Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 11

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ                                                                                                                     

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр 

Шүүгдэгч Б.М, Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М, Б.Н нарт  холбогдох эрүүгийн 1730001660126 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, мэргэжилгүй,  ам бүл 4, , ял шийтгэлгүй,  Б.М.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, мэргэжилгүй,  ам бүл 3, ял шийтгэлгүй,  Б.Н.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Б.Н, Б.М нар нь  бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “К” ХХК-ны туслан гүйцэтгэгч  “О” өрмийн компанийн ажилтан С.Быг ажил үүргээ гүйцэтгэж байхад  үйл ажиллагаагаа зогсоохыг шаардан түүнд хүч хэрэглэн, буу тулгаж заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                  ТОДОРХОЙЛОХ нь:

  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 -Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 08-нд Нтэй уулзаж бензин асуухад байхгүй гэсэн. Тэгээд Онгон сумаас шөнө гараад Пынх руу  явж байтал гэрэл гараад байхаар нь  очиход ураны өрөмдлөг хийж байсан.Тэнд ажиллаж байсан Бтай уулзаж адууны бэлчээр дээр  үйл ажиллагаа явууллаа гэж маргасаж бид хоёр сүрдүүлсэн гэв.  

 

-Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 08-нд М ах  манайд ирж 2 шил архи уугаад Онгон сум  орж бензин авъя тэгээд Па ахынхаар орно гээд явж байтал гэрэл гарахаар нь  тийшээ очиход ураны хайгуул хийж байсан. Тэнд очоод яаж байгаа юм гэтэл уран олборлож байна гэсэн. Наадах чинь манай адууны бэлчээр гэж хэлээд маргалдаж.  Т ах нөгөө юм аа аваад ир гэсэн. Архи гэж хэлсэн байсныг би буруугаар ойлгож буу авч гарч ирсэн. Б утсаа аваад гарч ирэхээр нь явъя гээд явсан гэв.  

 

-Хохирогч С.Бы мөрдөн байцаалтанд өгсөн:  “...2017 оны 11 дүгээр сарын 08-нд 17 цаг 30 минутын үед өрмийнхөө ангар дотор байж байхад гадаа машин сигналдахаар нь гараад очтол бараан өнгийн машинаас 5 залуу бууж ирээд та нарыг энд хэн ажилла гэсэн юм, наадхаа унтраа гэсэн. Бид нар мэдэхгүй байна, та нар дарга нартай очоод уулзчих гэхэд “хаана байгаа юм” гэхээр нь  баруун урд харагдаж байгаа гэрэл  гэж хэлсэн. Тэгтэл дарга нарынхаа байгаа газрыг зааж өг, суугаад яв  гээд байсан. Би явж чадахгүй  гэж хэлтэл “муу сайн хулгайч нарыг алаад өгье” гээд хар даавуун куртиктэй жижгэвтэр, махлагдуу биетэй залуу хэлээд нөгөөдхөө аваад ир гэсэн чинь шаргал өнгийн куртик өмссөн залуу машин руугаа гүйж очоод буу авч ирээд гартаа доошоо бариад зогссон чинь хажууд  нь байсан хар өнгийн богино савхин куртик өмссөн ойролцоогоор 175 орчим см өндөртэй залуу миний бөлдөг рүү өшиглөчихсөн. Тэгээд би буцаж гүйж ангар руу ороод утсаа аваад гараад иртэл хөдлөөд баруун урагшаа явсан. Би арын дугаарыг  харах гэсэн боловч гэрэлгүй байсан. Уг машин баруун урагшаа явж байгаад  эргэж буцаад тойроод байснаа урагшаа яваад алга болсон. Тэр залуучуудыг цагдаа нар олж ирээд надтай уулзуулж бид нар эвлэрсэн. Тухайн үед намайг өшиглөсөн гэх хүнийг М гэж байсан. Мөн машинаас буу аваад  гарч ирсэн залууг Н гэж байсан. Миний биед гэмтэл учраагүй болохоор надад гаргах гомдол санал байхгүй гэх мэдүүлэг  /хх-ийн 07-08-р хуудас/

 

-Гэрч Э.Сийн мөрдөн байцаалтанд өгсөн:  “...2017 оны 11 дүгээр дүгээр сарын 08-ны өдөр сумын төвөөс М ахын хамт 27-11 СҮА улсын дугаартай машинтай Нгийн хөдөө байдаг гэррүү 11 цаг өнгөрөөгөөд очсон. Тэгээд хонь ялгалцаж байгаад М ахын сумын төвөөс авчирсан 0,75 граммын 2 шил архийг Т, М, Н, Бо нар хувааж уусан С бид хоёр уугаагүй. 17 цагийн үед хонио ялгаж дуусаад М ах суманд А92 байхгүй байгаа Онгон сум руу явчихаад ирье гээд архи уугаагүй Соор машинаа бариулаад өөрөө хажууд нь суугаад арын суудал дээр Т, Бо, Н бид нар суусан. М ах Н чамд буу байгаа биздээ тэрийгээ авчих замдаа зээр таарвал буудъя гэж хэлээд Нгийн гэрээс ТОЗ-8 маркийн буу авчирсан. Шууд Онгон сум руу 17 цагийн үед ороод бензин аваад дэлгүүр рүү Т, Бо, М нар орж 4 шил 0,75 граммын Ерөөл архи авсан. Тэгээд явж байтал замын зүүн талд гэрэл харагдсан чинь бид хэд айл байна өнгөрчих шиг боллоо гээд буцаад очиход ураны хайгуул хийж байгаа өрөм байсан.  Би машиндаа үлдээд бусад нь буусан. Цаад өрөмнөөс  нэг залуу гараад ирэхэд  М ах юм яриад байсан. Тэгтэл Н машинд орж ирээд буугаа   авч гараад   хэсэг байж байснаа бүгд орж ирээд явцгаасан. Би тухайн үед машинаасаа буумааргүй санагдаад буугаагүй. С бид 2 архи уугаагүй. Т, М, Бо Н нар хөдөө 2 шил 0,75 граммын архи,  Онгон сумаас гарахдаа 1 шил 0,75 граммын архи ууцгаасан болохоор согтолттой байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 10-11-р хуудас/

 

-Гэрч Э.Зын мөрдөн байцаалтанд өгсөн:  “...Б ах орж ирээд гадаа машинтай 6 хүн ирээд надад буу тулгаад намайг цохисон гэсэн...” гэх мэдүүлэг  /хх-ийн 14-15-р хуудас/

 

-Гэрч О.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн:  “...2017 оны 11-р сарын 08 ны үдийн хойно 18 цагийн үед өрмийн ангар дотор  байхад гаднаас ногоон дээлтэй 20 гаран насны дугуй бор царайтай архи нилээн уусан залуу орж ирээд надтай сайн байна уу гэж мэндлэхээр нь сайн гэсэн чинь ухаад л байна уу гэхээр нь ухаад л байна гэсэн. Тэгээд даарч байна уу гэсэн гайгүй гэж хэлтэл хаана ухаж байгааг чинь харж болох уу гэсэн. Харж болно гэж хэлсэн. Тэгсэн доошоо янз бүрийн бодис хийгээд л байна уу гэхээр нь тийм юм байхгүй бид нар өрөмдөж нүх гаргадаг үүрэгтэй хүмүүс гэсэн. Тэгтэл гадаа хүмүүс шуугилдаад эхэлсэн гараад очтол ногоон дээлтэй залуугаас тусдаа 4 залуу зогсож байсан. Б амбаар руу гүйж байхаар нь “яасан бэ” гэсэн чинь “ална, хядна” гээд байна шүү дээ гэсэн. Уг залуучууд дээр очоод хартал 175 см орчим өндөртэй ахимаг насны залуу байхаар нь “бид нар бол ажил хийж байгаа ядарсан хүмүүс, та нар  өрөмдүүлж байгаа хүмүүстэй нь  очоод уулз” гэж хэлтэл дарга нар чинь хаана байдаг юм гэсэн. Баруун урд байгаа кемп дээр байгаа гэсэн чинь савхин куртиктэй залуугийн ард зогсож байсан нэг залуу нь “очиж дарга нарыг нь алцгаая” гээд машиндаа бүгд суугаад явсан. Би кемп рүү залгаж бид нар дээр сая согтуу буутай хүмүүс ирээд та нартай уулзана гээд явлаа шүү гэж хэлсэн. Уг залуучууд намайг зодож цохисон болон айлгаж сүрдүүлсэн зүйл байхгүй. Миний анзаарсан 2 хүн ногоон дээлтэй болон савхин куртиктэй 2 хүнийг л харсан. Бусад хүмүүсийг анзаарч хараагүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 18-р хуудас/

 

-Гэрч Б.Сын мөрдөн байцаалтанд өгсөн:  “...2017 оны 11-р сарын 08-ны өдөр манайхтай ойрхон байдаг найз Нгийнх хонио ялгаад Т, Бо бид хэд очсон. Сумын төвөөс М ах өөрийнхөө 27-11 СҮА улсын дугаартай хөх саарал өнгийн Клугер маркийн машинтай Сийн хамт ирсэн. Тэгээд бид хэд хонио ялгаад Сэ бид 2-оос бусад нь М ахын авчирсан 2 шил 0,75 граммын архийг хувааж уусан. 17 цагийн үед хонио ялгаж дуусаад би хонь хөөгөөд ус руу явж байхад М ах Наран сум бензингүй байгаа,  Онгон сум руу яваад бензин аваад ирье чи архи уугаагүй юм чинь  машин бариад явчих гэхээр нь би машиныг  нь жолоодсон. Хажууд М ах, арын суудал дээр  Н, Т, Сэ, Бо нар суусан. Онгон сум ороод бензин авчихаад дэлгүүр дээр зогсож 4 шил 0,75 граммын Ерөөл архийг Т, Бо, М ах гурвуулаа ороод авч ирсэн. Тэгээд замаараа урагшаа явж байхад замын зүүн талд гэрэл гарахаар нь айлаасаа өнгөрөөд явчихлаа гэрэл рүү очьё гээд М ах хэлэхээр нь уг гэрэл рүү очсон. Тэгэхэд ураны хайгуул хийж байгаа хүмүүсийн өрөм байсан ба машинд Сэ үлдээд түрүүлээд М ах буугаад араас нь бид нар буусан чинь өрөмнөөс нэг залуу гарч ирсэн. Тэр залуугийн нэрийг нь Б гэдгийг сүүлд мэдсэн.  М ах “та нар адууны бэлчээр хордууллаа, үйл ажиллагаагаа зогсоо” гээд хэлсэн чинь Б бид нар мэдэхгүй, та нар дарга нартай очоод уулзчих гэсэн. Чи яваад зааж өг  гээд хэлтэл би  ажилтай байна,  баруун талд гарч байгаа гэрэл манай дарга нар байдаг газар гэж хэлсэн. Тэгтэл М ах “чи яахаараа зааж өгдөггүй юм” гээд Б гэх залууг өвдөглөсөн. Т ах “нөгөө юм аа аваад ир” гэсэн чинь Н машин руу очоод буу авч гарч ирээд доошоо чиглүүлээд зогссон. Тэгтэл Б өрөм рүүгээ яваад утсаар яриад байх шиг байхаар нь М ах явцгаая гээд явсан.   Т ах Нд “чамайг хэн буу авчир” гэсэн юм гээд М хүн өшиглөчихөөр нь ганц шил архи аваад ир хамт ууя гээд нөгөө юмаа аваад ир гэж байхад гэж хэлж байсан. Сэ бид 2 архи уугаагүй. Т, М, Бо,  Н нар хөдөө 2 шил 0,75 граммын архи Онгон сум орчихоод гарахдаа 1 шил 0,75 граммын архи ууцгаасан болохоор согтолттой байсан. Гэхдээ учиргүй хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байгаагүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 23-24-р хуудас/

 

-Гэрч Э.Тын мөрдөн байцаалтанд өгсөн:  “ Бид нар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хөдөө Нгийн гэрт хонь ялгаж байхдаа 2 шил 0,75 граммын Ерөөл архи уусан.М  сум руу явах гэж байснаа бензин байхгүй юм чинь Онгон сумруу яваад бензин авна гээд Соор машин бариулаад Сэ, Бо, М, Н бид нар 17 цагийн үед явсан. Онгон суманд очоод бензин авчихаад дэлгүүр орж 4 шил 0,75 граммын Ерөөл архи аваад урагшаа сум руугаа явж байгаад 5 дугаар заставын замаар ороод Па гэх айлаар ороод гаръя гээд явж байтал замын зүүн талд гэрэл гарахаар нь яваад очтол ураны өрөм байсан Сээс бусад нь буусан. Тэгтэл дотроос нэг залуу гарч ирэхэд М уг залуугаас юу хийж байгаа юм бэ гэхэд ураны хайгуул хийж байгаа юм гэсэн М  бид нар бэлчээргүй болно шүү дээ гээд уурлаад байсан. Тэгээд  М Б гэх залууг “дарга нар чинь хаана байна, та нарын үйл ажиллагааг зогсооно, заагаад өг” гэсэн чинь тэр залуу би та нартай сууж явахгүй баруун урд байгаа гэрэл гэж хэлсэн. М чи очоод загаад өг гэж байна гээд Быг өвдөглөсөн хаашаа өвдөглөснийг мэдэхгүй байна. Тэгээд маргах гээд байх шиг байсан. Нг машинд байгаа архиа аваад ир гээд “нөгөө юмаа аваад ир” гэж хэлсэн чинь Н машинаас буу авч гарч ирээд доош нь харуулаад бариад зогссон. Тэгээд Б  өрөм рүүгээ орчихоор нь М явъя гээд бид нар машиндаа суугаад явсан. Сэ, С 2 архи уугаагүй. Бусад нь хөдөө 2 шил 0,75 граммын Ерөөл архи уусан. Тэгээд Онгоноос авсан 4 шил архиныхаа 1 шилийг замдаа уусан.  Уг нь би Нд  нөгөө юмаа аваад ир гэдэг нь  архи аваад ир хэлсэн.Учир нь  тэр залууг М өвдөглөхөд  нөгөө залуу утсаар яриад байх шиг байхаар нь цагдаад хэлчихэж магадгүй гээд хамт уучихаад уучлалт гуйгаад явъя гэж бодсон юм. Тэгсэн чинь буу аваад гараад ирсэн. Уг бууг сумаас гарахдаа Н аваад гарсан. Замдаа зээр таарвал буудъя гээд аваад явсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 19-20-р хуудас/

 

-2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 412 дугаар шинжээчийн дүгнэлт: 1. С.Бы биед гэмтэл тогтоогдсонгүй.                   

 

-Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 08/191 дугаартай  тодорхойлолт /хх-ийн 68-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 08/190 дугаартай  тодорхойлолт /хх-ийн 69-р хуудас/

 

-Б.Мий хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 128-р хуудас/

 

-Б.Нгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 129-р хуудас/

 

-Б.М  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-р хуудас/

 

-Б.Н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Б.М, Б.Н нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 30 минутын орчим  Сүхбаатар аймгийн Онгон сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “К” ХХК-ны туслан гүйцэтгэгч  “О” өрмийн компанийн  ажилтан С.Быг ажил үүргээ гүйцэтгэж байхад үйл ажиллагаагаа зогсоохыг шаардан түүнд хүч хэрэглэж,  буу тулган заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.М, Б.Н нарын  мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч С.Б, гэрч Э.Сэ, Э.З, О.Г, Б.С, Э.Т нарын  мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 412 дугаартай дүгнэлт хавтас хэрэгт авагдсан  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Б.М, Б.Н нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Б.М, Б.Н нарыг заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч  Б.М,  Б.Н нарт ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд  заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй  болно.

 

Шүүгдэгч  Б.М,  Б.Н нарын үйлдсэн заналхийлэх гэмт хэрэг нь  Эрүүгийн   хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгч нарын  хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг зэргийг харгалзан  Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар Б.М, Б.Н нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн  хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.М,  Б.Н нар  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт ирээгүй, хохирогч С.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8.2х66 мм-ийн Мосин карабин загварын бууг улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгахыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Б.М, Б.Н нарыг заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн  7.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 2.2-т  зааснаар хорих ял оногдуулахгүйгээр Б.Мийг   1 /нэг/ жилийн хугацаагаар, Б.Нг  1 /нэг / жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3 Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.М, Б.Н нарт мэдэгдсүгэй 

 

4. Шүүгдэгч Б.М,  Б.Н нар  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт ирээгүй,  хохирогч С.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус  дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8.2х66 мм-ийн Мосин карабин загварын бууг улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол ялтан Б.М,  Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт   зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй  болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.САНЖИДМАА