Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2024/04283

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 18 101/ШШ2024/04283

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  З******* ХХК /рд: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  М******* р******* ХХК /рд:*******/-д холбогдох

33,560,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ж*******,

Гэрч О.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Будханд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь DK-300 Бетон зуурмагийн нэмэлтийг "М******* Р*******" ХХК- нд нийлүүлэхээр 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 23/16 дугаар Худалдах, худалдан авах гэрээг тус компанитай байгуулж, уг гэгээгээр талууд DK-300 Бетон зуурмагийн нэмэлтийн нэг тн тутмыг 2,800,000 төгрөгт тооцож нийт 10 тн DK-300 Бетон зуурмагийн нэмэлтийг нийлүүлэхээр, гэрээний төлбөрийг гэрээний 2.2-т заасны дагуу ...төлбөрийг 14 хоног тутам худалдан авсан барааны төлбөрийг шилжүүлэх-ээр харилцан тохиролцсон байдаг. 

Ийнхүү манай компанийн зүгээс, гэрээний дагуу 2023 оны 8 дугаар сарын 15-нд бетон зуурмагийн нэмэлт 2тн-г, 2023 оны 8 дугаар сарын 28-нд бетон зуурмагийн нэмэлт 2тн-г, 2023 оны 9 дүгээр сарын 13-нд бетон зуурмагийн нэмэлт 2тн-г, 2023 оны 10 дугаар сарын 05-нд бетон зуурмагийн нэмэлт 2тн-г, 2023 оны 10 дугаар сарын 17-нд бетон зуурмагийн нэмэлт 2тн-г тус тус нийт 10тн бетон зуурмагийн нэмэлтийг М******* Р*******" ХХК-нд нийлүүлсэн. Гэтэл, "М******* Р******* ХХК тухай бүр хүлээн авсан бетон зуурмагийн нэмэлтийн төлбөрт нийт 28,000,000 төгрөгийг төлөөгүй байна. 

Түүнчлэн манай компани нь М300 маркийн нийт 250м3 бетон зуурмагийг нэгж үнэ нь 320,000 төгрөгөөр тооцож худалдан авахаар "М******* Р*******" ХХК-тай 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 23/01 дугаар Бетон зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулсан. Талууд энэхүү гэрээгээр 80,000,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг захиалгын дагуу нийлүүлэх, гэрээний төлбөрт 2010 оны маркийн ЈЕЕР загварын, арлын дугаар, улсын дугаар тээврийн хэрэгслийг 58,000,000 төгрөгөөр тооцож батераар шилжүүлэх, 5,000,000 төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 23/16 дугаар Худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн 14,000,000 төгрөгийн бэлэн төлөлтөөс хасаж тооцох, үлдэх 17,000,000 төгрөгийг "М******* Р******* ХХК-ийн Х х банкны дугаар дансанд тус тус шилжүүлэхээр харилцан тохиролцсон. 

Ийнхүү, манай компанийн зүгээс гэрээний дагуу бетон зуурмагийн төлбөрт 2023 оны 8 дугаар сарын 21-нд нийт дөрвөн удаагийн гүйлгээгээр нийт 17,000,000 төгрөгийг "М******* Р******* ХХК-ийн Х х банкны дугаар дансанд, 2023 оны 8 дугаар сарын 22-нд маркийн ЈЕЕР загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг 58,000,000 төгрөгт тооцон "М******* Р*******" ХХК-ийн захирал О.Х нэр дээр тус тус нийт 75,000,000 төгрөгийг "М******* Р*******" ХХК-нд шилжүүлсэн. "М******* Р******* ХХК нь гэрээний дагуу 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд хоёр удаа буюу 2023 оны 8 дугаар сарын 22-нд 40,000,000 төгрөгийн үнэ бүхий 125м3 бетон зуурмагийг, 2023 оны 8 дугаар сарын 26-нд 29,440,000 төгрөгийн үнэ бүхий 92м3 бетон зуурмагийг нийт 69,440,000 төгрөгийн үнэ бүхий 217 м3 бетон зуурмагийг захиалгын дагуу манай компанийн төслийн талбайд нийлүүлсэн боловч цаашид төслийн талбайд нийлүүлэх бетон зуурмагийн тээвэрлэлт хол байсан гэх шалтгаанаар талууд утсаар ярилцсаны дагуу 2023 оны 8 дугаар сарын 27-нд гэрээг дуусгавар болгон цуцалж, 2023 оны оны 9 дүгээр сарын 05-нд "Бетон зуурмагийн тооцоо" нийлсэн актыг үйлдсэн. Уг тооцоо нийлсэн актаар, талууд гэрээг дуусгавар болгож цуцалсантай холбогдуулан нийт 69,440,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлсэн байдаг.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө ...-г худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг хүлээнэ гэж заасан байдаг. Энэхүү Бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр манай компани бетон зуурмагийн төлбөрт нийт 75,000,000 төгрөгийг "М******* Р******* ХХК-нд шилжүүлсэн, харин "М******* Р******* ХХК нийт 69,440,000 төгрөгийн үнэ бүхий 217 м3 бетон зуурмагийг захиалгын нийлүүлсэн бөгөөд талууд гэрээг дуусгавар болгож цуцалсантай холбогдуулан үүний зөрүү 5,560,000 төгрөгийг гэрээний дагуу илүү төлсөн байна. 

Иймд, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 23/16 дугаар Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 28,000,000 /хорин найман сая/ төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн 23/01 дугаар Бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр илүү төлсөн 5,560,000 /таван сая таван зуун жаран мянга/ төгрөг нийт 33,560,000 /гучин гурван сая таван зуун жаран мянга/ төгрөгийг "М******* Р******* ХХК-аас гаргуулж З******* ХХК-нд олгож  өгнө үү гэжээ.

5 удаагийн нийлүүлэлтээр өгсөн, ХХ-12 талд авагдсан баримтаар Т гэх хүний гарын үсэгтэй адил байгаа, бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр доголдолтой байсны доголдлын зардлын 50 хувийг хариулна гэж байгаа нь үндэслэлгүй.

 

Хариуцагч М******* р******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 23/16 тоот Худалдах, худладан авах гэрээний үүрэгт 28,000,000 төгрөгөөс 22,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч зөрүү 5,600,000 төгрөгийг эс хүлээн зөвшөөрч байна. Учир нь тус гэрээгээр 10тн /1 тн-2,800,000 төгрөг/ Бетон зуурмагийн нэмэлт нийлүүлэх байсан боловч З ХХК нь 8тн буюу 22,400,000 төгрөгний нэмэлт нийлүүлсэн. 

2. 2023 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 23/01 тоот Бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр илүү төлсөн 5,560,000 төгрөгөөс 3,823,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 

Уг гэрээгээр 300М маркийн 1 метр бүр нь 320,000 төгрөг, нийт 250 м3 нийт дүн 80,000,00 төгрөг. Нийт үнийн дүнгийн 70 хувьд 2010 оны jeep машиныг 58,000,000 төгрөгөөр бодож өгсөн боловч уг машин нь эвдрэл гэмтэлтэй байсан. Энэ тухай З******* ХХК-ийн захирал Өтэй, / тоот утасны дугаар / уг гэмтлийн нийт зардал 3,474,000 төгрөг болсноос 50 хувь буюу 1,737,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. 

Иймд 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 23/16 тоот Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 22,400,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 23/01 тоот Бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр илүү төлсөн 3,823,000 төгрөг, нийт 26,223,000 төгрөгийн хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч З******* ХХК нь хариуцагч М******* Р******* ХХК-д холбогдуулан 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 23/16 дугаар Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 23/01 дугаар Бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр илүү төлсөн 5,560,000 төгрөг, нийт 33,560,000 төгрөг гаргуулахаар шаардаж,

 

Хариуцагч тал 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нийлүүлсэн гэх бетон зуурмагийн нэмэлт 2 тонн бодисын үнэ 5,600,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, мөн илүү төлсөн 5,560,000 төгрөгөөс 1,737,000 төгрөгийг төлөхгүй, нэхэмжлэлээс нийт 7,337,000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

 

3. З******* ХХК болон М******* Р******* ХХК-ийн хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр;

З******* ХХК нь талуудын технологич инженерүүдийн урьдчилан тестлэж баталсан орц хэмжээний дагуу үйлдвэрлэсэн DK-300 нэмэлтийг М******* Р******* ХХК-д хүссэн хэмжээгээр нийлүүлэх, М******* Р******* ХХК нь барааг хүлээн авч төлбөрийг шилжүүлэх, DK-300, Бетон зуурмагийн нэмэлтийг 1 тонныг 2,800,000 төгрөгөөр /НӨАТ орсон/, 10 тонныг нийт 28,000,000 төгрөгөөр нийлэхээр тохирсон байна. /хх-6-9/

Нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу бетон зуурмагийн нэмэлтийг

-2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2 тонн,

-2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 2 тонн,

-2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2 тонн,

-2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2 тонн,

-2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2 тонн, нийт 10 тонныг гэрээний 3.2. Уг гэрээний 1.4-д заасны дагуу хүргэлтийг гүйцэтгэж 2 талын хариуцагч албан тушаалтнууд байлцан тоо хэмжээний дагуу хүлээлцэж байна, гэрээний 3.7. Б тал барааг өөрийн талбайд буулган авснаар худалдан авсанд тооцно гэж заасны дагуу үйлдвэрийн хашаанд хүлээлгэн өгсөн тул зарлагын баримтын дагуу 28,000,000 төгрөгийг гаргуулаар нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж байна.

Хариуцагч нь эдгээр 5 удаагийн зарлагын баримтаас 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2 тонн бетон зуурмагийн нэмэлтийг манай үйлдвэрийн байранд ирсэн талаар жижүүрийн рапортын дэвтэрт бичигдээгүй, үйлдвэрийн бүрэн автомат удирдлагын компьютерт мөн бүртгэгдээгүй, бетон зуурмаг хүлээн авсан хэмжээ зөрж байгаа тул зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зарлагын баримтын талаар хариуцагч маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг гэрээний 1.4-т зааснаар нэхэмжлэгч өөрийн унаагаар үнэгүй тээвэрлэж Б талын ажлын байранд хүлээлгэж өгсөн байдлаа хангалттай баримтаар нотлоогүй гэж үзлээ.

Бетон зуурмагийн нэмэлтийг тээвэрлэн хүргэсэн жолооч гэх Б.Мын мэдүүлэг нь санхүүгийн болон бүртгэлийн баримтаар тогтоогдоогүй, тэрээр бетон зуурмагийн нэмэлтийг шууд хүлээлцсэн ажилтан биш зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Б.Мын гэрчийн мэдүүлэг нь 5,600,000 төгрөгийн баримтыг шууд нотлох баримт гэж үзсэнгүй,

гэрч Э.Э, О.Б******* нарын тухайд хариуцагч тал бетон зуурмагийн нэмэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2 тонныг хүлээж аваагүй гэх мэдүүлэгтээ үйлдвэрийн бүрэн автомат удирдлагын компьютерт байгаа мэдээлэл, хариуцагч М******* Р******* ХХК-ийн үйлдвэрийн жижүүрийн рапортын дэвтэр зэргийг иш татаж, эх сурвалжаа нэрлэн зааж байгаа байдлыг харгалзан Э.Э, О.Б******* нарын мэдүүлгийг хариуцагчийн татгалзлыг нотлож байна гэж үзлээ.

Мөн хэрэгт авагдсан 5 ширхэг бараа материалын зарлагын баримтууд нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангаагүй, гарын үсгийн тайлал, тээвэрлэлт хийсэн машины дугаар, хүлээн авсан байгуллагын эрх бүхий этгээдийн мэдээлэл тусгагдаагүй, мөн нэхэмжлэгч нь 2 тонн бетон зуурмагийн нэмэлтийг хариуцагчид хүлээлгэн өгсөн байдлаа санхүүгийн бусад баримтаар нотлоогүй, талууд тооцоо нийлээгүй, санхүүгийн баримттай холбоотой нэмж шалгах хүсэлт санал гаргах шаардлагагүй, өөр баримтууд байхгүй гэснийг харгалзан эдгээр баримтад дүгнэлт хийж 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн баримт бүхий 2 тонн бетон зуурмагийн нэмэлтийг хариуцагч хүлээн аваагүй гэж дүгнэн 5,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

5. Мөн М******* Р******* ХХК болон З******* ХХК-ийн хооронд байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 23/01 тоот Бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр;

нийлүүлэгч Метал Р******* ХХК нь худалдан авагч тал З******* ХХК-ийн захиалгаар техникийн нөхцөл, стандартын шаардлагын дагуу үйлдвэрлэгдсэн дор дурдсан маркийн бетон зуурмагийг худалдан авагч талд нийлүүлнэ. Гэрээний үнийн дүнд нийлүүлэгчийн энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбоотой бүх зардал /бетон зуурмагийг үйлдвэрлэх, бетон зуурмагийн үйлдвэрээс 20 км доторх худалдан авагч талын барилгын ажлын талбайд тээвэрлэн хүргүүлэх/, татвар ашиг багтсан, 300 М маркийн, 320,000 төгрөгийн нэгж үнэ бүхий нийт 250 м3 бетон зуурмагийг 80,000,000 төгрөгөөр нийлүүлэхээр тохирч, худалдан авагч тал гэрээний нийт үнийн дүнгийн 70%-д 2010 оны JEEP // УБЗ дугаартай загварын машиныг 58,000,000 төгрөгөөр тооцож бартераар авна...гэж тохиролцжээ.

Хариуцагч уг гэрээний дагуу бартерт авсан 2010 оны JEEP // УБЗ дугаартай загварын машин нь эвдрэл гэмтэлтэй байсны улмаас засварлахад 3,474,000 төгрөг болсноос 50 хувь буюу 1,737,000 төгрөгийг нэхэмжлэгч тал төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй үндэслэлээр Бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр илүү төлсөн 5,560,000 төгрөгөөс 1,737,000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, хариуцагчийн татгалзал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзлээ.

Талууд гэрээний төлбөрт автомашин өгсөн үйл баримтын тухайд маргаагүй боловч тухайн машин доголдолтой байсан, улмаар уг доголдлыг арилгасан зардлыг хувааж хариуцах талаар талууд тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч автомашины доголдолтой холбоотой төлбөрийг дараа баримт бүрдүүлж нэхэмжлэх боломжийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн нь үндэслэлгүй, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 23/01 дугаар Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний төлбөрийг гаргуулах талаар дүгнэлт хийж эцэслэн шийдвэрлэж байгаа тул доголдлын улмаас зассан төлбөрийг дараа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх үндэслэлгүй юм.

Иймд шүүх нэхэмжлэлээс 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 23/16 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 22,400,000 төгрөгийг хангаж, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зарлагын баримт бүхий 5,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 23/01 дугаартай Бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр илүү төлсөн 5,560,000 төгрөгийг хангаж, хариуцагчаас нийт 27,960,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 5,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 325,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангасан дүн 27,960,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч М******* Р******* ХХК-иас 27,960,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 297,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШЗ2024/09000 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай захирамж мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ