Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 0083

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                               

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Г.Номин

улсын яллагч:  С.Оюунжаргал

хохирогч: Н.О

шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн

шүүгдэгч: Н.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт А овогт Н М   холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай  ирүүлсэн 1703000010157 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овогт Н М, 1969 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй,  ХХК-ний тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн 4 дүгээр хэсэгт автобусны жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо  тоотод оршин суух, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4 дүгээр баг Баянхаан, 2 дугаар хэсэг гудамж 028 тоотод оршин суух хаягтай, урд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, МЮ69031611,

       

Холбогдсон хэргийн талаар:

          Яллагдагч Н.М нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 13.00 цагаас 14.00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Халдвартын эцсийн буудлын замд  ХХК-ний эзэмшлийн Хьюндай Аеро Сити-540 маркийн 05-71 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-д заасан “Жолооч тээврийн хэрэгсэлээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч Н.О хаалганд хавчиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

          дээрх автотээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч  Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   Би 2017 оны 10-р сарын 2-ны өдөр Зүүнсалаагаас Халдвартын эцэс хүртэл Эрдэм транс компанийн 3-р чиглэлд автобусны жолоочоор ажилласан. Би  халдвартын эцсээс эргэж зогсоод хүнээ буулгасан. Тэгээд энэ Оюун гэдэг хүн буух ёсгүй хаалгаар буугаад  байсан. Уг нь бол   гаднаас орж ирсэн хүмүүс урд хаалгаар суугаад хойд хаалгаар буух ёстой байдаг. Гэтэл урдуур буух гэж байгаад гараа хаалганд хавчуулсан байхаар нь би хаалгаа онгойлгоод буулгасан тэгээд би явсан гэв.   

          Хохирогч Н.О   шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ:  2017 оны 10-р сарын 2-ны өдөр би нөхөртэйгээ хүргэнийдээ  хоночихоод тэндээсээ Нарантуул зах орох гээд автобусанд суусан. Буудал дээрээ очоод автобусны  урд талын хаалгаар буух гэтэл гар маань хаалганд хавчуулагдаад хаалгаа онгойлгоочээ гэтэл яах гэж урдуур бууж байгаа юм бэ гээд загнаад байсан. Тэгээд хаалгаа онгойлгоод намайг буулгачихаад шууд яваад өгсөн. Автобус явсан даруйд манай нөхөр автобусны 13-171 гэсэн дугаарыг харсан байсан. Тэгээд гар маань өвдөөд байхаар нь нөхөртээ хэлээд  бид 2 шууд гэмтлийн эмнэлэгт очоод гараа үзүүлтэл гар чинь хугарсан байна гэж хэлээд гипсдсэн. Тэндээсээ замын цагдаа орсон. Одоо би энэ хүнээс 200.000 төгрөг авах ёстой байгаа гэв.

         Шүүгдэгч  Н.М   мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 06.40 цагт Эрдэм транс ХХК-ийн 13-171 паркийн дугаартай цагаан алаг өнгийн Аеро Сити 540 маркийн автобусыг Ч-3 буюу СХД-ийн Зүүн салааны эцсээс Баянзүрх дүүргийн Халдвартын эмнэлгийн автобусны чиглэлд гарч оройн 22.44 цагийн орчимд ажлаасаа буусан. Тэгээд маршрутанд явж байхад халдвартын эцсийн буудал дээр өдрийн 12.30-12.40 цагийн орчимд очиж автобусныхаа урд хойд 2 хаалгаа нээгээд зорчигч нараа буулгасан. Хүмүүсээ буулгаад хойд талын хаалгаа хаагаад урд талын хаалгаар хүмүүсээ суулгаад хөдөлсөн. Зүүн салааны энэ чиглэл хүн ихтэй байдаг. Нэгэнт нээсэн хаалгыг би хааж хүн хавчсан явдалыг бол санахгүй байна. 12.00 цаг өнгөрч байхад эцсийн буудал дээр автобусанд хүнтэй ирж буулгаад Зүүн салаа чиглэлд хүн цөөхөн суудаг учраас хүн хаалганд хавчуулсан унасан зүйлийг би харах ёстой. Ялангуяа урд хаалгаар бууж байгаа хүнийг бол би харах ёстой. Уг нь бол зорчигч нар хойд хаалгаар буух ёстой. Би эцсийн буудал дээр байсан учраас 2 хаалгаа зэрэг нээж хүнээ буулгасан. Надтай хүн уулзаагүй, уналаа гэж ч хэлээгүй. Би архи уудаггүй юм тэр өдөр ч архи уугаагүй байсан гэжээ. /хх-ийн 39/

           Хохирогч  Н.О  мөрдөн  шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 11.00 цаг өнгөрч байхад би нөхөр П.П хамт 21 дүгээр хорооллын Содон хороололд урд өдөр нь хүргэнийдээ очиж хоноод Нарантуул зах орох зорилгоор автобусны буудал руу алхаж очоод 12.00 цагийн орчимд Халдварт-Зүүн салаа чиглэлийн автобусанд суусан. Тэгээд Халдвартын эцсийн автобусны буудал дээр буух гэтэл хүмүүс ихтэй, автобусны жолооч нь хоёр хаалгаа хоёуланг нь онгойлгосон байсан ба голын хаалгаар би буух гэсэн боловч урд талын хаалгаар хүмүүс буугаад байхаар нь нөхөр ч урд хаалгаар бууя гэхээр нь үгэнд нь ороод урд хаалгаар буух  гэж байтал жолооч нь урд талын хаалгаа хаасны улмаас миний бие хаалганд хавчуулагдсан. Тэгэхээр нь би хаалгаа онгойлго гэж хэлсэн чинь намайг яах гэж урд талын хаалгаар буух гэж байгаа юм бэ, хохчино гэж хэлээд хаалгаа онгойлгосон. Тэгээд би автобуснаас буухад миний гар цүнх газар унаад эд зүйл тарчихсан байсан. Тэгэхээр нь би гар цүнхний юмнуудаа цуглуулаад байж байтал араас нөхөр маань бууж ирсэн. Ингээд миний зүүн гар өвдөөд байхаар нь бид хоёр шууд гэмтлийн эмнэлэг рүү очиж зүүн гараа гипсдүүлсэн. Тэр үед бид хоёр тухайн автобусны улсын дугаарыг нь харж чадаагүй ба харин 13-171 гэсэн дугаарыг нь л харж чадсан юм. Автобусны жолооч нь 30 гаран насны эрэгтэй хүн байсан санагдаж байна. Миний зүүн гар хугарсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байхгүй гэжээ. /хх-ийн 37/

          Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр нь нөхөн үзлэг хийсэн хэмжилтийн бүдүүвч , зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-15 /

         Иргэний хариуцагч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 13-171 дугаартай автобусны жолооч Н.М нь зам тээврийн осол хэрэг үйлдсэнийг тухайн үед мэдээгүй. Харин 10 дугаар сарын сүүлчээр манай албаны шуурхай мэдээлэл дээр гомдол ирж бичиг баримтаа Замын цагдаагийн газарт хураалгасан тухай мэдсэн. Энэ талаар жолоочоос асууж тодруулахад зорчигчийг автобусны хаалгаар хавчиж газар унагаж чирсэн тухай зорчигчийн гомдол гаргасан гэдэг худлаа ташаа байсан гэж мэдүүлж байсан. Автобусны хаалганд гараа  хавчуулсан талаар бидэнд амаар тайлбар гаргаж байсан. Тэгээд ямар ч байсан зам тээврийн осолд холбогдсоныг мэдсэн. Уг автобус бол манай байгууллагын эзэмшлийн автобус. Н.М автобус жолоодох зөвшөөрөл өгсөн. Н.М хувиарын дагуу ажил үүргээ гүйцэтгэж явсан. Уг автобусанд ослын улмаас ямар нэгэн эвдрэл гэмтэл учирсан зүйл байхгүй. Манай байгууллагын жолооч нар даатгалд хамрагдсан байгаа. Иймд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болох нь техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд манай байгууллагын зүгээс даатгалын байгууллагаар хохирлыг гаргуулж өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ. /хх-ийн 31/

        Гэрч П.П мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 11.00 цаг өнгөрч байхад эхнэр Н.О бид хоёр 21 дүгээр хорооллын Содон хороололд хүргэнийдээ хоночихоод тэндээс Нарантуул зах орохоор автобусны  буудал дээр алхаж ирсэн. Тэгээд бид хоёр 12.30 цагаас 13.30 цагийн хооронд Халдвартын эцсийн буудал дээр буух гэтэл хүмүүс урд болон хойд талын хаалгаар зэрэг буугаад байсан. Энэ үед манай эхнэр урд талын хаалганы хажууд байх сандал дээр ганцаараа суучихсан, харин би зогсож байсан юм. Тэгтэл урд талын хаалгаар хүмүүс буугаад байхаар нь би эхнэрийгээ энэ урд талын хаалгаар буучих гэж хэлсэн.Эхнэр маань тухайн  автобусны урд талын хаалгаар буух тэр мөчид автобусны жолооч нь манай эхнэрт уурлаад хойд талын хаалгаараа буугаачээ гэж хэлээд урд талын хаалгаа хаачихсан. Гэтэл эхнэр маань автобусны урд талын хаалганд гараа хавчуулсан. Автобусны зааланд байсан хүмүүсээс наад хүнийхээ гарыг хугаллаа гэж хэлсэн чинь жолооч нь урд талыхаа хаалгыг онгойлгосон. Тэгээд би урд талын хаалгаар буухад араас хэсэг хүмүүс буусан. Би эхнэрээсээ зүүн гар нь яаж байна гэж хэлээд эргээд харсан чинь автобус яваад өгчихсөн. Би автобусны улсын дугаарыг хараагүй харин 13-171 гэсэн дугаарыг нь олж хараад цээжилсэн. Бид хоёр эргэж автобусанд суугаад гэмтлийн эмнэлэг орсон. Гэтэл зүүн гар нь хугарсан байсан гэжээ. /хх-ийн 40/

Гэрч Н.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Бид нар эхээс 7-уулаа юм. Н.М нь миний төрсөн ах бөгөөд айлын том нь байгаа юм. Манай ах хүний үг сонсдоггүй боловч сэтгэл зөөлөн хүн байгаа юм. Манай ахын охин нь Сэлэнгэ аймагт хөгшин ээжийг хараад хань болоод байж байгаа юм. Харин ах одоо эхнэр, хүүгийнхээ хамт Зүүн салаад амьдарч байгаа би хаягыг нь мэдэхгүй байна. Манай ах архи тамхи хэрэглэдэггүй юм гэжээ. /хх-ийн 42/

Гэрч П.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 1-ний орой 20.30 цагаас 23.30 цагийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах UB Паласд миний төрсөн аав П.П, ээж Н.О нар ахмадын баярт зориулсан концерт үзсэн юм. Тэгээд би нөхөр Хатанбаатарын хамт аав ээж хоёрыг очиж аваад 21 дүгээр хорооллын Содон хороолод байдаг хүргэн дүүгийндээ авиачиж хонуулсан ба нөхөр бид хоёр ч хамт хоносон  юм. Тэгээд би маргааш өглөө нь буюу 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 08.00 цаг өнгөрч байхад нөхөр Х хамт гарч явсан.  Харин  аав ээж хоёр тэднийд үлдсэн. 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 16.00 цагийн орчимд намайг ажил дээрээ байх үед төрсөн дүү П.Т утсаар яриад ээж зүүн гараа автобусны хаалганд хавчуулаад хугалчихсан байна гэж  ярьсан. Тэрнээс ослын талаар мэдэх юм алга байна гэжээ. /хх-ийн 45/

Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай нөхөр түргэн ууртай боловч цагаахан сэтгэлтэй. 2003 онд нэг удаа ял шийтгүүлж байсан юм. Бид хоёрын дундаас хүү охин хоёр төрсөн. Манай нөхөр архи тамхи хэрэглэдггүй юм гэжээ. /хх-ийн 46/

           Гэрч З.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Аж ахуйн нэгж байгууллага нь тухайн тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, арчилгааг хариуцдаг бөгөөд ашиглалтын явцад автобусанд суурьлагдсан хяналтын камерын төхөөрөмж болон хард диск нь дахин ашиглах боломжгүйгээр гэмтэж эвдэрч байсан тул Эрдэм транс ХХК-ний удирдлагуудтай тохиролцон нийт 157 автобусны хяналтын бичигч төхөөрөмж болон SD картыг бүрэн шинэчлэн хүлээлгэн өгөхөөр 2017 оны 9 дүгээр сараас суурьлуулалтын ажлыг эхэлж 2017 оны 12 дугаар сард ашиглалтанд хүлээлгэн өгсөн юм. Тухайн хугацаанд 5 автобусны хяналтын камерын бичигч төхөөрөмжийг туршсан бөгөөд дээрх үлдэгдэл автобуснууд нь SD картгүй байсан болох нь үнэн болно. Манайх Эрдэм транс ХХК-д аль нэг автобусны хяналтын камерын бичигч төхөөрөмж ажиллахгүй байгаа тохиолдолд манай байгууллагад мэдэгдэж засварлуул гэж хэлж байгаа. Гарсан зардалыг нь аж ахуйн нэгж байгууллага өөрөө хариуцаж байгаа юм гэжээ. /хх-ийн 49/

      Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 50/

     Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 12574 тоот акт дүгнэлтэд:

1.Н.Оюуны биед зүүн шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ.  / хх-н 51/

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 52,53-54/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 55 /

         644 дүгээр шинжээчийн дүгнэлтэд:

1.Хьюндай Аэро Сити 540 маркийн 05-71 УНМ улсын дугаартай автобусны жолооч Н овогтой М нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2 заалт “Жолооч нь тээврийн хэрэгсэлээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Зорчигч Н овогтой О нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна.

3.Зам тээврийн осол гаргахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн эсэх нь тогтоогдохгүй байна гэжээ. /хх-ийн 56/

           Карт эзэмшигчийн дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 65-74/

           Н.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 61/

    Н.М эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 62-63/      

    Н.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 71/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 85/, жолоочийн лавлагаа /хх-н 86, 102Н/ оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх-н 94/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 99-101 зэрэг болно.          

          Шүүгдэгч  Н.М нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 13.00 цагаас 14.00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Халдвартын эцсийн буудлын замд Эрдэм транс ХХК-ний эзэмшлийн Хьюндай Аеро Сити-540 маркийн 05-71 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-д заасан “Жолооч тээврийн хэрэгсэлээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч Н.О хаалганд хавчиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

          дээрх автотээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

         Хавтаст хэргийн материалд авагдсан хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд, жолооч,  зорчигчийн мэдүүлэг зэргийг үндэслэхэд Н.М нь  Х.Аеросити 540 маркийн 05-71 УНМ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа   Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-д заасан “Жолооч тээврийн хэрэгсэлээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч Н.О хаалганд хавчиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,    дээрх автотээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь     Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 12574 тоот акт:

1.Н.О биед зүүн шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ.  / хх-н 51/

         644 дүгээр шинжээчийн дүгнэлт:

1.Хьюндай Аэро Сити 540 маркийн 05-71 УНМ улсын дугаартай автобусны жолооч Н овогтой М нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2 заалт “Жолооч нь тээврийн хэрэгсэлээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Зорчигч Н овогтой О нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна.

3.Зам тээврийн осол гаргахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн эсэх нь тогтоогдохгүй байна  гэсэн дүгнэлт /хх-ийн 56/

             Хохирогч  Н.О  мөрдөн  шалгах ажиллагаанд мэдүүлсэн: 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 11.00 цаг өнгөрч байхад би нөхөр П.П хамт 21 дүгээр хорооллын Содон хороололд урд өдөр нь хүргэнийдээ очиж хоноод Нарантуул зах орох зорилгоор автобусны буудал руу алхаж очоод 12.00 цагийн орчимд Халдварт-Зүүн салаа чиглэлийн автобусанд суусан. Тэгээд Халдвартын эцсийн автобусны буудал дээр буух гэтэл хүмүүс ихтэй, автобусны жолооч нь хоёр хаалгаа хоёуланг нь онгойлгосон байсан ба голын хаалгаар би буух гэсэн боловч урд талын хаалгаар хүмүүс буугаад байхаар нь нөхөр ч урд хаалгаар бууя гэхээр нь үгэнд нь ороод урд хаалгаар буух  гэж байтал жолооч нь урд талын хаалгаа хаасны улмаас миний бие хаалганд хавчуулагдсан. Тэгэхээр нь би хаалгаа онгойлго гэж хэлсэн чинь намайг яах гэж урд талын хаалгаар буух гэж байгаа юм бэ, хохчино гэж хэлээд хаалгаа онгойлгосон. Тэгээд би автобуснаас буухад миний гар цүнх газар унаад эд зүйл тарчихсан байсан. Тэгэхээр нь би гар цүнхний юмнуудаа цуглуулаад байж байтал араас нөхөр маань бууж ирсэн. Ингээд миний зүүн гар өвдөөд байхаар нь бид хоёр шууд гэмтлийн эмнэлэг рүү очиж зүүн гараа гипсдүүлсэн. Тэр үед бид хоёр тухайн автобусны улсын дугаарыг нь харж чадаагүй ба харин 13-171 гэсэн дугаарыг нь л харж чадсан юм. Автобусны жолооч нь 30 гаран насны эрэгтэй хүн байсан санагдаж байна. Миний зүүн гар хугарсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байхгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 37/

            Иргэний хариуцагч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 13-171 дугаартай автобусны жолооч Н.М нь зам тээврийн осол хэрэг үйлдсэнийг тухайн үед мэдээгүй. Харин 10 дугаар сарын сүүлчээр манай албаны шуурхай мэдээлэл дээр гомдол ирж бичиг баримтаа Замын цагдаагийн газарт хураалгасан тухай мэдсэн. Энэ талаар жолоочоос асууж тодруулахад зорчигчийг автобусны хаалгаар хавчиж газар унагаж чирсэн тухай зорчигчийн гомдол гаргасан гэдэг худлаа ташаа байсан гэж мэдүүлж байсан. Автобусны хаалганд гараа  хавчуулсан талаар бидэнд амаар тайлбар гаргаж байсан. Тэгээд ямар ч байсан зам тээврийн осолд холбогдсоныг мэдсэн. Уг автобус бол манай байгууллагын эзэмшлийн автобус. Н.М автобус жолоодох зөвшөөрөл өгсөн. Н.М хувиарын дагуу ажил үүргээ гүйцэтгэж явсан. Уг автобусанд ослын улмаас ямар нэгэн эвдрэл гэмтэл учирсан зүйл байхгүй. Манай байгууллагын жолооч нар даатгалд хамрагдсан байгаа. Иймд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болох нь техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд манай байгууллагын зүгээс даатгалын байгууллагаар хохирлыг гаргуулж өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31/

        Гэрч П.П мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 11.00 цаг өнгөрч байхад эхнэр Н.О бид хоёр 21 дүгээр хорооллын Содон хороололд хүргэнийдээ хоночихоод тэндээс Нарантуул зах орохоор автобусны  буудал дээр алхаж ирсэн. Тэгээд бид хоёр 12.30 цагаас 13.30 цагийн хооронд Халдвартын эцсийн буудал дээр буух гэтэл хүмүүс урд болон хойд талын хаалгаар зэрэг буугаад байсан. Энэ үед манай эхнэр урд талын хаалганы хажууд байх сандал дээр ганцаараа суучихсан, харин би зогсож байсан юм. Тэгтэл урд талын хаалгаар хүмүүс буугаад байхаар нь би эхнэрийгээ энэ урд талын хаалгаар буучих гэж хэлсэн.Эхнэр маань тухайн  автобусны урд талын хаалгаар буух тэр мөчид автобусны жолооч нь манай эхнэрт уурлаад хойд талын хаалгаараа буугаачээ гэж хэлээд урд талын хаалгаа хаачихсан. Гэтэл эхнэр маань автобусны урд талын хаалганд гараа хавчуулсан. Автобусны зааланд байсан хүмүүсээс наад хүнийхээ гарыг хугаллаа гэж хэлсэн чинь жолооч нь урд талыхаа хаалгыг онгойлгосон. Тэгээд би урд талын хаалгаар буухад араас хэсэг хүмүүс буусан. Би эхнэрээсээ зүүн гар нь яаж байна гэж хэлээд эргээд харсан чинь автобус яваад өгчихсөн. Би автобусны улсын дугаарыг хараагүй харин 13-171 гэсэн дугаарыг нь олж хараад цээжилсэн. Бид хоёр эргэж автобусанд суугаад гэмтлийн эмнэлэг орсон. Гэтэл зүүн гар нь хугарсан байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40/  зэрэг болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.                             

         Шүүгдэгч Н.М нь жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, гэмт хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

         Иймд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,  гэмт хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайг  тогтоож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д  заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Шүүгдэгч Н.М шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул хохирогчид учирсан хохирлын 200.000 төгрөгийг  нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

        Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Н.Машбат нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

       Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Амбий овогт Нэргүйн М  автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, гэмт хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д  зааснаар  шүүгдэгч Н.М 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр /таван зуун мянган/, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр /таван зуун мянган төгрөгөөр/ торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нийт эдлэх ялыг 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.М  нь торгох ялыг  1 /нэг/ жилийн  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан                       Н.М нь  торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

6. Н.М  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Н.М хувийн баталгаа гаргах тухай   таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

9.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.М 200.000 төгрөг гаргуулж хохирогч  Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 08-234 тоотод оршин суух /ОЭ54042203 регистрийн дугаартай/ Н.О олгосугай.

       10.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Н.М авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН