| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2022/0295/Э |
| Дугаар | 0100 |
| Огноо | 2022-12-14 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 18.6.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 0100
Ч.Мт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Л
Шүүгдэгч Ч.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д
Нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 352 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Б.Д нарын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Мт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г овогт Ч-ын М,
Ч.М нь 2020 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Ж.Б, С.Б нартай бүлэглэн аймгийн сумын багийн Б гэх газраас гэмт үйлдлээ хөнгөвчлөх, хөрөнгө байгаа газарт түргэн очиж буцах зорилгоор машин механизм ашиглаж иргэн Х.Э-н хөх саарал зүсмийн азаргатай 32 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 37.100.000 төгрөгийн хохирол,
2020 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө аймгийн сумын багийн м гэх газраас С.Б, Ж.Б, Э.Б нарын хулгайлсан 4 тооны адууг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж, бодит шинж чанар, эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Ч.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Г овгийн Ч-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ч.Мт оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мын цагдан хоригдсон 156 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан KIA BONGOS маркийн авто машины үнэ болох 9.848.000 төгрөгөөс шүүгдэгч Ч.Мт хамаарах 2.462.000 төгрөгийг албадан гаргуулж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэж, Шүүгдэгч Ч.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Маас 3.602.500 төгрөг гаргуулан хохирогч Х.Э 3.565.000 төгрөг, Орхон аймаг дахь Цагдаагийн газарт 37.500 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч, хохирогчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Б.Д нар давж заалдах гомдолдоо:
“... шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт “ ... Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д дүгнэлтдээ ... учруулсан хохирлоос 2 сая төгрөгийг төлсөн. Үлдэх хохирлыг төлнө гэдгээ илэрхийлж байгаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг багасгаж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү...” гэснийг тэмдэглэсэн боловч шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй талаараа дүгнэлт хийгээгүй. Миний үйлчлүүлэгчийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй байгаа нь яллах талыг барьсан шийдвэр боллоо.
Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө хохирол төлбөрөөс 2.000.000 төгрөг төлсөн. Түүний ар гэрийнхэн нь нэмж, 3.665.000 төгрөгийг хохирогч Х.Э-н ХААН банкны дансанд шилжүүллээ. Х.Э-д төлөх төлбөрийг бүрэн барагдуулсан. Иймд хэргийг тал бүрээс нь нягталж, шүүгдэгч Ч.Мыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.М тайлбартаа: ... гэм буруугаа хүлээж хохирлыг бүрэн барагдуулсан тул Өршөөлийн тухай хуульд хамруулж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. Ч.М 200 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг эдэлсэн гэж үзэж байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Б.Д нарын давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.М нь 2020 оны 11 дүгээр сарын 13- 14-нд шилжих шөнө Ж.Б, С.Б нартай бүлэглэн аймгийн сумын багийн Б гэх газраас Х.Э-н хөх саарал зүсмийн азаргатай 32 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж 37.100.000 төгрөгийн хохирол,
2020 оны 11 дүгээр сарын 23- 24-нд шилжих шөнө аймгийн сумын багийн м гэх газраас С.Б, Ж.Б, Э.Б нарын хулгайлсан 4 тооны адууг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж, бодит шинж чанар, эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Мын гэм бурууг хянан хэлэлцэж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, түүнийг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Харин Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “ ... мал хулгайлах ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан байна.
Мөн Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж нэг шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд өршөөл үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэж, эдлэх ялын хэмжээг тогтоох юм.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан атлаа уг ялыг өршөөлд хамруулаагүй,
өөрөөр хэлбэл Түүхт, тэмдэглэлт ой болон цар тахал өвчний нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, ялыг дүйцүүлэн солих зорилгоор батлагдсан Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн үйлчлэх цаг хугацаа, хүрээнд дээрх гэмт хэрэг, шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь бүрэн хамаарч байхад анхан шатны шүүх хэрэглэвэл зохих Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй байна.
Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 9 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй тохиолдолд уг хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад заасны дагуу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулах нь зүйтэй юм.
Түүнээс гадна шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангасан, сонгон оногдуулсан ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэрэг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт этгээдийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх шаардлагатай.
Шүүгдэгч Ч.М нь хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх явцад хохирогч Х.Э-д 2.000.000 төгрөгийг төлсөн, мөн давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэх явцад үлдэх хохирол буюу 3.665.000 төгрөгийг хохирогч Х.Э-д, мөн 37.500 төгрөгийг Орхон аймгийн Цагдаагийн газарт тус тус төлсөн байх ба
хохирогчийн өмгөөлөгч Д.Э-с “Шүүгдэгч М нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул гомдол саналгүй болсон, шүүх хуралдаанд оролцохгүй талаар хохирогч Э утаснаас залгаж мэдэгдсэн тул өмгөөлөгч миний бие хохирогчийн хамт шүүх хуралдаанд заавал оролцох шаардлагагүй боллоо...” гэсэн тайлбарыг албан бичгээр ирүүлжээ.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “ ... учруулсан хохирлыг төлсөн ...” гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын талаар тодорхой мэдүүлсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт оролцсон оролцоо, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан түүнийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг дүйцүүлэн сольсон дээрх ялд нэмж нэгтгэн нийт ялыг 4 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, уг ялаас шүүгдэгчийн цагдан хоригдсон 204 хоногийг хасаж түүний эдлэх ялыг 3 жил 11 сар 6 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй, аймгийн сумын баг тоотод байнга оршин суух бүртгэлтэй байх тул түүнийг дээрх хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Б.Д нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг
“Шүүгдэгч Ч.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т тус тус зааснаар шүүгдэгч Ч.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн сольсон 3 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэж, нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мын цагдан хоригдсон 204 хоногийг нийт эдлэх 4 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, түүний эдлэх ялыг 3 жил 11 сар 6 хоногийн хугацаагаар тогтоож, энэ хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Ч.М нь хохирогч Х.Э-д 3.665.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч аймгийн Цагдаагийн газарт 37.500 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мыг сулласугай.
6. Шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Б.Д нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.
7. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ