Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 451

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй, Хан-Уул

дүүргийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                      Л.Атарцэцэг

                                     Х.Батсүрэн

                                     Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Засаг даргын хуульд үл нийцсэн буюу хууль зүйн үндэслэлгүйгээр гаргаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0414 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0475 дугаар магадлал,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0414 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын тус дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн хурлын 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар тогтоолоор өргөн мэдүүлсэн саналыг зохих журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргаар Б.Бг томилуулахаар өргөн мэдүүлсэн саналыг шийдвэрлэхийг хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0475 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0414 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

        Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлсэн саналыг томилох эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрх харьяа дүүргийн Засаг даргад хадгалагдахаар хуулиар тусгайлан зохицуулсан байх тул “урьдчилан шийдвэрлүүлэх шаардлага хангагдаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авсан” гэж үзэж анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн. Нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгахыг хүссэн.

4. Хорооны Засаг даргыг томилох эрх дүүргийн Засаг даргад хадгалагдахаар хуулиар тусгайлан зохицуулсан боловч эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох тухай гомдол гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.” гэж заасныг зөрчиж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

5.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлаж хэрэглэжээ.

7. Хан-уул дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, санал хураалтыг зохион байгуулж явуулсан ба хорооны Засаг даргад нэрээ дэвшүүлсэн Б.Б нь хуралдаанд оролцсон 117 иргэний 100 хувийн санал авсан тул түүнийг томилуулахаар 06 дугаар тогтоолыг батлан гаргаж, улмаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр албан бичгээр Хан-уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд уламжилсан, Хан-уул үүргийн Засаг даргаас уг асуудлыг шийдвэрлээгүй үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

8. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд,... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд,...-/ийн/ олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгох”-оор, 26.3-т “энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол..., баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох...”-оор, 26.4-т “энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал ...” гэж тус тус зааснаас үзэхэд санал болгосон нэр дэвшигчийг хорооны Засаг даргаар томилох, эсхүл томилохоос нэг удаа татгалзах эрх нь дүүргийн Засаг даргад хадгалагдаж байгаа хэдий ч Засаг дарга хуулиар өөрт олгогдсон уг бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй байх нь хууль бус болно.

9. Мөн, 5 дугаар хорооны Засаг даргад нэрээ дэвшүүлж, хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналыг авсан нэр дэвшигч Б.Бг “томилох” шийдвэрийг гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь иргэний Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д заасан “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, мөн төрийн байгууллагад сонгогдох” үндсэн эрхийг хөндсөн бөгөөд хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүй.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох”-оор заасан, нэхэмжлэгч Б.Бг Хан-уул дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргаар томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь төрийн байгууллагад сонгогдон ажиллах түүний хууль ёсны эрхийг зөрчсөн болохыг анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

11. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” гэж заасан, тухайн тохиолдлын хувьд хорооны Засаг даргыг томилох, томилохоос татгалзах эрх нь түүний дээд нэгжийн буюу дүүргийн Засаг даргад хадгалагдаж шийдвэрлэгдэхээр Монгол Улсын Захиргаа захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т тусгайлан заасан тул уг асуудлаарх Хан-уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйд нийслэлийн Засаг даргад гомдол гаргаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

12. Мөн, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйд өөрт хандаж гомдол гаргаж, гомдлоо хуулийн дагуу шийдвэрлүүлэх боломж нэхэмжлэгчид үүсэхгүй байх тул шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасныг хэрэглэх үндэслэлгүй байна.

13. Иймд, энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д зааснгы удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0414 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА/2018/0475 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлын хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ