| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 2138001450148 |
| Дугаар | 2022/ДШМ/28 |
| Огноо | 2022-12-14 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | Э.У |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2022/ДШМ/28
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Э.Уламбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр, Д.Доржханд,
Хохирогч: Н.П,
Хохирогчийн өмгөөлөгч: Н.Баттөмөр,
Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/273 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд, Б.Манлайбаяр нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бт холбогдох 2138001450148 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
“Т” овогт Бийн Б, .......... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр Хөвсгөл аймгийн Б суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, ээж, ах, дүүгийн хамт амьдардаг, Хөвсгөл аймгийн Б сумын .... дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн ........ оны .... дугаар сарын ............-ний өдрийн ..... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын .... дугаар шүүхийн ......... оны ..... дугаар сарын ........-ний өдрийн ....... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан /регистрийн ..........................дугаартай/
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 7 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Т сумын 3 дугаар багийн нутагт иргэн Н.Пийн бэлчээрт байсан адуунаас саарал зүсмийн 1 тооны “Ш” нэртэй хурдан морийг хулгайлж 111,538,000 төгрөгийн хохирол учруулж бусдын малыг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/273 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч “Т” овогт Бийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бээс Ш морины үнэ 111,538,000 /нэг зуун арван нэг сая таван зуун гучин найман мянга/ төгрөг, хурдан морины үнэлгээний хөлс 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг, нийт 112,838,000 /нэг зуун арван хоёр сая найман зуун гучин найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Пид олгож, морины үнэлгээний 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт 11 заасныг журамлан шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан А.Мийн эзэмшлийн Даюун загварын мотоциклийн үнэ 1,000,000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.04-ний өдрийн 2022/ШЦТ/273 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
1. Шүүгдэгч Б.Б нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...М бид 2 хамтарч 2020 оны 07 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Үерт гэх газраас хүрэн азаргатай гучаад тооны адуун дотроос хүрэн морь барьж авч, махны ченжид 800,000 төгрөгөөр зарсан... бид 2 саарал морийг хулгайлаагүй...” гэдэг. Гэтэл А.М шүүгдэгч Б.Бээс зөрүүтэй мэдүүлэг өгсөн боловч мэдүүлгийн зөрүү арилаагүй. Яагаад гэвэл шүүгдэгч Б.Б нь “Мөрдөгч Ганням анх 2021.06.17-нд хохирогчтой цуг манайд очиж, намайг гэрийн гаднаас шууд гавлаад оройн 8 цагийн үед өрөөндөө авч ирээд шөнийн 11 цаг хүртэл гавтай суулгаж байгаад мэдүүлэг авсан. Ингэхдээ утсан дээрээ хүрэн морины зураг үзүүлсэн. Би өмгөөлөгч авна гэхэд өмгөөлөгчөөр яадаг юм, ганц бааз морь авсан юм чинь М та хоёр ял авахгүй шүү дээ. Харин энэ мэдүүлгийг 8 цагт авснаар бичлээ. Битгий олон юм яриад байгаарай. Өглөө 09 цагт ир гээд гавыг тайлаад явуулсан. Өглөө ирэхэд Ш гэдэг морь авсан болгочихсон байсан. Тэгээд Ганням мөрдөгчтэй цуг манайд очсон П гэдэг хүнийг Та одоо нөгөө хүнээ аваад ир гээд гаргасан чинь удаа ч үгүй Мийг дагуулаад орж ирсэн. Мөрдөгч манай ээжийн дэргэд чи тэр морийг 800,000 төгрөгөөр зарсан байна. Мт 150,000 төгрөг өгөөд энийг салгаж хая гээд тулган шаардаад байсан” гэдэг. Гэтэл Мөрдөгч Г.Ганнямын Б.Б, М нараас 2021.05.04-ний өдөр гэрчээр авсан мэдүүлэг нь хоорондоо үг үсгийн зөрүүгүй, хуулбарлаад тавьсан юм шиг авагдсан байгаагаас харахад Б.Бийн яриад байгаа зүйл үнэн байх магадлал байна гэж харагдаж байгаа нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад Б.Бийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, тулгаж мэдүүлэг авсан, хүний эрхийг зөрчсөн байна гэж үзэж байна.
Шүүгдэгч Б.Б, гэрч М нар хамтарч 2020.07.03-04-нд шилжих шөнө хүрэн морь хулгай хийсэн талаар шалгаж тогтоогоогүй, мөн саарал морь авсан гэж тулгаж мэдүүлэг авсан, хамтарч хулгай хийсэн А.Мийг үндэслэлгүй чөлөөлсөн зэргээс гадна гэрч Мийг шүүх хуралд биечлэн оролцуулах хүсэлтийг шүүх хангаж, шүүгчийн 2022.08.29-ний өдрийн 421 тоот захирамжаар Мийг эрэн сурвалжилж, албадан ирүүлэх захирамж гарсан боловч шүүх хуралд оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн /А.М одоо цагдан хоригдож байгаа/ зэрэг нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэж байгаа тул Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.04-ний өдрийн 273 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр давж заалдах гомдолдоо: Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу давж заалдах гомдол гаргаж байна.
Учир нь: Дээрхи шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгч Бийн Бийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх шийдвэр болсон байна. Үүнд:
Нэг.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй болно” гэсэн нь учир дутагдалтай буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлүүд байгааг анхаарч үзээгүй байна.
1. Анхан шатны шүүх хуралдаан ажлын цагт эхлээгүй:
Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмыг ноцтой зөрчсөн бөгөөд мөн зүйл заалтад,
“Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилжээ.
Гэтэл анхан шатны шүүх хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон цагтаа эхлээгүй бөгөөд 18 цаг болж байхад буюу ажлын цаг дууссан байхад шүүх хуралдааныг эхлүүлсэн нь хэргийн оролцогчдын эрхэд ноцтойгоор халдсан үйлдэл болсон. Тухайн өдөр шүүх хуралдаан даргалагчийн зүгээс мөн хуулийн 34.15 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “ажлын цаг дууссан” үндэслэл үүссэн буюу шүүх хуралдааныг завсарлуулах зохицуулалт байгааг нэрлэн заах байтал 18 цагаас хойш шүүх хуралдааныг эхлүүлэн нээсэн нь дээрхи шийдвэр хууль ёсны байх шинжээ алдаж, хүчингүйд тооцогдох нөхцлийг бий болгосон байна.
2. Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг сонсоогүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн гэрчийг дуудан ирүүлж, шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэдүүлэг авна” гэж заасан байтал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцуулахаар өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн байтлаа гэрч А.Мийг мөн өдөр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байгааг үл харгалзан шүүх хуралдааныг хойшлуулалгүйгээр цааш үргэлжлүүлсэн нь мөн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон.
3. Анхан шатны шүүх “Нотлох баримтаар тооцохгүй байх” үйл баримтуудыг нотлох баримтаар үнэлж дүгнэлт гаргасан
Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллгааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн, мал хулгайлах гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан А.Мийн хувийн байдлыг нотлох баримт болох Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолуудын хуулбаруудыг гаргаж өгсөн.
Дээрх шүүхийн шийдвэрүүдийн “шүүгдэгч А.Мийн биеийн байцаалт” гэх удиртгал хэсэгт “боловсролгүй” гэж тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд “Дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 1.3 дахь хэсэгт “монгол хэл, бичиг мэдэхгүй”, 1.5 дахь хэсэгт “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” гэж тус тус тухайлан зааж өгсөн байна.
Энэхүү зохицуулалтаас үзвэл сэжигтэн А.М нь хэдий мөрдөн шалгах ажиллагааны явцад “бага боловсролтой” гэж мэдүүлсэн байх боловч шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт “боловсролгүй” гэж бичигдсэн байгааг “үнэн зөв” гэж үнэлэн А.Мийг “монгол хэл, бичиг мэдэхгүй сэжигтэн” гэж тодорхойлох нь зүйтэй.
...Иймд хавтаст хэргийн материалаас А.Мийн оролцсон 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 28-30-р тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 31-33-р тал/, 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 46-48-р тал/, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 77-78-р тал/, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн гэрчийг гэрчтэй нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 81-82-р тал/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар тооцохгүй байх ёстойг анхан шатны шүүх хэрэгсэж үзсэнгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно” гэж хуульчилсан.
Гэтэл гэрч Н.Бээс мэдүүлэг авахдаа “...Таньд үзүүлж байгаа энэ зурган дээр байгаа залуучууд таньд морь зарсан хүмүүс мөн байна уу?...” /хх 60- 61-р тал/ гэж, гэрч Ё.Эээс мэдүүлэг авахдаа “Таны харж байгаа энэ зурган дээр байгаа саарал зүсмийн хондлой дээрээ дугуй дотор үржих цагаан тамгатай саарал морь махалсан /нядалсан/ адуу мөн байна уу?... ” /хх 64-65-р тал/ гэж тус тус хориглосон асуулт буюу хөтөлж асуух асуултыг асуусан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан” гэх үндэслэлд хамаарч байх тул нотлох баримтаар тооцохгүй баримт гэж үзэх бүрэн боломжтой юм.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналын үндэслэл, дүгнэлт болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолын шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт огт дурдаагүй
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл...” зэргийг шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэпг тусгана гэж заасан.
Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдолд дурдаад буй анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг сонсоогүй, нотлох баримтаар тооцохгүй байх үйл баримтуудыг нотлох баримтуудыг үнэлж дүгнэлт гаргасан, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй зэрэг үндэслэлүүдийг тус бүрд тайлбарлаж мэтгэлцсэн боловч шүүхийн шийдвэрт түүнийг тус бүрд нь хэрхэн няцаасан талаараа шүүгч огт дурдаагүй бөгөөд өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааг илтэд үгүйсгэсэн, ойлгомжгүй шийдвэрийг гаргасан нь хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Хоёр. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтооход шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу гэм буруугүй болох, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ” гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Эрүүгийн хэрэг хняан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хуульчилсан бөгөөд Б.Бт холбогдох хэргийг тус шүүх нь хянан шийдвэрлэхдээ мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэх, 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг нотлон тогтоогоогүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс мэтгэлцсээр байтал уг санал, дүгнэлтийг хэрэгссэнгүй.
1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бийг ...Ш гэх хурдан морийг хулгайлж, 111.538.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын малыг машин механизм ашиглаж үйлдсэн талаар нотолж чадаагүй.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэх зохицуулалт байгаа.
Гэтэл анхан шатны шүүхээс хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, дүгнэхдээ “...нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, эх сурвалжийг магадлах” аргаар хавтаст хэрэгт авагдсан баримт, нотлох баримтуудыг шалгасан гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, үндэслэл муутай болжээ.
Мөн миний үйлчлүүлэгч Б.Бээс 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр мэдүүлэг авахдаа эрүү шүүлт тулгах байдлаар хүнлэг бус, хэрцгий хандаж, “...шөнийн 23 цаг хүртэл цагдаагийн өрөөнд гавтай байлгаж байгаад мэдүүлэг авсан... өмгөөлөгч авах шаардлагагүй гэсэн... хэрэг нь нотлогдсон учир маргах шаардлагагүй... А.М-т мөнгө өгөөд энэ хэргээс мултал...” гэх мэт байж боломгүй байдлаар мэдүүлэг авсан талаар одоо цагдан хорих байранд хоригдож буй миний үйлчлүүлэгч болон түүний ээж нар нь тодорхой хэлж мэдүүлж байгаа.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний уг мэдүүлэг нь мөн нотлох баримтаар тооцогдох боломжгүй юм.
Мөн Б.Бийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчүүлж, өмгөөлөгчгүйгээр ганцаараа өгсөн мэдүүлэг нь дангаараа нотлох баримтаар тооцогдохгүй байх ёстойг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлон тогтоож чадаагүй.
Өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт ММҮИ-ийн Удирдах зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар шинэчлэн баталсан “Шинжээчийн ажиллах журам”-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн, хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин Д.Отгонцагааны 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №2220718 дугаартай дүгнэлтийг эс зөвшөөрч, мөн журмын 2 дугаар хавсралт болох “Шинжээчээр ажиллах эрх бүхий үнэлгээчдийн нэрс”-ийн жагсаалтад Д.Отгонцагаан гэх хөрөнгийн үнэлгээчний нэр огт байхгүй байгааг хэлж, тус дүгнэлтийг хууль ёсны гэж үнэлж, дүгнэх боломжгүй талаар хэлсэн.
Гэтэл ямар шалтгаанаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дахин үнэлгээ хийлгүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар тодорхой ойлгуулж, тайлбарлалгүй шийдвэрлэсэн нь эргэлзээтэй буюу нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэх үндэслэлд хамаарч байна.
Тийм ч учраас өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд “Б.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлдийн 2.4 дэх хэсэгт заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан боловч хавтаст хэрэгт авагдсан бүхий л баримтаар нотлогдохгүй байгаа тул цагаатгаж өгнө үү” гэж дүгнэлт гаргасан байдаг.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 2021/ШЦТ/273 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Т овогт Бийн Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны болон үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдаж гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Б.Б, гэрч А.М нар хамтарч 2020 оны 7 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө хүрэн морь хулгай хийсэн талаар шалгаж тогтоогоогүй. Мөн саарал морь авсан гэж тулгаж мэдүүлэг авч, хамтарч хулгай хийсэн А.Мийг үндэслэлгүйгээр чөлөөлсөн зэргээс гадна гэрч А.Мийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтийг шүүх хангаж 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 421 дугаар захирамжаар А.Мийг эрэн сурвалжилж, албадан ирүүлэхээр захирамжилсан байдаг. Гэтэл шүүх хуралдаанд А.Мийг оролцуулаагүй. А.М одоогийн байдлаар цагдан хоригдож байгаа зэрэг нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул анхан шатны шүүхийн 273 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Миний үйлчлүүлэгч энэ хэргийг хийгээгүй гэж ярьж байгаа. Хэрэв энэ хэргийг хийсэн гэж шийтгэж байгаа бол тодорхой байх ёстой. ...Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байгаа тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалт байгаа учраас миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Н.Баттөмөр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэж шүүгдэгч Б.Бт хуулийн хариуцлага хүлээлгэсэн гэж ойлгож байгаа. ...Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
1/ Гэмт хэрэг гарсан болон зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 7 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Т сумын 3 дугаар багийн нутагт иргэн Н.Пийн бэлчээрт байсан адуунаас саарал зүсмийн 1 тооны “Ш” нэртэй хурдан морийг хулгайлж 111,538,000 төгрөгийн хохирол учруулж бусдын малыг машин механизм ашиглаж үйлдсэн гэх үйлдэлд Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх “шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь: Шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.П, гэрч А.М, Н.Б, Ё.Э, Д.Т, Б.О нарын мэдүүлэг, гэрч А.М, Б.Б нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, Хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин Д.Отгонцагааны 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №2220718 дугаартай “Ш” нэртэй хурдан морины өнөөгийн үнэ цэний баримжааг тогтоосон дүгнэлт, Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бээс Ш морины үнэ 111,538,000 /нэг зуун арван нэг сая таван зуун гучин найман мянга/ төгрөг, хурдан морины үнэлгээний хөлс 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг, нийт 112,838,000 /нэг зуун арван хоёр сая найман зуун гучин найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Пид олгож шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна.
2/ Өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын талаар.
а/ Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржхандийн гаргасан “...А.М шүүгдэгч Б.Бээс зөрүүтэй мэдүүлэг өгсөн боловч мэдүүлгийн зөрүү арилаагүй... Б.Б, гэрч М нар хамтарч 2020.07.03-04-нд шилжих шөнө хүрэн морь хулгай хийсэн талаар шалгаж тогтоогоогүй, мөн саарал морь авсан гэж тулгаж мэдүүлэг авсан...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь Н.Пийн саарал зүсмийн хурдан морийг хулгайлаагүй, би хүрэн морийг 2020 оны 07 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Б.Мтой хамт хулгайлсан гэж мэтгэлцэж байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийг гэрчтэй нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нь хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
б/ Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын давж заалдсан
1. “...Анхан шатны шүүх хуралдаан ажлыг цагт эхлээгүй...” гэх гомдлын тухайд:
Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д “Орон нутгийн цагаар 22 цагаас дараагийн өдрийн 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1-д “Шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэж заасан байна.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүх хуралдааныг шөнийн цагаас бусад цагт тасралтгүй явуулж болохоор байна.
Хоёрдугаар хавтаст хэргийн 23 дахь талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан эхэлсэн цагийг 17 цаг 58 минутад гэж тэмдэглэсэн байх ба ажлын цаг дууссан байхад шүүх хуралдааныг эхлүүлсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулсан байна /хоёрдугаар хавтаст хэргийн 75 тал/.
2. “...Гэрч А.Мийг шүүх хуралдаанд оролцуулаагүй...” гэх гомдлын тухайд:
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/366 дугаартай захирамжаар гэрч А.Мийг шүүх хуралдаанд оролцуулж гэрчийн мэдүүлэг авахуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж, мөн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/421 дугаартай захирамжаар гэрч А.Мийг эрэн сурвалжилж, албадан ирүүлэхээр шийдвэрлэжээ /хх-н 190, 222 тал/.
Шүүгчийн захирамжийн дагуу эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, олдоогүй байгаа талаар эрх бүхий албан тушаалтны илтгэх хуудас хэрэгт авагдсан байна /хх-н 233-234 тал/.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болох талаар мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 3-т заасан тул прокурор, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нарын саналыг харгалзан гэрч А.Мийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэрчийг оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн баримт хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд гэрч оролцуулах хүсэлтийн талаар шийтгэх тогтоолд дүгнэлт хийсэн байх тул шүүхийг буруутгах боломжгүй.
3. “...Анхан шатны шүүх нотлох баримтаар тооцохгүй байх үйл баримтуудыг нотлох баримтаар үнэлж дүгнэлт гаргасан...” гэх гомдлын тухайд:
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэрч А.Мийн хувийн байдлын нотлуулахаар “Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол” гэх хуулбаруудыг shuukh.mn сайтаас татаж нотлох баримтаар үнэлүүлэхээр гаргаж өгсөн байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1-д “Шүүхийн шийдвэрийн цахим сан /цаашид “цахим сан” гэх/ шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах, шүүхийн шийдвэрийг судалгаа, шинжилгээний эргэлтэд оруулж шүүхийн практикийг хөгжүүлэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад мэдээлэл солилцох, иргэд шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд шүүхийн практикийг таниулах, мэдээлэх зориулалттай байна” гэж, мөн журмын 5.2 дугаар зүйлийн 5.2.1-т “шүүхийн шийдвэрт дурдсан хүн, хуулийн этгээдийн нэр, регистрийн болон улсын бүртгэлийн дугаар, оршин суугаа болон үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаяг, эд хөрөнгийн бүртгэлийн дугаар зэрэг мэдээллийг тодорхойлох боломжгүй болгон нууцлах”, 5.2.2-т “шүүхийн шийдвэрт дурдсан хүн, хуулийн этгээдийг тодорхойлох боломжтой бусад мэдээллийг нууцлах” гэж заасан тул шүүхийн шийдвэрийн цахим сангаас хуулбарлан ирүүлсэн шийтгэх тогтоолуудын хуулбарыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл гэрч А.Мийн боловсролын талаар тодруулсан гэх шүүхийн шийдвэрийн цахим сангаас хуулбарлан ирүүлсэн шийтгэх тогтоолуудын хуулбар нь боловсролын байдлыг албан ёсоор тодорхойлсон баримт гэж үзэх үндэслэлгүй, бага болон боловсролгүй гэх нь монгол хэл бичиг үсэг мэдэхгүй гэх үндэслэл болохгүй юм.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасантай нийцэж байна.
4. “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналын үндэслэл, дүгнэлт болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолын шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт огт дурдаагүй... гэрч Н.Бэс хориглосон асуулт буюу хөтөлж асуулт асуусан ...бусдын малыг машин механизм ашиглаж үйлдсэн талаар нотолж чадаагүй...” гэх гомдлын тухайд:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан, хуульд заасан эрхийг хангаагүй гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хүсэлт бүрийг тухай бүр шүүгчийн захирамжаар үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолын шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдохгүй,
Эрүүгийн хэрэг хянан шийдврэлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13-т заасан “мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно” хуулийн заалтыг зөрчиж мэдүүлэг авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Мөн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч нарын мэдүүлэгээр нотлогдон тогтоогдож байх тул машин механизм ашиглаж үйлдсэн байна гэж дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй болжээ.
“Машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх малын бэлчээрт зорьж очих, малыг хөөж туух зэрэгт хэрэглэснийг хамааруулан үздэг ба энэ нь хууль хэрэглээний жишигт тогтсон бөгөөд хэргийн нийгмийн аюулын түвшин, хэр хэмжээг ямагт ихэсгэж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн тогтооход гол нөлөө үзүүлдэг ойлголт юм.
5. “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлон тогтоож чадаагүй...” гэх гомдлын тухайд:
Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Манлайбаярын хулгайд алдагдсан гэх хурдан морний үнэлгээг дахин хийлгэж дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүх хангасан ба дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан.
Тухайн Шинжээчийн дүгнэлтийг гаргах эрхий бүхий субъект нь үнэлгээ тогтоож дүгнэлт гаргах эрхтэй болох нь хэрэгт авагдсан Оюуны өмчийн газраас олгосон зохиогчийн эрхийн №13348 дугаартай гэрчилгээ, Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн 14060041 дугаар бүхий гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хугацааны сунгалт зэрэг баримт тогтоогдож байна /хх-н 209, 210 тал/.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд, Б.Манлайбаяр нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/273 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Д.АЗЖАРГАЛ
Л.ЭРДЭНЭБАТ