Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2024/0373

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, А  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...тус шүүхэд А ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.

Нэхэмжлэгч А ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/******* дугаар Гэрээний загвар батлах тухай тушаалын дагуу Хамтран ажиллах гэрээ байгуулах хүсэлтээ дахин шинээр өгч, гэрээ байгуулахаар харилцан тохиролцсон учир хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Хуулийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, манай компанийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А ХХК-аас 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Э 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 08/******* дугаар албан бичгээр ирүүлсэн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчид холбогдуулан үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн байна. Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2. ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасныг хэрэгжүүлсэн, нэхэмжлэгч А ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Нэхэмжлэгч А ХХК-н гүйцэтгэх захирал Э.В-с төлөөлөгч Н.С-д 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бичгээр олгосон итгэмжлэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн эдлэх бүхий л эрхийг гурван жилийн хугацаатай олгосон байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Түүнчлэн нэхэмжлэгч А ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан ...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Э 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 08/******* дугаар албан бичгээр ирүүлсэн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч А ХХК нь татгалзсаныг баталж, А ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох 128/2023/1065/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН