| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/04699/И |
| Дугаар | 101/ШШ2024/04512 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2024/04512
2024 10 03 101/ШШ2024/04512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Баатархайрхан 1 дүгээр хэсэг, 804 тоот хаягт оршин суух, Харчив овогт Нэргүйн Гантуяа /Регистрийн дугаар ЦИ84121407/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 4 хэсэг, 63 гудамж, 1977 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг 1-1 тоот хаягт түр оршин суух, Боржигон овогт Наранбадрахын Цолмонхүү /Регистрийн дугаар СУ83072572/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 13-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.Гантуяа,
Хариуцагч Н.Цолмонхүү,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Гантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :
Н.Гантуяа миний бие Н.Цолмонхүүтэй 2007 онд танилцаж гэр бүл болсон бөгөөд 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүлээ батлуулсан. Бидний дундаас 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр охин Ц.Дөлгөөн-Үйлс мэндэлсэн.
Хамт амьдрах хугацаанд Н.Цолмонхүү нь байнгын сэтгэл санааны хүчирхийлэлд байлгадаг байсан бөгөөд бидний хоорондын таарамжгүй, хөндийрөх шалтгаан нь түүний мөрийтэй тоглох, банкинд болон ойр дотны хүмүүсээс зээл авах, авсан зээлээ төлөхгүй байх, өр нь нэхэгдэх зэрэгтэй холбоотой байсан. Тэрээр охин бид хоёртой хамт амьдардаггүй, ер нь гэртээ байдаггүй, түүнийг хаана байдгийг, хаашаа явдгийг нь мэддэггүй байсан.
Ингээд бид хоорондын таарамжгүй байдлын улмаас 2014 оноос тусдаа амьдрах болсон, түүний мөрийтэй тоглоомын өрийг, охин маань бага настай байсан ч төлж дуусгасан.
Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж амжилтгүй болж дуусгавар болсон, олон жил тусдаа амьдарсан, эргэж хамт амьдрах боломжгүй тул шүүхээс эвлэрүүлэх хугацаа авахгүй. Охин Ц.Дөлгөөн-Үйлсийн 2023 оны сургалтын төлбөр 3,000,000 төгрөгийн тал хувь 1,500,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй.
Иймд Н.Цолмонхүү бидний гэрлэлтийг цуцалж, охин Ц.Дөлгөөн-Үйлсийг миний асрамжинд байлгаж, тэжээн тэтгэх тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
2. Хариуцагч Н.Цолмонхүү нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарынхаа үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь 2007 онд Н.Гантуяатай гэр бүл болсон бөгөөд бидний дундаас 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Ц.Дөлгөөн-Үйлс төрсөн.
Н.Гантуяа бид хоорондын таарамжгүй байдлын улмаас 2014 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд эргэж хамт амьдраагүй, энэ хугацаанд охин маань эхийн асрамжинд байсан.
Тусдаа амьдрах болсон шалтгаан нь миний мөрийтэй тоглож, өрөнд орсноос болсон, түүнээс биш бид хоорондоо хэрэлдэж, муудалцаж, гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлдсэн зүйл байгаагүй, өр төлбөрийг Н.Гантуяа төлж дуусгасан.
Мөрийтэй тоглоомноос ашиг олоогүй, харин ч гэр бүл, эд хөрөнгө, цаг хугацаа гээд бүх зүйлээрээ хохирч үлдсэн, 2017 оноос огт тоглохоо больсон.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон, нэгэнт олон жил тусдаа амьдарсан, хамт амьдрах боломжгүй болсон учир шүүхээс эвлэрэх хугацаа авахгүй.
Иймд Н.Гантуяагийн гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийнхөө асрамжинд авах, тэтгэлэг тогтоолгох, сургалтын төлбөрийн 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.
Энэ хугацаанд хүүхэдтэйгээ цөөхөн уулзсан, цаашид сургалтын төлбөрийг Н.Гантуяатай тохиролцоод явах боломжтой гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрсний бүртгэлийн, Н.Гантуяагийн иргэний үнэмлэхийн, оршин суугаа газрын, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Н.Гантуяагаас 2024.04.12-ны өдөр Э.Улсболдод олгосон итгэмжлэл, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 543 тоот эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэл, Нийслэлийн ерөнхий боловсролын Ертөнц сургуулийн тодорхойлолт /хх 1-10/,
3.2. Хариуцагчаас ирүүлсэн: Н.Цолмонхүүгээс 2024.06.06-ны өдөр Н.Баярхүүд олгосон итгэмжлэл /хх 20/ зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Гантуяа нь хариуцагч Н.Цолмонхүүд холбогдуулан, гэрлэлт цуцлуулах, тэтгэмж тогтоолгох, сургалтын төлбөрт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч маргаагүй, бүхэлд нь зөвшөөрч байна.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч Н.Гантуяа болон хариуцагч Н.Цолмонхүү нарын гэр бүл болсныг 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэсний бүртгэлд бүртгэсэн, тэдний дундаас 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр охин Ц.Дөлгөөн-Үйлс төрсөн, хүүхэд эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, гэрлэсний болон төрсний бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн ерөнхий боловсролын Ертөнц сургуулийн тодорхойлолт зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хх 4, 7, 10/
4. Зохигч нь хоорондын таарамжгүй байдлын улмаас 2014 оноос хойш тусдаа амьдрах болсон, Н.Гантуяагийн гэрлэлт цуцлуулах шаардлагыг Н.Цолмонхүү зөвшөөрсөн, гэрлэгчид хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, эвлэрүүлэн зуучлал үр дүнд хүрээгүй, амжилтгүй болж дуусгавар болсон, цаашид хамт амьдрах боломжгүй болсон гэх зохигчийн тайлбар зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан.
5а. Гэрлэгчид тусдаа амьдрах болсон 2014 оноос хойш эхийн асрамжинд охин Ц.Дөлгөөн-Үйлс байсан, хүүхдийг эхийн асрамжинд байлгах нэхэмжлэгчийн шаардлагын талаар хариуцагч маргахгүй байгааг хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон гэж үзэх тул хүүхдийг эхийн асрамжинд байлгахаар шийдвэрлэв.
5.2. Хүүхдүүдийг эхийн асрамжид байлгахаар шийдвэрлэсэн нь Н.Цолмонхүүгийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах, хасах үндэслэл болохгүйгээс гадна үр хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээс чөлөөлж буй үндэслэл биш бөгөөд энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлэхэд эх Н.Гантуяа саад болох учиргүй юм.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т : эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 38 дугаар зүйлийн 38.1-т: Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу Н.Цолмонхүүгээс хүүхдийн тэжээн тэтгэх тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хэмжээгээр сар бүр гаргуулан олгохоор шийдвэрлэв.
7. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасны дагуу охин Ц.Дөлгөөн-Үйлсийн 2023 оны сургалтын төлбөрт төлсөн гэх 3,000,000 төгрөгийн тал хувь болох 1,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. /хх 10/
8. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул түүнээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, илүү төлөгдсөн 40,000 төгрөгийг улсын орлогоос 40,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,200 төгрөгөөс үлдэх 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Харчив овогт Нэргүйн Гантуяа, Боржигон овогт Наранбадрахын Цолмонхүү нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Ц.Дөлгөөн-Үйлсийг эх Н.Гантуяагийн асрамжинд байлгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-т заасныг баримтлан хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Н.Гантуяа, хариуцагч Н.Цолмонхүү нар дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан бие биедээ саад учруулахгүй байхыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Ц.Дөлгөөн-Үйлсийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Наранбадрахын Цолмонхүүгээс гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
5. Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Цолмонхүүгээс 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Гантуяад олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.Цолмонхүүгээс 70,200 төгрөг, улсын орлогоос 40,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Гантуяад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,200 төгрөгөөс үлдэх 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Ичинхорлоод даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ