б хэдэн хүмүүстэй явж байхад нь дагуулаад явсан. Бид дөрөв авсан архиа ууж дуусгаад П буузны гурил зуурчихаад дахин нэг архинд гараад явсан, ...П нэг шил архитай ирсэн. Тэр үед Д баруун талын орон дээр, харин Б зүүн талын гудас зассан орон дээр унтаж байсан. Тэгтэл Д сэрээд архи ууж байгаад эхнэрээ “чи хоол хийсэнгүй, олигтойхон шөлтэй юм хийсэнгүй.” гэж хэлээд маргалдаад, П нөхөртөө “баярын өдрөөр би яахаараа хоол хийдэг юм бэ” гэж хэлж байх шиг байсан. Тухайн үед Бийг орон дээр хэвтэж байхад нь Д хөлөөрөө өшиглөөд байхаар нь “боль” гэж хэлтэл намайг “зайл, архинд яв” гэж хэлээд хөөгөөд гарахад 14 цаг болж байсан, түүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй ... ” гэсэн мэдүүлэг,

 

хохирогч Ц.Пгийн “... тэгвэл чи бос ... Ц ахыг боссонгүй гээд төмрөөр цохиход ... цохиод л байсан ... нэг харахад талийгаачийн нүүр харагдахгүй болтол цус болсон байсан ... болиоч дээ, хүн аллаа шүү дээ гээд болиулах гэтэл төмрөө савахдаа намайг цохисон, эргэж хараад түлхэж унагаагаад өшиглөөд байсан ... гэсэн мэдүүлэг,

 

амь хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Г- 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 82 дугаартай

“1. Талийгаачийн биед хавсарсан гэмтэл, гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал, баруун болон зүүн талын олон хавирганы хугарал, хуйханд болон хуйхан доор цус хуралт, толгой, цээж, нуруу, өгзөг, хэвлий, дээд болон доод мөчдөд зөөлөн эдийн олон тооны цус хуралт, зулгаралт, няцарсан шарх, зүсэгдсэн шарх, арьсны бүрэн бүтэн байдлын алдагдал, хамрын ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Зүсэгдсэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх бүх гэмтэл нь 96см урттай, 1.8см диаметртэй, 1976 грамм жинтэй арматурын төмрөөр цохиход үүсгэгдсэн байж болно.

4.Зөөлөн эдийн гэмтлүүд нь биеийн гадаргын 50 хувиас их хэмжээг хамарч байгаа тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт, гавлын ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт, хоёр талын олон хавирганы нэг ба хоёр шугамаар хугарсан хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт, хамрын ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарагдана. Бүгд шинэ гэмтлүүд байна.

 5.Учирсан гэмтлүүд нь урдаас хойш, хойноос урагш баруунаас зүүн тийш, зүүнээс баруун тийш чиглэлтэй байна. Босоо, суугаа, хэвтээ байдалд байхад үүссэн байж болно.

6.Учирсан гэмтлүүд нь шууд үхэлд хүргэнэ.

7.Талийгаач нь баруун уушгины гялтангийн архаг наалдцат үрэвсэл, элэгний хатуурал зэрэг архаг хууч өвчтэй бөгөөд эдгээр нь үхэлд нөлөөлөөгүй. Талийгаачийн үхлийн шалтгаан нь хавсарсан гэмтэл, гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал, баруун болон зүүн талын олон хавирганы хугарал, хуйханд болон хуйхан доор цус хуралт, толгой, цээж, нуруу, өгзөг, хэвлий, дээд болон доод мөчдийн зөөлөн эдийн олон тооны цус хуралт, зулгаралт, няцарсан шарх, зүсэгдсэн шарх, арьсны бүрэн бүтэн байдлын алдагдал, үүнээс үүссэн гэмтлийн шок, уушгины уналт болно” гэсэн дүгнэлт,

 

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Г-н 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дугаартай; “...Талийгаачийн биед учирсан гэмтэл нь эмнэлгийн тусламж авахад амь насыг нь аврах боломжгүй байжээ. Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс талийгаачид шаардлагатай эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Эмнэлэгт 1 цаг 18 минут болсон байна” гэсэн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Мөн “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсан, үүнийг нь гэмт хэрэгтэн мэдсэн, ашигласан гэсэн нөхцөл байдлыг шаардах ба хохирогч бага насны эсхүл өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй мөн биеийн хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах хянах чадваргүй болсон байхыг ойлгоно.

 

Өөрөөр хэлбэл гэмт этгээд хохирогчийг бие махбодь болон сэтгэхүйн хувьд өөрийгөө хамгаалах, өөрийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болохыг илэрхий мэдэж ухамсарласан байх ойлголт юм.

 

Шүүгдэгч нь хохирогч Д.Бийг олон өдөр согтууруулах ундааны зүйл үргэлжлүүлэн хэрэглэсэн, тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж түүний урдаас эсэргүүцэх чадваргүй байсан болохыг мэдэж байсан, тэрбээр өөрөөс нь олон насаар буюу 11 насаар ахмад, бие бялдрын хувьд намхан, туранхай, урьд нь хохирогчийг удаа дараа зоддог байсан, мөн амь хохирогч нь түүнээс айдаг байсан болон эрүүл үедээ ч хүнтэй маргалддаггүй, төлөв томоотой нэгэн байсан ба

гэрч Д.Б-н “ ... П.Д нь архи уудаг, архи уухаараа шуналтай уудаг, хамт уусан хүмүүсээ зодож, дээрэлхдэг. Өнгөрсөн өвөл манай нийгэмшүүлэх байранд талийгаач Д.Бийн хамт нэг өрөөнд байсан. Д.Бийг дээрэлхэж зоддог байсан. Талийгаач Д.Б их айдаг байсан ... гэсэн мэдүүлэг,

 

гэрч Д.Б-н “ ... Д.Б, Ц.П нар нь өнгөрсөн өвлийн 4 сард манай гэрт нэг ирж байсан. Юу хийж яваа юм бэ гэсэн чинь Д намайг зодоод байна гэж байсан ...” гэсэн мэдүүлгүүд болон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 210 дугаартай; “... Д.Бийн цогцосноос авсан цусанд этилийн спирт 3.7 промиль процент илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

Анхан шатны шүүх “... Шүүгдэгч П.Д нь согтуурсан үедээ 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр      аймгийн     сумын        баг гурван байрны хойд талд байрлах улаан тоосгон худаг дотор Ц.Пгийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн баримтууд 2 дугаар хавтаст хэргийн 106-169 дэх талд,

 мөн П.Дд холбогдох 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр болон 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд согтуурсан үедээ    аймгийн      сумын      баг гурван байрны хойд талд байрлах улаан тоосгон худагт хамтран амьдрагч Ц.Пг зодож, эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан эрүүгийн хэргийн баримтууд 2 дугаар хавтаст хэргийн 171-243 дахь талд тус тус авагдсан бөгөөд

 тухайн хэргүүдийг эцэслэн шийдвэрлэсэн Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай тогтоол, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байна.

   ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна ...” гэж дүгнэж шүүгдэгч П.Дд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хэргийггэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн  зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Дг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7.д зааснаар онц харгис хэрцгий аргаар биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд 20 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шүүгдэгч П.Дд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч П.Дгийн “ ... миний эрх зүйн байдлыг улам дордуулсан. Дээрх байдлыг харгалзан үзээд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр надад оногдуулсан шийдвэрийг дахин нягталж хэлэлцэж өгнө үү ... “ гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин шүүгдэгч П.Дд холбогдох хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг судлах ажиллагааны үед зарим зөрчлүүд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гарч байгааг цаашид анхаарвал зохино.

 

Үүнд: 1 дүгээр хавтаст хэргийн 70-120 дугаар хуудас тус бүрээр бус хэргийн баримт тус бүрийг хуудасны дугаараар дугаарлах, 2 дугаар хавтаст хэргийн зарим дугаарыг гараар засварласан, зарим нотлох баримтуудыг хуулбарласан атлаа тухайн баримтуудыг хуульд заасан журмын дагуу баталгаажуулаагүй, сэжигтнээс 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр авсан мэдүүлгийн төгсгөл хуудас байхгүй /хх 127/, мөрдөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналын дараагийн хуудаснууд байхгүй /хх-162/, шүүх хуралдааны тэмдэглэлийн завсар шүүгчийн захирамж оруулж дугаарласан /хх-237/, тухайн хэрэгт хамааралгүй /талийгаач Д.Бийн төрөл төрөгсөд/ хүмүүсийн иргэний бүртгэлийн лавлагааг хэрэгт хавсаргасан /2 дугаар хх-245-250, 3 дугаар хх-01/, энэ хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй мөрдөн байцаагчийн тэмдэглэл хавсаргасан /2 дугаар хх-50-51/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Дгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ЦЭЦЭГМАА

               ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР