| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0013/э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 23
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Дд холбогдох эрүүгийн 1830000030013 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгчийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, А.Д.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч А.Д 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Г.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Намайг ороход Т.Э, Н 2 согтуу сууж байсан. Би гараад Аг дуудсан. А ирээд нэгийг нь таньдаг бололтой хоорондоо ярилцаад байсан. Н Атай дэлгүүрээс боргио пиво авчирч бид нар уусан. Намайг гадаа байхад Э гарч ирээд нөгөө хоёр яасан бэ гэхээр нь мэдэхгүй гэхэд намайг алгадсан. Тэгээд би гэррүү орж Эыг цохисон.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
-Хохирогч Т.Э мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн үед найз Нийн гэрт ирэхэд Д гэх залуу гэрт нь ирчихсэн сууж байсан. Д пиво уух уу гэхээр нь би Нд би энэ залууг танихгүй, чи мэд гэж хэлсэн чинь Н, Д нар хамт гараад 2.5 литрийн Боргио пиво авчирч бид 3 хуваагаад уусан. Дгийн найз Абаатар гэх залуу 2.5 литрийн 2 боргио пиво барьж ирсэн. Пиво уугаад дуусаж байхад Д манай найз Нийг гичий, янхан гээд байхаар нь чи яагаад манай найзыг элдвээр хэлээд байгаа юм гэхэд чи ч гэсэн гичий, янхан, танай найз чинь хүний дэвсгэр болж явдаг гэх мэтээр хэлээд байсан. Д намайг хоёулаа гаръя гээд гэрээс аваад гарсан. Би “чи яагаад хүн доромжлоод байгаа юм” гээд Дг 2 алгадаад буцаад гэррүү ороод үүдэнд зогсож байтал араас Д орж ирээд миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Н салгаад Дг аваад гэрээс гарсан. Энэ үедээ цагдаад дуудлага өгч Дг цагдаа нар аваад явсан. Миний баруун нүд хөхөрч хавдсан өөр ямар нэгэн гэмтэл байхгүй гэх /хх-ийн 04-р хуудас/
-Гэрч У.Абаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... Н хоёулаа хамт дэлгүүр оръё гэхээр нь надад мөнгө байхгүй гэхэд хөдөөнөөс ирчихээд мөнгөгүй байна гэж юу байхав гээд байхаар нь дэлгүүр явж пиво аваад Д, Э, Н бид 4 пиво уусан.Н дахиад дэлгүүр явж пиво авна гэхээр нь дэлгүүрээс пиво аваад буцаад ирэхэд Э, Д нар нь гэрийн гадаа хэрэлдээд зогсож байсан. Д Эд хандаж танай найз чинь нэгийг харж нэг болсон сонин хүн байна. Танай найз чинь янхан юм чинь чи ч гэсэн янхан гээд байсан. Ингээд бид нар гэррүү ороод гэрийн үүд хэсэгт Э зогсож байхад Д Эын нүүр рүү гараараа цохисон. Энэ үед би голоор нь орж салгасан чинь Д надад хандаж чи 2 эмэгтэй хүн өмөөрч зодох гэлээ гээд над руу дайраад байсан. Удалгүй цагдаа ирж Дг аваад явсан...” гэх /хх-ийн 07-р хуудас/
-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 31 дүгээр дүгнэлтийн “1. Т.Эын биед баруун нүдний дээд, доод зовхины болон салстын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт /хх-ийн 11-р хуудас/
-Хохирогч Т.Эын А.Дд гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 25-р хуудас/
-Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 28-р хуудас/
-А.Дгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч А.Д нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн 12-05 тоотод хохирогч Г.Эыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Дгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Т.Э, гэрч У.Асүрэн нарын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 31 дүгээр дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Дд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул А.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Дгийн үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.Дд ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Д цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Т.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Дг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Дд оногдуулсан торгох ялыг 10 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан А.Дд мэдэгдсүгэй.
5. Ялтан А.Д нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Т.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА