Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2024/0474

 

 

  

 

       2024        06          03                                 128/ШШ2024/0474

 

      

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,                                                                                              

Нэхэмжлэгч: “*******” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татвар хяналт, шалгалтын татварын улсын байцаагч С.Г*******, Б.Э*******

Маргааны төрөл: нь Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч С.Г*******, Б.Э******* нарын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот нөхөн ногдуулалтын актын “зарим хэсгийг буюу 2019 оны 04 дүгээр сарын 15-аас 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд ачигдсан 24,712.46 тонн төмрийн хүдрийн баяжмалд АМНАТ нөхөн тогтоож 4,673,176,885.28 төгрөгийн зөрчил гэж үзэж ногдуулсан 238,790,377.17 төгрөгийн нөхөн татвар, 71,637,113.15 төгрөгийн торгууль, 47,758,075.44 төгрөгийн алданги, нийт 358,185,565.76 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн  маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч С.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:  

Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч С.Г*******, Б.Э******* нарын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот нөхөн ногдуулалтын актын “зарим хэсгийг буюу 2019 оны 04 дүгээр сарын 15-аас 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд ачигдсан 24,712.46 тонн төмрийн хүдрийн баяжмалд АМНАТ нөхөн тогтоож 4,673,176,885.28 төгрөгийн зөрчил гэж үзэж ногдуулсан 238,790,377.17 төгрөгийн нөхөн татвар, 71,637,113.15 төгрөгийн торгууль, 47,758,075.44 төгрөгийн алданги, нийт 358,185,565.76 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “*******" ХХК нь татварын улсын байцаагч С.Г*******, Б.Э******* нарын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг энэ сарын 04-ний өдөр гардан аваад Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.18-д "Маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрийг зөвхөн шүүхийн шийдвэрээр өөрчилнө" мөн зүйлийн 47.19-д "Татвар төлөгч нь Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй" гэж заасныг тус тус үндэслэн захиргааны журмаар шүүхэд гомдол гаргаж байна. "*******" ХХК нь 2013 оноос эхлэн Хэнтий аймгийн Б******* суманд төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулалт буюу боловсруулах үйл ажиллагаа явуулж байна. Манай компани ашигт малтмал олборлох уул уурхайн үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд бусад ААН болон энэ төрлийн бизнес эрхлэгч нарын төмрийн хүдрийг боловсруулж баяжуулдаг юм. Хэдийгээр экспорт нь "*******" ХХК-ийн нэр дээр гарж байгаа хэдий ч дараах зардлуудыг баяжуулалт хийлгэж буй харилцагчид маань гаргадаг болно. Үүнд: Уурхайгаас гарч буй түүхий хүдрийн төлбөр, уурхайгаас хуурай аргаар баяжуулах үйлдвэр хүртэлх тээврийн төлбөр болон хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн ажлын хөлс, хуурай аргаар баяжуулах үйлдвэрээс нойтон аргаар баяжуулах үйлдвэр хүртэлх тээврийн төлбөр болон баяжуулалтын ажлын хөлс, нойтон аргаар баяжуулах үйлдвэрээс Б*******ийн төмөр замын өртөө хүртэлх тээврийн төлбөр, Б******* өртөөнөөс БНХАУ-ын Эрээн хот хүртэлх вагоны тээврийн төлбөрийг төлдөг. Энэ бүхнээс манай компанийн олох орлого бол зөвхөн нойтон аргаар боловсруулсан үйлдвэрийн ажлын хөлс байдаг болно. Манай компани нь экспортоос орлого олдоггүй ба зөвхөн төмрийн хүдрийн баяжуулалтаас орлого олж, дотооддоо ажлын байр бий болгон нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж ирсэн гэдгийг онцгойлон дурдмаар байна. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 3 дугаар сарыг 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 47 дугаар зүйлийн 47.1-д "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд... нь ашиг малтмал нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө" гэж өөрчлөн найруулсныг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Татварын улсын байцаагч нарын акт 2019 оны 04 дүгээр сарын 15-аас 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд үйлдвэрлэн гаргасан бүтээгдэхүүнд төлбөр нөхөн ногдуулж хариуцлага тооцсон байдаг. Гэтэл татварын улсын байцаагч нар нэгэнт Үндсэн хууль зөрчсөн зохицуулалтыг хүчингүй болох өдөр нь хүртэл нь хэрэглэж татвар нөхөн ногдуулалт хийж акт үйлдсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч нар Үндсэн хууль "зөрчсөн", "хүчингүй" болсон хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэглэлгүйгээр өмнөх өөрчлөлт ороогүй байсан хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй хууль хэрэглээний ноцтой алдаа зөрчил гэж үзнэ. Иймд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татвар хяналт шалгалтын хэлтсийн Татвар хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Г*******, Б.Э******* нарын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаартай нөхөн ногдуулалтын актын 2019 оны 04 дүгээр сарын 15-аас 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд ачигдсан 24,712.46 тонн төмрийн хүдрийн баяжмалд АМНАТ нөхөн тогтоож 4,673,176,885.28 төгрөгийн зөрчил гэж үзэж ногдуулсан 238,790,377.17 төгрөгийн нөхөн татвар, 71,637,113.15 төгрөгийн торгууль, 47,758,075.44 төгрөгийн алданги, нийт 358,185,565.76 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

           Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “*******" ХХК нь 2019 онд 24,712.46 тн 2,336,588,442.64 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн хүдэр, баяжмалыг БНХАУ-д экспортод гарган борлуулахдаа ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөрийг ногдуулж, тайлагнаагүй нь Ашигт малтмалын тухай хууль /2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулснаар/- ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2, 47.2, 47.2.1, 47.3, 47.3.3, 47.5, 47.8, дахь заалтыг зөрчсөн тул 238,790,377.18 төгрөгийн нөхөн татвар, 71,637,113.15 төгрөгийн торгууль, 47,758,075.44 төгрөгийн алданги ногдуулсан. Татварын албаны хөндлөнгийн мэдээллийн сан дахь гаалийн экспортын мэдээгээр "*******" ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд нийт 30,994.0 тн төмрийн хүдрийн баяжмалыг БНХАУ-д экспортолсон байна. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 47 дугаар зүйлийн 47.1-д "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэж өөрчлөн найруулж баталсан. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хууль нь Төрийн мэдээлэл сэтгүүл (2019.03.28-ны өдрийн №13/1066/)-д хэвлэгдсэн өдрөөс 10 хоногийн дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот тогтоол гарсан хүртэлх хугацаанд хэрэгжсэн. Мөн Монгол улсын Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 47 дугаар зүйлийн "47.1. Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:, 47.1.2.ашигт малтмал экспортолсон этгээд; гэж өөрчлөн найруулж, мөн өдөр /2019 оны 11 сарын 22/-ийн баталсан Ашигт малтмалын тухай хуулийг Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш дагаж мөрдөхөөр заасан. Иймд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө" гэсэн заалт, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн "47.1. Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.2.ашигт малтмал экспортолсон этгээд" гэсэн хуулийн заалтуудыг үндэслэл болгон "*******" ХХК-ийн 2019 онд БНХАУ-д экспортолсон нийт 30,994.0 тн төмрийн хүдрийн баяжмалаас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд БНХАУ-д экспортолсон 6,281.5 тн төмрийн хүдрийн баяжмалд АМНАТ тооцоолгүй хасаж, харин 2019 оны 04 дүгээр сарын 15-аас 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд экспортолсон 24,712.46 тн төмрийн хүдрийн баяжмалд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулж хариуцлага тооцсон” гэжээ.

           Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “"*******" ХХК нь нойтон аргаар төмрийн хүдрийг баяжмал хэлбэрт оруулах үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгч компани өөрөө ашигт малтмал олборлодоггүй, тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Харин бусад этгээдүүдийн гэрээний үндсэн дээр төмрийн хүдрийг баяжуулж, боловсруулах үйл ажиллагаа явуулдаг компани юм. Төмрийн хүдэр боловсруулах ажлын хөлсөнд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 24712 тонн төмрийн хүдрийн баяжмалыг экспортод гаргасан нь гаалийн байгууллагын экспортын мэдээгээр нотлогдож байгаа. Төмрийн хүдрийн баяжмалыг экспортод гаргасан нь "*******" ХХК Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх нөхцөлийг хангасан. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасны дагуу "экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан" гэж заасны дагуу уг компанийн экспортод гаргасан төмрийн хүдрийн баяжмалд олон улсын зах зээлийн үнэ, эх сурвалжийг ашиглан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, борлуулалтын үнэлгээг тооцсон. Хувь хэмжээний тухайд 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасны дагуу 5 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулаад, татвар төлөх үүргээ биелүүлээгүй, тайлагнаагүй зөрчилд нь төлбөл зохих нөхөн татварыг ногдуулж, торгууль, алданги тооцсон татварын улсын байцаагчийн акт үйлдсэн. Нэхэмжлэгч компани нь тоо, хэмжээтэй маргаагүй. Шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч өөр компаниудаас ажлын хөлсөнд төмрийн хүдэр авдаг. Төмрийн хүдэр олборлосон хуулийн этгээдүүд нь ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлж байгаа юм. Харин нэхэмжлэгч авсан төмрийн хүдрийг баяжуулж төмрийн хүдрийн баяжмал болгон экспортолж байгаа нь Засгийн газрын 193 дугаар тогтоолд зааснаар хүдэр, баяжмал, бүтээгдэхүүн гэх аль ангилалд хамаарч байгаагаас шалтгаалан зах зээлийн үнэ өөр өөр байх юм. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар ашигт малтмалыг худалдахаар ачуулсан, худалдсан этгээд татвар төлөгч байхаар заасан. Хэдийгээр уг хуулийн заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор хүчингүй болгох шийдвэр гарсан хэдий ч тус хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан тул нэхэмжлэгчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан улсын байцаагчийн акт нь үндэслэлтэй юм. Энэ талаарх маргааныг Улсын дээд шүүх хууль хэрэглээний хувьд хянаж хуулийг зөв хэрэглэж тайлбарлах кейсүүд байгаа юм.” Гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч “*******” ХХК нь Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч С.Г*******, Б.Э******* нарын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот нөхөн ногдуулалтын актын “зарим хэсгийг буюу 2019 оны 04 дүгээр сарын 15-аас 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд ачигдсан 24,712.46 тонн төмрийн хүдрийн баяжмалд АМНАТ нөхөн тогтоож 4,673,176,885.28 төгрөгийн зөрчил гэж үзэж ногдуулсан 238,790,377.17 төгрөгийн нөхөн татвар, 71,637,113.15 төгрөгийн торгууль, 47,758,075.44 төгрөгийн алданги, нийт 358,185,565.76 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан.

Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч С.Г*******, Б.Э******* нарын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот нөхөн ногдуулалтын актаар "*******" ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нийт 430,343,312.48 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон байна.

Дээрх ******* тоот Нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрөн “*******” ХХК нь Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх ба тус Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19 дугаар тогтоолоор ******* тоот Нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж шийдвэрлэсэн байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үүнийг тайлбарлавал:

Нэхэмжлэгч нь “...Манай компани ашигт малтмал олборлох уул уурхайн үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд бусад ААН болон энэ төрлийн бизнес эрхлэгч нарын төмрийн хүдрийг боловсруулж баяжуулдаг юм. Хэдийгээр экспорт нь "*******" ХХК-ний нэр дээр гарч байгаа хэдий ч дараах зардлуудыг баяжуулалт хийлгэж буй харилцагчид маань гаргадаг болно. ... Энэ бүхнээс манай компанийн олох орлого бол зөвхөн нойтон аргаар боловсруулсан үйлдвэрийн ажлын хөлс байдаг болно. Манай компани нь экспортоос орлого олдоггүй ба зөвхөн төмрийн хүдрийн баяжуулалтаас орлого олж, дотооддоо ажлын байр бий болгон нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж ирсэн гэдгийг онцгойлон дурдмаар байна. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 3 дугаар сарыг 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 47 дугаар зүйлийн 47.1-д ...гэж өөрчлөн найруулсныг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. ... татварын улсын байцаагч нар нэгэнт Үндсэн хууль зөрчсөн зохицуулалтыг хүчингүй болох өдөр нь хүртэл нь хэрэглэж татвар нөхөн ногдуулалт хийж акт үйлдсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч нар Үндсэн хууль "зөрчсөн", "хүчингүй" болсон хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэглэлгүйгээр өмнөх өөрчлөлт ороогүй байсан хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй хууль хэрэглээний ноцтой алдаа зөрчил гэж үзнэ...” гэсэн үндэслэлээр маргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө.” гэж заасан байсныг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө." гэж өөрчлөн найруулсан байна.

Дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон байна.

Улмаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг

"47.1.Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:

47.1.1.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч;

47.1.2.ашигт малтмал экспортолсон этгээд;

47.1.3.Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд гэж өөрчилсөн байна.

Дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын өөрчлөлтүүдээс үзэхэд, уг зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон хэдий ч тус 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоол гарах хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөх үүрэгтэй.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг Үндсэн Хуулийн Цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон тул дээрх хугацаанд уг хуулийн заалтуудыг дагаж мөрдөх үүрэггүй гэж нэхэмжлэгч маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Иймээс дээр тайлбарласан үндэслэлээс үзэхэд,

“Манай компани нь ашигт малтмал ашиглах олборлох тусгай зөвшөөрөл байхгүй, ашигт малтмал олборлох уул уурхайн үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд бусад ААН болон энэ төрлийн бизнес эрхлэгч нарын төмрийн хүдрийг боловсруулж баяжуулдаг юм. Хэдийгээр экспорт нь “*******” ХХК-ний нэр дээр гарч  байгаа хэдий ч манай компанийн олох орлого бол зөвхөн нойтон аргаар боловсруулсан үйлдвэрийн ажлын хөлс байдаг болно. Манай компани нь экспортоос орлого олдоггүй ба зөвхөн төмрийн хүдрийн баяжуулалтаас орлого олж, дотооддоо ажлын байр бий болгон нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг, бусад аж ахуйн нэгжүүдийн олборлосон төмрийн хүдрийг зөвхөн боловсруулж баяжуулдаг ба экспорт нь манай компанийн нэр дээр гарсны улмаас манай компани ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх ёсгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19 дүгээр тогтоолын үндэслэх нь хэсэгт “Татварын улсын байцаагчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахдаа 2019 оны экспортолсон нийт 30,994.0 тонн төмрийн хүдэр, баяжмалаас 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл буюу хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэг үүсээгүй байх хугацаанд экспортолсон 6,281.5 тонн төмрийн хүдэр, баяжмалд төлбөр ногдуулаагүй байна.” гэж заасан байх ба маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг татварын улсын байцаагчид гаргахдаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хууль Төрийн мэдээлэл сэтгүүл нийтлэгдэж хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд экспортолсон төмрийн хүдрийн баяжмалд төлбөр ногдуулаагүй байгааг шүүх тэмдэглэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, татварын улсын байцаагчдын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот нөхөн ногдуулалтын актаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдэж хүчин төгөлдөр болсноос хойших хугацаанд экспортолсон төмрийн хүдэр, баяжмалд төлбөр ногдуулсан байх тул тус ******* тоот нөхөн ногдуулалтын акт нь үндэслэлтэй байна.     

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Шүүх хуралдааны ирцийн тухайд:

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчид шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантайг нотлох хүсэлт, баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгч талыг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-д “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу тус хэргийг хянан шийдвэрлэсэн болно.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч С.Г*******, Б.Э******* нарын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот Нөхөн ногдуулалтын ногдуулалтын актын зарим хэсгийг буюу 2019 оны 04 дүгээр сарын 15-аас 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд ачигдсан 24,712.46 тонн төмрийн хүдрийн баяжмалд АМНАТ нөхөн тогтоож 4,673,176,885.28 төгрөгийн зөрчил гэж үзэж ногдуулсан 238,790,377.17 төгрөгийн нөхөн татвар, 71,637,113.15 төгрөгийн торгууль, 47,758,075.44 төгрөгийн алданги, нийт 358,185,565.76 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.БАТЗОРИГ