Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2020/ДШМ/457

 

 

 

 

 

 

  2020             4              14                                          2020/ДШМ/457

 

 

Ё.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Ё.О, түүний өмгөөлөгч Г.Н,

хохирогч Ц.Э, түүний өмгөөлөгч О.А,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ё.О-ын өмгөөлөгч Г.Н-ийн гаргасан давж заалдах гомдлоор Ё.О-д холбогдох ............................ дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ё.О нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” гоо сайхны эмнэлэгт иргэн Ц.Э-т эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхдээ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу Эмчилгээ, үйлчилгээ эхлэхээс өмнө эмнэлгийн мэргэжилтэн нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн батлах тухай” 446 тоот тушаалын 6 дугаар хавсралтын дагуу “Өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тухай” зөвшөөрлийн хуудас дээр гарч болох хүндрэл эрсдэлийг нэг бүрчлэн дурдаж үйлчлүүлэгчээс зөвшөөрөл аваагүй,

Эрүүл мэндийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхээр байгууллагаас гаргасан журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, хамар өндөрлөх тарилга хийх аргачлалын дагуу хийгдээгүй, хатгалт хийхдээ судас хөндөхгүйгээр арьсны хамгийн дээд давхаргад филлерийг тарьж хийх, Канниула буюу мохоо зүүгээр дух хөмсөгний голоор болгоомжтой хатгалт хийгдээгүйн улмаас судас дайрч, судасны даралтаас өндөр даралтаар филлер хийснээс 2 артерийн судсанд эргэн урсаж, нүдний артерийг даган торлогийн судсыг бөглөснөөр хүндрэл үүсч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ё.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ё.О-ыг “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.О-д хүн эмчлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ё.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Ё.О нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч болон иргэний хариуцагч “Э” ХХК-ийн “Э” эмнэлгээс хохирогч Ц.Э-т нийт 65.094.680 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ц.Э нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Ё.О болон иргэний хариуцагч “Э” ХХК-ийн “Э” эмнэлгээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж, Ё.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ё.О-ын өмгөөлөгч Г.Н гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд тайлбартаа: “Шүүгдэгч Ё.О нь хэрэг бүртгэлтийн шатнаас эхлээд холбогдох журам зөрчсөн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа ухамсарлан өнөөдрийг хүртэл хохирогчийн цалингийн зээлийг нь төлсөөр ирсэн. Хохирогчид бүхий л талын тусламж, үйлчилгээг үзүүлж, эмнэлэгт өөрөө болон эгчээрээ ээлжлэн сахиж, түүнийг гадаадад эмчлүүлэх бүрэн боломжийг бүрдүүлж эмчилгээний хохирлыг төлж ирсэн. Хэрэгт энэ талаар хангалттай баримт авагдсан, харин шүүгдэгч анхнаасаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын болон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтүүдийг анхнаасаа анагаах ухааны зохих салбар болон гоо сайхны мэс заслын талаар мэргэжлийн дүгнэлт гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байдаг.

Хэрэг шүүхэд ирэхээс өмнө Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч Б.Б-гийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2 дугаартай дүгнэлт, мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч Г.Н-ийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлтүүд гарсан байдаг ба уг дүгнэлтэд “...Хатгалт хийхдээ судас хөндөхгүйгээр арьсны хамгийн дээд давхаргад филлерийг тарьж хийх ёстой. Канниула буюу мохоо зүүгээр эмчилгээ хийх аюулгүй гэх боловч дух хөмсөгний голоор болгоомжтой хатгалт хийгдээгүйгээс судас дайрч, судасны даралтаас өндөр даралтаар филлер хийснээс 2 артерийн судсанд эргэн урсаж, нүдний артерийг даган торлогийн судсыг бөглөснөөр хүндрэл үүссэн” гэсэн дүгнэлтүүд нь үнэн бодитой дүгнэлт биш юм.

Филлерийг хурдтай шахсан нь ямар баримтаар яаж тогтоогдоод байгаа нь тодорхойгүй, хохирогчид хийсэн гэх мохоо зүү, тариурыг шинжээч нар болон прокурор, мөрдөгч, өмгөөлөгчийн хэн нь ч өнөөдрийг хүртэл хараагүй юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед хохирогчид хатгалт хийсэн зүү нь энэ мөн үү, мохоо юм уу, зориулалтынх мөн үү, хэрэглэх хугацаа, стандартад нийцэж байна уу гэсэн асуултад хариулсан баримт эд мөрийн баримтаар хураагдаагүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд “...гэмтэл нь химийн бодисын үйлчлэлээр үүсгэгдсэн байна...” гэснээс биш ямар төрлийн бодис ямар нөлөө үзүүлсэн, филлер гэдэг бодис мөн үү гэх асуултуудыг тодруулахгүйгээр шүүгдэгчид энэ зүйлийн хамгийн хүнд санкцаар ял оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд эргэлзээтэй юм.

Хохирогч өмнө нь С улсад хэд хэдэн удаа нүүрэндээ тарилга, филлер хийлгэж байсан нь гэрч Б.Ц-ын “хохирогч анх 2019 оны 3 дугаар сард манай эмнэлэгт ирэхдээ асуумжаар нүүрэндээ олон удаа филлер хийгдэж байсан, хохирогч нь энэ филлер бодисыг хайлуулах зорилгоор үйлчилгээ авч эхэлсэн” гэсэн мэдүүлэг нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч Г.Н-ийн дүгнэлтэд Баянзүрх дүүргийн Цагдаагийн байгууллагаас хүргүүлсэн зүйл нь зөвхөн тус гоо сайхны эмнэлэгт үлдсэн байсан 3 төрлийн бүтээгдэхүүний тоо ширхэг, гарал үүсэл, хэрхэн импортолсон талаар л тусгагдсан юм. Гэтэл шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхдээ “хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэж дүгнэж ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Мөн яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтэд шүүх шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 68 дугаар нэмэлт дүгнэлт гарсан боловч дүгнэлтийн агуулгыг “...ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 65 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн нь 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8525 дугаартай Ц.Э-ийн биед зүүн нүдний хараагүйдэл, тархины зүүн дух зулай, дагз, баруун зулайн тархины эдэд цус харвалт, хамрын угалзанд шарх, дух, хамрын нуруунд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь химийн бодисын үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.21, 31.1 дэх хэсэгт зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 65 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлтээр нэгэнт урьд шинжлэн дүгнэгдсэн дүгнэлт байгаа нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгчөөс мэргэжлийн салбар комиссын дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хангасан шүүгчийн захирамж биелэгдээгүй гэж үзэж болно.

Хэрэв зориулалтын Канниула гэх мохоо үзүүртэй зүүгээр тарьсан нь үнэн бол, тийм эд мөрийн баримт байгаа бол энэ нь хүнд гэмтэл учруулахааргүй судас хагарахаас бүрэн сэргийлсэн олон улсын гоо сайхны эмчилгээнд хүлээн зөвшөөрөгдсөн хэрэгсэл юм. Энэ бүгдийг мэргэжлийн салбар комиссоор, ололтод технологи ашиглан дүрс оношлогооны эхо, MRI, CT, рентген зэрэг багаж хэрэгслээр хурдан шуурхай оношилж, үүгээр ямар бодис, ямар хүчин зүйлийн үйлчлэл, зүү хэрэгслээр судас хагарсан эсэх, урьд хийлгэсэн гоо сайхны бодисын үлдэгдэл байна уу, нөлөөлсөн эсэх гээд олон зүйлийг тогтоох бүрэн боломжтой байсан ч ийм дүгнэлтүүд хийгдээгүй.

Мөн энэхүү тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гарах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна” гэсэн заалтад нийцээгүй, шүүх энэ хуулийн 36.14 дүгээр зүйлд заасны дагуу үүнийг залруулаагүй байна. Тодруулбал, тогтоолын эхний хуудас дээр цагаатгах тогтоолын дугаар авагдаж, шүүхийн цагаатгах тогтоол, шийтгэх тогтоолын аль нь болохыг нэг мөр ойлгоход эргэлзээтэй болгож байгааг анхаарч үзнэ үү.

Иймд, зөвхөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний журам зөрчсөн гэдгээр хязгаарлагдахгүй, гэмтлийн зэрэг нь ямар ямар хүчин зүйлээр учирсан байдлуудыг хөдлөшгүй шинжлэн тогтоох зайлшгүй шаардлагатай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэгдэх боломжоор хангаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ё.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Над дээр орж ирэхээсээ өмнө хохирогч Ц.Э 3 удаа эмчилгээнд орсон байсан. Хоёр удаа арьсаа чангалах буюу эрүүн дэх филлерээ хайлуулахаар аппаратанд орсон байсан. Гурав дахь удаагаа ирэхдээ над дээр таарсан. Өөр эмчийг зориод ирсэн боловч тэр хүн нь амарсан байж таарсан байдаг. Эхлээд эрүүнийх нь филлерийг хайлуулах гэж тохиролцоод эмчилгээний өрөөнд орсон. Тэгээд эмчилгээний өрөөнд байхдаа хамрын филлер хийх тухай ярилцаад шууд хийлгэхээр болсон. Нийт 65.000.000 төгрөг төлсөн. Өөрийнхөө хувиас 30 гаруй сая төгрөг өгсөн” гэв.

Хохирогч Ц.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анх 2019 оны 1 дүгээр сард арьс чангаруулах аппаратанд орох зорилготой очсон. Би өөрөө хамраа өндөрлүүлэх зорилготой очоогүй бөгөөд Ё.О надад эхлээд “хамар өндөрлүүлэх” санал тавьсан. Миний зүүн талын нүд цаашаа ширгээд орчихсон. Солонгос улсад цаашдаа хийлгэх шаардлагатай эмчилгээний баримтууд байгаа. Ямар ичдэггүй юм бэ, би өнөөдөр 40 настай, хүний өөдөөс харж чадахааргүй болгочихоод давж заалдах гомдол гаргаад яваад байгааг ойлгохгүй байна. Солонгос улс руу хурдан эмчилгээндээ явахын тулд хэлцэл дээр гарын үсэг зурсан. Өөрөө хүлээн зөвшөөрөөд хэлцэл хийсэн зүйл байхгүй” гэв.

Хохирогч Ц.Э-гийн өмгөөлөгч О.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Химийн тариаг тодорхойлохоосоо илүү эмнэлгийн ажилтан стандартын дагуу арга ажиллагаа хийсэн үү гэдгийг тогтоох нь чухал гэж үзэж байна. Судсыг дайруулахгүйгээр хатгах ёстой байтал дайруулаад хатгасан. Эмчилгээ эхлэхийн өмнө эрсдэлийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулах ёстой байтал гарын үсэг зуруулахгүйгээр ажиллагаагаа эхэлсэн. Энэ нь эмнэлгийн ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх гэмт хэргийн объектив шинжийг хангалттай нотолж байна. Гэтэл уг асуудалд огт хамааралгүй, ач холбогдол багатай зүйлүүд рүү шүүгдэгчийн өмгөөлөгч чиглүүлж ярьж байна. Уг хэрэгт эмчийн арга ажиллагаа зөв байсан уу гэдгийг тогтоох нь чухал болохоос биш, зүү нь ямар байсан талаар судалж, түүнийг эд мөрийн баримтаар хураах нь төдийлөн ач холбогдолтой биш юм. Мөн шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хүнд байна гэсэн утгатай зүйл ярьж байна. Тухайн гэмт үйлдлийн улмаас учирсан хор уршгийн шинж чанарт ял шийтгэл тохирч байх ёстой. Өнөөдөр хохирогчийн нэг нүд нь сохорчихсон. Дахиж хэзээ ч хараа орохгүй. Энэ нь маш хүнд хор хохирол юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шийтгэх тогтоолд ямар нэгэн бичиг, техникийн алдаа байвал хүсэлтээ гаргаад засуулах боломж байсаар байтал шүүгдэгчийн өмгөөлөгч зориуд засуулах хүсэлт гаргахгүй байж байгаад давж заалдах гомдолдоо дурдаж байгаа нь хуульчийн ёс зүйд нийцэхгүй гэж үзэж байна” гэв.

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн шатанд дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн дүгнэлт гаргахдаа үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж тайлбарлаж байна. Өмнө нь хохирогч филлер тариа хийлгэж байсан талаарх нотлох баримт байхгүй болохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд тэр талаар тусгагдаагүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “филлер тариаг хийхдээ судасны даралтаас өндөр даралтаар тариаг хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан гэж байна. Ямар даралтаар шахсан болохыг тогтоогоогүй” гэж байна. Тухайн үед тарилгыг ямар хэмжээний даралтаар шахсан болохыг тогтоох боломжгүй. Иймд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, шинжээчийн дүгнэлт  зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ё.О-ын гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ё.О нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И” гоо сайхны эмнэлэгт иргэн Ц.Э-т хамар өндөрлөх филлер тарилга хийх эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхдээ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу Эмчилгээ, үйлчилгээ эхлэхээс өмнө эмнэлгийн мэргэжилтэн нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн батлах тухай” 446 тоот тушаалын 6 дугаар хавсралтын дагуу “Өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тухай” зөвшөөрлийн хуудас дээр гарч болох хүндрэл эрсдэлийг нэг бүрчлэн дурдаж үйлчлүүлэгчээс зөвшөөрөл аваагүй,

Эрүүл мэндийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхээр байгууллагаас гаргасан журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, хамар өндөрлөх тарилга хийх аргачлалын дагуу хийгээгүй, хатгалт хийхдээ судас хөндөхгүйгээр арьсны хамгийн дээд давхаргад филлерийг тарьж хийх, Канниула буюу мохоо зүүгээр дух хөмсөгний голоор болгоомжтой хатгалт хийгээгүйн улмаас судас дайрч, судасны даралтаас өндөр даралтаар филлер хийснээс 2 артерийн судсанд эргэн урсаж, нүдний артерийг даган торлогийн судсыг бөглөснөөр хүндрэл үүсч Ц.Э-ийн эрүүл мэндэд зүүн нүдний хараагүйтэл, тархины зүүн дух, зулай, дагз, баруун зулайн тархины эдэд цус харвалт, хамрын угалзанд шарх, дух, хамрын нуруунд сорви бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Э-ийн "...2019 оны 6 дугаар сарын 18-ны өглөө 9 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” гэх эмнэлгийн утас руу залгаж хөмсөг шивдэг М гэх эмчийг ажиллаж байгаа эсэхийг асуухад ажиллаж байгаа гэсэн тул 15:00 цагт тус эмнэлэг дээр очиход “М гэх эмч байхгүй, өнөөдөр амардаг өдөр, та түр хүлээгээд сууж бай” гэж хэлсэн. Тус эмнэлгийн захирал нь “Ё.О гэх эмчтэй орж уулз” гэж хэлсэн байсан. Тэгээд би Ё.О эмчтэй орж уулзаад эрүүндээ тос түрхүүлээд байж байтал Ё.О нь надад “та эрүүний өөх хайлуулж байхаар, хамраа өндөрлүүлэх юм бол гоё юм байна” гэж хэлэхээр нь би “хэдэн төгрөг вэ” гэж асуухад “450.000 төгрөг” гэж хэлсэн. Тэр үед би хариу хэлээгүй байхад миний эрүүнд тариа хийж байгаад нэг мэдсэн чинь миний хамарт тариа тарьсан, хамарны доод болон дээд хэсэгт 2 удаа хатгасан. 2 удаа хатгахад миний хамарнаас их цус гарсан бөгөөд Ё.О нь “судас дайрчихсан юм байхдаа, яагаад ингэж их цус гараад байгаа юм бол” гэж хэлсэн. Тэгээд миний хамранд утас гүйлгээд тэр эмэгтэй надад “таньд их хэмжээний филлер орох юм байна, шовойгоод гоё болох юм байна” гэж хэлээд утас гүйлгэсэн нүх рүүгээ тариа шахсан. Тариа шахаад хэдхэн секундын дараа миний нүдэнд оч манараад явсан. Би нүдээ нээж үзэхэд миний зүүн нүд юм харахгүй байхаар нь “миний нүд юм харахгүй байна" гэж орилсон. Намайг орилоход миний хэл ам нэг л сонин болоод толгой руу хатгуулж өвдөж байсан. Тэгээд би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан, сэрээд харахад эмнэлгийн машинд суусан байсан. ...” /1хх 20-21/,

гэрч Б.Ц-ын "...2019 оны 6 дугаар сарын 19-ний өглөө ажил дээрээ ирэхэд Ц.Э гэх үйлчлүүлэгчийн эгч, дүү нар ирж уулзаад болсон асуудлыг сонссон. Эмч Ё.О тухайн хүнийг “С” эмнэлэг дээр сахиж байгаа талаар мэдээд эмнэлэг дээр очсон. Ё.О эмч “хамар өндөрлөх филлер хийж байх явцад өвдөлт өгсөн тул 1 дүгээр эмнэлэг дээр ирсэн” гэж хэлж байсан. Ц.Э гэх үйлчлүүлэгчтэй уулзаад эмчилгээгээ хийлгэж оношоо тодруулъя гэхэд эрчимт эмчилгээний тасагт байсан. “С” эмнэлэгт 20 хоног хэвтээд гарсан.  Ц.Э-ийн зүүн нүд хараа ороогүй тул Солонгос улс руу явуулахаар гурван байгууллагын батлан даалттайгаар виз мэдүүлээд түүнийг эгчтэй нь хамт явуулсан. ...” /1хх 28-29/,

гэрч Ц.Н-ийн  "... 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр би хөдөө яваад орой 22 цагт гэртээ ирээд байж байтал Ц.Э-ийн хүү над руу залгаад “ээж тариа хийлгээд бие нь муудаад 1 дүгээр эмнэлэг дээр байна, та хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Намайг очиход дүү маань унтаж байгаа байдалтай юм уу, ухаангүй байгаа байдалтай юм уу гэмээр  байсан, би ухаангүй байна гэж бодсон. Тэгээд эмчтэй нь уулзахад “хамар өндөрсгөх тариа хийлгэсэн байна, түүнээсээ биеийн байдал муудаад манайд ирсэн, ийм тохиолдол Монгол улсад гарч байгаагүй, ямар эмчилгээ хийхээ мэдэхгүй байна, хөдөлгөж болохгүй, хэвтүүлээд хүлээх хэрэгтэй, өглөө шинжилгээ авна” гэж хэлсэн. ...” /1хх 31-32/,

шүүгдэгч Ё.О-ын “...2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “И” арьс гоо заслын эмнэлэгт байрандаа байх үед Ц.Э гэдэг үйлчлүүлэгч ирсэн. Ц.Э нь манай гоо сайханч М-ыг асууж ирсэн боловч М тэр өдөр амарч байсан тул надтай уулзсан. ...Ц.Э нь “чиний хамар гоё юмаа, би урд нь хамрандаа филлер хийлгэн өндөрлөж байсан. Гэхдээ одоо хайлчихсан. Би хамрынхаа сартгар хэсгийг засуулж болох уу” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “хамрын сартгар хэсгийг коллагентэй утас хийгээд засаж болно, харин хамрыг өндөрлөхөд филлер тарилга хийгддэг” гэж хэлсэн тул “үнэ нь 700.000 төгрөг болно” гэж хэлсэн. Ц.Э зөвшөөрч “тэгвэл хийлгэчихье” гэсэн. Тэгээд би мэдээ алдуулах, судас агшаах тос, эрүү болон хамар хэсэгт нь түрхсэн. 15-20 минутын дараа эхлээд эрүүнд филлер хайлуулах тариа хийсэн. Дараа нь хамарт нь дахиад мэдээ алдуулах тариа тарьсан. Уг тариаг хамрын үзүүр болон уг хэсэгт тарьж мэдээ алдуулсан. Дараа нь бүдүүн зүүгээр хамрын үзүүрт нүх гаргасан. Энэ үед хатгасан нүхээр цус гарсан. Цусыг нь тогтоогоод дараа нь коллагентэй утас хийсэн. Ц.Э-ийг толинд харуулсан. Ц.Э “хүүе ээ, ийм хурдан юм уу, хүн мэдчихгүй байгаа, би буцаад ажилдаа очих ёстой” гэж хэлж байсан. Би “бага зэрэг хавдах байх, гэхдээ хүн анзаарахаар хэмжээний өөрчлөлт байхгүй” гэж хэлсэн. Тэгээд хамарны уг руу филлер тарьж эхэлсэн. Тарьж эхлээд удаагүй байтал Ц.Э “нүд эвгүй болж байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тарихаа зогсоож, зүүгээ сугалж аваад бэлэн хажууд байсан филлер хайлуулах тариагаа хамрын угт тарьсан. Э дахиад “нүд эвгүй болоод байна” гэж хэлсэн. ...” /1хх 59-60/ гэх мэдүүлгүүд,

"Ц.Э-ийн биед зүүн нүдний хараагүйтэл, тархины зүүн дух, зулай, дагз, баруун зулайн тархины эдэд цус харвалт, хамрын угалзанд шарх, дух, хамрын нуруунд сорви гэмтэл” тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь химийн бодисын үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.21, 31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 65 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8525 дугаартай шижнээчийн дүгнэлт /1хх 36/,

Хохирогчид үүссэн нүдний артерийн бөглөрөл, хамрын нурууны арьсны үхжил, тархины зүүн дух, зулай, дагз, баруун зулайн тархины эдэд цус харвалт нь хамарт филлер /дүүргэгч/ тариа хийх үед үүссэн болно. Ц.Э-ийн биед зүүн нүдний хараагүйтэл, тархины зүүн дух, зулай, дагз, баруун зулайн тархины эдэд цус харвалт, хамрын баруун, зүүн угалз, хамрын нуруунд сорви” гэмтэл учирсныг тогтоосон хэргийн материалаар бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 68 дугаартай шинжээчийн дүгнэлт /4хх 118-121/,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын "...тус эмнэлэгт хийгдэх эмчилгээ, үйлчилгээний нэр төрлийг эмнэлгийн даргаар баталгаажуулж баталсан байна. Эмнэлэгт хийгдэх эмчилгээ, үйлчилгээний нэр төрөл нь гоо сайхан болон эмчилгээний гоо заслын тусламж үйлчилгээ болох...хамар, уруул өндөрлөх, хэлбэржүүлэх эмчилгээ, коллагентай утас суулгах эмчилгээ...зэргийг хийдэг байна.

Эмчилгээ үйлчилгээ эхлэхээс өмнө эмнэлгийн мэргэжилтэн нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн батлах тухай” 446 тоот тушаалын 6 дугаар хавсралтын дагуу өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тухай зөвшөөрлийн хуудас дээр гарч болох хүндрэл, эрсдэлийг нэг бүрчлэн дурдаж үйлчлүүлэгчээс зөвшөөрч байна гэсэн гарын үсэг зуруулах ёстой. Үйлчлүүлэгч Ц.Э нь гоо заслын ажилбар, эмчилгээний талаар зөвшөөрч гарын үсэг зураагүй байна.

...хамар өндөрлөх тарилга хийх аргачлалын дагуу хийгдээгүйгээс хүндрэл гарч хөхрөлт, хараагүй болох, арьсны үхжилт үүссэн байгаа нь тус эмнэлгийн даргын баталсан “Филлер тарилга хийх үеийн аюулгүй ажиллагааны санамж, гарч болох хүндрэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх тухай” эмнэлзүйн заавар, аргачлалд заасан дараах хэсгүүд зөрчигдсөн байна. Үүнд:

Хатгалт хийхдээ судас хөндөхгүйгээр арьсны хамгийн дээд давхаргад филлерийг тарьж хийх ёстой. Канниула буюу мохоо зүүгээр эмчилгээ хийх аюулгүй гэх боловч, дух хөмсөгний голоор болгоомжтой хатгалт хийгээгүйгээс судас дайрч, судасны даралтаас өндөр даралтаар филлер хийснээс 2 артерийн судсанд эргэн урсаж, нүдний артерийг даган торлогийн судсыг бөглөснөөр хүндрэл үүссэн.

 Эмч Ё.О нь Эрүүл мэндийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхээр төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан тушаал, журмын хэрэгжилт хангалтгүй байгаа нь эмч, мэргэжилтэн нар хуульд заасан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн. ...” гэсэн 2 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 41-43/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 7-18/,  яаралтай тусламжийн хуудас /1хх 64-68, 154-161/, “С” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /1хх 72-153/, Нийслэлийн эрүүл мэндийн газрын “Э” ХХК-ийн эмчилгээний гоо заслын “И” эмнэлэгт олгосон Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /1хх-167/, “И” эмнэлгийн дарга Б.Ц-ыг иргэний хариуцагчаар тогтоосон прокурорын тогтоол /2хх 21-22/,  2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ё.О-аас Ц.Э-т 50000000 төгрөг шилжүүлсэн хэлцэл /1хх 184-187/, Ц.Э-ийн фото зургууд /1хх 246-251/, хохирлын баримтууд /2хх 57-246/, Солонгос улсад эмчлүүлсэн баримтууд /3хх 1-240, 4хх 1-84 / болон мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Ё.О-ыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ё.О нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И” гоо сайхны эмнэлэгт иргэн Ц.Э-т эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхдээ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу түүнд хамар өндөрлөх тарилгыг Канниула буюу мохоо зүүгээр дух хөмсөгний голоор хийхдээ судас дайрч, судасны даралтаас өндөр даралтаар филлер хийснээс 2 артерийн судсанд эргэн урсаж, нүдний артерийг даган торлогийн судсыг бөглөснөөр хүндрэл үүсч хохирогч Ц.Э-ийн эрүүл мэндэд  хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх, шүүгдэгч Ё.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүн эмчлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Ё.О-ын өмгөөлөгч Г.Н-ийн гаргасан “...гэмтлийн зэрэг нь ямар ямар хүчин зүйлээр учирсан байдлуудыг хөдлөшгүй шинжлэн тогтоох зайлшгүй шаардлагатай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

Шүүгдэгч Ё.О-ын хувьд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Анагаах ухааны сургуулийг 2010 онд хүний их эмчийн мэргэжлээр /1хх 236/, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг 2016 онд арьс судлалын үндсэн мэргэжлээр арьсны эмч /1хх 238/, 2017 онд гоо заслын эмчийн мэргэшлээр /1хх 241/,   харшил судлалын эмчийн мэргэшлээр /1хх 239/ тус тус төгссөн, 2018 онд анагаах ухааны магистрын зэрэг /1хх 240/ хамгаалсан нь хэргийн материалд цугларсан бичгийн баримтаар тогтоогдож байна.  

Ё.О нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/276 дугаар тушаалаар олгогдсон эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн дагуу “Э” ХХК-ийн “Э” арьс, гоо заслын эмнэлэгтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, гоо заслын эмчилгээ эрхэлж байсан тул тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект мөн бөгөөд түүний үйлдэл нь эмнэлгийн мэргэжилтний хувьд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүйдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр, харин учирсан хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан шинжийг агуулна.

Шинжээчийн дүгнэлт бол шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичиг бөгөөд шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байх учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана.” гэж заасны дагуу анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нь нэг агуулгатай байх бөгөөд эдгээр шинжээчийн дүгнэлтүүдийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем дээр шийтгэх тогтоол, цагаатгах тогтоолын дугаарууд нь нэг системээр авагддаг тул шийтгэх тогтоолын дугаарыг “ШЦТ” гэж тэмдэглэсэн нь цагаатгах тогтоолын дугаарыг заагаагүй бөгөөд шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Ё.О-ын өмгөөлөгч Г.Н нь анхан шатны шүүхийн шүүгчээс татгалзсан хүсэлтийг шийдвэрлээгүй гэх боловч түүний хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1, 8 дахь хэсэгт зааснаар “хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 330 дугаартай захирамж /4хх 134-135/ хавтас хэрэгт авагдсан байна. Шүүх хуралдааны тэмдэглэл /4хх 140/-д уг захирамжийг оролцогчдод танилцуулсан тухай дурдсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ё.О-ын өмгөөлөгч Г.Н-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ё.О-ын өмгөөлөгч Г.Н-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

 

                       ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

 

 

                       ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ