Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2024/01259

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2024/01259

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Чандмань баг *******, ХХХК /РД:5612608/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг *******,*******/-т холбогдох ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц хөлслүүлэх гэрээний төлбөрт 4 400 000 төгрөг, алданги 227 700 төгрөг, ус, дулаан, цахилгаан ашигласны 857 839 төгрөг, нийт 5 539 539 төгрөг гаргуулж, тус гэрээ цуцалсныг тогтоож, компанийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум, Чандмань баг 7-р хороолол 02 дугаар байрны ******* тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг Д-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н,

Хариуцагч: Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Д-д холбогдуулан Орон сууц хөлслүүлэх гэрээний төлбөрт 2 750 000 төгрөг, алданги 177 100 төгрөг, ус, дулаан, цахилгаан ашигласны 793 429 төгрөг, нийт 3 720 529 төгрөгийг гаргуулж, тус гэрээ цуцлагдсаныг тогтоож, компанийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Чандмань баг 7-р хороолол 02 дугаар байрны ******* тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг Дгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууц хөлслүүлэх гэрээний төлбөрт 1 650 000 төгрөг, алданги 50 600 төгрөг, ус, дулаан, цахилгаан ашигласны 118 410 төгрөг, нийт 1 819 010 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2. Нэхэмжлэгч ХХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Орхон аймаг Баян-Өндөр сум, Чандмань баг 7-р хорооллын зарим орон сууцуудыг иргэдэд хөлслүүлэх, худалдах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Д нь манай компанитай 2022 оны 09 дугаар сарын 05-ны өдөр Орон сууц хөлслүүлэх гэрээ байгуулж Орхон аймаг, Баян-Өндөр сум, Чандмань багт байрлах ХХХК-ийн өмчлөлийн 7 дугаар хороолол 2-р байрны ******* тоот 3 өрөө орон сууцыг нэг сарын 550 000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож, төлбөрийг сар бүрийн 15-ны өдөр төлөхөөр болсон. Мөн гэрээний 1.8-д хэрэглээний зардал буюу ус, дулаан, цахилгаан ашигласны зардлыг сар бүрийн 10-ны өдрийн дотор тус тус хөлслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл орон сууц хөлслөгч Д нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж ус, дулаан, цахилгаан ашигласны төлбөр 2023 оны 05 дугаар сараас хойш ус, дулаан цахилгааны төлбөр, 2024 оны 01 дүгээр сараас орон сууц хөлсөлсний төлбөрөө төлөлгүй өдийг хүртэл тус тус хугацаа хэтрүүлсэн, хөлслөгчөөс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл явуулсан ч төлбөрөө одоог хүртэл төлөөгүй байна. Орон сууц хөлслүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн Хөлслөгчийн эрх, үүргийн 2-д ...үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг хоног тутамд хөлслүүлэгч талд төлнө" зааснаар орон сууцны төлөөгүй төлбөрөөс алдангийг тооцож байна. Дгийн төлөлгүй хугацаа хэтэрсэн ус, дулаан, цахилгаан /хэрэглээний/ ашигласны төлбөр болон орон сууц хөлсөлсний төлбөр, алдангийн тооцоог дэлгэрэнгүй бодов. Үүнд:

 

 

Ус, дулаан,

Орон сууцны

Орон сууцны төлбөрийг

Нэг

Нийт

Огноо

цахилгааны

хөлс төлбөр

төлөлгүи

хоногиин

хоногиин

 

төлбөр

 

хугацаа хэтэрсэн

алданги

/0.1%/

алданги

             

 

 

 

 

Нийт хоног/2024.05,20/

 

 

2023 оны 05сар

57 646 төгрөг

       

2023 оны 06 сар

34 324 төгрөг

       

2023 оны 07 сар

51 293 төгрөг

       

2023 оны 8сар

47 056 төгрөг

       

2023 оны 09 сар

62 425 төгрөг

       

2023 оны 10 сар

74 205 төгрөг

       

2023 оны 11 сар

71 143 төгрөг

       

2023 оны 12 сар

79 617 төгрөг

       

2024 оны 01 сар

83 109 төгрөг

550 000 төгрөг

126 хоног

550 төгрөг

69 300 төгрөг

2024 оны 02 сар

73 851 төгрөг

550 000 төгрөг

95 хоног

550 төгрөг

52 250 төгрөг

2024 оны 03 сар

80 228 төгрөг

550 000 төгрөг

66 хоног

550 төгрөг

36 300 төгрөг

2024 оны 04 сар

78 532 төгрөг

550 000 төгрөг

35 хоног

550 төгрөг

19 250 төгрөг

2024 оны 05 сар

 

550 000 төгрөг

     

Нийт

793 429 төгрөг

2,750,000 төгрөг

322 хоног

 

177 100 төгрөг

 

Иймд орон сууц хөлслүүлэх гэрээний төлбөрт 2 750 000 төгрөг, алданги 177 100 төгрөг, ус, дулаан, цахилгаан ашигласны 793 429 төгрөг, нийт 3 720 529 төгрөгийг гаргуулж, тус гэрээ цуцлагдсаныг тогтоож, компанийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Чандмань баг 7-р хороолол 02 дугаар байрны ******* тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг Дгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгөхийг хүсье.

 

3. Нэмэгдүүлсэн шаардлагадаа: ХХХК-ийн нэхэмжлэлтэй Д-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2 сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Д нь орон сууцанд амьдарсаар байгаа ба орон сууцны хөлсний төлбөр болон хэрэглээний зардлаа төлөөгүй байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж орон сууц хөлсөлсний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул алданги тооцоход хүрч байна. Үүнд:

Огноо

Ус,дулаан, цахилгааны төлбөр

Орон сууцны хөлс төлбөр

Орон сууцны төлбөрийг төлөлгүй хугацаа хэтэрсэн нийт хоног/2024.08.15/

Нэг

хоногийн

алданги

/0.1%/

Нийт

хоногийн

алданги

2024 оны 05 сар

65,168 төгрөг

 

 

 

 

2024 оны 06 сар

26,621 төгрөг

550 000 төгрөг

61 хоног

550 төгрөг

33 550 төгрөг

2024 оны 07 сар

26 621 төгрөг

550 000 төгрөг

31 хоног

550 төгрөг

17 050 төгрөг

2024 оны 08 сар

 

550 000 төгрөг

 

 

 

Нийт

118 410 төгрөг

1 650 000 төгрөг

92 хоног

 

50 600 төгрөг

 

Иймд орон сууц хөлслүүлэх гэрээний төлбөрт 1 650 000 төгрөг, алданги 50 600 төгрөг, ус, дулаан, цахилгаан ашигласны 118 410 төгрөг, нийт 1 819 010 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцсон болно.

5. Хариуцагч Д шүүхэд ирүүлсэн тайлбар болон хуралдаанд тайлбарлахдаа: Миний би Д нь ХХХК-ийн түрээсийн орон сууцыг 2018 оноос хойш түрээсэлж ирсэн билээ. 2024 оны 01 дүгээр сараас 09 сар хүртэл түрээсийн төлбөрийг төлөөгүй билээ. Миний бие нь 2 настай хүүхдээ тэврэн Хятадын нутгаас ирж ХХХК-ийн байранд өсгөсөн билээ. Би төлбөр мөнгийг барагдуулах болно. Гагцхүү ХХХК-ийн зүгээс албадан гаргах хүсэлтэй байгаа тул хүү бид хоёр үүнээс өөр очих газар байхгүй билээ. Би эрх орондоо өрх толгойлсон эмэгтэй зүгээс амьдардаг, төр засгаас ямар ч дэмжлэг авч үзээгүй, өөрийн гараар хүүгээ өсгөж ирсэн билээ. Аль болох хэн нэгнээ ойлгох журмаар байж болох уу гэж хүсэж байна. Төлбөрөө төлж чадахгүй байх шалтгаан гэвэл сэтгэл зүйн хувьд айдастай, хэзээ хөөж гаргах бол гээд. Бас хүү маань төлбөртэй сургуульд сурдаг. Бас дэлгүүрийн түрээс давхар төлдөг байсан энэ бүгдийг шийдээд ХХХК-ийн мөнгийг төлнө гэж бодож байсан. ХХХК-ийн эхний нэхэмжилсэн 3 720 529 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 1 819 010 төгрөг энэ бүгдийг төлөх болно. ХХХК-ийн зүгээс албадан гаргахгүй байхыг хүсэж байна. Би өглөө гараад орой ирдэг тул цаг зав гарган ХХХК зүгээс тавьсан шаардлагыг хүлээн авч зохицуулах болно. Гол нь ус дулааны мөнгө задгайгаар бичигдсэн тэрийг төлөх боломжгүй... гэжээ.

6. Нэхэмжлэгчээс: ХХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5-6/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 201212 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 38 дугаар тушаалын гуравдугаар хавсралт /хх-6-7/, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Орон сууц хөлслүүлэх гэрээ /хх-8-9/, тус өдрийн ХХХК-д гаргасан Дгийн өргөдөл /хх-9/, ХХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/004 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-10/, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 24-49 дугаартай Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч М.Мэндбаярын Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-11-12/, Шуудангийн байгууллагын тэмдэглэл /хх-13/, 2023 оны 05 дугаар сараас 2024 оны 07 дугаар сар хүртэлх Төлбөрийн нэхэмжлэх /хх-14,30/, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаартай итгэмжлэл /хх-15/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-15, 31/, хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар болон хариу тайлбарыг тус тус гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь 

1. Нэхэмжлэгч Х ХХК, Д-гаас Орон сууц хөлслөх гэрээний үүрэг 4 400 000 төгрөг, алданги 227 700 төгрөг, ус, дулаан, цахилгаан ашигласны төлбөр 857 839 төгрөг, нийт 5 539 539 төгрөг гаргуулж, тус гэрээ цуцалсныг тогтоож, компанийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Чандмань баг 7-р хороолол 02 дугаар байрны ******* тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг Дгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлсон. ....Д нь манай компанитай 2022 оны 09 дугаар сарын 05-ны өдөр Орон сууц хөлслүүлэх гэрээ байгуулж Орхон аймаг Баян-Өндөр сум Чандмань багт байрлах ХХХК-ийн өмчлөлийн 7 дугаар хороолол 2-р байрны ******* тоот 3 өрөө орон сууцыг нэг сарын 550 000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож, төлбөрийг сар бүрийн 15-ны өдөр төлөхөөр болсон. Мөн гэрээний 1.8-д хэрэглээний зардал буюу ус, дулаан, цахилгаан ашигласны зардлыг сар бүрийн 10-ны өдрийн дотор тус тус хөлслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл орон сууц хөлслөгч Д нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж ус, дулаан, цахилгаан ашигласны төлбөрийг 2023 оны 05 дугаар сараас хойш, орон сууц хөлсөлсний төлбөрөө 2024 оны 01 дүгээр сараас хойш төлөлгүй өдийг хүртэл тус тус хугацаа хэтрүүлсэн, хөлслөгчөөс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл явуулсан ч төлбөрөө одоог хүртэл төлөөгүй байна. Орон сууц хөлслүүлэх гэрээний төлбөрт 4 400 000 төгрөг, алданги 227 700 төгрөг, ус, дулаан, цахилгаан ашигласны 857 839 төгрөг, нийт 5 539 539 төгрөгийг гаргуулж, тус гэрээ цуцалсныг тогтоож, компанийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Чандмань баг 7-р хороолол 02 дугаар байрны ******* тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг Дгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү...гэсэн.

3. Хариуцагч Д нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. ...Х ХХК-ийн эхний нэхэмжилсэн 3 720 529 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 1 819 010 төгрөг энэ бүгдийг төлнө. 2023 оны 05 дугаар сараас хойш төлбөрөө төлөөгүй нь үнэн. ХХХК-ийн зүгээс албадан гаргахгүй байхыг хүсэж байна. Гол нь ус дулааны мөнгө задгайгаар бичигдсэнд эргэлзэж байна... гэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн тайлбаруудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч ХХХК, хариуцагч Д нар 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Орхон аймаг Баян-Өндөр сум 7-р хороолол 2-р байрны ******* тоот хаягт байрлах 1 давхрын 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг сарын 550 000 төгрөгөөр, тог, ус, дулааны мөнгийг хөлслөгч сар бүрийн 10-ны дотор компанид төлөх, гэрээний хугацаа 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дуусахаар тохиролцжээ.

6. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

6.1. Нэхэмжлэгч ХХХК орон сууцыг хөлслөгч Дгийн эзэмшилд шилжүүлэх, хариуцагч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээсэн байх ба гэрээ болон хуульд зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

6.2. Гэрээний дагуу нэхэмжлэгч орон сууцыг Дгийн эзэмшилд шилжүүлж үүргээ биелүүлсэн бол хариуцагч орон сууц хөлсөлсний төлбөрийг төлөөгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт ирүүлсэн баримтуудаар нотлогдсон.

6.3. Хариуцагч орон сууцны түрээсийн төлбөр, тог, ус, дулааны төлбөр, алданги 5 339 539 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ч, ус, тогыг задгайгаар бичиж байсанд эргэлзэж байна гэх тайлбараа нотлоогүй болно.

7. Хариуцагч Орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн бөгөөд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

7.1. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2.-д хөлслөгч эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй, мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3.-д хөлслөгч 3 сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч хэлэлцэн тохирсон хөлсийг шаардах, хариуцагч хөлсийг төлөх үүрэгтэй гэж заасан.

7.2. Нэхэмжлэгч ХХХК нь Орхон аймаг Баян-Өндөр сум 7-р хороолол 02-р байрны ******* тоот хаягт байрлах 1 давхрын 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000598358 дугаар гэрчилгээгээр нотлогдож байна.

7.3. Нэхэмжлэгч байгууллага, хариуцагчид 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр /хх10/, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр /хх11/ мэдэгдэл хүргүүлсэн, мөн хариуцагчтай уулзаж төлбөрөө төлөх, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан гэдгийг хариуцагч маргаагүй.

7.4. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3.-т Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно, 294.4.-т Хэрэв эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь тавилга бүхий сууцны зориулалттай байр бол хөлслүүлэгч гэрээг цуцлахдаа энэ хуулийн 294.3-т заасан хугацааг баримтлах үүрэгтэй,

мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2.-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэснээр нэхэмжлэгч нь Дгаас үүргийн гүйцэтгэлийг байнга шаардаж байсан нь хариуцагчийн өөрийнх нь тайлбараар нотлогддог.

7.5. Иймд хариуцагчийн орон сууцыг чөлөөлөх боломжгүй гэх татгалзал үндэслэлгүй байна.

8. Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээний Хөлслөгчийн эрх, үүрэг хэсгийн 2-т Гэрээнд заасан хугацаанд орон сууц хөлсөлсний төлбөрийг хөлслөгчид төлнө. Энэ үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алдангийг хоног тутамд хөлслүүлэгч талд төлнө гэж заасан байх ба хариуцагч алдангийн талаар маргаагүй төлнө гэсэн тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.

9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэсэн бөгөөд хариуцагч орон сууцанд хууль бусаар амьдарч байгаагүй, өөрөөр хэлбэл орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр ашиглаж байсан ч энэ нь гэрээний үүргийн зөрчлийг үгүйсгэхгүй.

9.1. Мөн гэрээ цуцалсныг тогтоож өгнө үү гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бөгөөд гэрээнээс татгалзаж буй байдлаа илэрхийлсэн гэж дүгнэлээ.

10. Дээрх үндэслэлээр Дгаар 5 539 539 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХК-д олгож, ХХХК болон Д нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээг цуцалж, Орхон аймаг Баян-Өндөр сум 7-р хороолол 02-р байрны ******* тоот хаягт байрлах 1 давхрын 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг чөлөөлөхийг Дд даалгаж шийдвэрлэв.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 288 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Дгаас 260 288 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1., 288 дугаар зүйлийн 288.2.3.-д заасныг баримтлан Дгаас 5 539 539 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Х ХХК болон Д нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээг цуцалж, Орхон аймаг Баян-Өндөр сум 7-р хороолол 02-р байрны ******* тоот хаягт байрлах 1 давхрын 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг чөлөөлөхийг Д-д даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 288 төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Дгаас 260 288 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА