| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2203002900351 |
| Дугаар | 2022/ДШМ/1188 |
| Огноо | 2022-12-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2022/ДШМ/1188
2022 12 15 2022/ДШМ/1188
Б.У-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Одонтуяа,
шүүгдэгч Б.У-, түүний өмгөөлөгч Ц.Цогтсайхан,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/1621 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Ц.Цогтсайханы гаргасан давж заалдах гомдлоор Б.У-т холбогдох 2203002900351 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
У-,
Шүүгдэгч Б.У- нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 04 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “ББСМО” ХХК-ийн урд талын замд “Toyota prius” загварын *****УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний зохицуулагддаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Ү-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /таван сар/-ын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг таван сарын хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Ц.Цогтсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх дүгнэхдээ “...шүүгдэгч Б.У-ыг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй хохирогчийг уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо...” гэжээ. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь санамсар болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Б.У- нь анх удаа тохиолдлын шинжтэй хөнгөн гэм хэрэг үйлдсэн ба гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрч, маргаагүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах хүнд ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Б.У-т оногдуулсан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.У- тус шүүх хуралдаан “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах болсон үндэслэлийг тодорхой тайлбарласан. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжих хүртэлх хугацаанд шүүгдэгч хохирогчид хохирол, төлбөрийг төлөөгүй атлаа анхан шатны шүүх хурал эхлэхийн өмнө төлж барагдуулсан нөхцөл байдал байсан учраас зорчих эрх хязгаарлах ял оногдуулах зүйтэй гэж дүгнэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Б.У-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.У- нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 04 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “ББСМО” ХХК-ийн урд талын замд “Toyota prius” загварын *****УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний зохицуулагддаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Ү-ийг мөргөж, эрүүл мэндэд нь зүүн тавхайн гуравдугаар ясны далд хугарал, баруун сарвуунд зулгаралт, зүүн тохойнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Ү-ийн “...явган хүний зохицуулагддаггүй гарцаар урдаасаа хойшоо чиглэлтэй зам гарах гээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явдаг урсгалын 3 дугаар эгнээнд явж байтал цагаан өнгийн “Toyota prius 30” загварын автомашины жолооч миний зүүн хөлөн дээгүүр баруун талын дугуй хэсгээрээ гарч би зам дээр унасан. ...” /хх 20/,
Б.У-ын яллагдагчаар өгсөн “...манай ээж Түвшинбаярын нэр дээр байдаг /би эзэмшиж ашигладаг/ “Toyota prius 30” загварын *****УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод...Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Home plaza-н урд талд байрлах замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд 3 дугаар эгнээнд 8-10 км/цаг хурдтай явж байтал явган хүний зохицуулагддаггүй гарцаар явган зорчигч ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд зам гарч явж байгаад миний автомашины баруун урд хэсэгт мөргөгдөөд зам дээр унасан. ...” /хх 62/ гэсэн мэдүүлгүүд,
“Б.Ү-ийн биед зүүн тавхайн гуравдугаар ясны далд хугарал, баруун сарвуунд зулгаралт, зүүн тохойд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 7909 дүгээр дүгнэлт /хх 37-38/,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-10/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.У- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Б.У-ын Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөний улмаас хохирогч Б.Ү-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Харин давж заалдах шатны шүүхээс, шүүгдэгч Б.У-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын шинж чанар, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн анхан шатны шүүхээс оногдуулсан 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 1000 нэгжээр торгох ял болгон өөрчилж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, шүүгдэгчээс гаргуулан хохирогч Б.Ү-ид олгож, энэ гэмт хэргийн улмаас учирсан тооцох боломжгүй зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.У-ын зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар солих талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/1621 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж,
тогтоох хэсэгт “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. ...” гэсэн,
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж,
тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН