Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 132/2016/0401/И |
Дугаар | 001/ХТ2016/01000 |
Огноо | 2016-10-06 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2016/01000
Э.Чимгээгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 124 дүгээр шийдвэр,
Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 86 дугаар магадлалтай,
Э.Чимгээгийн нэхэмжлэлтэй
ХААН банкны Булган аймаг дахь салбарт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Гочоо, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 01 дүгээр сард ХААН банкны Булган салбарын Хишиг-Өндөр тооцооны төвд теллерээр ажилд орж 12 дугаар сард ахлах теллер болж өдий болтол 5 жил ажилласан. 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ирсэн дотоод аудитын шалгалтаар намайг харилцагчийн зээлийн өргөдлийн хураамж 1 000 төгрөгийг хувьдаа авч ашигласан гэж үзээд ажлаас халсан. Харилцагчийн 1 000 төгрөгийг тухайн үед өгөлгүй явуулсан байсан. Дараа нь харилцагчтай ярьж дансанд нь хийсэн. Харилцагч н.Дуламсүрэн хадгаламж барьцаалсан зээл авах хүсэлт гаргасныг хүлээн авч дараалал ихтэй байсан учраас зээлийн өргөдлийн хураамж болох 1 000 төгрөгийг би өөрөө аваад хажуугийн теллер Г.Бүрнээбаяраар гүйлгээ хийлгэхээр түүний ширээн дээр тавьсан. Н.Дуламсүрэнгийн хадгаламжийн хугацаа дууссан байсан, тэрээр хадгаламжийн данснаасаа мөнгө шууд авах боломжтой болсон тул зээл авалгүй теллер дээрээс мөнгөө аваад явсан. Теллерт гүйлгээ хийлгэхээр өгсөн байсан 1 000 төгрөгийг түүнд буцааж өгөөгүй байсан бөгөөд Г.Бүрнээбаяр надад танай гэр н.Дуламсүрэнгийнхтэй ойрхон учраас чи аваачаад өгчих гээд надад өгөхөөр нь би авч халаасандаа хийсэн. Би тэр мөнгийг хувьдаа завших зорилго байгаагүй. Мөн 120 300 төгрөг авч ашигласан, харилцагчийн гарын үсгийг дуурайлган зурсан зүйл надад байхгүй. ХААН банкны захирлын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 233 тоот тушаал нь илт хууль бус байна. Тухайлбал сахилгын шийтгэл ноогдуулах гэсэн мөртлөө надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан нь хууль бус. Шалгалтаар ирсэн хүмүүс харилцагчтай утсаар ярьж Хишиг-Өндөр сумын ХААН банк танд 1 000 төгрөгийг чинь эргүүлж өгсөн үү? гэж тулгаж асуусан байсан. Камерын бичлэгийг үзэж биднийг буруутгасан. Манай камер дуу яриа бичдэггүй. Гэтэл дүрсийг хараад бид хоёрыг мөнгө завшдаг, тэр мөнгөө хуруудаж байгаад авдаг гэх яриа гаргаж намайг аль болох буруутгахыг илүүтэй үзсэн. Мөн бусдын банкс программын эрхээр орж гүйлгээ хийсэн гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх үндэслэлүүд нь ажлаас халах ноцтой шалтгаан биш гэж үзэж байгаа тул ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХААН банкны Булган аймаг дахь салбарын харъяа Хишиг-Өндөр тооцооны төвд 2015 оны 12 дугаар сарын 3-8 өдрүүдэд дотоод аудитын шалгалт хийсэн. Тухайн үед камерын бичлэгийг үзэхэд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1 000 төгрөгийг банкны ажилтан хувьдаа авч байгаа асуудал гарсан. Харилцагч хэдийгээр мөнгө өгсөн, эргэж аваагүй мартсан ч гэсэн Кассын үйл ажиллагааны журмын дагуу банкны дансанд бүртгэх ёстой, тэгээд харилцагч зээлээ аваагүй тохиолдолд буцааж өгөх ёстой байдаг. Дээрх зөрчил нь мөнгөн дүндээ гол асуудал биш өнөөдөр ажилтан цаашдаа ийм эрсдэлийг гаргахаас сэргийлж дүрэм журмын дагуу ажиллахад гол зорилго нь юм. Ахлах теллер Э.Чимгээ нь харилцагчийн зээлийн өргөдлийн хураамж болох 1 000 төгрөгийг зориулалтын дагуу авч бүртгээд кассанд оруулж гүйлгээ хийх ёстой байтал журам зөрчиж өөртөө авсан нь аудитын шалгалтаар илэрсэн хөдөлмөрийн гэрээний 5.7-д заасан ноцтой зөрчилд тооцогдоно. Уг үйлдэл нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн камерын бичлэгт хадгалагдсан үйлдэл байсан. Апбан тушаалын эрх мэдлийг хэтрүүлэн ашиглаж банкны хөрөнгийг хувьдаа завшсан үйлдэл.
Дараагийн зөрчил нь бусдын банкс программын эрхээр гүйлгээ хийсэн зөрчил гаргасан. Теллер бүрт банкс программын эрхийн код, нууц үг байдаг. Тухайн ажилтан өөрийн эрхээр орж гүйлгээ хийж хариуцлагыг өөрөө хүлээдэг зарчимтай. Ахлах теллерт гүйлгээ хийх эрх байхгүй. Үйл ажиллагаагаа шуурхай явуулж, дараалал үүсгэхгүйгээр үйлчлэх, теллер байхгүй тохиолдолд бусад теллерийн эрхээр орж гүйлгээ хийх эрхгүй байдаг. Гүйлгээ хийхээр бол өөрийн эрхээр орж гүйлгээ хийх ёстой. Тухайн гүйлгээг хийсэн ажилтан хариуцлагыг хүлээдэг. Дээрх зөрчлүүд нь шалгалтаар илэрсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Э.Чимгээ нь дүрэм, журам зөрчиж үүнийгээ хэвийн үзэгдэл мэт үзэж байгаа нь харамсалтай. Мөн өөрийн хяналт сул, ажлаа мэддэггүйгээс түүний удирдлаган дор ажилладаг теллерүүд нь мөнгө ашиглах зөрчил гаргасан. Дээрх зөрчил нь ХААН банкны ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.1, 5.4.1, 5.8.1, 5.10.1, 5.13.1, Ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.6, Кассын үйл ажиллагааны журмын 2.2.3.1, Банкс программ ашиглах технологи журмын 1.8-д заасан заалтуудыг зөрчсөн байгаа нь хөдөлмөрийн гэрээний 5.7-д заасан ноцтой зөрчилд тооцогдож хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болно. Иймд 233 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 124 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Э.Чимгээг ХААН банкны Булган аймаг дахь салбарын Хишиг-Өндөр тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор /1 сарын цалин 770 000 төгрөг/ 2 450 000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг ХААН банкны Булган аймаг дахь салбараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Э.Чимгээгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт бичилт хийхийг ХААН банкны Булган аймаг дахь салбарт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ХААН банкны Булган аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамж 54.150 /тавин дөрөв нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулж, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн дүрс бичлэгийн СD 2 ширхгийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 86 дугаар магадлалаар Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 124 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Үүнд:
“Э.Чимгээгийн гаргасан зөрчил тогтоогдсон /шийдвэрийн 5 дугаар хуудас 13 дахь мөр/ боловч хувьдаа завшсан гэх зорилго агуулаагүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Э.Чимгээ нь харилцагчаас зээл олгоогүй байхад зээлийн хураамж гэж үндэслэлгүйгээр авсан 1 000 төгрөгийг журмын дагуу кассын илүүдэл бүртгэх, эсхүл харилцагчийн дансанд орлого хийх зэргээр харилцагчид буцаан өгөх үүрэгтэй. Гэтэл хувьдаа авсан ба аудитын шалгалтаар зөрчил илэрсний дараа харилцагчид Э.Чимгээгээс буцаан олгосон орлогын баримтаар /шалгалт 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дууссан, шалгалтаар 1 000 төгрөгийг төлүүлэх үүрэг өгсний дагуу мөн сарын 09-ний өдөр 1 000 төгрөгийг төлсөн/ нотлогдож байна. Үүгээр Э.Чимгээ уг мөнгийг хувьдаа авсан байсан нь нотлогдож байна. Зөрчил шалгалтаар илрээгүй бол харилцагчид буцаан олгохгүй байсан байх талтай.
Магадлалын /8 дугаар хуудас 4 дэх догол мөр/ Э.Чимгээ нь хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил гаргаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Ажил олгогч 40.1.4-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажилтны гаргасан зөрчлийг гэрээнд заасан байхыг шаарддаг. ХААН Банк Э.Чимгээтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7-д ноцтой зөрчлийн талаар дурдсан бөгөөд Э.Чимгээгийн гаргасан үйлдэл нь 5.7.7, 5.7.12-т заасан ноцтой зөрчилд хамаарч байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд ажилтны гаргасан зөрчил нотлогдсон байх шаардлагатай. Э.Чимгээгийн гаргасан зөрчил нь хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд, шүүх хуралдааны үед өгсөн тайлбараар хангалттай нотлогдсоор байхад анхан шатны шүүх өөр бусад нотлох баримтаар давхар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хуулиар зөрчлийг нотолсон байхыг шаардахаас биш заавал давхар нотлогдсон байх шаардлагагүй.
Э.Чимгээгийн гаргасан зөрчлийг нотлох камерын бичлэг болон түүний агуулгыг сийрүүлэн бичсэн албан тоотыг шүүх хуралдаанд ирүүлсэн. Гэтэл магадлалд “энэ нь дуу авианы бичлэггүй зөвхөн үйл хөдлөлийг дүрсжүүлсэн баримт байгаагаас үзэхэд нотлох баримтын шаардлага хангахгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Камерын бичлэг нь дуу авиаг бичээгүй байж болно, замын хөдөлгөөнийг зөрчсөн “дуугүй камерын бичлэг”-ээр торгуулийн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Банк ажилтны зөрчлийг камерын бичлэгээр нотолсон байхад үйлдэл маш тодорхой байхад дуу авиа бичигдээгүй гэдэг үндэслэлээр нотлох баримтаас хасах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь тус хуулийн 37 дугаар зүйлд “Хэргийн нотлох баримт нь зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрөөс буулгаж авсан хэв зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан. ХААН Банк Э.Чимгээгийн гаргасан зөрчлийг дүрс бичлэгээр баталгаажуулсан байхад үүнийг дуу авиа байхгүй гэх үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Давж заалдах шатны шүүх Э.Чимгээтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.7-д заасан ноцтой зөрчлийг гаргасан байхад түүнийг огт үнэлээгүй зөвхөн 5.7.12-т заасныг үнэлж /магадлалын 6 дугаар хуудас 5 дах догол мөр/ тодорхой биш гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлнэ” гэсэн мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг хэрэглэхдээ хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг ажилтан гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэсэн заалтыг зөрчиж 5.7.7-д заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг харгалзан үзээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахын тулд хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон байхыг шаардах бөгөөд хуульд заасан хугацаанд ногдуулсан тохиолдолд ажил олгогчийн гаргасан тушаалыг хөдөлмөрийн хуульд нийцсэн гэж үзнэ. ХААН банкны 2015 оны 12 сарын 10-ны өдрийн 233 тоот тушаал дээрх шаардлагыг бүрэн хангасан тул дээрх үндэслэлийг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил тогтоогдоогүй тул ХААН банкны Булган аймаг дахь салбарт холбогдох Э.Чимгээгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаалын үндэслэл тогтоогдоогүй талаар хэрэгт цугларсан баримтанд тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж Э.Чимгээг ХААН банкны Булган аймаг дахь салбарын Хишиг өндөр тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 2 450 000 төгрөг гаргуулж, олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад бүрэн нийцжээ.
Маргааны зүйл болох ажил олгогчийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 233 тоот тушаалд заасан “2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр кассын үйл ажиллагааны журам зөрчиж, харилцагчаас 1000 төгрөг авч, хувьдаа завшсан, бусдын банкс программын эрхээр гүйлгээ хийж Банкс программ ашиглах технологи журмын 1.8-д заасныг зөрчсөн”-өөр хөдөлмөрийн гэрээний 5.7.7, 5.7.12-т заасан ноцтой зөрчлүүдийг ажилтан гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Хөдөлмөрийн гэрээний 5.7.7-д “Албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа аливаа давуу тал буюу байгууллагаас албан ажилд нь зориулж олгосон хангамж, хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд ашиглах буюу урвуулан ашигласан /шан харамж авсан, хувьдаа үйлчилгээ хийлгэсэн, банкны өмч хөрөнгийг хувьдаа завшсан, хэрэглэсэн буюу бусдад зориуд завшуулсан, хэрэглүүлсэн, банкны өмч хөрөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, хувийн сонирхлоор бусдын бизнесийг дэмжсэн гэх мэт/ аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, хуурамч баримт материал бүрдүүлэх, мэдээ тайланг санаатайгаар буруу гаргах, бусдыг эдгээр үйлдэлдээ татан оролцуулах, барьцааны зүйл болон зээлийн төлбөрт хураагдсан, шилжүүлсэн хөрөнгийг хувьдаа ашигласан, үрэгдүүлэн, гэмтээсэн”, 5.7.12-т “ХААН банкны аливаа журам, дүрэм, бодлого зэрэг банкны үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээнд заасан ноцтой зөрчлийг гаргах, ажилтны ажил үүрэгт нь шууд холбогдох бусад хэм хэмжээ буюу тушаал шийдвэрээр ажилтанд хориглосон заалтыг зөрчих, гэмт хэргийн шинж чанартай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” бол тус тус ноцтой зөрчил гэж үзэхийг заажээ.
Хариуцагчаас гаргаж өгсөн СД бичлэгээс үзэхэд ажилтан Э.Чимгээ нь харилцагчийг хүлээн авч, маягт өгсөн, харилцагч 1 000 төгрөг өгснийг ширээн дээр тавьсан, харилцагч маягтыг бөглөж байх үед ажилтан компьютерээс харж харилцагчтай ярилцсан, дараа нь харилцагч хажуугийн теллер дээр очиж мөнгө авсан, түүнийг явахад нь 1 000 төгрөгийг нь өгөөгүй, уг мөнгийг Э.Чимгээ авч байгаа дүрс байх боловч энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний 5.7.7, 5.7.12-т заасан зөрчилтэй тохирохгүй байна. Ажилтан нь харилцагчаас шан харамж аваагүй, харин зээлийн хураамжид авсан мөнгөө буцааж өгөөгүй нь буруу боловч энэ нь гэрээний 5.7.7-д заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байна. Мөн ажилтан н.Бүрнээбаярын ширээн дээр сууж, түүний компьютертэй харьцаж байгаа дүрс байх боловч энэ нь теллерийн программын эрхээр нэвтэрч орсон эсэх, гүйлгээ хийсэн эсэхийг тогтоогоогүй бөгөөд хариуцагч өөр баримтаар нотлоогүй байна.
Шүүх тус банкны Кассын үйл ажиллагааны журам, банкс программ ашиглах технологи журам, Хөдөлмөрийн гэрээ, СД бичлэг, дүрсийг бичгээр буулгасан тэмдэглэл зэрэг ач холбогдол бүхий баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, Д.Дугарбаатар, өмгөөлөгч Н.Баасанжав нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2, 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 124 дүгээр шийдвэр, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 86 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, Д.Дугарбаатар, өмгөөлөгч Н.Баасанжав нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчийн ХААН банкны Булган аймаг дахь салбарын хяналтын журмаар гаргахдаа урьдчилан төлсөн 54 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА