Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 114

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

хохирогч П.Мөнгөнтүлхүүр,

шүүгдэгч П.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                                                              

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Алаг адуу овогт Пунцагийн Бямбасүрэнд холбогдох эрүүгийн 2017 0108 0194 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токорчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эгч, дүү нарын хамтаар Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Бадралын 12 дугаар гудамж, 12 тоотод оршин суух,

урьд Налайх дүүргийн шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр, мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 30,000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр оногдуулсан торгож шийтгэсэн ялыг мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр оногдуулсан 100,000 төгрөгөөр торгох ялд багтааж шийдвэрлэсэн,

мөн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсэн, регистрийн УД78111870 дугаартай, Алаг адуу овгийн Пунцагийн Бямбасүрэн.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч П.Бямбасүрэн нь 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 12 дугаар гудамж 10 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Мөнгөнтүлхүүртэй маргалдаж улмаар толгой нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Бямбасүрэн нь 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн үед Сайндөл, Баярдаваа нартай “Элит” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэж тэндээс Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 12 дугаар гудамж 10 тоот П.Мөнгөнтүлхүүрийн гэрт “миний охиныг түлхсэн” гэх шалтгаанаар маргалдаж түүний толгой нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Бямбасүрэн өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр болсон явдал байгаа юм. Би ангийн найзуудтайгаа уулзаж караокед орчихоод орой 17-18 цагийн хооронд гэртээ очсон. Намайг гэртээ ороход ээж, эгч, дүү гурав хоолоо хийж байсан. Мөнгөнтүлхүүр эгчийн охин утсаар тоглоод байхаар нь би “утсаар тоглож байхаар хичээлээ хий” гэсэн чинь “танд ямар хамаатай юм” гэсэн. Тэгэхээр нь би дүүгээ түлхчихсэн чинь Мөнгөнтүлхүүр эгч босч ирээд “яагаад миний охиныг түлхэж байгаа юм, миний охин чамд ямар хамаатай юм” гэсэн. Тэгээд би эгчийгээ 2 удаа алгадсан чинь эгч уурласан. Намайг цохиход эгч хальтарч унаад ширээний өнцөгт толгойгоо цохисон” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Мөнгөнтүлхүүрийн өгсөн: “Цаг хугацааг нь мартсан байна. Би ажлаа тараад гэртээ ирээд хэвтэж байтал манай дүү гаднаас орж ирсэн. Миний охин утсаар тоглож байсан чинь Бямбасүрэн “утсаар тоглохоо боль” гэхэд миний охин “танд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Тэгэхэд манай дүү уурлаж миний охиныг түлхсэн. Тэгэхээр нь би “миний охиныг түлхдэг нь яаж байгаа юм бэ” гээд босоод ирсэн. Манай дүү намайг хоёр удаа алгадахад би унахдаа ширээ мөргөсөн” гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №08шэ/247 дугаар:

  1. Мөнгөнтүлхүүрийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, эрүү, хүзүү, зүүн шуу, баруун чихний дэлбээнд цус хуралт, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй." гэх дүгнэлт,

/хх-ийн 29 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 54 дүгээр тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт

/хх-ийн 57 дугаар тал/

Аюулын зэргийн үнэлгээний маягт,

/хх-ийн 58 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 72 дугаар тал/

Налайх дүүргийн шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 78-79 дүгээр тал/

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 80-82 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас П.Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсэгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас П.Бямбасүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналыг харгалзан түүнд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч П.Бямбасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд хохирогч П.Мөнгөнтүлхүүр нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэснийг үндэслэн П.Бямбасүрэнг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэнийг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Алаг адуу овогт Пунцагийн Бямбасүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Бямбасүрэнг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан П.Бямбасүрэнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, П.Бямбасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Бямбасүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                            

               

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ