Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2024/0269

 

2024 03 26 128/ШШ2024/0269

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК /РД:/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.А /РД:/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б /өмгөөллийн нэгдсэн бүртгэлийн дугаар /,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Д.Н,

Гуравдагч этгээд: М ХХК /РД:/,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Б /РД:/,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж /РД:/

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: З.Б/шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар /.

Тус шүүх хуралдаанаар хэргийн оролцогч нарын хоорондын хариуцагчаас гуравдагч этгээд М ХХК-д газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Б.Ж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б ХХК-ийн зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/478 дугаар тушаалын М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2023/3762 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

2. Нэхэмжлэгч БХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай Б ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/291 дүгээр тушаалаар Налайх дүүрэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Онгоцотын ам нэртэй газарт 5 га талбайг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах, барилга байгууламжийг батлагдсан зураг төсөл, зөвшөөрлийн дагуу барих зориулалтаар ашиглах эрхийг олж авсан ба Монде тур жуулчны бааз нэртэйгээр үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Уг газар ашиглах эрхийг авснаас хойш манай компани нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд мөрдөн ажиллаж ирсэн бөгөөд аливаа зөрчил дутагдал гаргалгүй, зөвхөн газар ашиглах зориулалтын дагуу үйл ажиллагаагаа идэвхтэй явуулан өдийг хүрсэн болно.

Мөн 2018 оноос эхлэн жуулчны баазын эргэн тойронд байгаа малын хөлийн болон автомашины хөдөлгөөнд элэгдэж, элс шороонд дарагдаж, хогийн шарилж өвсөнд идэгдэж байгаа орчны нөлөөллийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "байгаль орчноо хамгаалах" журамт үүргээ биелүүлэн 4735 м.кв талбайд шинэс, гацуур, агч, хайлаас, бургас, шар хуайс гэх мэт нэр төрлийн моднуудыг тарьсан ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Нэг тэрбум мод" санаачилгын хүрээнд 2023 оны хавраас эхлэн дахин 9500 м.кв талбайгаар мод тарих талбайг нэмэгдүүлэн ажиллахаар зорилго тавин Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүсэлтээ гаргасан ч одоог хүртэл уг хүсэлтүүдийг шийдвэрлэж хариу өгөөгүй байна.

Гэтэл 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс манай мод тарьсан хэсэг болон мод тарихаар төлөвлөж буй хэсэгт хэсэг бүлэг хүмүүс газар ашиглах зөвшөөрөл авсан гэх нэрийдлээр шонгийн нүх ухаж эхэлсэн бөгөөд энэ талаар https://egazar.gov.mn/ сайтаас хайлт хийн үзэхэд манай газрын чанх урд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар М ХХК-д газар ашиглах эрхийг олгосон талаар олж мэдлээ.

Тусгай хамгаалалттай газар нутаг, тэр дундаа Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт газар ашиглах эрхийг тодорхой зохицуулалтгүйгээр замбараагүй олгосноос үүдэн манай жуулчны баазын үйл ажиллагаанд хор, хохирол ихээхэн учирч байгаа бөгөөд Онгоцотын аманд олгосон замбараагүй газар олголтоос улбаатайгаар цахилгаан эрчим хүчний техникийн нөхцөлийг эрх бүхий байгууллагаас олгох боломжгүй талаар удаа дараа тэр хавийн газар ашиглаж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэж байсан болно. Манай компаниас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Онгоцотын аманд олгосон газар олголтын хэт төлөвлөлтгүй, бусдын эрхийг зөрчсөн асуудлыг зогсоож, Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулж байгаа, газар ашиглах гэрчилгээ, гэрээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахгүй байгаа, зориулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа газар ашиглагч нарын газар ашиглах эрхийг цуцалж өгөхийг хүссэн гомдлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд гаргасан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй байна. Манай компанийн газар ашиглах эрхтэй хөрш залгаа замбараагүй газар олголтуудаас улбаатайгаар манай компанийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл, бэрхшээл ихээр бий болж байгаа ба цахилгааны хомсдол, цахилгааны саатал бий болох, Монгол Улсын норм, стандарт зөрчигдөх, олон жилийн хугацаанд тарьж ургуулсан мод, бут, сөөг хүний хүчин зүйлийн нөлөөгөөр үхэж, үрэгдэх, тайруулах, манай жуулчны бааз уруу орох, гарах орц, гарц хаагдах зэрэг хууль зөрчигдсөн үйлдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас давтан гаргаж байгаад нь гомдолтой байна.

М ХХК-д газар ашиглах эрхийг олгосон жишээн дээр дурдахад Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаар тогтоолоор батлагдсан Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлага /MNS 6034:2009/, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн С/62 дугаар тушаалаар батлагдсан Аялал жуулчлалын газар, жуулчны баазад тавих ерөнхий шаардлага /MNS 6043:2019/-д тус тус заасан Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлуудын хоорондын зай 5 км-ээс доошгүй байна шаардлагыг ноцтой зөрчиж буюу манай компанийн орц, гарц, мод тарьсан хэсэг, мод тарихаар төлөвлөсөн хэсэгтэй давхцуулан залгуулан газар ашиглах эрх, олгосон нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй мэдээллийн бүртгэл opendata.burtgel.gov.mn сайтаас тус компанийн бүртгэлийн мэдээллийн шүүн үзэхэд газар ашиглах эрх авахаас 4 сарын өмнө буюу 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан нь гайхширал төрүүлж байгаа бөгөөд уг компани нь бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжтой эсэх нь эргэлзээтэй, зөвхөн газар ашиглах эрхийг олж авах зорилгоор байгуулагдсан, цаашлаад газрын наймаа явуулж болзошгүй хардлагыг төрүүлж байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/478 тоот тушаалын М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Манай компани 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа ба өнөөдрийн байдлаар 6-7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Тус газар дээр Горхи-Тэрэлж байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас үйл ажиллагааны газрын 30 хувьд нь мод тарих ёстой гэдэг шаардлага тавьдаг. Шаардлагын хүрээнд бид хашааны урд талд мод тарьсан байсан. Гэтэл 2022 оны 04 дүгээр сараас эхлээд М ХХК танай газрыг манайх авсан гэдэг мэдэгдлийг манайд өгч эхэлсэн. Яг энэ мэдэгдлийг өгч эхэлсэн хугацаанаас эхлэн манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалыг судлан үзэхэд Монгол Улсын стандарт MNS6426:2013 гэсэн стандарт дээр амралтын газар, жуулчны баазуудын хоорондын зай нь 1 км зайтай байна гэж заасан байдаг. Мөн MNS6043:2019 гэсэн стандартад 5 км зайтай байна гэж заасан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал яагаад стандартыг даган мөрдөж гаргаагүй юм. Гуравдагч этгээд Маргад чанх ХХК-ийн амралтын бааз манай амралтын бааз дээр амарч байгаа амрагчид хоорондын зай 40 метрийн зайтай болж байгаа юм. М ХХК-ийн амралтын бааз дээр амарч байгаа амрагчид, манай амралтын бааз дээр амарч байгаа үйл явцад нөлөөлж дуу чимээ гардаг. Манай амралтын бааз ихэвчлэн гадаадын жуулчид авдаг. Өнөөдрийн байдлаар М ХХК 10 гэр барьсан. Энэ нь манайх үйл ажиллагаа явуулахад саадтай байдаг юм. Нэгдүгээрт, Байгаль орчин аялал жуулчлалын сайд стандарт зөрчиж зөвшөөрөл олгосон байна. Хоёрдугаарт, Байгаль орчин аялал жуулчлалын сайд тушаал гаргахдаа байгаль орчин тусгай хамгаалалтай газарт нутагт газар олгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийг баримталдаг. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дээр тусгай хамгаалалттай газар нутагт буюу газар олгохдоо 29.1, 29.2, 29.3-аас бусад хэмжээтэй газрыг олгохдоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, тухайн дүүрэг, засаг даргын тамгын газар заавал төсөв сонгон шалгаруулна эсвэл дуудлага худалдаа зохион байгуулна үүнийг Засгийн газрын журмаар тогтооно. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд уг журмыг баримтлаагүй. Өөрийн гаргасан Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2001 оны 218 дугаар тушаалыг 07 дугаар сарын 08-нд цуцалсан хэр нь 2022 оны 10 дугаар сарын 31-нд гаргасан. Журам нь тогтоогоогүй байхад газар олгосон байна гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргаан бүхий захиргааны актыг хянуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Байгаль орчны аялал жуулчлалын сайдаас 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/478 тоот тушаалаар М ХХК-д газар ашиглах эрхийг олгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан тусгай зөвшөөрлийг огт мөрдөж ажиллаагүй. Өөрөөр хэлбэл хуульд үндэслээгүй байна. Стандарт зөрчигдөж байгаа асуудлыг тоолгүй орхигдуулсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-д хуульд заасан төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх гэсэн зарчим алдагдсан. Өөрөөр хэлбэл, М ХХК-д газар ашиглах эрх олгохдоо Баянхарзаг ХХК-д мэдэгдсэн зүйл байхгүй. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий шаардлага хангагдаагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/478 тушаалын улмаас хоёр компанийн хооронд мэтгэлцээн үүсгээд байгаа юм. Энэ гагцхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хууль бус тушаал байгаа юм. Ямар зорилгоор М ХХК-д газар эзэмших эрх олгож байгаа юм. Газар ашиглах эрх олгох болон түүнд хавсаргасан амралтын газрын төслийг нь дэмжиж байгаа. Бодит нөхцөл байдал дээр энэ стандарт зөрчигдөж байна уу, үгүй юү гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд буюу хариуцагч анхаарч үзээгүй. Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэнэ гэж байгаа юм. Тодорхой хэмжээний стандарт мөрдөгдөнө гэсэн үндсэн дээр зочид буудлын барилга болон тогтмол хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм. Энэ юутай холбоотой вэ гэвэл Б ХХК-ийн эрх олгосон захиргааны акттай холбоотой. Улаанбаатар хотод амьд явах, хүрээлэн буй орчинтой холбоотой асуудлууд, гэмт хэрэг зөрчил, голоос зай барих ёстой байтал түүн дээр барилга байгууламж барьж байна. Барилга хооронд завсаргүй учраас нэг барилгад гал гарах тохиолдолд түүнийгээ дагаад бусад барилга шатаж байна. Бензин ачсан машин стандартын шаардлага хангаагүй учраас осол гарч байгаа. Энэ бүгд төдийгөөс өдийг хүртэл стандарт гэдэг зүйлийг үл ойшоосонтой холбоотой. Гэтэл Стандарт хэмжил зүйн газраас Монгол Улсын Засгийн газраар тогтоож өгсөн заавал мөрдөх жагсаалтад хамрагдаж байна. Стандарттай холбоотой асуудал Б ХХК-ийн үйл ажиллагаанд шууд доголдол учруулах юм. Б ХХК нь жуулчдаа хүлээж авахдаа 10 цагт унтаж байгаарай гэж хэлэх юм уу, 10 цагаас хойш дуу чимээ гаргахгүй шүү. Яагаад гэвэл М ХХК-д хүмүүс амарч байгаа учраас дуу гаргаж болохгүй гэж хэлэх ёстой юу. Ойр орчинд зугаалж явахад М ХХК-ийн орчинд орохгүй зөвхөн тойруулсан хашаанд л одоо зугаалаарай гэх ёстой юм уу. Ийм учраас стандарт тогтоож өгөөд байгаа юм. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д заасан зохицуулалт нь өөрөө түрүүн тайлбарласан 33.1.2-т заасан зохицуулалтай шууд уялдаа холбоотой юм. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу газар ашиглах хүсэлт гаргах бол Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг журамлан зохицуулсан. Дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явагдсан зүйл байхгүй. Яагаад дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт зарлаагүй гэж тайлбарлаад байгаа юм бэ? Жишээ нь Б ХХК-ийн зүгээс гаргасан хүсэлт дээр дуудлага худалдаа зохион байгуулж нийтэд мэдээлдэг юм байна. Энэ холбогдох мэдээллийг тавьсан. Чанх урд талд нь залгаад газар ашиглуулахаар нээлттэй дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт зарласан тохиолдолд бид газрыг бүрэн авах бололцоотой. Энэ үндэслэлүүдээр бол Баянхарзаг ХХК-ийн хууль ёсны, ашиг сонирхол хөндөгдөж байгаа юм. Цаашид хөндөгдөж, зөрчигдсөөр байна. Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлд тусгай хамгаалалттай газар нутгийн харилцаанд баримтлах стандарт зөрчигдсөн асуудал. Хуулийн этгээдийг 30 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Б ХХК-ийн жуулчны баазын үйл ажиллагаа бол жуулчдыг өөрийн баазаар үйлчлүүлж, тодорхой байдлаар хөрөнгө, мөнгө олох, түүн дээрээ тодорхой байдлаар хөрөнгө, санхүүг гаргаж аялагч, жуулчдыг өөртөө татах сонирхолтой үйлчилгээ үзүүлэх зорилготой. Манайд амарч байсан аялагч эсвэл жуулчин энэ жуулчны бааз хажуу талын аялал жуулчлалын бааз хоорондоо зодолдоод тайван амруулдаггүй. Аялагч, жуулчдыг татах нь бидний үйл ажиллагаа шүү дээ. Гэтэл маргаан бүхий захиргааны актын үйлчлэл нь нөлөөлөөд байгаа юм. М ХХК бас сайн бодож байгаа байх өөр хоорондоо мөнхийн ийм байдалтай байгаад байх уу. Бидний олох мөнгө гэхээсээ илүү үйлчилгээнд нөлөөлж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд зайлшгүй стандартыг мөрдөх шаардлагатай байсан гэж үзэж байгаа. Тиймээс эдгээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Б ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/478 дугаар тушаалын М  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

М ХХК-д газар ашиглах эрх олгосон маргаан бүхий тушаал нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжуудын дагуу олгогдсон байх бөгөөд газар ашиглах эрх олгохгүй байх хууль зөрчсөн гэх нөхцөл байдал байхгүй юм. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт байгуулалттайгаар, хэдэн га газрыг, хэзээ, хэнд олгох талаар ямар нэг албан ёсны төлөвлөгөө, төлөвлөлт одоогоор байхгүй бөгөөд газар ашиглах эрх олгох хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн ирүүлсэн төсөл хөтөлбөр, газрын байршил зэрэгт хууль тогтоомж зөрчсөн гэх аливаа нөхцөл бүрдээгүй тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагаас бүрэн эрхийнхээ хүрээнд газар ашиглах эрхийг олгож шийдвэрлэдэг.

Мөн М ХХК-ийн ашиглах эрхтэй газар нь нэхэмжлэгчийн газартай ямар нэг байдлаар давхцаагүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн гэх нөхцөл байхгүй байгаа бөгөөд маргаан бүхий тушаал нь яг ямар хуулийг, хэрхэн зөрчсөн талаар нэхэмжлэгч нь тодорхойлоогүй, энэ талаарх баримтыг ирүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг сонсоод эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. Нэгдүгээрт, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн үү гэсэн асуудал гарч ирж байна. Б ХХК-ийн ямар эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа талаарх асуудал байна. Нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон нэхэмжлэгчийн хувьд хууль ёсны эрх, ашиг хөндөгдсөн байх шаардлагатай. Гэтэл М ХХК, Б ХХК-ийн газрууд давхцал байхгүй. Хуульд заасан журмын дагуу газар ашиглах эрх авсан байдаг. Манайхаас мод тарих эрх авсан гэдэг асуудлыг сая тавилаа. Мод тарих хүсэлтийг Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 2022 оны 12 дугаар сард газар ашиглах эрх олгосны дараа хүсэлт гаргасан байдаг. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас бусдын газартай давхцалтай байна боломжгүй гэсэн хариу өгсөн байсан. Стандарт зөрчсөн гэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь газар ашиглах эрх олгохдоо стандартыг зөрчсөн бол Б ХХК-ийн эрх ашгийг хэрхэн яаж хөндөөд байгаа вэ гэдэг асуудал тавигдана. Б ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг хаасан ойлголт байхгүй. Дуудлага худалдаа болон сонгон шалгаруулалт явуулаагүй гэж байна. Дуудлага худалдаа явуулах асуудал хуулиар зохицуулагдаагүй. Сонгон шалгаруулалтын асуудал бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн өөрчлөлтөөр нэмэгдсэн байгаа. М ХХК-ийн хувьд 2022 онд газар ашиглах эрх олгосон учраас дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтын асуудал байгаагүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зүгээс М ХХК-д газар ашиглах эрх олгож байгаа нь хуульд заасан журмын дагуу хамгаалалтын захиргааны саналыг үндэслээд гаргасан байдаг. Ямар нэгэн байдлаар бусдын газартай давхцалтай, орц, гарцыг хаасан, эрх ашгийг хөндсөн асуудал байхгүй. Б ХХК-ийн эрх ашгийг хэрхэн яаж шууд байдлаар зөрчөөд байгаа гэдэг нь тодорхойгүй. Ямар эрх зөрчигдөж байгаа гэдэг нь тодорхой болсонгүй гэж харж байна. Эрх ашиг болон нийтийн хэв журам зөрчөөд, дуу чимээ гаргаад, Б ХХК-ийн орлого, зарлагыг хаах байдлаар эрх ашиг хөндөгдөж байгаа гэж нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлоод байна гэж ойлголоо. Энэ нь бол нийтийн эрх зүйн маргаанд хамаарахгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

7. Гуравдагч этгээд М ХХК-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... БХХК-ийн гаргасан "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А\478 дугаар тушаалын М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар М ХХК-д газар ашиглах эрх олгосон нь Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн С/62 дугаар тушаалаар батлагдсан журмын 4-р зүйлийн 4.2.8-т заасан Амралтын газар, жуулчны бааз хоорондын зай 5 км байна гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн тухайд. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.2-т стандарт гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт бичгийг хэлнэ гэж заасан байна. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт Хууль тогтоомж, техникийн зохицуулалт, олон улсын гэрээнд эш татсан стандарт нь тухайн баримт бичгийн нэгэн адил хүчинтэй байна гэж заасан байна. Өөрөөр хэлбэл Стандарт хэмжил зүйн газрын даргын Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлагын зүйл заалтыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон холбогдох хуульд эш татан хуульчилсан тохиолдолд энэ нь тухайн хуулийн нэгэн адил үйлчилнэ. Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлага MNS 6043:2019 зүйлийн 4.2.8-т заасан Амралтын газар, жуулчны бааз хоорондын зай 5 км байна гэсэн зохицуулалтыг эш татаж хуульчлаагүй байх тул энэ нь тухайн маргааныг шийдвэрлэхэд хуулийн нэгэн адил үйлчлэхгүй. Заавал дагаж мөрдөх шаардлагагүй, сонгон хэрэглэх боломжтой баримт бичиг болно. Иймд дээрх стандартыг үндэслэн М ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 31- ний өдрийн А/478 дугаар тушаалыг хүчингүй болгох нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.

2. Нэхэмжлэгчийн компанийн орц, гарц, мод тарьсан хэсэг, мод тарихаар төлөвлөсөн хэсэгтэй давхцуулан залгуулан М ХХК-д газар ашиглах эрх, олгосон нь "Б" ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна гэсэн тухайд.

Нэхэмжлэгч нь мод тарих талбайгаа 9500 м.кв-аар нэмэгдүүлэх хүсэлтээ 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргасан байна. Гэсэн хэдий ч тус хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн талаар өнөөг хүртэл холбогдох байгууллагуудын шийдвэр гараагүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.2.1-т тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх үүргийг тусгай хамгаалалттай газрыг ашиглагч хүлээхээр зохицуулжээ. Б ХХК нь мод тарих ажлыг хийхдээ өөрт олгогдсон ашиглалтын талбайн хэсэгтээ л хийж болохоор зохицуулагдсан. Гэтэл нэхэмжлэгч нь манай ашиглалтын талбайд зөвшөөрөгдөөгүй байхад мод, бут сөөг тарьсан. Иймд М ХХК-ийн ашиглалтын талбайд нэхэмжлэгч мод тарьсан болон мод тарихаар төлөвлөсөн нь М ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/478 дугаар тушаалыг хүчингүй болгуулах үндэслэл болохгүй.

Маргаан бүхий Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/478 дугаар тушаалаар М ХХК болон Б ХХК-д давхардуулахгүйгээр газар ашиглах эрхийг олгосон. М ХХК нь үйл ажиллагаагаа явуулахдаа нэхэмжлэгчийн газрын орц гарцыг хаагаагүй, амралтын газар руу нь нэвтрэх зам нь өөрчлөгдөөгүй, ашиглалтын Талбайд нь халдаагүй байх тул нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчөөгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлдээ захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар тусгах ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа ямар эрх хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар тодорхой заагаагүй, энэ талаараа ямар ч баримт ирүүлээгүй тухайн тушаалыг хүчингүй болгосноор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.

М ХХК-д эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/478 дугаар тушаал нь хууль тогтоомжийг зөрчөөгүй, мөн манай компани нь үйл ажиллагаагаа явуулахдаа газраа зориулалтын дагуу холбогдох шаардлагуудад нийцүүлэн ашиглаж байна. Иймд нэхэмжлэгч "Б" ХХК-ийн гаргасан "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/478 тоот тушаалын М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Уг маргаантай холбоотой бүх процесс ажиллагааг тайлбарлах нь зөв байна гэж бодож байна. Уг маргаан хаанаас эхлээд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд үүссэн бэ гэхлээр яг жилийн өмнөх 04 дүгээр сараас эхэлсэн юм. Олгогдсон газрын хүрээнд газрыг хашаалах үүрэг газар эзэмшигчид оногддог. Хэрвээ хашаалахгүй бол газар эзэмших эрх цуцалдаг. Манайх эзэмшсэн газраа хашаалах гэтэл нэхэмжлэгч талаас хашаа бариулахгүй гэдэг асуудал тавьдаг байсан. Бид хашаалах процессоо зогсоогоод нэхэмжлэгч талд албан бичгээр мэдэгдэл өгсөн. Ямар мэдэгдэл өгсөн бэ өөрсдийн татсан зөвшөөрөлгүй хашааг буулгаач гэсэн албан бичиг хүргүүлсэн байгаа. Хэд хэдэн зүйл харагддаг. Жишээ нь мод тарих хүсэлт өгсөн гэдэг гол маргаан. Гэтэл 08 дугаар сард Горхи Тэрэлж байгалийн цогцолборт газраас Б ХХК зөвшөөрөлгүй хашаа барьсан байна. М ХХК-ийн газар ашиглах эрх олгогдохоос өмнө хашааг буулгаач гэж шаардаж байсан байна. Хоёрдугаарт, М ХХК шүүхэд хандсаны дараа Горхи Тэрэлж байгалийн цогцолборт газарт мод тарих хүсэлтийг хангаж өгнө үү гэж илэрхийлсэн байгаа юм. Горхи Тэрэлж байгалийн цогцолборт газраас боломжгүй хариу ирүүлсэн байгаа юм. Мөн амралтын бааз хоорондын зай 40 метрийн зайтай гэдэг асуудал ярьж байгаа юм. Б ХХК буюу нэхэмжлэгчийн 3 талд үндсэндээ газар олголт явагдсан. Шүүхээс хийсэн газрын үзлэгээр БХХК-тай 2 хашаа залгаа байсан. Гэтэл Б ХХК, М ХХК-ийн хоорондын зайг илэрхийлсэн Геодези, зураг зүйн газраас ирсэн нотлох баримттай танилцахад хоорондоо зайтай байна гэдэг нь илэрхийлэгдэж байгаа. Энэ илэрхийлэгдэж байгаа зайг Б ХХК хашаалсан байгаа юм. Өмнөх шүүх хурал дээр санагдаж байна, бусад газруудтай маргаантай байгаа мөн шүүхээр маргаж байгаа гэж хэлж байсан. Горхи тэрэлж байгалийн цогцолборт газар 52 км-ийн радиуст биш, 62 км-ийн радиуст байгаа. Гэтэл дийлэнх нь нэг ийм л нөхцөл байдалтай харагдаж байгаа. Стандарт үзүүлэлт яриад байна. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа аман тайлбар дээр 5 км гэдэг шаардлага тавьж байгаа. Үндсэндээ маш энгийн үгээр тайлбарлах юм бол нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 5 км гэдэг бол Хайлаастын 17-оор эргээд дахиад 2 буудал явна гэсэн үг. Нэхэмжлэгч тал нэгдүгээрт, бусад компаниудтай маргаж байгаа маргаан байхгүй. Хоёрдугаарт, мод тарих хүсэлт гаргасан гэж байгаа. Өмнөх шүүгчийн хийсэн газрын үзлэгээр юу харагддаг гэхээр Б ХХК, М ХХК-ийн газрууд хоорондоо давхцалгүй юм байна. Манай явуулсан 2023 оны 04 дүгээр сарын 24-ний албан бичиг дээр бид та бүхний нөхцөл байдлыг ойлгож байна. Гэхдээ энэ хэсгээр татъя гэдэг зүйлийг хэлэхэд нэхэмжлэгч тал тухайн үедээ ойлголоо гэдэг хариу хэлж хашаа бариулж байсан. Гэтэл гэнэт Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ярьсан танай дээр гомдол ирсэн байна, та гуравдагч этгээдээр орох болсон байна аа гэдэг зүйлийг ярьж байгаа. Стандартын асуудлыг ярьж байгаа стандартын асуудлыг судлаад үзэх юм бол Стандарт хэмжил зүйн хууль байгаа. Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т нь хууль тогтоомж, техникийн зохицуулалт, олон улсын гэрээнд эш татсан стандарт нь тухайн баримт бичгийн нэгэн адил хүчин төгөлдөр байна гэж байгаа. Үндсэндээ энэ заалтаар юуг ойлгож болох вэ гэхээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль дээр стандартыг тухайлан татсан зүйл байхгүй гэдгийг илэрхийлж байгаа. Өмнөх шүүгч дээр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзсэн юм. Уг захирамж дээр юу гэж заасан гэхээр нэхэмжлэгчийн бариад байгаа стандартыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дагаж мөрдөхийг үүрэг болгоогүй байна. Амралтын газрууд дагаж мөрдөхийг стандарт дээр дурдаж өгсөн байна гэдэг зүйлийг хүртэл хэлж байсан. Бидний эрх ашиг ноцтой зөрчигдөж байна гэж нэхэмжлэгч нар үзээд байгаа юм. Хотын стандарт хөгжлийн газар, Нийслэлийн ерөнхий архитектураар батлагдсан хэсэг /зураг харуулав/ нэгдүгээрт, энэ бол Б ХХК руу орж байгаа зам. Бид Б ХХК-ийн нэг ширхэг ч замыг аваагүй. Хоёрдугаарт бид өөрсдөө 110 хэдэн сая төгрөгөөр цахилгаан станц барьсан. Үндсэндээ энэ станцыг улсын комисс хүлээж аваад ажиллаж байгаа буюу бид эрчим хүчний хувьд ямар нэгэн эрх ашгийг нь зөрчөөгүй. Орц, гарц хаагаагүй. Баянхарзаг ХХК-ийн хууль ёсны ямар эрх ашгийг зөрчөөд байгаа гэдгийг гуравдагч этгээдийн зүгээс ойлгохгүй байгаа. Гуравдагч этгээдийн зүгээс энэ газар дээр гэр бүлийн байж болох бүхэл хөрөнгийг оруулсан. Магадгүй бид хэн нэгний эрх ашгийг ноцтой зөрчөөд, Б ХХК-ийн амралтын баазын үйл ажиллагааг явуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн бол хүндрэлтэй байх. Энэ газрыг анх авахаас эхлээд би өөрөө хөөцөлдсөн учраас сайн мэдэж байгаа. Манай ээж итгэмжлэл хийж би хөөцөлдсөн юм. Ямар процесс болдог вэ гэдгийг маш энгийн байдлаар хэлье. Egazar.mn сайт руу эхлээд ордог. Бид нар газрын байрлал дээр төсөл сонгон шалгаруулалтыг өгдөг. Өнөөдрийг хүртэл шүүх хурал дээр процесс ажиллагааг нэхэмжлэгч тал асуудаг. Нэг үгээр хэлэх юм бол нэхэмжлэгч тал процессын алдаа хайгаад байна гэдгийг хэлж байсан. Бид процесс ажил дээр алдаа гаргаагүй. Тэр тусмаа төслийг нь бичээд өгсөн юм. Нэхэмжлэгч тал өнөөдөр манай гэрийн тоог хүртэл маш сайн мэдэж байна. Бид 10 гэр, 1 зөөврийн орон сууц, 3:4 нийтийн нойлтой. Өнөөдрийг хүртэл бид хөрөнгө оруулалт хийе гэхээр анхан шатны шүүх шийдвэр ч гараагүй учраас айдастай байдаг.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч бодит байдал гэдэг үгийг Захиргааны ерөнхий хуулиас дурдаад байх шиг байна. Өнөөдөр Горхи-Тэрэлж байгалийн цогцолбор газар өөрөө хэдэн километрт харьяалагддаг радиустай гэдгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон энд байгаа талууд бас ойлгоосой гэж хүсэж байна. Энэ газарт хэчнээн аж, ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Нэхэмжлэгч талын цаана бас нэг амралтын газар байдаг энэ газар нь манай амралтын газраас 100 дахин том нэхэмжлэгч талын яриад байгаа стандарт зөрчил мөн байгаа. Энэ мөн бодит байдал. Хоёрдугаарт, сайдын гаргасан захирамжийн буруу, зөвийн асуудлыг яриад байна. Уг захирамжийн дэх заалтуудыг тус тус үндэслэн тушаах нь гэдэг хэсэг хүртэл үндэслэх хэсэг буюу хариуцагчийн тайлбарлаж байгаа энэ стандартыг үндэслэхгүй, энэ стандартыг сайд заавал дагаж мөрдөх үүрэггүй гэж хариуцагч хэлээд байгаа юм. Эцэст нь өнөөдөр 40 метрийн зайтай газар олголт хийж болохгүй гэдэг үндэслэлийг яриад гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөгдөөд байгаа. Ноцтой зөрчил гэдгийг хууль зүйн утгаар тайлбарласан эсэхийг би сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хэл зүйн утгаараа ноцтой зөрчил гэдэг нь олох орлогыг боогдуулах гэдгээс илүү өнөөдөр манай хөрөнгө оруулсан 200 гаруй сая төгрөг цаас болох гэж байгаа ноцтой зөрчил байж магадгүй юм гэв.

9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэхүү хэрэг бол жилийн хугацаанд үргэлжилж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гарч болох бүх нотлох баримтуудыг үндсэндээ бид авсан гэж үзэж байгаа. Эдгээр баримтаас юу харагдаж байна гэхээр хуульд заасан процессын дагуу явсан юм уу, үгүй юм уу л гэдэг асуудал байгаа. Энэ талаар мэтгэлцээн асуулт, хариултын шатанд өрнөх байх. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлд газар ашиглах тухай хүсэлтийг гаргах тухай зохицуулалтууд байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас сүүлд ирсэн баримтууд болон өмнө ирсэн баримтуудаас үзэхэд 35 дугаар зүйлд заасны дагуу хүсэлтээ гаргаад, холбогдох байгаль орчны үнэлгээ хийлгээд, кадастрын зураг өгөөд, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанаас бичиг аваад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд захирамж, тушаал гаргаад газар ашиглах эрхийг олгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд сайдын эрх хэмжээний хүрээнд газар олгох шийдвэр гаргах зохицуулалт байгаа. 2023 оны 01 дүгээр сарын 06-аас өмнө газар ашиглах эрх хүсэж байх үед ямар зохицуулалт байсан нь өөрчлөгдсөн байгаа. Нэгэнт хууль хүчин төгөлдөр байх хугацаанд М ХХК нь холбогдох хүсэлтүүд гаргаад хууль тогтоомжид заасны дагуу газраа ашиглаад явж байгаа.

Б ХХК, М ХХК хоорондоо давхцалгүй байгаа эсэх талаар Геодези, зураг зүйн газар, шүүхээс хийсэн газрын үзлэг мөн сансрын зургаар хангалттай нотлогддог. Хоёрдугаарт, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн үү гэдэг асуудал байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэдгийг зохицуулсан зохицуулалт байгаа. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёстой. Өмнөх шүүгчийн захирамжид гаргасан том алдаа гэвэл урьдчилсан хэлэлцүүлэг дээр энэ асуудлыг шийдвэрлэсэн. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т бол 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, эсвэл шүүх хуралдааны үед тогтоогдвол гэж байгаа юм. Энэ асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгийн үед тогтоосон гэдэг алдаа гарсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, Баянхарзаг ХХК-ийн эрх ашиг зөрчигдсөн юм уу, үгүй юм уу гэдгийг шүүх хуралдааны явцад харж шийдэх ёстой байсан. Б ХХК буюу нэхэмжлэгчийн эрх олгогдож байгаа газрын хүрээнд л яригдана. Маргаан бүхий газартай давхцаагүй, уг газарт нэвтэрч ороогүй, хашаа тодорхой хэмжээгээр давхцаагүй тохиолдолд эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Мод тарьсантай холбоотой асуудал дээр бол Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2022 оны 12 дугаар сарын 14-нд мод тарих хүсэлт гаргасан. Гэтэл Горхи Тэрэлж байгалийн цогцолборт газраас 2023 оны 01 дүгээр сарын 19-ний 18 дугаар албан бичгээр Б ХХК-д олгогдсон газарт зөвхөн мод тарих хариу албан бичиг ирсэн. Бусад өөр газарт тарьсан модны эзэмших, ашиглах бусад эрх энэ байгууллагад хамааралгүй. Тийм учраас шүүх хуралдааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэдгийг тогтоогдож мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хэрэгтэй.

Стандарттай холбоотой зохицуулалт дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ стандартыг заавал хэрэглэх ёстой юу, үгүй юу гэдэг асуулт байгаа. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд бол стандарт гэдэг нь заавал хэрэглэгдэх баримт бичиг мөн юм уу, биш юм уу гэдэг асуудлуудыг бол ярьдаг. Хууль тогтоомжид техникийн зохицуулалт, олон улсын гэрээ, эш татсан стандарт л тухайн бичиг баримтын нэгэн адил үйлчилнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд энэ Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд энэ стандартыг хэрэглэнэ гэж эш татаагүй байгаа учраас хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчлэхгүй. Тийм учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй. Харин эсрэгээрээ нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгох, нэхэмжлэлийн шаардлагыг буцаах үндэслэлүүд байна гэж харж байна.

Бусдаас түрүүлж газар эзэмших эрх олж авсан гэдэг нь бусад этгээд газар эзэмших эрхгүй гэсэн үндсэн ойлголтуудыг өмгөөлөгч ярьж байна. Нэгдүгээрт, хуульд ийм хязгаарлалт хийгдээгүй. Б ХХК өөрсдөө газар эзэмших эрхийг олж авах байсан гэдэг зүйл хүртэл ярьж байна. 6043 стандартын 4.2.5-д байгалийн нөөц, түүх соёлын дурсгалт газраас 3км-ээс доошгүй зайд байрлана гэж байгаа юм. Тэгэхээр энэ стандартыг хүн болгон мөрдөнө гэсэн нь боломжгүй зүйл гэдэг нь тодорхой. Хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, захиргааны шийдвэрийг гаргахдаа урьдчилан мэдэгдээгүй гэдэг үндэслэлүүдийг хэлж байна. Дээрх үндэслэлүүд нь сайдын тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй гэж үзэж байгаа. Стандартыг заавал дагаж мөрдөхийн тулд хуульд эш татсан байх ёстой. Эш татсан үйл баримт, хуулийн зохицуулалт болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зүйл байхгүй. Байгаль орчин, аялал жуулчны сайдын газар ашиглах эрх олгох тухай тушаалын үндэслэх хэсэгт, магадгүй энэ стандартыг дурдаж үүрэг болгосон бол өөр асуудал. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэдгээ нэхэмжлэгчийн өмгөөлөгч үндэслэл бүхий хууль зүйн заалтаар нотлоогүй учраас хууль ёсны субьектив эрх нь зөрчигдөөгүй байна гэж үзэж байна. Мөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байсан уу, үгүй юу гэдэг асуудал дээр бол давж заалдах шатын шүүхийн магадлалыг судлуулж уншсан. Гэтэл захирамжаар шийдсэн нь үндэслэлгүй, шийдвэрээр шийдэх ёстой гэж буцаасан байдаг.

Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг буцаах болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар.

2.1. Нэхэмжлэгч Б ХХК нь гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлийн гэрчилгээний ... дугаарт, регистрийн ... дугаарт бүртгэгдсэн байх ба,

2.2. Уг хуулийн этгээдэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/291 дугаар тушаалаар анх Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах Онгоцотын ам гэх нэртэй газарт 5.0 га талбайг Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах, барилга байгууламжийг батлагдсан зураг төсөл, зөвшөөрлийн дагуу барих зориулалтаар ашиглах эрх олгож, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 0222402 дугаар гэрчилгээ олгосон.

2.3. Улмаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №22/805 тоот саналын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/542 дугаар тушаал гарснаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрх нь 2027 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сунгагджээ. /1-р хх-ийн10/

2.4. Гуравдагч этгээд М ХХК нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлийн гэрчилгээний ... дугаарт, регистрийн .... дугаарт бүртгэгдсэн байх ба,

2.5. М ХХК-аас газар ашиглах хүсэлт гаргаснаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №22/458 дугаар саналыг авч хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/478 дугаар тушаалаар 6879233 регистрийн дугаартай, М ХХК-д Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар байрших Онгоцотын ам гэх нэртэй газарт 199973.48 м.кв хэмжээтэй газрыг ...аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгож, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 0222350 дугаар гэрчилгээ олгожээ. /1-р хх-ийн 62-63/

3. Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Санал хүргүүлэх тухай 22/458 дугаар албан бичигт дурдахдаа: ...М ХХК-аас Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс болох Онгоцотын аманд аялал жуулчлалын бааз байгуулахаар ирүүлсэн албан тоотыг хянаж үзэхэд 19987 м.квадрат газар нь давхцалгүй байгаа болно гэжээ. /1-р хх-ийн 147/

4. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1/1198 дугаар албан бичгээр: Газрын кадастрын мэдээллийн сангийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн мэдээлэлд нэгж талбарын 1260711785 дугаар бүхий 19971 м.кв талбайтай газар М ХХК-ийн нэр дээр, нэгж талбарын 1260711392 дугаар бүхий 49957 м.кв талбайтай газар Б ХХК-ийн нэр дээр тус тус ашиглах эрхээр бүртгэгдсэн байх бөгөөд дээрх газрууд нь өөр хоорондоо давхцалгүй буюу 40 метрийн зайтай байна гэж тус шүүхэд ирүүлжээ. /1-р хх-ийн 70/

5. Тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 5281 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар дүгнэлт өгч, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0642 дугаар шүүхийн тогтоолоор хянахдаа, шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон нь эцсийн шийдвэр болсон. Ийнхүү дурдахын учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаарх тайлбарт тухайлан дүгнэлт өгөхгүйн тулд тодруулбал, өмнө нь анхан шатны шүүхээс нэхэмжлэгч хуулийн этгээдийг нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс нэгэнт хянаж шийдвэрлэсэн байх тул дахин энэ талаар дүгнэлт өгөхгүйгээр харин нэхэмжлэл, түүний үндэслэлд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэнд байлаа.

6. Маргааны хууль зүйн үндэслэлийн талаар.

6.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1. Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас аж ахуй нэгжид тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, 36 дугаар зүйлийн 1. Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж заасан нь иргэн, хуулийн этгээдээс газар ашиглах, мөн тэдгээрт газар ашиглуулах талаарх материаллаг хэм хэмжээ бөгөөд энэ зохицуулалт нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1. сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж заасны дагуу хэрэгжихээр байна. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас газар ашиглах эрх олгосон шийдвэрийн дагуу нэг талаас Засаг дарга, хамгаалалтын захиргаа, нөгөө талаас газар ашиглагч этгээдийн хоорондох эрх, үүргийг гэрээгээр хэлбэржүүлэх нь газар ашиглаж байгаа явдал болж байна.

6.2. Энэ утгаараа гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон хариуцагчийн шийдвэр нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1. тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 27 дугаар зүйлийн 9. тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам тогтоох гэх зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлж гаргасан, нэхэмжлэлийн үндэслэлээр хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

6.3. Нөгөөтээгүүр, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1. тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдлэх-ээр заасны дагуу Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1. газар ашиглагч энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээх-ээр заасан байгаа нь гэрээнд заасан зориулалтын дагуу газар ашиглах эрхээ хэрэгжүүлж буй нэхэмжлэгчид хамаарахаас гадна ийнхүү нэхэмжлэгчийн нэгэн адил гэрээнд заасан зориулалтын дагуу газар ашиглах эрхээ хэрэгжүүлж буй гуравдагч этгээдэд хамаарах заалт байна. Үүгээрээ газар ашиглах эрхтэй гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих хууль зүйн боломж нэхэмжлэгч хуулийн этгээдэд үүсэхгүй болно.

7. Тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Нотлох баримт гаргуулах тухай 1/1908 дугаар албан бичгээр ...Б ХХК-ийн мод тарих тухай гаргасан хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэж, хариу өгсөн талаарх баримт ирүүлэх-ийг шаардахад Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 115 дугаар албан бичгээр ...Б ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Мод тарих газар хүсэх тухай 20 дугаар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа-нд Мод тарих газар хүсэх тухай 21 дүгээр албан бичгээр тус тус хандсаныг болон уг албан бичгүүдийн хуулбарыг ирүүлсэн нь хэрэгт авагдсан ба,

7.1. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн Үндсэн хуульд заасан байгаль орчноо хамгаалах журамт үүргийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Нэг тэрбум мод санаачилгын хүрээнд мод тарих, орчны газраа моджуулах эрхийг маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 31- ний өдрийн А/478 тоот тушаалын М ХХК-д холбогдох хэсэг зөрчихгүй гэж үзнэ.

7.2. Учир нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн мод тарьсан, мод тарихыг, ойжуулахыг хүсэж буй газар нь тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд хамаарах бөгөөд өөрт нь ашиглуулахаар шийдвэрлэсэн газрын гадна талд буюу гуравдагч этгээдэд ашиглах эрхийн дагуу олгосон газрын нэгж талбар дахь талбайн хэмжээний дотор давхцалтай байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3. хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчсөн, энэ нь маргаан бүхий газрын үзлэгийн тэмдэглэлээр болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар албан бичгээр ... ирүүлсэн 9500 м.квадрат талбайг шалгаж үзэхэд давхцалтай байгаа тул хүлээн авч шийдвэрлэх боломжгүй хэмээн Б ХХК-д хүргүүлсэн баримтаар тогтоогдож байна.

8. Нэхэмжлэгчээс ...хариуцагч сайд стандарт зөрчиж газар ашиглах зөвшөөрөл олгосон, бааз хоорондын зай зөрчсөн, амралтын газар, аялал жуулчлалын бааз, гэр буудлуудын хоорондын зай 5 км-ээс доошгүй байхаар заасан Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлага MNS6034:2009-г зөрчсөн..., тусгай хамгаалалттай газар нутагт Газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газрыг олгохдоо мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар төсөл сонгон шалгаруулаагүй, дуудлага худалдаа зохион байгуулаагүй... зэргээр тайлбарласныг хүлээн авах боломжгүй.

8.1. Хэдийгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Материал буцаах тухай 09/5982 дугаар албан бичгээр ...Налайх дүүрэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс Онгоцотын аманд газар шинээр ашиглах тухай хүсэлтэд хавсаргасан кадастрын зургийн солбицлын цэгийг тус яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн мэдээллийн сангаас шалган үзэхэд тухайн байршилд төсөл хэрэгжүүлэх нь Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS6426:2013 стандартын 5.2.1. Эдэлбэр газар, бусад цогцолбор, амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын хоорондох зай 1 км-ээс багагүй байна, тус стандартын 5.1.4. эдэлбэр газрын байршлыг сонгохдоо тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаан дээр суурилсан менежментийн төлөвлөгөө, орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө дээр үндэслэн сонгоно гэж заасныг зөрчих-өөр байгааг мэдэгдэж М ХХК-д хүргүүлсэн, энэ талаарх баримт хэрэгт авагдсан.

8.2. Гэвч хариуцагчаас, дээрх зөрчлийг М ХХК-аар арилгуулсан, дахин баримт цуглуулсан, энэ талаар шүүхээс хийсэн бичиг баримтын үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан, дурдсан стандарт нь нэхэмжлэлийн зүйлийн хүрээнд шууд хамааралгүй, өөрөөр хэлбэл, газрын маргаанд хамааралгүй, харин тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих шаардлага байгаа нь тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэр дээр газар ашиглах эрх авсны дараа хэрэгжих стандарт гэж үзэхээр, түүнчлэн гуравдагч этгээдэд хууль болон захиргааны хэм хэмжээний актаар журамласан харилцааг зөрчиж газар ашиглах эрх олгогдсон байх, хариуцагчаас захиргааны шийдвэр гаргах явцад хууль бус үйл ажиллагаа гаргасан байх, эдгээр нь тогтоогдсон байх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байх гэхчлэн факт, үйл баримтууд бий болох ёстой байхад, үүний эсрэг маргаан бүхий газрын давхцалгүй, тусгай хамгаалалттай газар нутаг газар ашиглуулах талаарх Сайдын бүрэн эрхэд Монгол Улсын стандартыг мөрдүүлсний эцэст шийдвэр гаргах талаарх зохицуулалт байхгүй байгааг анхаарах шаардлагатай болж байна.

9. Тодруулбал, энэ хэсгийн 8-д дурдсан тайлбар, үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн эсэх талаар дүгнэвэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл-ийг ойлгохоор заасан ба шүүхээс хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий тушаал хууль зөрчиж гараагүй болохыг дээр дурдсаны дагуу дүгнэсэн нь нэхэмжлэгчид захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх байхгүй болохыг харуулж байна.

10. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүсэж буй маргаан бүхий тушаал нь гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон эерэг агуулгатай захиргааны акт тул Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах, бусад этгээдээс саналыг нь авах зэргээр захиргааны шийдвэр гаргах ажиллагаа дутуу явагдсан зүйлгүй, энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй, тэрчлэн ...компанийн орц, гарц, мод тарьсан хэсэг, мод тарихаар төлөвлөсөн хэсэгтэй давхцуулан залгуулан М ХХК-д газар ашиглах эрх, олгосон нь "Б" ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 9, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/478 дугаар тушаалын М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН