Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0300

 

2024 04 04 128/ШШ2024/0300

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М******* ХХК /РД:*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эрдэнэбатын Н******* /РД:*******/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтэн Ц.Л******* нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/267 дугаар захирамжаар Х******* дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт спорт тоглоомын талбайн зориулалтаар 60000 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн тул М******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

2. Нэхэмжлэгч М******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*******аас 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тус шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/627 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Захиргааны хэрэг үүсгэх тухай 128/ШЗ2023/7312 дугаар шүүгчийн захирамжаар М******* ХХК-аас гаргасан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/627 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай шаардлагаар Нийслэлийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.

4. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*******аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...М******* ХХК нь Х******* дүүрэг, 4 дүгээр хороо, Т******* хуучин үнсэн сангийн далан дээрх 60.000 м.кв газрыг Нийслэлийн Х******* дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 189 дүгээр Газар эзэмшүүлэх тухай захирамжийн дагуу 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг орон сууцны барилга барих зориулалтаар эзэмшиж, мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/193 дугаар Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, байршил, зориулалт, хаяг, өөрчлөх тухай захирамжаар спорт тоглоомын талбайн газар болгож зориулалтыг өөрчилсөн.

Х******* дүүргийн, 4 дүгээр хороо, Т******* хуучин үнсэн далан дээрх газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу олгох газрын бүсчлэлд хамаарах ёстой гэж Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1283 дугаар Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай захирамжийн хавсралтын 12 дахь заалтаар 60.000 м.кв газрыг хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож гэрээ байгуулсан ба дуудлага худалдааны үнэ 633,000,000 төгрөгийг төлөх шаардлага тавьж, дуудлага худалдаа албан ёсоор зарлагдаагүй тул арга буюу 133,000,000 төгрөгийг төлсөн. Манай компанийн зүгээс 2021 оноос хойш өөрийн эзэмшил газар уруу нэвтрэн орж чадахгүй байгаа, хойд жалганы урдуур зорчдог автомашины зорчих хэсэг бүхий автозамыг бүрэн хаасан, бетон хашаа барьсан, барилгын хоёр том суурь цутгаж орхисон, барилгын ажил хийгдэж байсантай холбоотойгоор барилгын шороо, хог хаягдал их хэмжээгээр тухайн зорчих хэсэгт хаягдсан тул өөрийн газар уруу орох орц, гарцыг нээлгэх талаар гомдлыг удаа дараа холбогдох байгууллагад хандсан үед Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01-209/4486 дугаар албан бичгээр мэдэгдэх хуудас ирүүлж дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлж барагдуулах үүрэг өгсөн ба бидний зүгээс газар эзэмших эрхээ бодитойгоор хэрэгжүүлэх боломжгүй байгаа тухайгаа тайлбарлан албан бичгээр хандсан. Х******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн орц, гарцыг хааж хашаа барьсан нь хууль бус болохыг тогтоон 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр орц, гарц, автозам хааж хашаалсан, барилгын суурь ухаж барилга барьж байгаа этгээдэд газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас хүргүүлсэн тухай мэдээллийг бидэнд өгсөн боловч тухайн газрыг чөлөөлөлгүйгээр үл барам 2023 оны 02 дугаар 09-ний өдрөөс эхлэн хөнгөн блок зөөж авчирч барилгын ажлыг эрчимжүүлсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс Х******* дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр компанийн эзэмших газар эрхийг зөрчиж буй хууль бус үйлдлийг таслан зогсоох, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэж өгөх талаар гомдол гаргаснаас гадна 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 23032901 дүгээр албан бичгээр орц гарц хааж буй компанийн талаарх мэдээллийг өгөөч, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах шаардлага байгаа тухай хандсан боловч хариу өгөөгүй, газар эзэмших эрхээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж чадаагүй, Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон газар эзэмших эрхтэй гэж хэлж орц, гарцыг хааж байгаа ба бусдын эд хөрөнгөд хууль бусаар халдах боломжгүй байгааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эрх бүхий албан тушаалтнууд сайн мэдэж байгаа. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа огт хийгээгүй тул газар эзэмших эрх цуцлах үндэслэлгүй юм. Маргаан бүхий газрын эрхийг дуусгавар болгосон үндэслэлээ дуудлага худалдааны үнийг төлүүлэхгүйгээр захирамж гаргасан гэж төрийн эрх бүхий байгууллага гаргасан захирамжаа хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй ба үнэхээр хууль бус гэж үзэж байгаа хуулийн үндэслэлгүй ба Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/627 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамж гарснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаагийн сацуу тухайн газрын дуудлага худалдааны анхны үнийг хэсэгчлэн төлсөн, хуульд заасны дагуу газрын төлбөрийг жил бүр төлж байгаа зэрэг эдийн засгийн алдагдалд орж байгаа, хуульд заасны дагуу хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалж нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа үйл байдлыг далимдуулж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож дуусгавар болгосон нь М******* ХХК-ийн газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Захирамж хүргүүлэх тухай 04-0/3820 дугаар албан бичгээр тус компанийн газар эзэмших эрхийг цуцалсан тухай албан бичгийг захирамжийн хуулбарын хамтаар ирүүлсэн ба шүүхэд хуульд заасан хугацааны дотор хандаж байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/627 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны А/627 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна. Эрх зүйн үндэслэлүүдийг нь харахад тухайн захирамж нь өөрөө хэд хэдэн хуулийн заалтуудыг үндэслэжээ. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дах заалт нь зайлшгүй дуудлага худалдаа явуулах тухай зохицуулалт. Гэтэл газар эзэмших эрх нь хүчингүй болсноор дуусгавар болно. Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай тус хуулийн 40 дүгээр зүйлд Газар эзэмших эрхийг хүчингүй болгох 6 нөхцөлийг заасан. Дуудлага худалдааны үнийг төлөөгүй бол таны газар эзэмших эрх хүчингүй болохгүй гэж заасан байгаа. Нийслэлийн Засаг даргаас бичгээр өгсөн хариу тайлбартаа газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нөхцөл байдлыг дурдсан боловч маргаан бүхий захирамжид энэ талаар дурдаагүй учир маргааны үндэслэл биш юм. Бид нар дуудлага худалдааны үнийг төлөх эсэхийг харахад дуудлага худалдааны төсөл, дуудлага худалдааны үнийг төлөх журамд заавал урьдчилсан байдлаар хэд хэдэн ажиллагаануудыг хийхийг нарийвчлан заасан байдаг. Гэтэл дуудлага худалдаа бол болоогүй. Шүүхээс хэд хэдэн удаа зохих байгууллагуудаас шаардсан боловч дуудлага худалдаа явагдсан талаарх баримтуудыг өгөөгүй.

Тийм учраас газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдааны явуулах журам ямар нэгэн байдлаар хамааралгүй гэж үзэхээр байна. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/915 дугаар захирамжаар 2013 оны А/307, А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай А/915 дугаар захирамжийг баталжээ. Тухайн захирамжаа өөрсдөө хэрэгжүүлээгүй байна. Уг захирамжид тухайн газар эзэмшиж байгаа этгээдэд дуудлага худалдааны анхны үнийг төлж газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчлэн батлуулаарай гэжээ. Манайд шинэчлэн баталсан зүйл байхгүй. Шинэчлэн батлагдаад график байгуулаад, хугацаандаа төлөөгүй бол гэрээг шинэчлээгүй болон хугацаандаа төлөөгүй тохиолдолд дахин нэг удаа мэдэгдэл хүргүүлнэ гэж заажээ. Энэ ажиллагааг захиргааны байгууллага өөрөө зөрсөн, дахин манайд мэдэгдэл хүргүүлээгүй мөн хүчингүй болгосон бол олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэхийг тусгасан. Өөрсдийн баталсан журмуудаа зөрчсөн тушаал гаргасан байна. М******* ХХК-ийн хувьд Х******* дүүргийн Засаг даргаас Нийслэлийн Засаг даргын захирамжтай болох хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэлд дуудлага худалдааны үнийг төлөх талаар ямар нэгэн зүйл тэмдэглэгдээгүй. Дуудлага худалдааны үнэ төлөөгүй, зайлшгүй төл гэдэг асуудал тухайн үед яригдаагүй байна. Мөн 2 удаагийн мэдэгдэх хуудсыг манайд явуулаагүй 1 удаагийн мэдэгдэл хүргүүлсний дараа бараг 9 сарын дараа газар эзэмших эрхийг цуцалсан байна. Иймд хууль, журмын үндэслэлгүй байна. 3 га газраас дээш газрын дуудлага худалдааны үнийг 3 жилийн турш төлж барагдуулахаар харилцан тохиролцоод график байгуулж болно гэсэн боловч манай зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 07-ны мэдэгдэл өгснөөс хойш тодорхой хэмжээгээр төлөөд газар эзэмших эрхээ хуулийн дагуу эзэмшээд явах боломжтой юм байна гэдэг байдлаар төлж байсан. Огт төлөөгүй асуудал бол биш. Тийм учраас Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/627 дугаар захирамж хуульд үндэслээгүй гарсан учраас хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л*******гаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Х******* дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн газар эзэмшүүлэх тухай А/198 дугаар захирамжаар Х******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Т*******-ын хуучин үнсэн сангийн далан дээр байрлах 60000 м.кв газрыг тус М******* ХХК-д орон сууцны барилга барих зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн. Х******* дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, байршил, зориулалт, хаяг өөрчлөх тухай А/193 дугаар захирамжаар 60000 м.кв газрыг Спорт тоглоомын талбай зориулалтаар 15 жилийн зориулалтаар сунгаж шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 2019 оны газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/1283 дугаар захирамжаар Х******* дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт спорт тоглоомын талбай зориулалтаар 60000 м.кв 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. М******* ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалтад заасан үүргээ зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 36 дугаар зүйлийн 36.1 дүгээр зүйлд заасны дагуу эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн. Иймд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/627 дугаар захирамжаар М******* ХХК-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/627 дугаар захирамж нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг М******* ХХК-д хүргүүлж шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/627 дугаар захирамжаар М******* ХХК-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна. Захиргааны акт гаргахдаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3 дахь заалтад заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэдэг үндэслэл тогтоогдсон. Үүний дагуу М******* ХХК нь 2022 оны 08 дугаар сард сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. М******* ХХК нь 2008 оны дүүргийн Засаг даргын захирамжаар 60,000 м.кв газрыг орон сууц барих зориулалттай олгосон байдаг.

Дүүргийн Засаг даргаас тухайн байршил дээр дуудлага худалдааны анхны үнийг төлүүлээгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дуудлага худалдааны анхны үнэ төлөхгүй гэж тайлбарлаж байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж хуульчилсан. Энэхүү журмыг анх дүүргийн Засаг дарга захирамж гаргахдаа зөрчсөн. Нийслэлийн Засаг дарга хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд маргаан бүхий захирамжийг гаргасан байдаг. Газрын тухай хуулийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл болон 61 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгох зохицуулалттай. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг даргын захирамж Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэн шийдвэрлэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэж заасан байгаа. Маргаан бүхий захирамжийн үндэслэл нь зөвхөн М******* ХХК-д чиглэсэн захирамж байгаа. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан үндэслэл төдийлөн хамаарахгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийхдээ 1 удаа хийсэн гэж тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагааг эрх нь зөрчиж байгаа этгээдэд сонсох ажиллагааг хийнэ, сонсох ажиллагааг харин 2-оос дээш удаа сонсох ажиллагааг мэдэгдэнэ гэсэн байдлаар Захиргааны ерөнхий хуульд хуульчлаагүй байдаг. Нэхэмжлэгчийн үндэслэлүүд үгүйсгэгдэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

2.Газар эзэмших эрхэд хамаарах үйл баримтын талаар.

2.1.Х******* дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/189 дүгээр захирамжаар Х******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Т*******-ын хуучин үнсэн сангийн далан дээр үүссэн их хэмжээний хур хог, барилгын материалын үлдэгдлээр бохирдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр цэвэрлэн тохижуулсан М******* ХХК-д 6,0 га газрыг орон сууцны барилга барих зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж,

2.2. Х******* дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, байршил, зориулалт, хаяг өөрчлөх тухай А/193 дугаар захирамжийн хавсралт ёсоор ******* регистрийн дугаартай М******* ХХК-д Х******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Т*******-ын хуучин үнсэн сангийн далан дээр спорт тоглоомын тайлбай зориулалтаар 60000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, уг захирамжийн 4 дэх заалтаар 2008 оны 189 дүгээр захирамжийн М******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2.3. Дээрх шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч хуулийн этгээдэд нэгж талбарын ******* дугаараар эрхийн улсын бүртгэлд бүртгэж, 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж, ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байжээ.

2.4. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А1283 дугаар захирамжийн хавсралт ёсоор ******* регистрийн дугаартай М******* ХХК-д Х******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт спорт тоглоомын тайлбай зориулалтаар 60000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, уг захирамжийн 3 дахь заалтаар Х******* дүүргийн Засаг даргын 2014 оны 193 дугаар захирамжийн М******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснээр, 2019 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга, М******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нарын хороонд 01122-2019/01394 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан, мөн М******* ХХК-ийн нэр дээр 000013260 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.

2.5. Ийнхүү 2019 онд Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрх олгосон захирамж гаргахын өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөрт төлөх мөнгөн дүн 0 төгрөг болохыг болон энэ хугацаанаас өмнө газрын төлбөрт нийт 109,200,000.00 төгрөг төлснийг №820190229 дугаар газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг Х******* дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн, мөн нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшил бүхий газрын талаар Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраас Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт-ийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан байсныг тэмдэглэх нь зүйтэй.

3. Маргаан бүхий захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар.

3.1. Х******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт спорт тоглоомын талбайн зориулалтаар 60000 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/627 дугаартай захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2. газар төрийн хяналт, хамгаалалтад байх, 33 дугаар зүйлийн 33.1.2. энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно, 39 дүгээр зүйлийн 39.1.4. Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, 61 дүгээр зүйлийн 61.1. Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1. цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад, эсхүл тухайн захиргааны актад заасан бол гэж хуульчилсныг үндэслэн гарсан ба шүүхээс маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахдаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчээс дээрх захирамжийг маргаан бүхий захиргааны актаар нэрлэж, Тодорхойлох хэсгийн 4-5-д заасан үндэслэлээр маргасныг хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан дүгнээд уг захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэв.

5. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д газар эзэмших эрх ямар тохиолдолд дуусгавар болохыг заасан бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ямар тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг нэрлэн заасныг дурдаад, шүүхийн зүгээс маргаан бүхий захиргааны актын гол үндэслэл болсон Х******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт спорт тоглоомын талбайн зориулалтаар 60000 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэл болон хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1-д зааснаар цуцлах нөхцөлийг хуульд заасан гэсний дагуу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д зааснаар энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх асуудлыг зөрчсөн гэж үзэж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон гэх агуулгыг хянаж шалгахад анхаарал хандуулсныг дурдаж байна.

6. Хамгийн сүүлд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1283 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрх хэрэгжиж байсан, уг захирамжийг гаргахдаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан Газар баталгаажилтын мэргэжлийн зөвлөл-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийг нийт 12 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгосны дотор нэхэмжлэгч М******* ХХК багтсан байдаг.

7. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01-05/414 дугаар албан бичгээр Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаар хурлын тэмдэглэл-ийг хавсралтаар ирүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ба Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл-ийн хурлын ирцийн тэмдэглэл нэртэй баримтад ...Хурал 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цагт 14 хүний бүрэлдэхүүнтэй 82 хувийн ирцтэй хуралдсан. Хэлэлцэх асуудал: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас боловсруулсан 77, Хот байгуулалт, хөгжлийн газраас боловсруулсан ...иргэн, хуулийн этгээдийн газрын асуудлыг тус тус хэлэлцэн мэргэжлийн дүгнэлт гаргав. Тус тэмдэглэлийн хавсралтын 2 дугаар хэсэгт Газрын эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах хүснэгтийн 19 дугаарт ******* регистрийн дугаартай М******* ХХК-д Х******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт спорт тоглоомын талбайн зориулалтаар, 5 жилийн хугацаатай, эдэлбэрийн хэлбэр: ашиглуулах, Зөвлөлийн хурлаас гарсан дүгнэлт: зөвшөөрсөн ... гэж тэмдэглэгджээ.

8. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1283 дугаар захирамжаар нэхэмжлэгч М******* ХХК-д эзэмшүүлсэн газрын Газар баталгаажилтын хувийн хэрэг-ийн хуулбарыг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлсэн, мөн М******* ХХК нь дуудлага худалдааны анхны үнэ болох 633,093,120 /зургаан зуун гучин гурван сая ерэн гурван мянга нэг зуун хорь/ төгрөг төгрөг төлөхөөс 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 33,000,000 /гучин гурван сая/ төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 /арван сая/ төгрөг төлсөн бөгөөд 490,093,120 /дөрвөн зуун ерэн гурван мянга нэг зуун хорь/ төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй гэх Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Нотлох баримт, тайлбар хүргүүлэх тухай баримтаас үзэхэд, Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмшүүлэх бүрэн эрхээ хэрэгжүүлж ирсэн Х*******ын дүүргийн болон Нийслэлийн Засаг даргын захирамжуудаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эрхийг олгож шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасны дагуу газрыг нь төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлж байгаагүй болох нь тогтоогддог.

9. Газрын дуудлага худалдааны үнийг нөхөн төлүүлэх талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжуудын биелэлтийг хангуулах талаар захиргаа өөрөө ямар арга хэмжээ авсан болох, нэхэмжлэгчид дээрх Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг биелүүлээгүй ямар нөхцөл байдлууд тогтоогдож буй талаарх үндэслэлийг шалгаж, хэрэгт нотлох баримтаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай А/307 дугаар захирамж, мөн Засаг даргын мөн өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай А/309 дүгээр захирамж, мөн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай А/915 дугаар захирамжуудыг цуглуулсан ба,

- А/915 дугаар захирамжийн нэг дэх заалтаар Газрын тухай хууль зөрчиж дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон шийдвэрийг газар эзэмшигч, ашиглагчийн эрх ашгийг харгалзан үзэж, хуульд нийцүүлэн зөрчлийг арилгах ажлын хүрээнд арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Өмчийн харилцааны газар, дүүргийн Засаг даргад тус тус үүрэг болгосон байдаг.

10. Энэхүү А/915 дугаар захирамжийн 1.1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай А/307, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай А/309 дүгээр захирамжийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг ногдуулахдаа газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гарсан үед мөрдөгдөж байсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал-аар төлбөрийн хэмжээг тогтоож төлүүлэх, ногдуулсан үнийг бүрэн төлсөн болон захирамжийн 1.2-т заасан нөхцөлийг хангасан этгээдтэй газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчлэн байгуулах хугацааг сунгаж зохион байгуулах, 1.4. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээд дуудлага худалдааны анхны үнэ төлж газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээгээ шинэчлэн байгуулах мэдэгдэл хүлээн авсан боловч мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрөө төлж гэрээгээ шинэчлээгүй тохиолдолд өмнө өгсөн хугацаатай адил хугацаагаар дахин нэг удаа мэдэгдэл хүргүүлэх гэж шийдвэрлэсэн байна.

11. Үүнээс үзвэл, хариуцагч нь Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг биелүүлээгүй хэмээн нэхэмжлэгчийг буруутгахдаа төлбөрийн хэмжээг тогтоож төлүүлэх, мэдэгдэл хүлээн авсан боловч ... адил хугацаагаар дахин нэг удаа мэдэгдэл хүргүүлэх зэрэг тодорхой зохицуулалтыг хэрэгжүүлээгүй, энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, нотлох баримт байгаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн буруутгах үндэслэл байхгүй, хариуцагч нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 01-09/4486 дугаар албан бичгийг нэхэмжлэгч М******* ХХК-д хүргүүлснээс өөр баримт байхгүй, удаа дараа шаардахад гаргаж өгөхгүй байгаа нь анхнаасаа газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлээгүй тохиолдолд түүнийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэхдээ өөрийн гаргасан шийдвэрийн зохицуулалтыг хангаагүй, нэхэмжлэгч хуулийн этгээдэд газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөх боломжит хугацаа олгосон эсэх нь тогтоогдохгүй байна.

12. Нөгөө талаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ-ний агуулга болон заалтад тусгайлан газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй нь зөрчил болох талаар дурдсан зүйл байхгүй нь хариуцагчаас гэрээний нөхцөл болзлыг биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгахад учир дутагдалтай, тэрчлэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалтад заасан үүргээ зөрчсөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй, 36 дугаар зүйлийн 36.1 дүгээр зүйлд заасны дагуу эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлж барагдуулаагүй зэрэг тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргаж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

13. Иймээс хариуцагч нь Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах талаарх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1. гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж шүүх дүгнэлээ.

14. Түүнчлэн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй оролцогчийг бүрэн дүүрэн, бодитойгоор сонсоогүй, үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар гаргаж саналаа хэлэх боломж олгосон болох нь тогтоогдохгүй, сонсох ажиллагааны мэдэгдлийг өгснөөс хойш 9 сарын дараа маргаан бүхий захирамжийг гаргасан, энэ хугацаанд нэхэмжлэгчээс газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөх оролдлого хийж тодорхой мөнгөн дүн бүхий хөрөнгийг төсөвт төвлөрүүлсэн байгааг анхаараагүй, энэ бүхэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2. Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасантай нийцэхгүй, хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэв.

15. Хариуцагчаас, маргаан бүхий газрын орц, гарцын асуудал, эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх зэргээр шийдвэр гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг баримтлан М******* ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/627 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН