Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 06

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

          Улсын яллагч: М.Б

Шүүгдэгч:Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч:Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох,, тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Б.Б, 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны үед Архангай аймгийн Цэнхэр сумын Аптан-Овоо багийн нутаг дэвсгэр С гэх газраас иргэн Ц.Л-ын хөх бор зүсмийн 1 тооны адуу, цагаан бор зүсмийн 1 тооны адууг хулгайлж иргэн Ц.Л-т 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...2017 оны 3 сарын эхээр Ц.Лын 2 тооны морийг 2 найзынхаа хамт авч явсан. Тухайн үед хулгайн адуу гэж 2 найздаа хэлээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.”  гэв.

* Эрүүгийн ,,, тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

* Хохирогч Ц.Лын өгсөн: 

“...2017 оны 03 дугаар сарын эхээр яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг “С” гэх газраас хонгор азаргатай адуун дотроосоо 2 тооны морио хулгайд алдсан. Тухайн үед хонь мал төллөөд эхэлсэн ажил ихтэй байсан учир би адуугаа өдөр болгон хурааж чадахгүй 5-6 хоноод бэлчээрээр нь явж бүртгэж байсан юм. Би 3 сарын эхээр буюу 2, 3-ны үед адуугаа бэлчээрт нь бүртгэж үзтэл адуу бүрэн байсан. Тэгээд 7 хоногийн дараа адуугаа бэлчээрт байхад нь цахиад бүртгэж үзсэн чинь бор зүсмийн 2 тооны морь алга болсон байсан. Хөх бор зүсмийн нас гүйцсэн морь, имгүй, зөв талын гуян дээрээ ширээтэй, дөл тамгатай, нас гүйцсэн цагаан бор зүсмийн морь, эмгүй, зөв талын гуян дээрээ ширээтэй дөл тамгатай. Миний хулгайд алдсан хоёр морь эмнэг ааштай морьд байсан өвөл унаагүй болохоор тарган байсан. Хүн ганцаараа барьж авч явж чадахгүй, 2, 3 хүн элбэж л барьж авах байх. Би хоёр морио нэгийг нь 800.000 төгрөгөөр нийт 1.600.000 төгрөгөөр үнэлж байна. Би хулгайд алдсан адуугаа төлүүлж хохирлоо барагдуулж авах хүсэлттэй байна... “гэх  мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/

 

* Гэрч Д.Б-ын өгсөн: 

“... 2017 оны 3 дугаар сар, би он сарыг нь сайн санахгүй байна. 22 цаг өнгөрч байсан байх. Г.Э бид хоёрыг үхрээ эмхлүүлж байхад Таахай гэж дууддаг Б.Б бид хоёр дээр ирсэн юм. Тэр хэлэхдээ “Ц.Л ахын адуунаас 2 морь барьж авсан, би гуйж унах гэж байгаа юм”, хамт яваад өг гэж гуйгаад байсан. Г.Э бид хоёрыг авч ирээд Б.Б өөрөө хоргоож барьж авсан юм. Би шууд бор өнгийн морийг бугуйлдсан юм. Тэгсэн чинь Б.Б дахиад нөгөө  бор морийг нь бугуйлд гээд цагаан бор зүсмийн морийг би бугуйлдаад авсан. Г.Э ногтолж холбож өгсөн. Тэгээд тэр  хоёр морийг хөтлөөд Б.Б гэр рүүгээ явлаа гээд явсан. Тэгээд Г.Э бид хоёр айл хэсэхээр явсан. Би Б.Бад туслах гэж тэр хоёр морийг бугуйлдсан, хулгай хийхэд оролцоогүй.  Би Ц.Л ахаас морь гуйж унаж  байна гэж бодсон юм.  Би тэр хоёр морийг хаана байгаа талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар/

 

* Гэрч Ж.Д-ийн өгсөн:

...Б.Б 2017 оны 02 сарын сүүл 3 сарын эхээр байсан байх, хэдний өдрийг нь сайн санахгүй байна. 2 тооны бор морь хөтлөөд шөнө 21 цагийн үед сумын төвд манай гэрт  ирсэн. Б.Б надтай уулзаад хөтлөж яваа 2 тооны бор морио зармаар байна, мөнгөний хэрэг болоод байна. Адуу авах хүн байна уу? гэж надаас асуусан. Би адуу авах хүн мэдэхгүй байна гэсэн чинь Б.Б тэр хоёр морио манай хашаанд уячихаад, маргааш авъя гэж хэлэхээр нь  би зөвшөөрөөгүй юм. Тэгээд Б.Б 2 морио хөтлөөд авсан. Хаашаа явсныг нь мэдээгүй. Тэр хоёр морь хоёулаа бор зүсмийн морьд байсан. Им тамгыг нь би хараагүй. Нэг нь хөх бор, нөгөө нь цагаан бор морь байсан. Б.Б тэр хоёр морио манай хашаанд уячихъя гэхээр нь би Б.Б-аас наад хоёр морио хаанаас авч ирсэн юм, ямар учиртай морьд юм, хулгайн морьд юм биш үү гэж асуутал Б.Б юм яриагүй, морьдоо хөтлөөд явсан. Б.Б манайд ганцаараа ирсэн, шөнө байсан болохоор хүнтэй явж байгаа эсэхийг мэдээгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/

 

* Гэрч Г.Э-н өгсөн: 

“...2017 оны 03 дугаар сарын эхээр байсан байх би одоо хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Би найз Б-тай хамт Архангай аймгийн Ц сумын Алтан-Овоо багийн нутаг Ц гэх газраас орой 21 цагийн үед үхрээ хураах гээд явж байсан чинь Т гэж дууддаг Б.Б бид хоёр дээр морьтой хүрч ирээд Ц.Л гэдэг айлын адуунаас морь барьж авах гэсэн юм, та хоёр надтай хамт яваад барилцаад өгөөч гэж гуйхаар нь бид хоёр зөвшөөрөөд хамт яваад Сайрын бүрд гэх газар байсан Ц.Л гэдэг айлын адууг айлын эзгүй байранд хашаад 2 тооны бор зүсмийн морь барьж авсан. Б.Б тэр хоёр морийг хооронд нь холбоод хөтлөөд гэрлүүгээ  харина гээд явсан. Д.Б бид хоёр гэр, гэртээ харьсан. Ц.Л гэдэг хүнээс морь гуйж унаж байгаа гэж Д.Б бид хоёрт Б.Б ярьсан, тэгж хэлсэн учраас бид хоёр Б.Бад барьж өгсөн.  Бид гурав 2 тооны бор зүсмийн морьд барьж авсан. Нэг бор морь нь хөх бор зүсмийн, нөгөө морь нь цагаан бор зүсмийн морьд байсан им, тамгыг нь хараагүй. Хөх бор морь нь барьж авахад ааштай байсан. Б.Б тэр хоёр бор морийг хулгай хийж байгаа талаар надад яриагүй, эзнээс нь гуйгаад унах гэж барьж авч байгаа гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/  

 

* Яллагдагч Б.Б-ын өгсөн: 

“...2017 оны 03 дугаар сарын 20-ний үед байх он сарыг нь сайн санахгүй байна. Би Архангай аймгийн Цэнхэр сумын Сайрын Бүрд гэх газраас бэлчээрт байх М гэж дууддаг Ц.Л ахын бэлчээрт байх адуутай нь шөнийн 12 цаг өнгөрч байхад таарсан. Тэгээд би Бор онгоц / Г.Э/, Д.Б хоёрыг адуу хашаад өг гээд сумын төвөөс дуудаад  2 бор морийг барьж авсан юм. Бид 3 морьтой явж байсан. Д.Б 2 бор морийг бугуйлдсан. Бор онгоц /Г.Э/ ногтолсон. Би адууг хоргоож байсан. Тэр хоёр надад морь барьж өгсөн гэж бодож байгаа юм. Тэр хоёр хулгай хийж байгаагаа мэдээгүй юм. Би хулгайлсан хоёр морио хөтлөөд сумын төв рүү 01 цагийн үед орсон. Тэр хоёр айлд орно гээд салаад явсан. Тэгээд би Ж.Дийн гэрт очоод ахаа би 2 морь хулгай хийгээд аваад ирлээ гэсэн. Тэгээд намайг загнаад боль, тавьж явуул  гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ж.Д ахын хашаанаас гарч ирээд тэр хоёр морийг тавьсан юм. Би ганцаараа хулгай хийсэн. Би ямар нэгэн багаж хэрэгсэл ашиглаагүй. Тухайн өдөр би мориндоо хийсэн байсан ногтоор тэр хоёр бор морийг ногтолж холбоод хөтлөөд явсан. Энэ ногтыг би зүс танихгүй, отор хийж байсан нэг залууд 5000 төгрөгөөр зараад, архи авч уусан. Хамт хулгай хийсэн гээд мэдүүлэг өгвөл тэр хоёроор хохирлыг нөхөн төлүүлнэ гэж би бодсон юм. Энэ миний буруу байгаа юм. Би өөрөө хулгай хийсэн. Ж.Д ах захиалга өгөөгүй. Мөнгө олох зорилгоор хулгай хийсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/ 

 

*Хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 76 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр тал/ 

*Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 34дүгээр тал/ 

*Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх-ийн 35 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

2017 оны 03 дугаар сарын 20-ны үед Архангай аймгийн Цэнхэр сумын Аптан-Овоо багийн нутаг дэвсгэр Сайрын бүрд гэх газраас иргэн Ц.Л-ын хөх бор зүсмийн 1 тооны адуу, цагаан бор зүсмийн 1 тооны адууг хулгайлагдаж иргэн Ц.Лт 1.600.000 төгрөгийн хохирол учирсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны үед Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг дэвсгэр Сайрын бүрд гэх газраас иргэн Ц.Л-ын хөх бор зүсмийн 1 тооны адуу, цагаан бор зүсмийн 1 тооны адууг хулгайлж иргэн Ц.Л-т 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч  Ц.Л-ын“...Тэгээд 7 хоногийн дараа адуугаа бэлчээрт байхад нь дахиад бүртгэж үзсэн чинь бор зүсмийн 2 тооны морь алга болсон байсан. Хөх бор зүсмийн нас гүйцсэн морь, имгүй, зөв талын гуян дээрээ ширээтэй, дөл тамгатай, нас гүйцсэн цагаан бор зүсмийн морь, эмгүй, зөв талын гуян дээрээ ширээтэй дөл тамгатай. Миний хулгайд алдсан хоёр морь эмнэг ааштай морьд байсан өвөл унаагүй болохоор тарган байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-ын “...Тэр хэлэхдээ “Ц.Л ахын адуунаас 2 морь барьж авсан, би гуйж унах гэж байгаа юм”, хамт яваад өг гэж гуйгаад байсан. Г.Э бид хоёрыг авч ирээд Б.Б өөрөө хоргоож барьж авсан юм. ... Тэгээд тэр  хоёр морийг хөтлөөд Б.Б гэр рүүгээ явлаа гээд явсан. Тэгээд Г.Э бид хоёр айл хэсэхээр явсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Э “...Б.Б бид хоёр дээр морьтой хүрч ирээд Ц.Л гэдэг айлын адуунаас морь барьж авах гэсэн юм, та хоёр надтай хамт яваад барилцаад өгөөч гэж гуйхаар нь бид хоёр зөвшөөрөөд хамт яваад Сайрын бүрд гэх газар байсан Ц.Л гэдэг айлын адууг айлын эзгүй байранд хашаад 2 тооны бор зүсмийн морь барьж авсан. Б.Б тэр хоёр морийг хооронд нь холбоод хөтлөөд гэрлүүгээ  харина гээд явсан. Д.Б бид хоёр гэр, гэртээ харьсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Д-ийн “...Б.Б надтай уулзаад хөтлөж яваа 2 тооны бор морио зармаар байна, мөнгөний хэрэг болоод байна. Адуу авах хүн байна уу? гэж надаас асуусан. Би адуу авах хүн мэдэхгүй байна гэсэн чинь Б.Б тэр хоёр морио манай хашаанд уячихаад, маргааш авъя гэж хэлэхээр нь  би зөвшөөрөөгүй юм. Тэгээд Б.Б 2 морио хөтлөөд авсан...” гэх мэдүүлэг,  шүүгдэгч Б.Б-ын “...Тэгээд би Бор онгоц / Г.Э/, Д.Б хоёрыг адуу хашаад өг гээд сумын төвөөс дуудаад  2 бор морийг барьж авсан юм. ...Тэр хоёр надад морь барьж өгсөн гэж бодож байгаа юм. Тэр хоёр хулгай хийж байгаагаа мэдээгүй юм... ” гэх мэдүүлэг,  хохирлын үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан  нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.  

 

Иймд шүүгдэгч Б.Б-ыг бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. 

 

Хохирогч Ц.Л нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд /хх-ийн 81х/ тусгагдсан байх тул шүүгдэгч Б.Быг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.  

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан  техник, хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг улсын төсөвт шилжүүлэхээр хуульчилсан байх ба шүүгдэгч Б.Б-ын ашигласан морь болон эмээл, хазаарыг алга болгосон, байхгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд түүний үнэлгээ хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан болон түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв. 

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б.Б ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 410.000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

                           

                                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              П.ГАНДОЛГОР