Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 306

 

Г.Б, Ч.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Энхмандах, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дүгээр магадлалтай, Г.Б, Ч.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тамирын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, эрэгтэй, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн, Б овогт Г.Б,

2. Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, эрэгтэй, 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлсэн, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Т овогт Ч.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн” гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б, Ч.Б нарыг бүлэглэн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-г 3 жил хорих ял, Ч.Б-ийг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ч.Бөд энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сарын хугацаатай хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт зааснаар Г.Б, Ч.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ц.Э-ын эзэмшлийн “Nissan cubе” загварын .... УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 7,764,750 төгрөгийг шүүгдэгч Г.Б, Ч.Б нараас хувь тэнцүүлэн 3,882,375 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Б, Ч.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Б, Ч.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний нэхэмжлэгч Ц.Э-ын өмгөөлөгч Д.Тамир гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх: 1. Шүүгдэгч Г.Б, Ч.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг нотлоогүй байна.

2. Шүүгдэгч нар бүлэглэн Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг “Гангийн ар” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг Делта 9 тетрагидроканнабинол ТНС бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдэх үед шүүгдэгч нартай иргэний нэхэмжлэгч Ц.Э хамт байсан үйл баримт тогтоогджээ.

3. Урьдчилсан хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх асуудлыг шийдвэрлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ.

Шүүгдэгч Г.Б, Ч.Б нарын гэрчээр өгсөн, иргэний нэхэмжлэгч Ц.Э-ын гэрчээр өгсөн, гэрч Т.Б-ийн мэдүүлгүүд, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч эмчийн дүгнэлт, шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлууд тогтоогдсон гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгч Ц.Э-ыг шүүгдэгч Г.Б, Ч.Б нартай бүлэглэн бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэж үзэх үндэслэлтэй эсэх талаар гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэхээр товлосон боловч дээрх асуудлыг хэлэлцээд Ц.Э-ыг бэлтгэсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийг 6 дахь хэсгийн 6.15-д заасныг шийдвэрлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцдэг. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэхээр зохицуулсан байдаг. Тиймээс давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасныг шийдвэрлээгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгч нарын давж заалдах гомдлоор Ц.Э өвс түүхийг санаачилсан гэх асуудлыг болон тус хэрэгт Ц.Э хамтран оролцсон эсэхийг шалгах шаардлагатай гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Э машиныхаа урд суудалд сууж байсан, ургамал түүх талаар мэдээгүй байсан болох нь хангалттай тогтоогдсон. Шүүгдэгч нар өмнөх өгсөн мэдүүлгээ үгүйсгэх байдлаар гомдол гаргасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй. Тиймээс гомдолд дурдсан асуудлыг буюу хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөн байцаалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдож, яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Энхмандах хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дараа шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Э нь шүүгдэгч Г.Б-ийн хамт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдон шийтгэгдэж байсан баримт хавтаст хэргийн 88-110 дугаар талд авагдсан байгаа. Мөн Г.Б-тэй 5-6 жилийн хугацаанд хамтран амьдарсан. Шинжээчийн дүгнэлтээр Г.Бг мансууруулах бодисын хамааралтай, сүүлийн 6 сар тогтмол хэрэглэж байгаа гэж дүгнэсэн. Эын шээснээс шинжилгээ авахад мөн адил илэрсэн байдаг. Ингээд Г.Б, Э хоёр 5-6 жил хамтран амьдарсан байж энэ хэрэгт хамааралгүй, энэ хэргийн талаар огт мэдэхгүй гэж мэдүүлэг өгсөн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураахад татгалзах зүйлгүй гэж хэлсэн байдаг. Үүнээс үзэхэд Э нь өөрийн гэм бурууг ойлгож байгаа харагддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд иргэний нэхэмжлэгчтэй холбоотой асуудлыг хуульчилсан. Иймд иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх нь прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийсэн. Гэхдээ анхан шатны шүүх шүүгдэгч нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамласан. Харин шүүгдэгч Ч.Б-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн энэ хэсгийг журамлаагүй орхигдуулсан нь зөрчилд тооцохоор байна. Давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байгаа юм. Иймд магадлалыг хүчингүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тамирын гаргасан гомдлыг үндэслэн Г.Б, Ч.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б, Ч.Б нарыг бүлэглэн Төв аймгийн Жаргалант сум, 3 дугаар багийн нутаг “Гангийн ар” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг Делта 9 тетрагидроканнабинол /ТНС/ бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн үйл баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй зөв тогтоожээ.

Шүүгдэгч нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “бүлэглэн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн” гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцон, ял оногдуулж, Ч.Б-ийн хувьд энэ тогтоолоор оногдуулсан ялыг урьд нь шийтгүүлсэн ялтай нэгтгэж биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарыг Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай өвсийг хээрээс бэлтгэхдээ Ц.Э-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашигласан гэж дүгнэж, уг тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь буруу гэж үзнэ.

Учир нь, хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч Г.Б, Ч.Б нар нь тухайн тээврийн хэрэгслээр “Гангийн ар” гэх газарт очсон хэдий ч өвс гэх ургамлыг түүж бэлтгэснийхээ дараа уг тээврийн хэрэгсэлд хадгалаагүй, зөөж тээвэрлээгүй, нуун далдлаагүй бөгөөд хээрээс уг өвсийг бэлтгэсэн үйлдэлдээ гэм буруутайд тооцогдсон тул тухайн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахтай холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Б, Ч.Б нарын үйлдсэн гэмт хэрэгт Ц.Э санаа зорилго, үйлдлээрээ нэгдсэн гэж үзэх ямар нэгэн нотлох баримт, үндэслэл тогтоогдоогүй бөгөөд Г.Б, Ч.Б нар давж заалдах гомдолдоо энэ талаар дурдсан боловч тэдний Ц.Э-ыг энэ хэрэгт холбоотой талаар гаргасан давж заалдах гомдол нь мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтуудаар батлагдаагүй болно.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэхдээ энэ хэрэгт Ц.Э нь хамтран оролцсон эсэхийг шалгах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Nissan cubе” загварын автомашин нь “Ж” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байтал энэ талаар дүгнэлт хийгээгүй гэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан үндэслэлүүд дээрх дүгнэлтээр няцаагдаж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тамирын хяналтын шатны журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дүгээр магадлалыг хүчингүй болгож,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б, Ч.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ц.Э-ын эзэмшлийн “Nissan cubе” загварын .... УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 7,764,750 төгрөгийг шүүгдэгч Г.Б, Ч.Б нараас хувь тэнцүүлэн буюу 3,882,375 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай” гэсэн заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                  ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН