| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01113/И |
| Дугаар | 155/ШШ2024/01047 |
| Огноо | 2024-11-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 155/ШШ2024/01047
| 2024 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 155/ШШ2024/01047 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай, 155/2024/01113/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Б.Б миний бие Г.Н-тай 2012 оны 12 дугаар сард гэр бүл болж албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид гэр бүл болсноос хойш бидний дундаас охин Н.Б ..... төрсөн, ..... регистрийн дугаартай. 2015 оноос бид тус тусдаа амьдарч байна. Надаас салж явснаас хойш Г.Н нь өөр гэр бүлд зохион амьдарч байгаа. Миний бие ч өөр гэр бүл зохион амьдарч байгаа. Энэ цагаас хойш хүүхэдтэйгээ огт холбогдон утасаар яриагүй, холбоо харилцаа огт байхгүй болсон тул миний бие тус шүүхэд гэр бүл цуцлуулж хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгуулахаар нэхэмжпэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлэээр нэхэмжлэлийг буцаасан байна. Иймд хариуцагч Г.Н-гаас гэр бүлээ цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагатай байгаа тул түүнийг эрэн сурвалжилж хаягыг нь тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс: Б.Б-н иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ..... дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн эх баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс даргаас Г.Н-гийн оршин суух хаягийн болон хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн эсэх лавлагааг, Х аймгийн Т сумын 2 дугаар багийн засаг даргаас Г.Н-гийн тус багт оршин суух бүртгэлтэй болон одоогоор оршин суудаг эсэх лавлагааг тус тус бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Б.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Н-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно.
155.2-т.Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж тус тус хуульчилжээ.
Г.Н нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн .... дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийн хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл зэргээр нотлогдож байна.
Иймд Б.Б нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Н-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг тус шүүхэд гаргах эрхтэй байна.
3. Нэхэмжлэгч нь тус шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр Х аймгийн дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн .... дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн хуулбар 1 хуудас (хх-ийн 5 дугаар хуудас),
Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр авсан CVL2467010001007210 дугаартай, регистрийн дугаар: ...., Иргэний бүртгэлийн дугаар: ...., Овог: Г, Эцэг /эх/-ийн нэр: Г, Өөрийн нэр:Н, Байнга оршин суугаа газрын хаяг: Х, Т 2-р баг “ гэх бичилттэй Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа 2 хуудас (хх-ийн 12-13 дугаар хуудас),
Х аймгийн Т сумын 2 дугаар багийн засаг дарга П.Эрдэнэ-Очирын “ Тус багийн иргэн Г овогтой Н нь тухайн багт бүртгэлтэй боловч хаягтаа амьдралгүй олон жил болж байгаа нь үнэн болно.” гэх албан бичиг 1 хуудас (хх-ийн 20 дугаар хуудас) зэргээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Н нь тухай оршин суух хаягтаа байхгүй хаана байгаа нь тодорхой нь тогтоогдлоо.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлахыг шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр хуульчилсан байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж,
155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Н-г эрэн сурвалжилж, түүнийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Х аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.
5.Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Н-н хувийн байдалтай, түүнийг олж тогтооход ач холбогдол бүхий “ Г. Н надтай хамт У суманд амьдарч байгаад малын хулгайн хэрэгт холбогдсон ба цагдаагийн байгууллагаас оргосон гэж байсан. Оргож яваад баригдсан гэж байсан бөгөөд аав нь Х аймгийн Т суманд оршин суудаг байсан, бас эгч дүү нар нь Т болон Түнэл суманд амьдардаг. Намайг шүүхэд нэхэмжлэл өгснийг мэдсэн байсан. Над руу шүүхэд өглөө гэж утсаар гэнэт ярьж заналхийлсэн” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Н тай холбоотой мэдээллийг нэхэмжлэгч Б.Б-өөс тодруулан авах нь зүйтэй.
Нэхэмжлэгчтэй холбоо барих утас- .....,
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Н-г эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Н- г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Х аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Б.Б-д мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА