| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/00903/И |
| Дугаар | 142/ШШ2024/01223 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 142/ШШ2024/01223
| 2024 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 142/ШШ2024/01223 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Сургалтын төлбөр 2 357 384.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Хариуцагч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жаргалсайхан овогтой Үүрийнтуяа нь ШУТИС-ийн БАТС-д 2019-2020 оны хичээлийн жилийн НАМАР-ын улиралд магистрантаар элсэн орж, 1 семестр суралцах хугацаандаа 20 кредит сонгож үзсэн ба 2024 оны 3 дугаар сарын 28-ны байдлаар 2 297 180 төгрөгийн сургалтын үлдэгдэл өр, нотариатын зардал 8,500 төгрөг, тэмдэгтийн хураамж 51,704.88 төгрөг нийт 2 357 384.88 төгрөгийн төлбөртэй болсон байна. Сургалтын төлбөр огт төлж байгаагүй. /1 кр-ийн төлбөр-114 859 төгрөг/ гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: ...Тухайн үед хэд хэдэн оюутнуудыг бүртгээд, бүртгэлээ албан ёсоор оюутнуудтай гэрээ контракт байгуулахгүйгээр шууд кредит баталгаажуулах тушаал гаргаад, Эрдэнэтийн харьяа сургуулийн буруутай үйлдлээс болоод оюутнууд магистраар тооцогдоод явсан. Нэхэмжлээд байгаа 20 кредит хичээлийг ******* судална гэсэн тушаал гарчихсан. Тухайн үед бүртгүүлсэн боловч албан ёсоор сургуульдаа хандаж, би сурахгүй гэдэг албан бичиг ирүүлээгүй учраас өр төлбөр үүссэн. Кредит баталгаажуулах тушаал гарахаас өмнө гэрээ хийгдээд, төлбөр төлөгдсөн байхыг шаарддаг. Эрдэнэтэд яагаад ийм асуудал үүссэн бэ? гэхээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ ажилчдаа ШУТИС-ийн харьяа сургуульд сургаж төлбөрийг нь даана гэдэг гэтэл заримдаа төлбөрийг төлөхөө больчихдог. Сургалтын төлбөрийг төлөхөө больчихлоор санхүүгийн бүртгэлд өр төлбөртэй болж гарч ирдэг. Эрдэнэт хотын сургууль гэрээ контракт байгуулж, оюутнуудтайгаа харилцаж, суралцах, суралцахгүй бүртгэлийн үйл ажиллагаа нь дээр алдаа гарсан гэж дүгнэж байна. 2 200 000 төгрөгийн авлага гарчхаад байхад шаардах эрхийн гэрээ байхгүй байгаа ч хариуцагч суралцахгүй гэж албан ёсоор тойрохоо зуруулаагүй гэсэн хоёр талын алдаатай үйлдэл гарсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна... гэжээ.
2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Жаргалсайхан овогтой Үүрийнтуяа миний бие нь ШУТИС-ийн БАТС-д 2019-2020 оны хичээлийн жилийн намрын улиралд 20 кредит суралцаж судалсан гэх төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбараар хүргэж байна. Үүнд 1. Тус сургуулиас ирүүлсэн дүнгийн хуулбар нь ямар ч үндэслэлгүй. Би тухайн хичээлүүд дээр суугаагүй ба ирцийн мэдээлэл байхгүй, бие даалт, явцын шалгалт өгч байгаагүй байхад дүн гаргасан байна. 2. Миний бие сургуулийн захиргаатай ямар ч сургалтын гэрээ байгуулж байгаагүй болно. 3. Надад ямар ч оюунтны үнэмлэх олгогдож байгаагүй. Тиймээс уг тайлбараар тус сургуулийн нэхэмжилсэн сургалтын төлбөр болох 2 357 384.88 төгрөгийг тушаах, төлөхгүй байх хүсэлтэй байна. Мөн 20 кредит хичээлийг судалж суралцаагүй болно. Энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, итгэмжлэл /хх-3/, оюутны дүнгийн хуудас /хх-5/, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирлын 2024 оны 01 сарын 26-ны өдрийн А/28 дугаартай Эрх олгох тухай тушаал /хх-6/, ШУТИС-ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай тушаал, /хх-7/, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирлын 2019 оны 11 сарын 11-ний өдрийн А/18 дугаартай Кредит баталгаажуулах тухай тушаал 2019 оны 10 дугаар сарын А/215 дугаартай Магистрантурт суралцах тухай тушаал хавсралтаар /хх-9/, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-10/, *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-11/, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-12/-ийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. ******* нь ШУТИС-ийн БАТС-д 2019-2020 оны хичээлийн жилийн НАМАР-ын улиралд магистрантаар элсэн орж, 1 семестр суралцах хугацаандаа 20 кредит сонгож үзсэн ба 2024 оны 3 дугаар сарын 28-ны байдлаар 2 297 180 төгрөгийн сургалтын үлдэгдэл өр, нотариатын зардал 8 500 төгрөг, тэмдэгтийн хураамж 51 704.88 төгрөг нийт 2 357 384.88 төгрөгийн төлбөртэй болсон байна. Сургалтын төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд сургалтын төлбөрийн үлдэгдэл 2 357 384.88 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж мэтгэлцсэн. Би тухайн хичээлүүд дээр суугаагүй ба ирцийн мэдээлэл байхгүй, бие даалт, явцын шалгалт өгч байгаагүй байхад дүн гаргасан байна. Миний бие сургуулийн захиргаатай ямар ч сургалтын гэрээ байгуулж байгаагүй. Надад оюунтны үнэмлэх олгогдож байгаагүй. Тиймээс нэхэмжилсэн сургалтын төлбөр болох 2 357 384.88 төгрөгийг төлөхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4а. Шинжлэх ухаан технологийн их сургууль Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/18 дугаартай Кредит баталгаажуулах тушаалаар ...2019-2020 оны хичээлийн жилийн Намар-ын улиралд тус сургуулийн магистрийн сургалтын 373 оюутны хичээл сонголтыг 4427 кредитээр /хавсралт №1/..., ...магистр оюутны сургалтын төлбөрийн нэг кредитын үнэлгээг 114 859 төгрөгөөр... тус тус тооцож төлбөрийг зохих журмын дагуу төлүүлсүгэй гэжээ.
Хариуцагч ******* нь тухайн сургуульд сурч байгаагүй гэж мэтгэлцдэг.
4б. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хоорогдох харилцааг хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж дүгнэв.
4в. Нэхэмжлэгч байгууллага тухайн жилд тус сургуулийн Бизнесийн ахисан түвшний сургуульд *******г бүртгүүлэн 20 кредит сонгон суралцсан гэх боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй. Тодруулбал оюутантай байгуулсан гэрээ, сурч байсан талаарх ирцийн мэдээлэл, сургалтын хугацаанд өгсөн шалгалтын дүнгүүд гэх зэргийг нэхэмжлэгч гаргаж ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
5. Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан.
5а. Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаар баримтгүй, *******д өгөх төлбөрийн талаар мэдэгдсэн шаардсан талаар баримт байхгүй байна.
5б. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн байх тул хариуцагчаас сургалтын төлбөр 2 357 384.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 704 88 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэсэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1., 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн *******гаас сургалтын төлбөр 2 357 384.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 704 88 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА