Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/27

 

 

 

    Ш.Мт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Л.Отгончимэг,

Яллагдагчийн өмгөөлөгч: Ц.Баасанбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч: Д.Уртбаяр,

Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/563 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Үүрийнтуяагийн гаргасан эсэргүүцлээр Ш.Мт холбогдох 2138000000540 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт Шын М, ......... оны .... дугаар сарын .....-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Б сумын ..... дүгээр багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .............................../.

Ш.М нь 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Б сумын “С” багийн нутаг дэвсгэр “Улаан толгой” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Бийн эрүүл мэндэд эрүү ясанд хугарал, хоолойн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/563 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шын Мт холбогдох эрүүгийн 2238000000540 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж,  Хавтаст хэрэг прокурорт очтол яллагдагч Ш.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан моторт хадуур 1 ширхэгийг хэргийн хамт хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Дэмбэрэлсамбууд даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Үүрийнтуяа эсэргүүцэлдээ:  ...шүүгчийн захирамж үндэслэлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой, шүүх зөв үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Д.Б нь Ш.Мын эрүүл мэндэд буюу баруун сарвууны алганы шивнүүрт хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулаагүй болох нь хохирогч Д.Бийн Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл, мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээч эмч М.Бийн 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 395 дугаартай дүгнэлт, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 503 дугаартай дүгнэлт, Хөвсгөл-Дүрс оношилгооны төвийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлт, Хөвсгөл Оюу-Ундраа эмнэлгийн Дүрс Оношилгоо төвийн сарвуу ясны эгц байрлалаар авсан рентген зураг, мөрдөгч нь шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болно гэж заасны дагуу шинжээч эмч М.Бөөс авсан мэдүүлэг, дахин мэдүүлэг зэрэг бусад хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон тул Д.Бөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар тодорхой тайлбарласан. Мөн Аймгийн ерөнхий прокурорт энэ тухай гомдол гаргаж, албан ёсны хариуг өгсөн.

2.Гэрч гэх Д.Н нь тухайн хэрэг болсон гэх газарт байгаагүй яллагдагч Ш.Мын төрсөн эх гэрч М.Х нь хэрэг болох үед байсан хэдий ч яллагдагч Ш.Мтай ашиг сонирхлын зөрчилтэй буюу өөрийн малаа харуулдаг, Б.Ч нь Ш.Мын эхнэр, эдгээр хүмүүсийн мэдүүлгийг хохирогч Д.Бийн мэдүүлэгтэй зөрүүтэй мэдүүлэг өгч байна гэж дахин мэдүүлэг авах боломжгүй. Учир нь мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй байхаар хуульд зохицуулж өгсөн байдаг.

З.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийн 4-т “Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хүний нэр төр, алдар хүндийг гутаах амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах, бусдыг гэмт хэрэгт хатгахыг хориглоно” гэж заасан байдаг зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана яаш үйлдсэн нь бүрэн нотлогдсон бөгөөд Ш.Мт холбогдох хэргийг шийдвэрлэх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал тогтоогдсон.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байх гэсэн заалт, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам”-д заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл, захирамжийн тодорхойлох хэсгийн эхэнд “яллагдагч Ш.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх боловч гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, хохирогч Д.Бийн эрүүл мэндэд учирсан “эрүү ясны хугарал, хоолойд цус хуралт бүхий” гэмтэл нь хэний, ямар үйлдлээс болж үүссэн” яллагдагчийн гэм буруугийн хэлбэрийг эргэлзээгүй тодруулах шаардлагатай гэж үзсэн” гэж тодорхойлоод хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг жагсаан бичээд “...нотлох баримтууд авагдсан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Мөрдөгч нотлох баримт цуглуулж бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ” гэж заасан бөгөөд яллагдагч Ш.Мын эрүүл мэндэд учирсан баруун сарвууны алганы шивнүүрт хугарал бүхий гэмтэл нь чухам юунаас болж үүссэн, уг гэмтлийг хэзээ, хэн, хэрхэн учруулсан талаар шалгаж тодруулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ. Захирамжийн энэхүү заалт нь хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг шалгаж тодруулах аль эсхүл яллагдагч Ш.Мын эрүүл мэндэд учирсан хохирлыг шалгаж тодруулах шаардлагатай байгааг ялгаж тодорхойлоогүйн дээр хэрэгт авагдсан нотлох баримтууд энэ хэргийг шийдвэрлэхэд ямар эргэлзээ төрүүлж байгаа, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан ямар журмыг зөрчсөн талаар дурдаагүй, одоо мөрдөн шалгах ажиллагаагаар ямар ажиллагааг хийж хэрэгт ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг тодруулах гэж байгаа нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчиж Ш.Мын эрүүл мэндэд учирсан баруун сарвууны алганы шивнүүрт хугарал бүхий гэмтэл нь чухам юунаас болж үүссэн, уг гэмтлийг хэзээ, хэн, хэрхэн учруулсан талаар шалгаж тодруулаагүй гэж дүгнэж байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

Түүнчлэн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Энь гэр бүлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.6-д “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг хэлэхээр заасан байхад өөрийн гэр бүлийн гишүүн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Нямхандтай төрөл садангийн холбоотой буюу түүний нагац эгчийн хүүхэд болох Ш.Мын хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүгч дараах үндэслэл байвал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй”, мөн зүйлийн 1.2-т заасан “тухайн хэргийн прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн бол” гэж заасан заалтуудыг ноцтой зөрчжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна” гэсэн заалтыг зөрчиж 2022 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй байх ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлд хамаарч байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/563 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Мөрдөн шалгах ажиллагаа нэг талд явагдсан. Энэ хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй оруулж ирсэн. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж заасан. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Уртбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Шүүх хуралдаанд татгалзал байгаа эсэх талаар танилцуулаагүй. Хэрвээ татгалзлын талаар шүүгч танилцуулсан бол энэ хүмүүсийн хамаарал бүхий этгээд гэдгийг миний үйлчлүүлэгч мэдэж байсан. Энэ эрхээр нь хангаагүй” гэв.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Шүүхийн тухай хуульд заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ мөн хэвээр байгаа учраас хуульд өөрчлөлт орж шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох заалт хүчингүй болсон гэдэг шалтгаанаар анхан шатны шүүхийн хууль бус шийдвэрийг хэвээр үлдээж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрхийг ноцтой зөрчих нь хууль ёсны зарчимд харшилж байна. Иймд бусад аймаг, орон нутаг, нийслэлийн хэмжээнд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хэрэгжүүлж байгаа учраас анхан шатны шүүхийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Ш.М нь 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Б сумын “С” багийн нутаг дэвсгэр “Улаан толгой” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Бийн эрүүл мэндэд эрүү ясанд хугарал, хоолойн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх ба шүүх Ш.Мт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан ба мөн зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ : “...би тэгж мотоциклиосоо унаагүй. ...Хадуураа бүр унтрааж цааш нь тавьчихаад намайг ирж барьж аваад цохиод ухаан балартсан. Би сэргээд чамайг цагдаад өгнө гэхэд өгөөрэй чи гэж байсан...” гэж, /хх-ийн 14-15 дугаар тал/,

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Би Мт тулж очиж зогссон. ...Тэгтэл М намайг барьж аваад заамдаад боогоод амьсгал давчдаад унасан чинь зүүн талын эрүү рүү нэг цохиод эрүүний доод хэсэг рүү нэг цохисон. Тэгээд би ухаан балартаад юм мэдэхээ байсан.” гэж, /хх-ийн 17-18 дугаар тал/,

Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ...манай хүү М давхиж ирээд Б ах намайг хадлан хадаж байсан чинь согтуу ирээд мотоциклиор дайраад унагачихлаа. Тэгээд намайг толгойн ар хэсэг рүү хоёр гурван удаа цохьсон. Гар хөдлөхөө байчихлаа, хавдаад өвдөж байна гэж ярьж байсан. Хадуурын иш хугарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би машин дээр нь суугаад өвс хадаж байсан газарт нь очсон. Тэгэхэд Б ах мотоцикль дээрээ мордчихсон манай бэртэй хэрэлдээд тамхи татчихсан шүлсээ хаяад байж байсан. Бид хоёрыг очиход М ах мотоциклийн зүүн талын гар болохоо байчихлаа, засаж өг гээд загнаж байсан. ...тэгээд Б ах ...доошоо уруудаад мотоциклио унаад давхисан. ...Намайг очиход Б ах М хадах ёсгүй газраас хадлаа гэж байсан. Тэрнээс М намайг цохьсон гэсэн зүйл ярихгүй л байсан...” гэж /хх-ийн 29-30 дугаар тал/,

Гэрч М.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: “...Ш.М өвс хадаад байж байтал Д.Б мотоцикльтойгоо давхиж ирээд зогсохгүй шууд тэр чигээрээ Мыг мөргөсөн. Мыг мотоцикльтойгоо дайрах үед хадууртайгаа газар унасан. Унах үед хадуурын бариул нь хугарсан. Б мотоцикльтойгоо унахдаа мотоциклийн гар нь мушгираад унахдаа мотоциклийнхоо дор нь ороод унасан. Наад талд нь Мын хадуур янгинаж орилоод л цаад талд нь Бийн мотоцикль орилоод тэр үед Б босож ирэхдээ толгойгоо хойд тийшээгээ татаад эргүүлээд хөшөөд байгаа бололтой харагдаж байсан. Б тэгж босч ирээд Мыг заамдаж аваад толгойны ар хэсэг рүү нь хоёр удаа гараараа цохисон. ...толгойгоо эргүүлээд байсан. Эвгүй л оргиод байх шиг байсан...” гэж /хх-ийн 83-84 дүгээр тал/,

Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: “...манай хүн моторт хадуураар өвс хадаж байсан. Б гуай шууд хаазлаад давхиж ирээд манай нөхрийг дайраад унагаасан. Өөрөө мотоцикльтойгоо унасан. Тэгээд манай нөхөр босч ирээд хадуураа тайлаад тавих хооронд Б гуай хүзүү рүү нь хоёр удаа цохисон. ...Манай нөхрийн барьж байсан хадуурын иш хугарсан. М гар болохгүй байна яачихав аа тулчихав уу гээд байсан. Дараа нь Мөрөн ороод зураг авахуулахад савхны хоёр яс нь хоёр хугарсан байна гэсэн...” гэж /хх-ийн 33 дугаар тал/ тус тус мэдүүлсэн зэргээс үзэхэд дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлэг эрс зөрүүтэй, гэрч Б.Ж, Д.Ц, Н.Б нар нь дамжмал байдлаар Ш.М, Д.Бийг зодсон талаар мэдүүлсэн байх бөгөөд дээрх мэдүүлгүүдийн эх сурвалжийг шалгаагүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Харин яллагдагч Ш.Мын эрүүл мэндэд учирсан баруун сарвууны алганы шивнүүрт хугарал бүхий гэмтэл нь чухам юунаас болж үүссэн, уг гэмтлийг хэзээ, хэн, хэрхэн учруулсан талаар шалгаж тодруулаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 8 дугаар сарын 08-ны өрийн 06 дугаартай тогтоолоор Д.Бөд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба энэхүү тогтоолд гомдол гаргасныг эрх бүхий албан тушаалтан эцэслэн шийдвэрлэсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийн       4-т “Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хүний ...амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахыг хориглоно” гэж заасан байхад анхан шатны шүүх Ш.Мт холбогдох хэрэгт туршилт хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй. Иймд энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Энь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзсаныг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд “дээрх үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэж үзэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь шүүгч өөрөө төрөл, садангийн хүнээ тодорхойлж татгалзах хүсэлтээ илэрхийлсэн байхад нотлох баримтгүй үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь буруу. Нотлох баримтыг шүүгч эсхүл хэргийн оролцогч, мөрдөгч, прокурорын аль нь бүрдүүлж гаргаж өгөхийг хуулиар нарийвчлан зохицуулаагүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6“садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг хамааруулахаар хуульчилсан байна.

Хөвсгөл аймаг дахь сумд дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЗТ/27 дугаартай тогтоолоос үзэхэд “яллагдагч Ш.Мын төрсөн эцэг Ш нь миний хадам ээжийн эгчийн хүүхэд тул хэргийн оролцогчдод ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсч байна” гэж үзэн шүүгчээр оролцохоос татгалзах хүсэлтээ илэрхийлжээ.

Хэргийн оролцогчтой төрөл, садангийн холбоотой шүүгч тухайн хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт эргэлзээ үүсч эсрэг сонирхолтой талуудын хэн алинд үндэслэл бүхий хардлага төрүүлэх нь зайлшгүй бөгөөд шүүгч хуульд заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй байхаар хуульчилсныг анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн үндэслэлгүйгээр татгалзлалыг хүлээн аваагүй гэж үзэхээр байна. Иймд энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл мөн адил үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.5 дугаар зүйлийн 1-д “1.Шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнийг зарлаж, улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч, түүнчлэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчээр хэн, хэн оролцож байгааг мэдэгдэж, шүүгдэгч, татгалзан гаргах хүсэлт гаргах эрх бүхий бусад оролцогчид энэ хуульд заасны дагуу хүсэлт гаргах эрхтэй болохыг тайлбарлана” гэж заажээ. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд дээрх хуулийн заалтыг биелүүлээгүй болохыг анхаарах нь зүйтэй.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/563 дугаартай захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ЭРДЭНЭБАТ

                                        ШҮҮГЧИД                                Д.АЗЖАРГАЛ

                                                                             Н.БАЯРХҮҮ