Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/1187

 

 

 

 

 

2022              12            15                                       2022/ДШМ/1187                                  

 

Х.Б-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч Х.Б-э, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/695 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2210006910528 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-э,

 

Шүүгдэгч Х.Б-э нь 2022 оны 3 дугаар сарын 04-ний шөнө Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Зайсангийн гүүрний орчимд А.М-г гар утас авсан гэх шалтгаанаар үсдэж, толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Х.Б-эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Б-ээс 530.000 /таван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч А.М-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч А.М-н нэхэмжлэлээс 72.000 /далан хоёр мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Б-эд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Б-э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдож үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх, мөн хохирогч А.М-д шүүхээс олгохоор шийдвэрлэсэн 530.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, торгох ял оногдуулан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Б-э нь өөрөө ажил, хөдөлмөр эрхэлдэг ба БНХАУ-ын Шанхай хотын их сургуульд суралцдаг ба одоогийн байдлаар цахимаар өдрийн цагаар хичээлээ үздэг. Иймд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрч байugg тул торгох ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Х.Б-э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс Х.Б-эд холбогдох хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Х.Б-эд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Х.Б-э нь 2022 оны 3 дугаар сарын 04-ний шөнө Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Зайсангийн гүүрний орчимд А.М-г “гар утас авсан” гэх шалтгаанаар үсдэж, толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, зүүн чихний ар, баруун шуу, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч А.М-н “...машин дотор байхад Б-э намайг хойноос үсдээд “миний гар утсыг аваад ир” гэж орилоод миний үсийг машины голын тавиур дээр тохойгоороо дарж байгаад толгойд хэд хэдэн удаа хүчтэй цохиод байсан. Н-э “болиоч ээ” гээд салгах гэсэн чинь Б-э цохиод авсан. Н-э миний хамрыг хугалчихлаа гээд уйлаад, орилоод эхэлсэн. Тэгээд дахиад намайг цохиод байхаар нь би “болиоч ээ” гээд хэлсэн чинь “яанаа намайг уучлаарай “гэхээр нь би “чи яагаад байгаа юм бэ” гэхэд дахиад л цохиод эхэлсэн, тэгээд намайг цохиж байхад нь Н-э болиулах гээд хичээсэн, тэгсэн чинь Б-э дахиад Н-ийг үсдээд дарсан...манаач ах хүрч ирээд ах нь цагдаа дуудчихсан шүү гэж хэлсэн. ...” /1хх 14-16/,

гэрч Ч.Н-ийн “...Х.Б-э “болиоч зүгээр бай” гээд гараараа түлхээд М- буухгүй гээд суугаад байсан. Тэр хоёр ойролцоогоор 10 минут гаран муудалдсан. Тэр хоёр бие биеэ түлхэлцэж, таталцаад хоорондоо ноцолдоод байсан. Б-э М-г хальт үсдэж байгаа харагдсан. ...” /1хх 25-27/,

гэрч Б.М-ын “...манай объектын урд талын зогсоол дээр “Toyota prius 41 загварын машин дотор хүмүүс шуугилдаад согтуу хэрэлдэцгээгээд, орилж, чарлаад байсан. ...манай объекттой хамааралгүй болохоор тоолгүй өнгөрчихсөн. Удалгүй тээврийн хэрэгсэл дотроос нэг өндөр охин гараад над руу гүйж ирээд манай найз бид хоёрыг тэр залуу зодоод байна, та цагдаа дуудаад өгөөч, найзыг машинаас аваад өгөөч гэж хэлсэн. Яваад очсон чинь зодуулж байсан махлагдуу охин нь гараад ирсэн. Би нөгөө нүдний шилтэй залууд “ахын дүү ингэж болохгүй, чи эмэгтэй хүнд гар хүрч болохгүй, чамайг ингээд байвал цагдаа дуудаж өгнө” гэж хэлсэн чинь согтуу машинаа унаад хүчтэй хаазлаад яваад өгсөн. ...” /1хх 29-30/,

Х.Б-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...би М-гийн үснээс нь зулгаасан, түлхсэн байж магадгүй. ...” /хх 45-46, 60-61/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...А.М-н биед тархи доргилт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шанаа, зүүн чихний ар, баруун шуу, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3830 дугаар дүгнэлт /хх 38-39/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Х.Б-э гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Х.Б-ийн хохирогч А.М-г үсдэх, толгойн тус газар нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Шүүгдэгч Х.Б-э давж заалдсан гомдолдоо: “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн ба ингэхдээ тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдож үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг иш татсан байна.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

            Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

         

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б-ийн “ял өөрчлүүлэх тухай” гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           

Шүүгдэгч Х.Б-э нь хохирогч А.М-н Хаан банкны **** тоот дансанд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 530.000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/695 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Х.Б-э нь хохирогч А.М-д 530.000 /таван зуун гучин мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН