Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0276

 

2024 03 27 128/ШШ2024/0276

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.О /РД:/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Х.У /өмгөөллийн нэгдсэн бүртгэлийн дугаар /,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч А.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ө.М,

Тус шүүх хуралдаанаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хоорондын төрийн албаны хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.О, түүний өмгөөлөгч Х., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М, А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/306 дугаар тушаалаар С аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Э.О нь Төрийн албаны тухай хууль, Улсын бүртгэлийн хууль, тогтоомж, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэл хөтлөх журмыг зөрчин буруу бүртгэл хөтөлсөн нь хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3430 тоот дүгнэлт, өөрийн гаргасан тайлбараар тогтоогдсон тул түүнийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халжээ.

2. Иргэн Э.О-с уг тушаалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Гомдлын хариу хүргүүлэх тухай дугаар албан бичгээр Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны дугаар тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 8.2 дахь хэсэгт Төрийн албаны тухай хуулийн ... 48.1.3, 48.1.4-т заасан шийтгэл оногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд тус тус гомдол гаргана гэж заасны дагуу тухайн асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй гэжээ.

3. Нэхэмжлэгч Э.О Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/306 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: Э******* овогтой О миний бие 2007 онд Монгол Улсын их сургуулийг хэрэглээний статистикч мэргэжлээр бакалавр, 2011 онд Улаанбаатар Эрдэм Оюу дээд сургуулийг бизнесийн удирдлагын нягтлан бодогч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалж тус тус төгссөн. 2021 оноос О их сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаж байна. 2007 онд их сургуулиа төгсөөд Д аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэст ажилд орсон ба 2007-2013 онд мэргэжилтэн, 2013-2019 онд ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад нөхрийн хамт С аймагт шилжин ирсэн. 2019 оны 06 дугаар сараас эхлэн С аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр томилогдон чөлөөлөгдөх хүртэл хугацаанд ажилласан. Улсын бүртгэгчээр ажиллаж байх хугацаандаа /2019, 2020, 2021 он/ жил бүр төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлэх үнэлгээгээр А буюу Маш сайн гэсэн үнэлгээтэйгээр дүгнэгдэж, цалингийн урамшууллаар шагнагдаж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хүндэт жуух бичиг"-ээр шагнагдаж эрхэлсэн ажилдаа идэвх чармайлт гарган амжилттай ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, сахилгын болон захиргааны шийтгэл хүлээж байгаагүй.

Харин 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр иргэн Ц.Э иргэн Ж.Г гэрлэсэн талаарх бүртгэлийг иргэний бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулж өгөхийг хүссэн өргөдлийг хүлээн авч гэрлэлтийн гэрчилгээний эх хувийг үндэслэн, С аймгийн Б сумын 1980 оны архивд хадгалагдаж буй гэрлэлтийн бүртгэлийн дэвтэрт үзсэн боловч бүртгэл байгаагүй, мөн цахим архивд шалгахад 1988 онд регистрийн дугаар авахад хөтөлсөн ХААТР- 1(а) маягтын бичилтэд тус бүрийнх нь ард эхнэр, нөхөр гэсэн мэдээлэл байсан, эдгээр архивын материалыг нэгтгэн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Иргэний бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчид танилцуулан өгсөн. Иргэн Ц.Э нь өргөдлийн хариугаа авахаар удаа дараа шаардсан тул Иргэний бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчтэй зөвлөлдөн гэрлэлтийн нөхөн бүртгэлийн ХААТР-15 маягтыг бичихдээ С аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний болон цахим архивд байгаа ХААТР-1(а) маягт, иргэн Ц.Э өөрт нь байсан гэрлэлтийн гэрчилгээний эх хувийг үндэслэл болгон хөтөлж хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 140 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн. Энэхүү анхан шатны баримт бүрдүүлэлт, ХААТР-15 маягтын бүртгэлийг хувийн ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс хийгээгүй. Миний бие гэрлэлтийн нөхөн бүртгэлийг мэдээллийн нэгдсэн санд оруулах эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд тусгай эрх бүхий албан тушаалтан мэдээллийн санд оруулж, баталгаажуулдаг.

Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч нь энэхүү зөрчлийг шалгаад 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3430 тоот дүгнэлтээр нэр бүхий албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулах саналыг гаргасан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/306 тоот тушаалаар надад ажлаас халах шийтгэл ногдуулсан. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан. 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр цахимаар сонсох ажиллагаа хийхдээ гэрлэлтийн бүртгэлийг цахим санд оруулсан болон анхан шатны баримт бүрдүүлсэн холбогдох албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авах саналыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлж байгаа талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт танилцуулсан, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3430 тоот дүгнэлт гэдгийг мэдэгдээгүй. Төрийн албан тухай хуульд заасан сахилгын шийтгэлүүдээс төрийн албанаас халах шийтгэл ногдуулж байгаа талаар танилцуулж, сонсох ажиллагаа хийгээгүй.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/306 тоот тушаалаар ногдуулсан шийтгэлтэй миний бие дараах шалтгаанаар санал нийлэхгүй байна. Миний бие гэрлэлтийн нөхөн бүртгэлийг мэдээллийн нэгдсэн санд оруулах эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд цахим мэдээллийн санд гэрлэлтийн бүртгэлийг нөхөн оруулахад шаардагдах материалыг ажлын чиг үүргийн дагуу хангаж ажилласан. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасны дагуу Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн ажиллаж ирсэн. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д заасны дагуу албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ хэрэгжүүлэн ажилласан. Миний бие нь Монгол Улсын сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 3.4.1, 6.1 дэх хэсгүүдэд заасанчлан дээрх бүртгэлийг санаатай буруу гаргаагүй бөгөөд урьд нь алдаа дутагдал гаргаж шийтгэл хүлээж байгаагүй болно.

Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 07, 04 дүгээр сарын 08-ны өдрүүдэд тайлбар хүргүүлэхдээ С аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний болон цахим архивд байгаа ХААТР-1(а) маягт, иргэн Ц.Э гар дээр буй гэрлэлтийн гэрчилгээний эх хувийг үндэслэл болгон ХААТР-15 маягтыг хөтөлж хүргүүлсэн талаар л мэдэгдсэнээс бус гэрлэлтийн нөхөн бүртгэлийг мэдээллийн санд оруулсан гэж тайлбар өгөөгүй.

Ийм учраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/306 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч Э.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр иргэн Ц.Э Ж.Г гэр бүл болсон талаар гэрэлтийнхээ бичиг баримтыг иргэний бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулахаар өргөдөл, гэрлэлтийн гэрчилгээний эх хувь, нотариатаар батлуулсан баримт, 2 төрлийн иргэний бүртгэлийн цахим лавлагаа, хүн ам, орон сууцны тооллогод нэг гэр бүл байсан гэсэн баримт, холбогдох бусад баримтуудыг намайг ажлын байран дээрээ байхад авч ирсэн. Холбогдох баримт, материалуудтай танилцахдаа би эхлээд иргэний бүртгэлийн цахим мэдээллийн сангаас шалгасан. Ж.Г, Ц.Э нарын бүртгэлийг харахад хоёр бүртгэл хоёулаа хүчинтэй төлөвтэй гэрлэлтийн ямар ч гэрлэлтийн байгаагүй. Тийм учраас гэрлэлтийн гэрчилгээг үндэслээд дараагийн алхам болох хэлтсийн цаасан архиваас журналаас гэрлэлтийн бүртгэл байгаа эсэхийг нягтлан шалгахад цаасан архив дээр 49 дугаартай гэрчилгээний дагуу гэрлэлтийн бүртгэл байгаагүй. Энэ талаар тухайн иргэнд тайлбарлаад таны өргөдлийг хүлээн аваад ахлах бүртгэгчдээ танилцуулъя гэж хэлээд тухайн иргэнийг явуулсан. Дараа нь иргэний бүртгэлийн тасгийн дарга буюу одоогоор С аймаг дахь иргэний бүртгэлийн тасгийн ахлах бүртгэгч н.С тухайн иргэний өргөдлийг танилцуулсан. Хоёр төрлийн лавлагаа байсны нэг нь Ж.Б гэдэг улсын бүртгэгчийн гаргасан гэрлэлтийн лавлагаа байсан. Лавлагааг цахим архиваас шалгаж үзэхэд тухайн лавлагааны мэдээллийг олж чадаагүй. Тийм учраас би дутуу шалгасан эсэхийг нягтлах зорилгоор ахлах бүртгэгчдээ хоёр лавлагаа, холбогдох өргөдөл баримтуудаа танилцуулсан. Гэрлэлтийн лавлагааг гаргасан Ж.Б бүртгэгчийн утасны дугаарыг утасны жагсаалтаас олж бүртгэлийн талаар тодруулахаар өргөдлийн маягтыг надад үлдээчих, би хяналтын байцаагчид шилжүүлье гээд аваад үлдсэн. Би хяналтын байцаагчид шилжүүлчихсэн, тэгэхэд нөгөө иргэн 5 хоног тутам миний өргөдлийг шийдвэрлэсэн үү гэж удаа дараа асууж, шаардлага тавьсан. Миний зүгээс 15-ны өдөр хяналтын байцаагчаас гомдол шийдвэрлэгдсэн эсэхийг, хэрхэн шийдвэрлэгдсэн болохыг асуухаар ороход хяналтын байцаагч Ц.А 2019 дугаар дүгнэлт гаргасан. Би хяналтын байцаагч уруугаа өөрийнхөө чиглэлээр явуулчихна чи ХААТР маягтаа бичээд бичиг хэрэг дээр өгчих, н.С даргаар албан бичиг гаргуулаарай гэсэн чиглэл өгсөн. Түүний өмнө гэрлэлтийн гэрчилгээг үндэслээд цахим архивд ХААТР маягт нь байгаа эсэхийг шалгахад Ж.Г ХААТР 1, ХААТР 7, ХААТР 21, 31 маягтуудын ар талд 1980 оны цахим архивд байгаа маягтууд дээр нь нөхөр гэж Ц.Э дээр нөхөр Ж.Г гэсэн өрхийн гэр бүлийн гишүүдийн мэдээлэл байсан. Мөн Ц.Э баримтыг шалгахад бас нөхөр гэсэн хэсэгт мэдээллүүд нь давхар байсан. Ж.Г овоглосон хүүхдүүдийн мэдээллүүд байсан. 2010 оны тооллогын, 1980 оны хүн ам, орон сууцын тооллогоор нэг өрхөд бүгдээрээ тоологдсон мэдээллүүд байсан. Эдгээр мэдээллүүдийг үндэслээд ХААТР маягт, хяналтын байцаагчийн дүгнэлт, цахим архив, архиваас нотлох ХААТР маягтуудын ар тал дээр гэр бүлийн гишүүд гэсэн мэдээлэл байсан учраас ахлах бүртгэгчдээ хянуулсан. Тэгээд ахлах бүртгэгч дүгнэлттэй ХААТР маягтууд, бусад маягтуудыг бэлдээд зуруулаад бичиг хэрэг дээр өг гэсний дагуу өгсөн. ХААТР маягт бичих явцдаа би гэрлэлтийн гэрчилгээ 49 дугаартай байсныг ХААТР маягтаа бичихдээ 46 дугаартайгаар бичиж алдаа гаргасан. Тиймээс улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэгч Н******* рүү ярьж хүчингүй төлөвтэй болгосон. Миний бичсэн ХААТР маягт хүчингүй төлөвтэй болсон би дахиж 49 дугаартай ХААТР маягт засаж бичээгүй, би тэр ХААТР маягтыг сүлжээнд оруулаагүй, ерөнхий газар луу уламжилж 03 дугаар сарын 16-ны өдрийн 140 тоот албан бичгээр, С аймгийн улсын бүртгэлийн хэлтэс рүү бичиг хэргээр болон цахимаар явуулсан. Энэ нь хэнд ч ямар ч хүнд давуу байдал олгоогүй. Миний бие нөхөн бүртгэлийг мэдээллийн санд оруулах эрх бүхий албан тушаалтан биш, эрх бүхий албан тушаалтан нь мэдээллийн сан, маягтыг Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр нягтлан шалгаж мэдээллийн санд оруулдаг.

Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын ахлах улсын байцаагч гэрлэлттэй холбоотой зөрчлийг ерөнхийд нь нягтлан шалгаад 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3430 тоот дүгнэлтээр нэр бүхий албан хаагчдад сахилгын шийтгэлийг ногдуулах саналыг хүргүүлээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/306 тоот тушаалаар надад сахилгын шийтгэл ногдуулсугай гэсэн. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан төрийн албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг нь ногдуулна гэж заасан байдаг. Гэтэл 2002 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн цахим сонсох ажиллагаа хийхдээ гэрлэлтийн бүртгэлийг цахим санд оруулсан болон анхан шатны баримт бүрдүүлсэн, холбогдох албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авах саналыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хүний нөөцөд хүргүүлж байгаа талаар мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг л танилцуулсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3430 тоот дүгнэлтийг хяналтын байцаагчийн дүгнэлтийг надад танилцуулаагүй. Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлээс төрийн албанаас халах шийтгэл ногдуулж байгаа талаар танилцуулж, сонсох ажиллагаа явуулаагүй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/306 тоот тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлээр миний бие нь дараах шалтгаанаар санал нийлэхгүй байна.

Гэрлэлтийн нөхөн бүртгэлийг мэдээллийн санд оруулах эрх бүхий албан тушаалтан би биш бөгөөд цахим мэдээллийн санд гэрлэлтийн бүртгэлийг нөхөн оруулах шаардагдах материалыг чиг үүргийнхээ дагуу хангаж ажилласан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар 37.1.1-д заасны дагуу буюу Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн ажилласан. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д заасны дагуу албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ хэрэгжүүлэн ажилласан. Миний бие Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны дугаар хамтарсан тушаалаар баталсан төрийн жинхэнэ албан хаагчийн сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гаргах гомдол журмын 3.4.1, 6.1 дэх хэсгүүдэд заасанчлан дээрх бүртгэлийг санаатай, буруу гаргаагүй бөгөөд урьдчилан алдаа дутагдал гаргаж урьд нь алдаа дутагдал гаргаж шийтгэл хүлээж байгаагүй. Миний бие нь 2022 оны 04 дүгээр сарын 7, 04 дүгээр сарын 08-ны өдрүүдэд тайлбар хүргүүлэхдээ С аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хэлтсийн иргэний болон цахим архивд байгаа ХААТР нэгийн маягт иргэн Эы гар дээр буй гэрлэлтийн гэрчилгээ нь эх хувийг үндэслэсэн байгаа. Мөн ХААТР 15 маягтыг хөтөлж хүргүүлсэн талаар мэдэгдсэнээс бусад гэрлэлтийг нөхөн бүртгэлийн мэдээллийн санд оруулсан талаар тайлбар өгөөгүй. Би өмнө нь улсын бүртгэлд ажиллаж байх хугацаандаа сахилгын шийтгэл бол гаргаж байгаагүй. 2019, 2020, 2021 онуудад дандаа А үнэлэгдэж байсан.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/306 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2019 дугаар улсын байцаагчийн дүгнэлт гарсан байна. Уг дүгнэлтийг үндэслээд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д заасан үндэслэлээр бүртгэлийн мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулах зохицуулалтын дагуу ХААТР 15 маягтыг бичсэн Э.О хувьд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй. Хариуцагчийн зүгээс дүгнэлтийг 03 сарын 15-ны өдөр гарсан гараагүй гэх асуудал ярьдаг, 03 сарын 15-ны өдөр гараагүй юм бол яагаад 03 сарын 15 гэсэн огноотой байна вэ. Улсын байцаагч энэ ХААТР маягтыг бөглөдөггүй гэж ярьж байна. Энэ асуудал яагаад даамжраад эрүүгийн хэрэг, Авлигатай тэмцэх газарт хэрэг үүсээд, түүнээс шалтгаалан хүмүүс ажлаас халагдах нөхцөл байдал үүссэн бэ гэхээр Ц.Э, Ж.Г, н.Б нар эд хөрөнгө булаацалдсанаас эхлэлтэй. Э.О хувьд жирийн нэг төрийн албан хаагч өөрөө үндсэн статистикч мэргэжилтэй. Сүүлд Д аймагт ажиллаж байгаад С аймагт гэр бүлийнхээ хүнийг дагаж очоод өөрийнх нь мэргэжлийн ажил олдоогүй учраас улсын бүртгэлийн ажилд ороод шударгаар ажилласан гэдгээ тайлбарладаг.Тухайн ажиллаж байх хугацаандаа дандаа гүйцэтгэлийн үнэлгээгээр А үнэлэгдэж байсан талаараа ч дурддаг. Нэхэмжлэгч өөрөө 49 дугаартай маягтыг би 46 дугаартай гэж андууран бичсэн гэдгээ хэлсэн. Харин 46 дугаартай маягтыг өөрөө 49 болгоогүй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим мэдээллийн санд тэр үед С аймаг болон орон нутгаас нэг ч мэдээлэл тухайн үед ордоггүй байсан. Бүх юм төвөөрөө дамжиж төвөөс бүх систем рүү мэдээлэл ордог байсан. 03 дугаар сарын 15-нд ХААТР 15 маягтыг бичээд 03 дугаар сарын 16-нд Иргэний бүртгэлийн тасгийн дарга буюу С аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Сын албан бичгийн хамт бичиг баримт эх хувиараа явсан. Ажлаас халах үндэслэл нь 46 дугаартай маягтыг 49 дугаартай маягт болгосныг үндэслээгүй. Нэхэмжлэгчийн хувьд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасны дагуу улсын байцаагчийн актыг үндэслээд бүртгэл хийсэн байхад ажлаас халсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна.

2019 гэдэг улсын байцаагчийн дүгнэлтийг үнэхээр гаргачихсан байсан бол яагаад ийм ялгамжтай хандаж байна вэ. Бусад хүмүүст цалинг нь бууруулах арга хэмжээ авагдсан учраас нэхэмжлэгч мөн адил шийтгэл хүлээнэ гэж ойлгоод зөрчлөө хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн. Харин хариуцагчаас тухайн үед сонсох ажиллагаагаар зөрчлөө хүлээн зөвшөөрчихсөн юм чинь өнөөдөр яагаад шүүхэд нэхэмжлэл гаргаж байна вэ гэдэг. Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалуулж авахгүй байлаа ч гэсэн яагаад сануулах арга хэмжээ, цалин бууруулах, халах гэж байхад зөрчилтэй нь холбоотойгоор сонгох санкцуудаас та нар сонго гэж хууль тогтоогчоос баталсан. Үнэхээр улсын байцаагч дүгнэлтээ буруу гаргасан бол тэр улсын байцаагч яагаад ажлаа хийгээд байгаа юм бэ. ХААТР-15 маягтыг бичсэнээрээ Э.О хувьд буруутай үйлдэл байхгүй. Ц.Э нэхэмжлэлтэй хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ гаргасан. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд оролцох, оролцуулахгүй асуудлаа шийдвэрлээд явсан. Ажлаас халах үндэслэлд дурддаг учраас энэ асуудлыг ярьж байгаа. Ж.Г, Ц.Э гэдэг хоёр хүн өнөөдөр гэрлэлтийн бүртгэлтэй байсан. Монгол Улсын бичиг баримтын алдаа дутагдалтай нөхцөл байдлаас болоод өнөөдөр олон төрийн албан хаагчид, зарим нь гэмт хэрэгтэн, зарим нь ажил хөдөлмөр эрхлэх эрхээ хязгаарлуулаад явж байна. Энэ бүртгэл тухайн үед үнэхээр зөв шударгаар хийгдчихсэн байсан бол энэ асуудал ингэж сөхөгдөхгүй байсан. Бүртгэлийн систем нь өөрөө маш их алдаатай. Э.О нь ХААТР-15 маягтыг маш тодорхой тайлбарласан. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын паспорт дээр, эхнэр Ц.Э улаан паспортын ар тал дээр нөхөр Ж.Г, охин н.Б, н.А 3 хүүхдийн дээр бүртгэлтэй байгаа.

Тийм учраас захиргааны хэргийн анхан шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, Б.Б нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улсын бүртгэлийн ерөнхий газарт Т.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн Т.Б АНУ-д 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр авсан 045/001073 тоот Ж.Г  гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагааг үндэслэн нөхөр Ж.Ггэрлэлтээ 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр батлуулсан. Ж.Г нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өвчний улмаас нас барсан. Ж.Г гэрлэж байгаагүй талаарх танай газрын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 0045/001073 тоот лавлагаа, Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10/439 дугаар гэрлэлт бүртгэгдээгүй тодорхойлолтоор танай байгууллагын мэдээллийн санд Ж.Г, Ц.Э нарын гэрлэсний бүртгэл бүртгэгдээгүй байхад би 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ж.Г гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа авахад тэдний гэрлэлтийг мэдээллийн санд бүртгэн оруулсан мэдээллийг надад зөрчин оруулсан байна энэ үйлдлийн улмаас Т.Б өмчлөх эрх зөрчигдөж байна. Иймд Ж.Г Ц.Э нарын гэрлэлтийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулсан бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэх өргөдөл, Т.Бээс 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ...талийгаач нөхөр Ж.Г нас барсны хойно буюу 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ц.Э гэрлэсэн бүртгэлийн бусадтай үгсэн хуйвалдаж, хууль бусаар нөхөн бүртгэл хийлгэсэн, өөрөөр хэлбэл нөхөн бүртгэсэн бүртгэгч болон хэд хэдэн бүртгэгч нар ашиг сонирхлын үүднээс өөр олон төлөвлөгөө гаргасан, хууль бус үйлдэл гэж үзэж байгаа тул энэ үндэслэлийг шалгуулах, нөхөн бүртгэл хууль бус болохыг тогтоож, дээрх холбогдох улсын бүртгэгч, хяналтын байцаагч нар эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж бүртгэл хийсэн, авлига, хээл хахууль авсан байж болзошгүй байх тул шалгаж, зохих хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү гэх өргөдөл ирүүлсэн. Иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох бүртгэл, архивын эх нотлох баримт бичиг, бусад нотлох баримтуудыг шалгахад Э.О нь Ц.Э 2022 оны 03 дугаар сарын 01-нд С аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл, уг иргэний үнэмлэхийн хуулбар, 49 тоот гэрлэсний гэрчилгээний хуулбарыг үндэслэн Ж.Г, Ц.Э нарын гэрлэсний бүртгэлийн 0049 дугаартай ХААТР15 маягт нөхөн бичиж С аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 140 дүгээр албан бичгээр Иргэний улсын бүртгэлийн газарт тухайн өдрөө ирүүлсний дагуу эдгээр иргэдийн гэрлэсний бүртгэлийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр цахим мэдээллийн санд оруулсан байдаг. Уг бүртгэлтэй холбогдуулан Э.О 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн тайлбарт ...иргэний гаргасан өргөдөл нотлох баримттай танилцан иргэний бүртгэлийн мэдээллийн сан, цахим архив, гэрлэлтийн журамд нөхөр  Г, эхнэр Э нарын мэдээллийг шалган үзэхэд гэрлэлтийн бүртгэл хүлээлгэн өгч 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 209 дугаартай хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн нөхөн бүртгэлийг хийж Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн. Ж овогтой Г /РД:-ийг, Ц овогтой Э /РД:/-тай нөхөн бүртгэлээр гэрлэлтийн бүртгэлийг хийхэд асуудалгүй гэж үзэн нөхөн бүртгэл хийсэн гэх тайлбарыг ирүүлсэн бол 04 дүгээр сарын 08-ны өдрийн тайлбартаа ... Ж.Г, Ц.Э нарын өгсөн өргөдлийг хяналтын улсын байцаагч эмнэлэгт хэвтсэн тул шийдвэрлээгүй байхад, ... мэдээллийн сангаас үзэхэд ямар нэгэн зөрчил харагдаагүй тул эхний ээлжид гэрлэлтийн гэрчилгээг үндэслэн нөхөн бүртгэлийн хийж, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мэйлээр Иргэний улсын бүртгэлийн газарт хүргүүлж, дүгнэлтийг нөхөн гаргуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн гэх тайлбаруудыг тус тус ирүүлсэн байдаг.

Мөн Э.О тайлбараар Ж.Г Ц.Э нарын гэрлэсний бүртгэл мэдээллийн сан, цахим архив, гэрлэлтийн журналд бүртгэлгүй байсан түүнчлэн Улсын бүртгэлийн нэгдсэн архивын газрын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10/2139 дугаартай МУ-ын иргэн Ж.Г /*******/, Ц.Э /*******/ нарын гэрлэсний бүртгэлийг С аймгийн Б хотын 1980,1981 оны гэрлэлт бүртгэлийн баримтад шалгахад гэрлэсний бүртгэл гаргаагүй болно гэсэн тодорхойлолт, 2021 оны 08 дугаар сарын 27-ны 045/001073 дугаарын гэрлэлт бүртгэлгүй лавлагаагаар тогтоогдсон. С аймгийн Б сумын 1980 оны гэрлэсний гэх 49 дугаарт Г.Г /1955/, Б.Ү /1957 нарын 1980 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 49 дугаартай гэрлэлт бүртгэлтэй байсан бөгөөд гэрлэсэн гэх 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болон 1980 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 209 дугаартай гэрлэлтийн бүртгэлээс 1980 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаартай гэрлэсний бүртгэл хүртэлх хугацаанд гэрлэсний бүртгэл бүртгэгдээгүй байсан. Э.О нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 0049 дугаартай гэрлэсний бүртгэлийн ХААТР-15 маягтыг нөхөн бичиж ирүүлснээс үүдэн Ж.Г, Ц.Э нар 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн гэрлэсний бүртгэлийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр цахим мэдээллийн санд оруулсан байдаг. Улсын бүртгэгчээр ажиллаж байсан Э.О нь Ж.Г, Ц.Э нарын гэрлэсний бүртгэлийг нөхөн бүртгэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх, 4.1.5. нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх, 9 дүгээр зүйлийн 9.4. Энэ хуулийн 6,7,8 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно., 19.4.1. улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох., 19.4.2. энэ хуулийн 6,7,8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах., 19.4.3. энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд иргэний холбогдох мэдээлэл, эх нотлох баримт бичиг байхгүй бол тухайн иргэнтэй холбогдох бусад баримт бичгийг үндэслэн хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийн дагуу улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийг хөтөлж болно гэж заасныг зөрчсөн болох нь хяналт шалгалтаар тогтоогдсон.

Иймд хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны 3430 дугаар дүгнэлтийн Дүгнэх хэсгийн 1 дэх заалтаар З овгийн Ж.Г //, Ө овгийн Ц.Э // нарын гэрлэсний бүртгэлийн 49 дугаартай 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгох, 3 дахь заалтаар Э.О нарын улсын бүртгэгч, хяналтын улсын байцаагч нарт сахилгын шийтгэл оногдуулах санал оруулсан. Уг саналтай холбогдуулан Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэр гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу С аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ц.А  улсын бүртгэгч Э.О, Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Д.О, М.Н, Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн төрийн үйлчилгээний Дүнжингарав нэгдсэн төвийн улсын бүртгэгч Ж.Б нараас тайлбар, санал, нотлох баримт гаргах боломжоор хангаж Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хийсэн сонсох ажиллагаагаар сахилгын шийтгэл ногдуулахыг мэдэгдсэн бөгөөд Э.О нь буруугаа хүлээж, сахилгын шийтгэл ногдуулахыг зөвшөөрч байгаа болохоо илэрхийлж байсан. Э.О нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, үүргээ зөрчсөн гэж үзэн мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1.-д зааснаар төрийн албанаас халахаар шийдвэрлэсэн нь 48.3. энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй гэж заасантай нийцсэн гэж үзэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны Төрийн албанаас халах тухай Б/306 дугаар тушаалаар Э.О төрийн албанаас халсан. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3. Агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 8.3.5. хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаал бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах, 8.4. Агентлагийн дарга нь энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, мөн зүйлийн 17.1.17. улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийг шагнаж, урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах, гэж заасан эрхийн хүрээнд шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ц.Э-с өргөдөл хүлээж аваад гэрлэлтийн нөхөн бүртгэлийг бүртгэсэн гэж нэхэмжлэгч тайлбарласан. Энэ тохиолдолд бүртгэгч иргэнээс өргөдөл хүлээж аваад нөхөн бүртгэлийг бүртгэхдээ холбогдох мэдээллийн санд байгаа нотлох баримтыг үндэслээд, хяналтын байцаагчийн дүгнэлттэйгээр нөхөн бүртгэлийг оруулах ёстой. Тэгэхэд бүртгэгч маань нэгдүгээрт хяналтын байцаагчийн дүгнэлт гараагүй байхад хариу тайлбартаа хяналтын байцаагч эмнэлэгт хэвтэж байсан учраас дүгнэлт гаргаагүй, эхлээд намайг нөхөн бүртгэл хийгээд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлчих гэж хэлсэн гэж тайлбарласан иргэнээс авсан өргөдөл, нотлох баримтыг үндэслээд шууд нөхөн бүртгэл хийх эрх бүртгэгчид байхгүй. Заавал эх нотлох баримт нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3. улсын бүртгэгч нь холбогдох мэдээлэл, эх нотлох баримт бичиг байхгүй бол тухайн иргэнтэй холбогдох бусад нотлох баримтыг үндэслээд хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийн дагуу улсын бүртгэлийг хөтөлнө гэж заасан. Хяналтын байцаагчийн дүгнэлтийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргасан гэдэг боловч 15-ны өдөр гэж огноог зассан дүгнэлтийг эхний ээлжид Улсын бүртгэлийн ерөнхий газар буюу Иргэний улсын бүртгэлийн газарт ирүүлсэн. Тэр үед дүгнэлт албажиж гаргаагүй, дарга иргэний бүртгэлээс дүгнэлт гаргаж өг гэсний дагуу 03 дугаар сарын 25-ны өдөр нөхөн бүртгэл хийснээс хойш хяналтын байцаагч дүгнэлтээ гаргаснаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

Мөн Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч байсан Э.О нь ХААТР 15 маягт буюу хүчингүй болсон маягтыг хөтөлсөн, хүчингүй болчихсон маягтыг хөтлөхгүй. Хэрвээ иргэний гар дээр байгаа энэ гэрлэлтийн бүртгэл үнэн зөв нь тогтоогдох юм бол хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр албан бичгийг үндэслэж иргэний улсын бүртгэлийн газар шууд оруулах ёстой. Энэ маягтыг хүчингүй болгож түүнийг 2018 оны А/41 дүгээр тушаалаар хавсралтаар баталсан одоо хүчин төгөлдөр байгаа. Нэгдүгээрт, хүчингүй болсон маягтыг үйлдэж, явуулсан байдаг. Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн өөрийнх нь хэлснээр би алдаатай бүртгэсэн бүртгэгч бүртгэлийн үнэн зөвийг өөрөө хариуцаж бүртгэл хөтлөх үүрэгтэй. Тэгэхэд бүртгэлээ буруу хөтөлчхөөд Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Н рүү яриад хүчингүй төлөвт оруулсан гэж тайлбарлаж байна Н хүчингүй болгох эрх байхгүй. Бүртгэл алдаатай бүртгэсэн бол хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр засвар орох ёстой. Тэгэхээр энэ 2 бүртгэгч хоёулаа зөрчил гаргасан нь харагдаж байна. Нэхэмжлэгч Э.О би бүх материалыг нь шалгасан, шалгахад ийм байсан гэж хэлж байгаагаас харахад нөхцөл байдлаа тогтоосон байна. Тэгвэл улсын бүртгэгч үүнийг өөрөө харсан хэр нь татгалзаад, гарсан асуудлыг хяналтын улсын байцаагчид танилцуулах ёстой байсан. Үүнийгээ анхаарч ажиллаагүй, зөвхөн иргэн яаруулаад байсан учраас бүртгэлээ зөвхөн иргэний гар дээр байгаа нотлох баримтыг үндэслээд бүртгэл хийсэн гэж үзэж үүнтэй холбоотойгоор сонсох ажиллагаа явуулсан. Сахилгын шийтгэл ногдуулах тухай сонсох ажиллагааг Хяналт шалгалтын газар болон Тамгын газрын мэргэжилтэн нар оролцоод Төрийн албаны тухай хуулиар сахилгын шийтгэл ногдуулах гэж байна гэхэд би буруугаа хүлээн зөвшөөрч байна, сахилгын шийтгэл ногдуулахад надад татгалзах зүйл байхгүй гэсэн сонсох ажиллагааны тэмдэглэл хавтаст хэргийн 87 дугаар талд авагдсан. Тэгээд буруугаа хүлээн зөвшөөрсөн хэр одоо яагаад маргаад байгааг бол ойлгохгүй байна. Дээрээс нь нөгөө Ц.Э гэрлэлттэй холбоотой асуудал шүүх дээр явж байсан. Тэгээд тус хэрэг хэрэгсэхгүй болсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч Э.О мэдээллийн сангаас үзэхэд ямар нэгэн зөрчил харагдаагүй тул эхний ээлжид гэрлэлтийн гэрчилгээг үндэслэн нөхөн бүртгэлийг хийж 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Иргэний улсын бүртгэлийн газарт хүргүүлж дүгнэлтийг нөхөн гаргуулж Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн. 2019 дугаар дүгнэлт гараагүй байсан гэдэг нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбар дээр тодорхой байна. Ж.Г, Ц.Э нарын өгсөн өргөдлийг хяналтын улсын байцаагч эмнэлэгт хэвтсэн тул шийдвэрлээгүй байхад мэдээллийн сангаас үзэхэд ямар нэгэн зөрчил харагдаагүй тул эхний ээлжид гэрлэлтийн гэрчилгээг өгсөн. Нөхөн бүртгэлийг хийсэн гэж хэлсэн. Энэ нөхцөл байдлаас харахад нэхэмжлэгч Э.О ямар нэгэн нотлох баримтгүйгээр ХААТР-15 буюу гэрлэлтийн нөхөн бүртгэлийг бичсэн. Хүчингүй болсон маягтыг одоо ч хэрэглэж байгаа гэж тайлбарлаж байна. Гэхдээ Иргэний бүртгэлийн газар болон бусад холбогдох газрууд луу хүчингүй болсон маягтыг хэрэглэхгүй байх үүрэг чиглэлийг удаа дараа өгсөн байдаг. Үүн дээр бүртгэгч чиглэлээ уншаагүй юм уу, эсвэл ажлын байрны тодорхойлолтоор байцаагчаас чиглэл аваад үүрэг аваад энийг шууд ингэж өгөх эрх үүрэг бол бүртгэгчид байхгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/306 тушаал үндэслэлтэй, хууль журмын дагуу гарсан.

Тийм учраас нэхэмжлэлийн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хүн амын тооллого тухайн үед иргэний хамтын амьдралтай байсан гэдгийг тодорхойлсон. Гэрлэлтийн бүртгэлтэй байсан гэдгийг нотолж байгаа зүйл биш. Хамтын амьдралтай байсан гэдгийг ямар нэгэн байдлаар няцаагаагүй хамтын амьдралтай байсан гэвэл байсан. Тэр ХААТР маягт дээр бичигддэг асуудал бол тухайн үед бүртгэгдэж байхад амаар асуугаад л бүртгэдэг, өөрөөр хэлбэл ямар нэгэн нотлох баримт, гэрлэлтийн гэрчилгээ юм уу, аль эсвэл бусад холбогдолтой нотлох баримтад тулгуурлаж тэр ХААТР маягт дээр бүртгэсэн. Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан ногдуулахыг шаарддаггүй. Үндсэн зөрчил хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ноцтой зөрчил. Өөрөөр хэлэх юм бол ямар нэгэн хүний эд хөрөнгийг одоо ямар нэгэн хууль бусаар олж авсан, санаархсан үйлдлийг дэмжсэн тийм ноцтой үйлдэл юм аа гэж үзэж байна. С аймгийн Б суманд тухайн жилд 50 хэдхэн хүн бүртгэгдсэн байдаг. Энэ бүртгэлийн дугаар нэгээс эхлээд тухайн оны дуусах хүртэл хугацаанд нийт батлуулсан гэр бүлийн тоогоор энэ бүртгэлийн дугаар явдаг л даа. Өөрөөр хэлэх юм бол нөгөө тухайн үед батлуулсан Г, Ү нарын гэрлэлт одоо яг тэр 49 дээр байгаа нь бол 2 сарын 13-ны өдөр хийгдсэн байхад Ц.Э нарын бүртгэл дараа нь хийгдсэн нь харагддаг. 1980 оны 49 дүгээр бүртгэлд Г, Ү нарын гэрлэлт бүртгэгдсэн нь байгаагаар харагддаг. Хууль бус бүртгэлийг хууль бусаар хийсэн учраас дээрх арга хэмжээг авсан хуульд нийцсэн гэж үзэж байгаа учраас хариуцагчийн хариу тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч Э.О Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/259 дүгээр тушаалаар С аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 6 сарын туршилтын хугацаагаар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/599 дүгээр тушаалаар 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн С аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр томилогдон ажиллаж байсан, тэрээр төрийн албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч байжээ.

3. Энэ утгаараа нэхэмжлэгч Э.О нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2. төрийн захиргааны алба, 6.2. ...6.1.2-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ, 12 дугаар зүйлийн 12.1. Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна, 12.1.6. хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлагийн удирдах, гүйцэтгэх албан тушаал гэж зааснаар С аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст Иргэний улсын бүртгэгчийн албан тушаалд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан төрийн албан хаагч байх тул нэхэмжлэлийн зүйл нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдахаар байна.

4. Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/306 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар маргасныг шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

5. Маргаан бүхий захиргааны акт болох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Э.О-г төрийн албанаас халах тухай Б/306 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5. хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, халах, 8.4. Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. захиргааны акт, ... батлан гаргахын өмнө ... ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.4.5. цахим хэлбэрээр санал авах, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 37.1.13. албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 48 дугаар зүйлийн 48.1.4. төрийн албанаас халах, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7. улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийг ... сахилгын шийтгэл оногдуулах, 17.1.8. улсын бүртгэлийн асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, хууль зөрчсөн үйлдлийн талаарх мэдээллийг хүлээн авч хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх, Монгол Улсын сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 3 дугаар зүйлийн 3.4.1. зориуд санаатайгаар зөрчил гаргасан, 6.1. Албан хаагч ... эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албан цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/705 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Улсын бүртгэлийн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 10.1. Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, энэ журам, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн албан хаагчдад ...хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна гэх заалтуудыг үндэслэн гарсан, нэхэмжлэгч буюу С аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Э.О-г Төрийн албаны тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хууль, тогтоомж, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэл хөтлөх журмыг зөрчиж буруу бүртгэл хөтөлсөн хэмээн буруутгасан, энэ нь хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3430 дугаар дүгнэлт, өөрийнх нь гаргасан тайлбараар тогтоогдсон гэж үзэж, түүнд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж, үүрэгт ажлыг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөр дуусгавар болгожээ.

6. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах харилцааг, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. ...энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан ... дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна, 48.1.4. төрийн албанаас халах, 48.3. Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй, 48.4. ...тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна, 48.9. ...сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл ... эсхүл шүүхэд гаргаж болно, 48.10. Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батлах-аар хуульчилсан.

7. Ийнхүү дээрх хуульд заасны дагуу төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журмын нарийвчилсан зохицуулалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Журам батлах тухай дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-д заасан, уг журмын 2 дугаар зүйлийн 2.1.сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн ... шалгалт явуулах үндэслэл болно, 2.2. ... 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг ... тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно гэж зааснаар,

7.1. Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Т.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б гаргасан өргөдөл, хүсэлтийг бүртгэл хяналтын картын 22-466 дугаарт, иргэн Т.Б 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаргасан өргөдөл, хүсэлтийг бүртгэл хяналтын картын 22-629 дугаарт, иргэн Ц.Э2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан өргөдөл, гомдлыг бүртгэл хяналтын картын 22-555 дугаарт тус тус бүртгэн авч, тус газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь бүртгэл, Улсын бүртгэлийн нэгдсэн архив, С аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн архив дахь эх нотлох баримт бичиг, дээрх иргэдээс ирүүлсэн өргөдөлд хавсаргасан материалуудыг нэгтгэн шалгаж, хяналт шалгалтыг хэрэгжүүлснээр,

7.2. Улсын бүртгэгчээр ажиллаж байсан Э.О нь иргэн Ц.Э-с 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр С аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөлд үндэслэн Ж.Г, Ц.Энарын 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэрлэснийг 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүртгүүлсэн гэрлэсний бүртгэлийн ИУБ15 /ХААТР-15/ маягтыг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нөхөн бичиж, Иргэний улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн, үүнээс үүдэн Ж.Г, Ц.Э нарыг 1980 оны 08 дугаар сарын 20-нд гэр бүл болсныг 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн гэрлэсний бүртгэлийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр цахим мэдээллийн санд оруулсан гэдэг нь тогтоогдож,

7.3. Түүнийг /Э.О/ Ж.Г, Ц.Э нарын гэрлэсний бүртгэлийг нөхөн бүртгэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх, 4.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх, 9 дүгээр зүйлийн 9.4-т Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно, 19.4.1-д улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох, 19.4.2-т энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, 19.4.3-т энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд иргэний холбогдох мэдээлэл, эх нотлох баримт бичиг байхгүй бол тухайн иргэнтэй холбогдох бусад баримт бичгийг үндэслэн хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийн дагуу улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийг хөтөлж болно гэж заасныг зөрчсөн гэж үзэж,

7.4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3430 дугаар дүгнэлт гарсан болох нь, уг дүгнэлтийн Дүгнэх нь хэсгийн 3 дахь заалтаар Э.О нарын улсын бүртгэгч нарт сахилгын шийтгэл оногдуулах саналыг оруулсан ба уг саналтай холбогдуулан захиргааны байгууллагаас захиргааны шийдвэр гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу С аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Э.О-с тайлбар, саналаа гаргах, түүний зүгээс нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаж, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хийсэн сонсох ажиллагаа явуулсан, уг сонсох ажиллагааны хүрээнд сахилгын шийтгэл ногдуулахыг мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

7.5. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв байрны 2 давхрын хурлын танхимд 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 30 минутад Хяналт шалгалтын газрын дарга Б.Г, Хяналт шалгалтын газрын хяналт шалгалтын газрын ахлах байцаагч Ч.Э Тамгын газрын мэргэжилтэн Б.Б нарын зүгээс улсын бүртгэгч Э.О-г оролцуулан сонсох ажиллагааг 09 цаг 30 минутад эхлүүлж 10 цаг 20 минутад дуусгасан гэх сонсох ажиллагааны тэмдэглэлд улсын бүртгэгч Э.О: Би буруугаа хүлээж байна. Сахилгын шийтгэл ногдуулахад хүлээн зөвшөөрч байна гэж тайлбар өгсөн. Улмаар шийдвэрлэсэн нь гэдэгт: С аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Э.О гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах саналтай холбогдуулан хийсэн сонсох ажиллагааны тэмдэглэлийг Тамгын газарт хүргүүлэх гэжээ. /1-р хх-ийн 177-183/

7.6. Түүнчлэн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцад, нэхэмжлэгч Э.О-с 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан тайлбартаа ...гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийг хүчингүй болгосон төлөвтэй байсан Ханд овогтой Э нь Ж овогтой Г нөхөн бүртгэлээр гэрлэлтийн бүртгэлгүй байсан. Иймээс Ж овогтой Г//-ийг Ц овогтой Э //-тай нөхөн бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийг хийхэд асуудалгүй гэж үзэн нөхөн бүртгэл хийсэн гэж, /1-р хх-ийн 84/

7.7. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан тайлбартаа: ...Уг иргэний гаргасан өргөдөл нотлох баримттай танилцан иргэний бүртгэлийн мэдээллийн сан, цахим архив, гэрлэлтийн журналд нөхөр Г, эхнэр Э нарын мэдээллийг шалган үзэхэд гэрлэлтийн бүртгэл байхгүй байсан. Ж.Г, Ц.Э нарын өгсөн өргөдлийг хяналтын улсын байцаагч эмнэлэгт хэвтсэн тул шийдвэрлээгүй байхад УБЕГ-ын улсын бүртгэгч Н ерөнхий газарт гомдол ирсэн яаралтай бүртгэлийг нь оруулах шаардлагатай, хурдан шийдвэрлэх талаар яамнаас бас яриад байна гэсэн. Мэдээллийн сангаас шалган үзэхэд ямар нэгэн зөрчил харагдаагүй тул эхний ээлжид гэрлэлтийн гэрчилгээг үндэслэн нөхөн бүртгэлийг хийж, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мэйлээр болон цаасан хэлбэрээр С аймаг хариуцсан иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Н хүргүүлсэн. Мөн мэдээлэл технологийн газрын мэргэжилтэн Н утсаар холбогдон энэхүү өргөдлийг яаралтай шийдвэрлэхийг шаардсан. Тус хэлтсийн улсын хяналтын байцаагч хүүхэд нь өвдөж эмнэлэгт хэвтэж байсан тул дүгнэлтийг нөхөн гаргуулж УБЕГ-ын улсын бүртгэгч Н дотоод сүлжээгээр дамжуулан хүргүүлсэн гэж /1-р хх-ийн 85/ тус тус тайлбар бичиж өгсөн нь баримтаар авагджээ.

7.8. С аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 140 дугаар албан бичгээр: Сүлжээнд бүртгэгдээгүй ХААТР-15 маягтыг нөхөн бүртгэл хийж Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газарт хүргүүлэхдээ С аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2019 дугаар дүгнэлтийг хамтад нь явуулаагүй нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохоос гадна Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Хяналтын улсын байцаагчийн 2022 оны 2019 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгох тухай 3425 дугаар дүгнэлтээр хүчингүй болгосон, ийнхүү нэхэмжлэгчийн нөхөн бүртгэл хөтөлсөн гэх гол эх сурвалж болох хяналтын улсын байцаагчийн 2022 оны 2019 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгосны үр дагавартай нэхэмжлэгч нь тухайлан маргаагүй, түүнчлэн уг дүгнэлт хууль зөрчиж гарсан болохыг дээд шатны хяналтын улсын байцаагчийн хэрэгжүүлсэн хяналт шалгалтаар тогтоогдсон байна.

8. Маргаан бүхий захиргааны актын шууд үндэслэл болсон хяналтын улсын ахлах байцаагчийн 3430, 3425 дугаар дүгнэлтүүд нь нэхэмжлэгчийн үйлдсэн ...Ж.Г Ц.Э нарын 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэрлэснийг 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүртгүүлсэн гэрлэсний бүртгэлийн ИУБ15 /ХААТР-15/ маягтыг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нөхөн бичиж, Иргэний улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн, үүнээс үүдэн Ж.Г, Ц.Э нарыг 1980 оны 08 дугаар сарын 20-нд гэр бүл болсныг 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн гэрлэсний бүртгэлийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр цахим мэдээллийн санд оруулсан... гэх иргэний бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулсныг хөтлөхтэй холбоотой үйл ажиллагааг нэгтгэн хянан шалгаж, гарсан зөрчлийг илрүүлж, хэрхэн ямар арга хэмжээ авахыг, ямар бүртгэл, ямар бүртгэлийн хаана орсон мэдээлэл, лавлагаа хүчингүй болохыг заасан агуулгатай, түүнчлэн дээрх Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3430 дугаар дүгнэлт нь нэхэмжлэгчийн хөтөлсөн иргэний улсын бүртгэл нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5. иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6.1-д заасан иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичиг бүхий архив, цахим мэдээллийн сангийн бүрдлийг, 4.1.6. иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичиг гэж иргэний улсын бүртгэл хөтөлсөн бүртгэлийн болон регистрийн дугаарын дэвтэр, хүн амын автоматжуулсан төв регистрийн маягт, иргэний улсын бүртгэлийн маягт, хууль тогтоомжид заасан нотлох баримт бичиг, хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг ойлгохоор хуульчилсан ба иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт болон өөрчлөлт оруулах асуудлыг мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно, 21.2. Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд холбогдох мэдээлэл бүртгэгдээгүй бол уг мэдээллийг улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийг үндэслэн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна, 21.3. Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд иргэний холбогдох мэдээлэл, эх нотлох баримт бичиг байхгүй бол тухайн иргэнтэй холбогдох бусад баримт бичгийг үндэслэн хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийн дагуу улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийг хөтөлж болно гэж заасныг,

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Иргэний улсын бүртгэл хөтлөх журам батлах тухай А/207 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгэр зүйлийн 4.2. Мэдээллийн санд гэрлэсний бүртгэлгүй, гэрчилгээгүй боловч гэрлэсэн гэж үзэх ямар нэгэн бүртгэл, үндэслэл байгаа тохиолдолд иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийг үндэслэн гэрлэсний бүртгэлд нөхөж бүртгэсний дараа гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийг хөтөлнө, 4.3. Гэрлэлтийн гэрчилгээтэй боловч мэдээллийн санд гэрлэсний бүртгэлгүй, Иргэний баримтын архивд гэрлэсний бүртгэлийн эх нотлох баримт бичиг байхгүй тохиолдолд гэрлэлтийн гэрчилгээ, гэрлэсний бүртгэлийн бусад ХААТР маягт, бүртгэлийн дэвтэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн гэрлэсний бүртгэлд нөхөж бүртгэсний дараа гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийг хөтөлнө, мөн журмын Тав. Гэрлэлт сэргээсний бүртгэл хөтлөх, 5.1. Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан гэрлэлт сэргээсний бүртгэлийг хөтлөхөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийг баримтална гэж заасныг зөрчсөн болохыг тогтоосон шууд нотлох баримт байна.

9. Иймд Төрийн албан хаагчийн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, уг зөрчил нь ноцтой зөрчил мөн эсэхийг нягтлахын тулд шалгалт явуулдаг байх бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Журам батлах тухай дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын дагуу нэхэмжлэгч Э.О ажиллаж байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчаас нэхэмжлэгчийн гаргасан гэх дээрх зөрчилд шалгалт явуулсан, түүнчлэн нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ /37.1.1, 37.1.13/ зөрчсөн нь дээр дурдсан байдлаар нотлогдож, түүнд сахилгын хариуцлага хүлээлгэсэн үйл баримт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагчид холбогдох хууль тогтоомжоор харьяа албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн харилцаатай холбоотой сахилгын арга хэмжээ авах, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах бүрэн эрхийг олгосон, тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, мөн зүйлийн 17.1.7.улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийг шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах, 17.1.8. улсын бүртгэлийн асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, хууль зөрчсөн үйлдлийн талаарх мэдээллийг хүлээн авч хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх бүрэн эрхийнхээ хүрээнд сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэлээ.

10. Тодруулбал, хэрэгт нотлох баримтаар авагдсан, албан тушаалын тодорхойлолтод албан тушаалын зорилгыг хэлтсийн даргын өмнө хариуцна гээд албан тушаалын хоёрдугаар зорилтын хүрээнд Улсын бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу эрхлэн хөтөлж, иргэний улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх, улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн баяжилтыг холбогдох хууль, дүрэм журмын дагуу хийх чиг үүрэгтэй, энэ утгаараа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13. албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах нь төрийн албан хаагчийн хүлээх нийтлэг үүрэг байна.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.10, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.7, 17.1.8, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.О-с Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/306 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.1, 48.1, 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН