Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 63

 

Гбанк ХХК-ийн Орхон салбарын

 нэхэмжлэлтэй, хариуцагч О.Тд

 холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00344 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Гбанк ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: О.Тд холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 3.679.005.51 төгрөг гаргуулах тухай”иргэний хэргийг,

Хариуцагч О.Тын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батбаяр, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Гбанк ХХК-ийн захирал О.Хаянхярваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

О.Т /ГА67081861/ нь 2018 оны 10 сарын 22 өдөр ЗГ/402845506 тоот зээлийн гэрээ байгуулан 3.000.000.00 /гурван сая/ төгрөгийг 24 /хорин дөрвөн/ сарын хугацаатай зээлийн эрхтэй кредит карт авсан. О.Т нь банкнаас удаа дараа зээлээ төлөхийг шаардан уулзалт хийж байсан боловч зээлээ төлөхгүй банкийг хохироож байна. 2020 оны 01 сарын 10-ны өдрийн байдлаар тус кредит карт нь үндсэн зээл 3.145.744.21, хүүгийн төлбөр 21.371.25, эрх хэтрүүлсэн хүү 495.684.05, хугацаа хэтрүүлсний хүүгийн төлбөр 16.206.00 төгрөг нийт 3.679.005.51 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд О.Таас /ГА67081861/ нь дээр дурьдсан үндсэн зээл, зээлийн хүү, торгуулийн хүүний төлбөр болох нийт 3.679.005.51 төгрөгийг албадан төлүүлж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

О.Т би 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 24 сарын хугацаатай 3 сая төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт тус банкнаас авсан. Шүүхэд хариу тайлбар өгөх өдрийн байдлаар тооцоход үндсэн зээл 3.145.744.21 төгрөг, хэтрүүлсэн хүү 141.077.35 төгрөг нийт 3.286.821.56 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Би иргэний үүргийг тодорхой хэмжээнд биелүүлсэн. Гэрээний хугацаа дуусаагүй, хүүгийн төлбөр болон хугацаа хэтрүүлсэн хүүгийн төлбөр байхгүй учир банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд би 2020 оны 10 дугаар сарын 02-нд зээлийн гэрээний дагуу төлбөр тооцоог дуусгана гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00344 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Санжаа овогт Очирын Түвшинжаргалаас 3.679.005.51 /гурван сая зургаан зуун далан есөн мянга таван төгрөг, тавин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж Гбанк ХХК-ийн Орхон салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73.814 /далан гурван мянга найман зуун арван дөрөв/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.Таас улсын тэмдэгтийн хураамж 73.814 /далан гурван мянга найман зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гбанк ХХК-ийн Орхон салбарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч О.Т шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Би 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 24 сарын хугацаатай 3.000.000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт тус банкнаас авсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийг төлж байгаад 2019 оны 02 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл хүү 873.283 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэн буюу нэмэгдүүлсэн хүү 141.077.35 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 249.960.36 төгрөг болсон. Миний төлсөн төлбөр нийт 1.460.000 төгрөг болсон. Энэ нь банкны тооцоолж өгснөөс илүү төлсөн харагдаж байна. Энэ төлөлт үндсэн зээлийн төлбөрөөс хасагдах ёстой. Шүүх зээл анх авсан өдрөөс 15 сараар тооцож шийдвэрлэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Гбанк ХХК нь зээлийн гэрээний үүрэг 3.679.005.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... гэрээний хугацаа дуусаагүй, хүүгийн төлбөр болон хугацаа хэтрүүлсэн хүүгийн төлбөр байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж тайлбарлаж мэтгэлцсэн ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч О.Т нь тус салбараас 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 3.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлийн эрхтэй кредит карт авсан ба нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хугацааг 15 сараар тооцож 3.679.005.51 төгрөг төлөхөөс 920.590 төгрөг төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч О.Т нь кредит картны зээл авснаас хойш хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт тооцож нийт 1.450.590 төгрөг төлсөн, зээл олгосон өдрөөс эхлэн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл  нийт 15 сарын хугацаанд  зээлийн хүүгийн төлбөрийг бэлнээр авч хэрэглэсэн үед сарын 3.5 хувийн хүү, бэлэн бусаар 2 хувийн хүү төлөх үүрэг хүлээсэн болох нь тогтоогдсон байна.

Шүүх хариуцагч О.Тын төлсөн 920.590 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцоход 620.043 төгрөгийг хүүнд, үндсэн зээлд 3.145.744 төгрөг, нийт 3.765.788 төгрөг төгрөг үүрэгтэй байх боловч 3.679.005 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх тул  нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.   

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч О.Т нь банкнаас зээл авсан тохиолдолд зээлийн гэрээгээр хүлээсэн нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.  

Гэвч гэрээний оролцогч талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу  гэрээний гол нөхцөл буюу кредит картны зээлийн сарын хүү 2-3.5 хувь, хугацаа хэтрүүлсний хүү 1 хувь байхаас гадна эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг 2 хувиар тооцож хүү төлөхөөр тохиролцсон ба зээлийн гэрээнд эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцох, зээлийн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болох, гэрээнээс татгалзах талаар тусгайлан  тохиролцоогүй байна.

Хариуцагч О.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тус салбарын “Зээлийн гэрээт төлбөр хугацаа хэтэрснийг анхааруулах захидал”-тай танилцаж хүлээн авсан, зээлийн төлбөрийг сар бүр төлөх тухай өргөдөл 2019 оны 10 дугаар сард гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдаж байх тул түүний гаргасан “... банкинд 1.460.000 төгрөг төлсөн. Энэ төлөлт үндсэн зээлийн төлбөрөөс хасагдах ёстой ...” гэх давж заалдах гомдлын зарим хэсэг болох зээлийн үндсэн төлбөр 3.000.000 төгрөгөөс хасч тооцох боломжгүй байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болох үндсэн зээл 3.000.000 төгрөг нь 3.145.744 төгрөг болж нэмэгдсэн, зээлийн эрх хэтрүүлсэн хүүгийн төлбөр 495.684 төгрөгийг хэрхэн тооцож нэхэмжилсэн болохоо нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх нотолгооны чиг үүргийг хариуцагчид ногдуулж зээлийн хүүгийн төлбөрийн тооцоог буруу тооцсон, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул хариуцагчаас үндсэн зээл 3.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 21.371 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүүгийн төлбөр 16.206 төгрөг нийт 3.037.577 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 641.428 төгрөгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00344 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “... Очирын Түвшинжаргалаас 3.679.005.51 төгрөгийг гаргуулж, Гбанк ХХК-ийн Орхон салбарт олгож, ...” гэснийг “...Очирын Түвшинжаргалаас 3.037.577 төгрөг гаргуулж Гбанк ХХК-ийн Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 641.428 төгрөгийн хэрэгсэхгүй болгосугай ...” гэж

Шийдвэрийн 2 дахь заалтыг “... хариуцагч О.Таас улсын тэмдэгтийн хураамж 73.814 төгрөгийг ...” гэснийг “... хариуцагч О.Таас улсын тэмдэгтийн хураамж 63.551 төгрөгийг ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч О.Тын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73.814 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                     Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ